ТОДОТГОЛ НЬ ЗОВОТГОЛ БОЛОХ ВИЙ
Эрх баригчдын шүдний өвчин сонгуулийн өмнөх хавар сэдэрдэг жамтай. Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулган ч өвчнийг улам хүндрүүлж мэдэхээр болов. Цалинг нь нэмсэнгүй гээд маргаашнаас багш нар ажлаа хаяж, гудамжинд жагсах гэнэ. Дөрвөн жил сэм явдалтай өнжсөн гишүүд саяхнаас дуу шуу орж, олон түмэнд л таалагдаж байвал юу ч хамаагүй сараачиж түүнийгээ хуулийн төсөл гэх болсон байна. Ээлжит бус чуулганаар Тэтгэврийн зөрүүг арилгах, Боловсролын тухай, Шүүхийн шинэчлэлийн багц хууль, Төсвийн тодотгол гэсэн 4-5 төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бүгдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихээд байгаа болохоор дөрөв битгий хэл, нэг өдөр бөөндчихийг үгүйсгэхгүй. Ийм туршлага бий. Гэхдээ Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл гишүүдийг амраахгүй байх. Энэ хоёр хууль товлосон хугацааг тодорхойгүйгээр сунж руулах байдал үүсгэж болзошгүй. Хоёрын зэрэг сон гууль хаяанд ирсэн учир Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн хуульд АН, МАН улс төрийн сонирхлоор хандаж таарна.
Шинээр баталсан хуулиуд, намуудын тохиролцсон гэрээгээр мөнгө, түүнтэй адилтгах амлалт өгөхийг хориглосон болохоор намууд Төсвийн тодотголд “юм” шургуулах гэж холион бантан болгоно. Дээрээс нь сонгуульд зориулсан хуулийн төслүүдээ, түүнийг нь санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт суулгахыг шавдуулна. Тийм популист гишүүдийг эсрэг олонх олон юм яривал сонгуульд оноо алдаж мэднэ гээд мөнгийг гарын салаагаар урсгахаа мартахгүй. Энэ бүхний үр дүн юу юм бэ. Улс, иргэдэд ямар хожоотой вэ гэхээр дандаа хар зураг, таагүй бодол төрөөд байдаг юм. Монгол Улсын эдийн засгийн сүүлийн сарын тоймыг Дэлхийн банк гаргаснаа саяхан олон нийтэд мэдээлснээс үз вэл ойрын ирээдүйн байдал сайнаар харагдахгүй байгаа юм.
Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн орнуудыг тэргүүлж байгаа гэх нь холгүй манай орны хувьд бодит үр дүн бараг харагдахгүй байна. Уул уурхайгаас орж ирж буй их хэмжээний орлого төрийн байгууллагын зарлага болон хувирдагт хамаг учир байгаа гэлцэнэ. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 гаруй хувьтай байсан бол төсвийн зарлага түүнээс 3-4 дахин буюу 56 хувиар өсчээ. Үүнийг эдийн засгийн өсөлт 3-4 хувиар буурсан гэж тайлбарлавал илүү үнэн. Дэлхийн банкны төсөөллөөр манай ДНБ-ий алдагдал 2012 онд 5.8 хувиас илүү гарахаар байгаа гэсэн. Өнгөрсөн жил 3.6 хувь байжээ. Үүнээс илүү аюул нүүрлэж болзошгүйг Европын орнуудын санхүүгийн хямрал, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ унаж магадгүйгээр Олон улсын мэргэжилтнүүд Монголын эрх баригчдад сануулдаг.
Төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж болзошгүйг Засгийн газар хүлээн зөвшөөрч байгаагаа зарим алхмаараа “нотолж” байгаа юм. Алдагдлаа нөхөх зорилгоор сүүлийн үед ихээхэн хэмжээний өртөг бүхий үнэт цаас гаргаж буй. Хамгийн сүүлд 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, цалин, тэтгэврийг нэмэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болоод байна. Иргэдэд олгох Тавантолгойн хувьцааны тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг буюу нийт 334 тэрбум төгрөгийн зардал хоёр дахин нэмэгдэж мэдэхээр боллоо. Ирээдүйгээ хараагүй, зөвхөн дахин сонгогдох, намдаа түр зуурын ялалт авчрахын төлөө Төсвийн тодотголд баян айлын эрх хүүгийн зангаар УИХ хандаж магадгүй байдал ингэж харагдаж эхлэв. Нэгэн эдийн засагч хэлж байна.
Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг “төсвийн зовотгол” болгоно доо, наадуул чинь гэж. Сүүлийн хэдэн жилд Монгол Улсын эдийн засаг, ялангуяа экспортын орлого эрс өссөн нь гэрэл гэгээг авчирсан. Харин тэр мөнгийг хааш нь хийж, юунд зараад байгаа нь ончгүй болдгийг гадаад, дотоодынхон гэлтгүй шүүмжилж, сануулсан ч сонгуулийн эрхээр ирээдүйд учрах эрсдэлийг эрх баригчид олж харахыг хүсэхгүй байгаа бололтой. АН үүргээ биелүүлсэндээ бус, эрсдэл рүү МАН-ыг түлхэж, могой бариулахын төлөө хамтарсан засгаас гарсан. Яагаад гэвэл тэд хариуцлага хүлээхгүй учраас эрх баригчдыг иргэдтэй хамт элгээр нь хэвтүүлэхийг хүснэ. хариуд нь бухимдсан олон түмэн “босно”. Тэндээс дан ганц сөрөг хүчин хожно.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ДОТОР НЬ ХУВААХ УУ?
Одоогоор хариулт олдохгүй байна. УИХ дахь намын бүлэг, гишүүд ч энэ талаарх асуултад цэгцтэй хариулт өгч чадахаа болив. МАН-ын талаас өгч буй мэдээллээр бол сонгууль зохион байгуулагч, орон нутгийн удирдлагууд хоёр сонгуулийг хамтад нь явуулах ямар ч боломжгүй гэцгээж байгаа юм байх. Учир нь УИХ-ын сонгуулийн хуульд орон нутгийн сонгуулийнхийг нийцүүлэх учраас урьд өмнө байгаагүй мэдэхгүй, чадахгүй олон харилцаа үүснэ. Орон нутагт нэр дэвшигчдэд хориглох зүйл, хариуцлагын тогтолцоо, сурталчилгаатай холбоотой асуудал, орон нутгийн сонгуулийн тогтолцоо яг ямар байх, олон сонгууль зэрэг явуулахаар 07-20 цагийн хооронд ирц бүрдэх үү (өмнө нь 07-22 цаг байхад дангаараа ирц бүрддэггүй байв), саналын хэдэн хуудас тэмдэглэх (автомат машин ганцхан хуудас тоолдог байхаар программчлагдсан) гэх мэт олон ажиллагааг энэ удаа хэрэглэх цаг хугацааны боломж байхгүй гэсэн тайлбарыг МАН-ынхан өгч байгаа ч энэ бүхэн нь шийдэж болохгүй зүйл биш бололтой. Гэсэн ч эцсийн шатанд дээр дурдсан асуудлаар бүлгүүд тохиролцох боломжтой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүдийн зүгээс илэрхийлж байна. Эдгээрээр зөвшилцөлд хүрлээ гэхэд УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх гэсэн ганцхан зүйл заалтаар гацаа үүсэж магадгүй байгаа юм.
2008 оны сүүлээр баталсан, одоо хүчин төгөлдөр Орон нутгийн сонгуулийн хуулиар хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломжтой. Тусад нь явуулна гэсэн бодлогоосоо МАН ухрахгүй байхаар зүтгэвэл АН-ын бүлэг ээлжит бус чуулганаас завсарлага авахаа мэдэгдсэн. Тийм нөхцөл үүсвэл хаврын чуулгантай золгоно. Ингэснээр Орон нутгийн сонгуулийн хуулийн шинэ төслийг хэлэлцэх боломжгүйд хүрч, 2008 оны хуулиар сонгуулийг хамтад нь явуулахаас аргагүйд хүрнэ. УИХ-ын сонгуулийн санал хураалт, дүнг автоматжуулж, орон нутгийн сонгуулийн дүнг гараар тоолно гэсэн үг. АН-ын бүлэг буулт хийлээ гэж саная. Энэ санаагаа ч МАН-ын удирдлагад хүргүүлсэн сурагтай. Бидэнд байгаа мэдээллээр УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийг хамтад нь хийгээд сум, дүүрэг, баг, хорооны сонгуулийг тусад нь явуулах саналаа АН-ын удирдлага илэрхийлжээ.
Д.ДОНДОГ: ЗӨВШИЛЦӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ 2008 ОНЫ ХУУЛИАР СОНГУУЛИЙГ ЯВУУЛНА
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Д.Дондогоос зарим зүйл тодрууллаа.
-УИХ-ын үйл ажиллагааг гацааж байгаа зүйлийн нэг нь Орон нутгийн сонгуулийн хууль. Намын бүлгүүд тохиролцох янз байна уу. Танай Ажлын хэсгийн ажлын явц ямар байна вэ?
-УИХ дахь намуудын бүлгийн гишүүдээс тус тусдаа өргөн барьсан болон УИХ-ын сонгуулийн хуульд нийцүүлэх чиглэлээр Орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгийн гишүүдтэй уулзсан. Гишүүдийн өргөн барьсан төслүүдийн адил төстэй зүйл, заалтуудыг нэгтгэж санал хураалгахад бэлэн болсон. Улс төрийн шийдэл шаардаж буй нэг зүйл нь сонгуулийг хамтад нь явуулах эсэх тухай бүлгүүдийн зарчмын зөрүүтэй санал. Энэ асуудлаар эхлээд намууд зөвшилцөлд хүрэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй болчихоод байна.
-Ээлжит бус чуулган дөрөв хоног хуралдахаар байгаа. Ийм богино хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж амжих уу. Надад тийм боломж харагдахгүй байгаа... Ажлын хэсгийнхэн ямар бодолтой байгаа бол.
-Хугацааны асуудлаа тохирчихвол асуудал байхгүй. Зарчмын зөрүүтэй бусад зүйл, заалтаар санал хураах бололцоотой. Ээлжит бус чуулган эхлэх хүртэл үлдэж байгаа хугацаанд тохиролцоонд хүрчих байх гэж найдаж байгаа. Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуулийн хуультай нийцүүлэхгүй бол будлиан гарах магадлал өндөр. Баталсан хуулиасаа буцаж, УБЕГ-ын даргыг сольсноор МАН сонгуулийг будлиулах гэж байна гэж хардах нь утгагүй. Манай бүлгийн гэхээс илүү СЕХ, нутгийн захиргааны алба хаагчид боломжгүй талаар саналаа ирүүлж байна.
-Хамтад явуулах эсэхээр тохиролцож чадахгүй бол АН-ын бүлэг завсарлага авахыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд хоёр сонгуулийг хамтад нь явуулах хүчин төгөлдөр хуулиа баримтлах уу?
-Тэгж л таарна. Бүлгүүд зөвшилцөж чадахгүй бол хүчин төгөлдөр хуулиар буюу хамтад нь явуулж таарна. Хугацааны асуудлаар Ажлын хэсэг хуралдъя гэхээр намууд зөвшилцөөгүй асуудлаар бид хуралдахгүй гээд зарим гишүүн ирэхгүй байгаа.
Го.ЭНХТӨР