“Цаг хугацаа хамгийн дээд баялаг, хамгийн дээд захирагч гэдэг үг жинхэнэ утгаараа мэдрэгдэж эхэллээ” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв гуай нэгэн ярилцлагадаа сануулан хэлж, ухаарал өгсөн байна. Цаг хугацааны үнэ цэн эдүгээ урьд хожид байгаагүйгээр өсөж, юм бүгдийг яаруулан шавдуулах болов. Цаг нартай уралдан ажиллаж суралцаж, цаг хугацаа хожвол бүхнийг хожих эрин үетэй бид улаан нүүрээрээ учран золгожээ. Хүүхэд, залуус та нар хүсэл мөрөөдөлдөө хүрч, хүний дайтай хүн байж, сайн сайхан, утга төгөлдөр амьдрахын тулд хүний шилдэг олон шинж чанарыг амьдралдаа хэвшил болгон хэрэгжүүлэх шаардлага тулгарна. Тэдгээрийн манлайд цагийг үр ашигтай ашиглаж, бага цагт ихийг амжуулах, цагийн юмыг цагт нь хийж сурах дадал хэвшил зүй ёсоор тавигдах учиртай. Цагийн үнэ цэнийг жинхэнэ ёсоор мэдэж мэдэрч, үр ашигтай ашиглаж сурвал асар их баялгийг хураан хуримтлуулж, амжилтын барианд ойртон дөхөж яваадаа баярла. Сод билигт хүмүүсийн ажил амьдралдаа амжилт олж, алдар суугаа мандуулсны нууц нь цагийг үр ашигтай ашигласантай л шууд холбоотой байсан нь намтар цадигаас нь хоёрдмол утгагүйгээр уншигддаг.
Мэрийн хичээж, махран зүтгэсээр амжилтын оргилд гарсан нэгэн эрхмийн хэлсэн “Миний амжилтад хүрсэн нь гоц авьяас бус. Өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэсэн үгийг нь би ишлэл болгон залуучуудад хэлж хүргэх дуртай. Цагийн юмыг цагт нь хийж, алгууралгүй амжуулж сурах нь амьдралдаа хийж байгаа маш том хөрөнгө оруулалт, ахиж дэвжихийн ширгэшгүй ундарга. Амжилт олсон хүн, амжилтаас хоцорсон хүн хоёрт зарчмын нэг ялгаа тод томруун харагддаг. Амжилтын барианд магнайдаа тоосгүй түрүүлж ороод байгаа хүн “Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү хойшлуул хэмээх сургаалыг хатуу чанд баримталж ирсэн” байдаг. Харин “Маргааш хүртэл хойшлуулж болох ажлыг өнөөдөр хийх албагүй” гэж боддог хүн амжилтын тоосонд даруулан, бараа сураггүй хоцорно. Маргаашийн дараа өөр нэг маргааш залгана. Маргааш гэж тавьж хонон хойшлуулах өөдгүй зуршил нь ахиж хөгжихөд тээг тотгор, жаргах замын садаа. Өнөөдөр хийж болох юмыг маргааш болгон сунгаж, эвшээн үүлгэртэж суудаг хүнээс олигтой зүйл хүсэн хүлээгээд нэмэргүй. Залхуугийн өвчинд нэрвэгдсэн хүн одоо хийчихэж болох ажлыг дараа гэж хойшлуулж, өнөөдөр амжуулчих ажлыг маргааш гэж хойш тавих олиггүй зуршилд идэгдэж хүлэгдсэн байдаг. Тийм хүмүүс ялагч байх заяагүй. Залхуучууд өнөөдөр хийх ажлаа маргааш болгон хойшлуулаад зогсохгүй өөрийн хийх ажил үйлийг өрөөл бусдад ацаглан даатгахыг зүйл бүрээр оролдоно. Бусдад даатгаж болох зүйл, болохгүй юмны зааг ялгааг салгаж ялгаж сурах хэрэгтэй. Хамгийн чухал ажлаа бусдад найдан даатгалгүй өөрөө хийж, хариуцлагаа биеэрээ үүрэх ёстой.
Миний нэг найз хоол сайн хийдэг байлаа. Тэрбээр хоол хийхдээ бусдаар туслуулах дургүй, бүх зүйлээ өөрийн гараар хийнэ. Аль нэг зүйлийг хүнээр хийлгэчихвэл хоолны амт чанар, өнгө үзэмж санасан хэмжээнд хүрдэггүй юм гэж эрс шулуун хэлнэ. “Заавал хийх ажлаа өөрөө хийж, за яасан ч яах вэ гэснээ бусдад даатгах” сургаал үгийг санаж ажиллавал амьдралд үнэхээр тустай.
Зав гарч өгөхгүй байна, зав гарахаар хийнэ дээ гэх үг үе үе чих дэлсэж сонсогддог. Хожмын цаг завандаа шимтэн найдах нь буруу зуршлуудын нэг. Магадгүй тэр цаг зав нь хэзээ ч гарахгүй байж болно шүү дээ. Хожмын цаг завандаа найдан, өөрийгөө хуурч цаг нөхцөгсөд нэн урамгүй, тун найдваргүй. Өөрийгөө хуурагсдад найдвал юу юугүй бүтэж байсан ажил чинь хүртэл бүтэлгүйтэн замхарна. Нүд хуурч оромдохын төлөө төрчихсөн юм шиг бүтэлгүй хүмүүст чухал ажил даалгавал амаараа шороо үмхэж, духаараа эрэг мөргөлөө гэсэн үг. Харин ундаалж хооллох, унтах нойрсох цагаасаа хасан байж эхэлсэн ажлаа дуусгахыг чармайдаг, ажлын төлөө төрчихсөн хүмүүст бүрэн найдаж, бүтээхэд бэрх ажил хэргийг итгэн даатгаж болно.
“Цаг хугацаа агшиж сунаж байдаг” гэх А.Эйнштейний хэлсэн үг бий. Өнөө үед цаг хугацаа маш ихээр агшиж байна. Бага цагт асар ихийг олж мэдэх бололцоотой болов. Бага хугацаанд том үйлийг бүтээх боломж бүрдэв. Өөрчлөлт маш их хурдсав. Түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг Бонапарт Наполеоныг Сэнт Элений арал дээр нас барсан тухай мэдээ Францад нэлээн хэдэн долоо хоногийн дараа хүрсэн гэдэг. Тэгвэл эдүгээ хүн төрөлхтөн ямар нэг мэдээллийг хормын төдийд хүлээн авах бололцоотой болжээ. Тийм болохоор бага цагт ихийг амжуулах, хурдан шуурхай, бүтээмж өндөртэй байх нь өнөө цаг үеийн зайлшгүй шаардлага. Одоо хийчихэж болох юмыг дараа гэж, өнөөдөр бүтээчихэж болох зүйлийг маргааш гэж хойш тавьдаг хүн эрин үеэсээ хол хоцорно, өрсөлдөөн уралдаанд бараа туруугүй хол хаягдана.
Бүх юм өөрийн гэсэн цагтай. Хурдтай, шаламгай байх нь тун сайн хэрэг, гэхдээ цаг нь болоогүй байхад хэт яарвал даанч даарна гэдгийг үргэлж санаж яваарай. Хурдан шаламгай гар хийх үйлдэх цаг мөчид хэрэгтэй бол, шийдвэр гаргахад гэгээн саруул оюун ухаан хэрэгтэй. Гэгээн саруул оюун ухаантай хүн л түргэн шуурхай, эрс шийдэмгий шийдвэр гаргах чадвартай. Ухаалаг бөгөөд зоримог шийдвэр гаргах саруул ухаан хүчирхэг хийгээд бүтээлч хүнийг цогцлоон, улам улмаар хөгжүүлж, урагш нь хөтөлж явдаг юм. Шийдвэр гаргахдаа алгуур удаан, алмай мунхаг, эргэлзэж тээнэгэлзсэн, эргэж хургасан хүн өрсөлдөөний ертөнцөд ялалтын эзэн байх хувьгүй. Өрсөлдөөнд ялах дөт замууд бий. Тэдгээрийн нэг нь өрсөлдөгчийнхөө хүчийг зөв үнэлж, өөрийн хүч бололцоог бодитой тооцон, асар хурдан шийдвэр гаргаж, маш түргэн үйлдэл хийх арга юм. Аливаа чухал шийдвэр гаргахдаа дороо суурьтай, дотроо бодолтой, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандаж ирсэн өвөг дээдсийн яндашгүй ухааныг мартах буюу үгүйсгэх учиргүй. Дотроо бодолтой байна гэдэг нь бодоод эргэлзээд суугаад байна гэсэн үг хараахан биш. Бодлогогүй шийдвэр бүү гарга, болчимгүй үйлдэл битгий хий гэсэн санаа. Дороо суурьтай байна гэдэг нь нэг газраа хөдөлгөөнгүй хөшихийн нэр биш. Ямар ч юманд хөнгөн хуумгай хандалгүй бат бөх, буурь суурьтай мөртлөө хөнгөн шуурхай байхыг сануулсан үг. Долоо хэмжинэ гэдэг нь хэмжээд хүлээгээд бай гэсэн санаа огт биш. Бодох, хэмжих хугацаа нь орчин цагт маш их агшсан гэдгийг ухаарч, оюун ухааны хөдөлгүүрээ олон хэмжээсэнд зэрэг зэрэг хурдтай ажиллуулах шаардлага бий болсон шинэ нөхцөлийг ухаалаг ашиглах учиртай.
Амин чухал шийдвэр гаргах торгон агшин хүний амьдралд үргэлж тохионо. Тэрхүү торгон агшныг мэдрэхгүй салхинд хийсгэж орхивол асар их боломж алдсанаа хожимдож ухааран харамсана. Цагийн үнэ цэнийг мэддэггүй буюу хайхрамжгүй донгио ханддаг хүн тийм торгон агшнаа ёс юм шиг хийсгэж орхидог. Энэ торгон агшин бүрийг мэдэрч, сайтар ашиглаж чаддаг хүн бүтээлч, тэргүүлэгч байх нь эргэлзээгүй.
Алтнаас үнэтэй цагийг өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлд зориулан ашиглаж сурахыг эрмэлз. Цагийг зөв үйл, сайн үйлст үр ашигтай, бүрэн дүүрэн ашиглахгүй бол удаж төдөлгүй буруу зүйлд ашиглаж эхлэн, муу зуршилд идэгдэнэ. Нэг муу зуршил нөгөөгөө сүүдэр мэт дагуулна. Яг л архи уусан хүн тамхи татмаар болдог шиг. Буруугаа ухаарч эртхэн зогсохгүй бол яван явсаар бохир зуршлын намагт гүн шигдэж, хайран биеэ бузарлана. Муу зуршил тархи толгойд орж ирэх үүд хаалгаа дангинатал түгжиж бай. Оюун санааныхаа орон зайд орох дэмий хүсэл, олиггүй зүйлсийн үүд хаалгыг нээлттэй орхивол хорлонт бодол, хорт зуршил бохир дагасан ялаа мэт бужигнан шавна. Бохир муу зуршлын боол болохоос эрдэнэт биеэ сэргийлээрэй.
Цагийг дээд зэргээр үр ашигтай зарах аргуудын нэг нь хүн ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллах шалгарсан дадал ухаан юм. “Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн тэнгэрлиг авьяастай байсан ч тэр авьяасынхаа дөрөвний гурвыг ч ашиглаж чаддаггүй” гэдэг. Хүн урагш алхахын тулд хоёр хөлөө зөөж гишгэдэг бол аливаа ажлыг урагшлуулахад хоёр зүйл хоёр хөл мэт хэрэгтэй. Нэг нь ажлын төлөвлөлт, нөгөөх нь ажлын бэлтгэл. Хүн өрөөсөн хөл дээрээ догонцон хол явдаггүйн адил төлөвлөлт, бэлтгэлийн аль нэг нь догонцох юм бол ажлын үр дүн, хувь заяа чиний бодож хүссэн хэмжээнд хэзээ ч хүрэхгүй. Урьдчилан төлөвлөх, бэлтгэл хангах хоёр нь цагийг үр дүнтэй ашиглах гол нөхцөлийн нэг байдгийг мэдэж, ажил амьдралдаа хэвшүүлээрэй. Хийхээр зорьсон ажил үйлсээ маргаашид үлдээлгүй, хойш тавилгүй шууд л барьж аван хийж бай. Ажлаа дуусаагүй байж амарч зугаацахын тухай бодох хэрэггүй. Ажлын дараа амрах цэнгэх цаг мундахгүй үлдэнэ. Өнөөдөр хий, маргааш амар.