Улсын маань нийслэл нэг сая 171.5 мянган хүн амтай. Энэ нь улаанбаатарчуудын тоо 2010 оныхоос 20.000-аар нэмэгд сэн үзүүлэлт. Үүнд төрөлт, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нөлөөлсөн байх. 20.000 гэдэг хүн амынхаа тоотой харьцуулахад уулга алдахаар их өсөлт мэдээж биш. НЗДТГ-ын албаны хүмүүс хотод жилд дунджаар 10.000 хүн шилжин ирдэг гэж хэлэхдээ агаарын бохирдлыг үүсгэгч яндан нэмэгдсэнтэй холбон тайлбарладаг. Дэд бүтэц хөгжсөн, төвл өрсөн газарт амьдрах нь хүн бүрийн хүсэл. Энэ их төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгохыг төрийн бодлого болголоо. Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” хэмээн зарласан нь жанжин шугамаа дагасан хамгийн оновчтой “тодорхойлолт” болов. Өрхийн гишүүд ажилтай, жижиг, дунд бизнестэй, амьдрал нь дээшилж байвал тэр өрхийг хөгжиж байна гэж хэлнэ.
Аймгуудын хүн амын тоо аажмаар боловч жил ирэх тусам буурч байгааг статистикийн мэдээлэл гэрчилнэ. Тэгвэл уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж байгаа Өмнөговь аймгийн хүн амын тоо сүүлийн таван жилийн турш тогтвортой өссөн байна. Өмнөговь аймаг хоёр толгойнхоо арвин их нөөц болон эдэнтэй харьцуулахад жижиг ч гэсэн нөөцийг нь тогтоон олборлож эхэлсэн байгалийн баялгийнхаа ачаар мэргэжилтнүүдийг соронзон лугаа татаж эхлэв. 2007 онд өмнөговийнхон 46.9 мянгуулаа байсан бол энэ тоо жил ирэх тусам өссөөр өнгөрсөн жил 51.9 мянгад хүрчээ.
Энэ бол аймгийн засаг захиргаанд бүртгэлтэй албан ёсны хүн амын тоо. Тэгвэл өнгөрсөн жил Монгол орны өнцөг булан бүрээс 8504 хүн тус аймагт гэрээгээр ажиллажээ. Тэдний 43.2 хувь нь 40-44 насны эрэгтэйчүүд. Сүхбаатар аймаг ч ялгаагүй, байгалийн баялгаараа нутгийн иргэдээ тогтоон барьж, гаднаас хүмүүсийг даллаж байна. Тэнд одоо Төмөртэйн цайрын арвин ордыг ид ашиглаж байгаа. 2008 онд Сүхбаатар аймаг 54.9 мянган хүн амтай байсан бол гурван жилийн дараа энэ тоогоо алдаагүй. Монгол орны зүүн өмнөд хязгаар нутгаас хүн шилжсэн, бас шилжиж ирсэн байх. Гэхдээ л уул уурхайн үйлдвэрлэл хэмээх хүний хүчээр бүтдэг асар том татах хүчнээс холдохыг хүсэгч ховор ажээ.
Харин Завхан аймгийн хүн амын тоо 2009 онд 79.3 мянга байсан бол хойтон жил нь 77.7 мянга болжээ. Алслагдсан аймгуудаас төв суурин газар бараадах хүн амын тоо их байна. Ажил, амьдрал хөөн төв газар бараадагчдыг буруутгах аргагүй. Амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох нь монгол хүний Үндсэн хуулиар хамгаалуулсан дархан эрх юм. Тэгвэл хөдөөг эзэнтэй үлдээхийн тулд үйлдвэрлэл хөгжүүлье. Ажлын байр олноор бий болгоё. Төрж өссөн нутагтаа тайван амьдрах боломжоор нь хангаж өгье.
Ажилтай, цалинтай л бол Улаанбаатарын утаанд хордож суух хүсэл хэнд ч үгүй билээ. Энэ тухай шийдвэр гаргагчид олонтаа ярьсан ч дорвитой ажиллаж чадахгүй байгаа. Харин “Өрхийн хөгжлийг дэмжих жил” нүдэнд харагдаж, гарт баригдтал ажиллана гэдэгт найднам.
Э.ЭНХ