Америкийн “Вашингтон Пост” сонин 1995 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дугаартаа мянган жилийн хамгийн алдарт хүнээр Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө... Тэр болон түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд интepнэт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрбээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн...” хэмээн үнэлсэн байдаг.
Үнэндээ монголчуудын нэрийг дэлхийн тавцанд ингэж гаргасан хүн бол Чингис хаан бөгөөд түүний удирдагчийн шинж чанарууд, удирдах ур чадвар, арга барил нь удирдахуйн ухааны судалгааны зүйл болж гадаадын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн үед Английн Лийдс хотын Бизнесийн сургуулийн профессор Mick Yates нэг сонирхолтой судалгаа дүгнэлт гаргажээ. Түүний Чингис хааны манлайллын 4Е хүрээ (4E’s leadership framework) онол арга зүй нь удирдахуйн ухааны хувьд шинэ зүйл болсон бөгөөд одоо энэ арга зүйгээ практикт ашиглаж, бас менежерүүдэд зөвлөгөө өгдөг байна.
Миний хувьд Чингис хаанд удирдагчийн ямар гол шинж чанарууд товойн гарч байгаа болон эдгээр нь түүний амжилтад хэрхэн нөлөөлөв гэдгийг судлахыг хичээсэн юм.
Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup-ын судалгаагаар 282 том корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд (traits) юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал гурван шинжид голч шударга чанар (integrity), ажилсаг шургуу чанар (industriousness), хүмүүстэй нийцтэй чанар (ability to get along with people) орсон байдаг.
Голч шударга чанар гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх, яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа хүсэж байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд (жишээ нь, захирагдагсдаа үнэнч шударга байлгахын тулд өөрийн үйлдэл, үйл хэргээрээ шударга байх) ордог байна. Тэгвэл Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байх үед нь ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй (жишээ дурдахад Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ.
Тэмүжиний шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг тэвчиж чаддаггүй байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүтэй хоёрын дээрэнгүй, дээрмийн үйлдэл давтагдах болмогц Хасартай нийлж “Ийм бол эдэнтэй яаж хамт амьдарч чадна” гэж ярилцаад Бэгтэрийг хоёр талаас нь харван алсан байдаг. Үүний дараа эдний гэр бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж зовлон жаргалаа хуваалцаж ирсэн байдаг билээ.
Ер нь Тэмүжин багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар, нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны нэг жишээ бол Ван хан, Жамуха хоёртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн дайсны өөдөөс бусдын манлай болж явах саналыг өөрөө гаргаж “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүүжин анд мэдтүгэй” гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд орж гавъяа байгуулан шархадсан байдаг.
Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал, тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч, нөхөрлөж болох хүн хэмээн үзэж Зэв гэж нэр өгөн дотнын ноёноо болгосон, тайчуудын Таргудай Хирилтугийг барьж авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг юм.
Чингис хаан байлдааны дараа олсон олзыг шударгаар хувааж тараадаг байсан учир дайны цагт түүний цэргүүд олзонд шунадаггүй хамгийн сахилгатай цэргүүд байжээ. Тэрбээр дайсан дарагдвал олз болон бүх юм нь биднийх болно шүү дээ гэж цэргүүддээ сургадаг байв. 1211 онд Алтан улсыг дайлаар мордоод ирэхдээ манай цэргүүд эд уурсыг өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явж байсан байдаг.
Чингисийн голч шударга зан чанарыг бас нэг харуулдаг зүйл бол хүмүүсийн олз ашигт шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангаргаасаа буцах зэрэг ёс зүйгүй, шударга бус үйлдлийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг байсан нь түүнийг ямар ёс зүйтэй шударга хүн байсныг тодруулж өгдөг билээ. Тухайлбал, эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын таван хүнийг цаазалсан; Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач Хөхөчүг цавчин алсан; 1202 оны намар татааруудтай байлдах цагт олз ашигт шунаж байлдаанаас саатан, тогтоосон цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан; ам тангаргаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч дайсан нь болж, Хэрэйд, Найман улсын дунд олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухыг өөрийн хүслээр нь хороосон байдаг.
Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх шударга болж”, нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтох бололцоо бүрдэж ирсэн байна. Түүний гаргасан Их Засаг хууль өөрөө бөөгийн шашин буюу тэнгэрийг шүтэх үзэлтэй хэдий ч “бүх шашныг ялгаварлалгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж заасан байдаг бол “байлдааны талбар дээр шархтанаа хамааралгүй орхиж болохгүй”, “харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй”, “хүн алагсдыг алмой” гэсэн нь шударга энэрэнгүй зан чанарыг нь харуулдаг. Харин энэ хуульд хулгай хийх, худлаа ярих, завхайрах гэх мэт ёс зүйгүй үйлдлийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг нь аливаа ёс зүйгүй түүний үйлдлүүдийг жигшин үздэг байсны тодорхой баримт юм.
Чингис хааны шударга зан чанарын талаар ШУТИС-ийн профессор Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо “Чингис хаан үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байжээ” гэсэн бол эрдэмтэн Б.Балжинням “Хаан харц хоёр нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй татдаг болохыг харуулж байна. Италийн жуулчин Монголын түшмэл агсан Марко Поло “Аяллын тэмдэглэл”-дээ “Түүний нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэн түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болсоор шууд “өөрийн эцэг, эх мэтээр санана” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингис хааны голч шударга занг ард түмэн хэр их хүндлэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг.
Удирдагч хүнээс захирагдагсад нь хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байдаг. Хүмүүс үүргээ сайн гүйцэтгэлээ гэж бодвол тохирсон шагнал хүсэж байдаг хэдий ч муу гүйцэтгэсэн үедээ ямар ч хатуу шийтгэл хүлээлгэхэд гомддоггүй. Чингис хаан, хаан цолд өргөмжлөгдөөд шинэ Монгол Улсын зохион байгуулалтыг хийхдээ улс төрийг байгуулахад гүйцэтгэсэн гавъяагаар нь хүмүүсийг албан тушаалд шударгаар томилж урамшуулж байсан нь гарцаагүй ухаалаг удирдагчийн шинж юм. Тэр тусмаа хүн бүрийн гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажил, гүйцэтгэсэн үүргийг марталгүй олон жил санаж явдаг гайхалтай удирдагч болохыг нь харуулдаг. Одоо үеийн удирдагч, менежерүүдэд Чингис хаанаас суралцах зүйл энэ мэт олон байдаг билээ.
Энэ мэтчилэн удирдагч өөрөө ёс зүйтэй, голч шударга, тууштай байж чадвал захирагдагсад нь тэр жишгээр явахыг хичээдэг учраас орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд удирдагчийн энэ шинж чанарыг чухалчлан үздэг байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг. Үүнийг дэлхийн II дайны цэргийн томоохон жанжин, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгч, олон жилийн удирдах ажлын туршлагатай хүн хэлснээс үзэхүл томоохон хэмжээний удирдагчид зайлшгүй байх ёстой шинж чанар гарцаагүй мөн билээ.
Нөгөө нэг шинж чанар бол хүмүүстэй нийцтэй чанар юм. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ. Тэмүжинийг эв эеийг эрхэмлэдэг, нийцтэй хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн гавъяа билээ.”
Анх 13 настай байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын тангаргийг баримтлан нөхөрлөж ирсэн ба хэдийгээр түүнийг ялагдан баригдаад ирэхэд ч гэсэн найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт танихгүй Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмийг өөрийн нөхөр мэт үзэж харьцдаг байсан учир Зэлмэ түүнд үнэнчээр зүтгэж амийг нь аварч удаа дараа ач тус үзүүлж байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй, хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.
Жамухаас салсны дараа Монголын язгууртнууд түүн дээр цуглаж Тэмүжинийг хаанд өргөмжлөхөд өөрөө Алтан, Хучар, Сача бэхи, Тайчу зэрэг хаан гарлын язгууртнуудыг “Чи хаан бол” гэж тус бүрт нь санал болгож байсныг үзэхэд Монгол Улсын эв нэгдлийн төлөө бусадтай эв эетэй байж, нийцэж ажиллахыг хичээж байсан нь илэрхий юм.
Түүнчлэн Чингис хаан өөрөө эхэлж дайн байлдаан сэдээд байсангүй, голдуу гадна талаас дайн өдөөж байсан харагддаг. Тухайлбал, тайчууд, мэргидүүд Тэмүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь болон эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг тэмцэхээс өөр аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж өдөөсөн, мөн Сартуулын султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй бөс даавуу, үр тариа, бусад барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны төлөө аргагүйн эрхэнд тулалдах хэрэгтэй болсон байдаг.
Чингис хааны үйл ажиллагаанд шударга бус үйлдэл хийсэн хүнийг л хатуу шийтгэдэг байснаас бусдаар хүнийг алаглаж үздэггүй, гадаад дотоод, нөхөр дайсан, харь болон өөрийн овог аймаг, баян ядуу гэлгүй хүн бүртэй нийцэж харьцаж чаддаг чанар ажиглагддаг.
Хүнтэй нийцтэй байх талаар Чингис хааны өөр нэг арга бол аливаа зөрчил тэмцлийг хоёр талын эрх ашгийг бодолцож, хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан явдал юм. Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй хоёрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа илэрхийлж байсан гэдэг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт хийн Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн тулаангүй амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг гуйж бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал тавьж байсан юм.
Чингис хаан судлаач, профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн ард түмэндээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй. Энэ бүхэн өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал үлгэр мөн” гэж дүгнэсэн байдаг нь Чингис хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.
Түүнчлэн Чингис хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гаднын улс оронд бэр болгох замаар (өөрөө элсэн ирсэн Харлагийн Арслан ханд Алха бэхи охиноо, Уйгарын Идүүд ханд Алалтун бэхи охиноо, Ойрдын Худуга бэхийн хүү Иналчид Чэчэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч) гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байсан юм. Тухайлбал, татаарын ард түмнээс Есүй, Есүгэн хоёр хатныг авсан, Хэрэйдийн Жаха-Хамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтаныг хүү Толуйд өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн, Мэргидээс Хулан хатан, Найманаас Таян хааны эх Гүрбэсүг авч ураг барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь улс дотроо ялсан ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Ё.Батсуурь “Чингис хаан” дээд сургуулийн дэд профессор