Ази, Европ, Арабын долоон орон, Австралид Элчин сайдаар суулгахаар төлөвлөж буй хүмүүсээ Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж дэмжлэгийг нь авсан. Тэгэхдээ ийн Парламентын гишүүдтэй зөвшилцөж буй нь хэлбэрийн төдий гэмээр зүйл. Яагаад гэвэл УИХ дэмжихгүй байсан ч Элчин сайд нарыг Төрийн тэргүүн өөрийн үзэмжээр томилж л орхидог юм. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа Д.Цахилгааныг БНХАУ-д суулгахаар санал болгоход УИХ дахь МАХН (одоогийн МАН)-ын олонх дэмжээгүйг санаж байна. Д.Цахилгаан Элчин сайд болдгоороо болж, үүргээ сайн гүйцэтгэж хожим нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн. 1999 онд УИХ дэмжээгүй ч Батсайхан гэгчийг Ерөнхийлөгч Н.Багабанди ХБНГУ-д Элчин сайдаар томилоод л явуулчихсан. Харин энэ хүн итгэл даагаагүй.
Зөвшилцөнө гэдэг нь тохиролцоно, санал нэгдэнэ гэсэн үг биш, ямар шийдвэр гаргах гэж буйгаа ердөө дуулгахад л зөвшилцсөн болно гэх тайлбар ч бий. Тэгэхлээр зөвшилцөнө гэдэг нь төлөвлөсөн ажилд саад учруулах хүчин зүйл болохгүй ч Элчин сайд нарыг томилох асуудлын хувьд биднийг олон улсад баримталдаг хэм хэмжээг болон Үндсэн хуулиа зөрчихөд хүргээд байгаа юм.
Гадаад орнуудад суулгахаар Ерөнхийлөгчөөс хамгийн сүүлд санал болгоод байгаа элчин сайдуудын дотор олон түмний мэдэх хүн мэр сэр бий нь лавтайяа, Унгарт суух Т.Ганди, Польшид томилогдсон А.Ганбаатар, Австралийг зорих Р.Болд нар болов уу. Т.Ганди УИХ-ын гишүүнээр одоогийн МАН-аас хэд хэдэн удаа сонгогдож байсан. Сүүлийн жилүүдэд НХХ-ийн сайдаар ажилаж буй. А.Ганбаатар МСДН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, өнөө хэр нь түүнийхээ буурийг сахиж буй. УИХ-д нэг удаа “Ардчилсан холбоо” эвслээс сонгогдож байв. Р.Болд одоо ТЕГ-ын даргаар ажиллаж байгаа. Түүнийг АНУ-д Элчин сайд байхад нь Ерөнхий сайд асан С.Баяр дуудан авчирч энэ албанд томилсон юм. Ш.Одонбаатар (Итали), Б.Одонжил (Египет), Ч.Баттөмөр (Тайланд) нар одоо ГХЯ-нд газрын захирлаар, Д.Энхбат (Вьетнам) зөвлөхөөр ажиллаж байна. Харин М.Ганболд (Умард Солонгос) урьд нь ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан.
Сураг сонсвол эднийг томилогдсон албандаа түргэхэн шиг яваасай хэмээн хүсэгчид цөөнгүй байдаг бололтой. Тэд мэдээж одоогийн суудалд нь шохоорхогчид. ТЕГ-ын дарга бол Ерөнхий сайдын шууд мэдлийн албан тушаал. ГХЯ-ны газрын захирал гэдэг салбартаа ирээдүйтэй, шаг хийсэн албан тушаал. Ийм ажил хийж байхад гадаадад суухаар томилогдох магадлал өндөр болохыг энэ томилгоо нотолж байгаа. Улс төрийн албан тушаал байгаад хожим нь хуулиар төрийн алба болсон элчин сайдын суудалд суух гэж буй эдгээр хүний дотор одоогоор хамгийн том албан тушаалтай нь Засгийн газрын гишүүн, НХХ-ийн сайд Т.Ганди. Тэгээд ч тэр биз, түүнийг “холдох” гэж буйд баярласан хүн МАН дотор бий, тэр дундаа хүүхнүүд байгаа гэлцэнэ. НХХийн сайдын албыг эмэгтэй хүнд зориулаагүй л дээ. Л.Одончимэд, Д.Дэмбэрэл гээд эрчүүд тус яамыг саяхан л толгойлж байв даа. Гэлээ ч МАН-аас дээхнүүр албанд томилогдоод буй бүсгүйчүүд Т.Гандийн үлдээх суудалд ихээхэн шүлэнгэтэж байгаа нь нууц биш. Үүнийгээ нууж чадалгүй Т.Гандийг үгээ олохгүй магтан саймширч байхыг нь бид телевизээр харсан, сонссон.
За тэр ч яахав. Элчин сайд болох хүртэл даваа ч бий, хугацаа ч байгаа. Ерөнхийлөгч тэднийг томилох саналтай л байгаа болохоос биш тэд “Онц бөгөөд Бүрэн эрхт” болчихоогүй байна. Дипломатчдын амны уншлага болсон “агреман” гэж нэг үг бий. Франц хэлнээс гаралтай (аgrement) үг юм гэнэ лээ. “Зөвшөөрөх” гэсэн утгатай гэж байгаа. Энэ агреманыг цаад улс нь, өөрөөр хэлбэл томилогдох гэж байгаа хүмүүсийн очих гэж буй орноос нь өгдөг юм байна. Түүнийг хүлээх ёстой. Хүлээхийн тулд бид томилох гэж буй хүнийхээ тухай мэдээллийг тухайн улсын холбогдох байгууллагад өгөх учиртай. Баттай эх сурвалжаас сонссо ноор бол дээр өгүүлсэн найман хүнд агреман өгөхийг албан ёсоор хүсэхийг Төрийн тэргүүний зүгээс ГХЯ-нд цагаан сарын босгон дээр мэдэгдсэн аж. Тэгэхдээ зөвхөн дипломат төлөөлөгчдийн тэргүүнд буюу Элчин сайд нарт л агреман хүсдэг байна.
Олон улсад дагаж мөрдөж буй дэг ёсоор бол Элчин сайдаар томилох хүнээ агреман автлаа зарлалгүй нууц байлгадаг аж. Хэнийг хаана томилохоор завдан агреман хүлээж буйг тухайн улсад хэдхэн хүн мэдэж байх учиртай гэсэн үг. Энэ нь хувь хүний нэр төртэй ч холбогдоно. Хүсэлтийг хүлээж авсан улс агреман өгөх эсэхээ 30 хоногийн дотор мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаанд хариу өгөхгүй бол энэ хүнийг маань Элчин сайдаар томилохыг таашаахгүй байгаа юм байна гэж ойлгоно. Чухам яагаад таашаахгүй байгаа шалтгааныг цаад улс тайлбарлах албагүй, наадах нь ч шаарддаггүй. Төлөөлөх гэж буй хүнээ агреман өгөхөөс өмнө зарладаггүй нь чухам үүнтэй холбоотой. Хэн нэгэн “Дорж”-ийг хаа нэгэн улсад Элчин сайдаар томилохыг нөгөө улс нь зөвшөөрөхгүй бол Доржийн нэр төр унана биз дээ. Элчин сайдаар томилогдох гэж буй хүнд агреман өгөх эсэхийг шийдэхдээ тэрбээр мэргэжлийн дипломатч мөн эсэхийг нь юуны түрүүнд анхаардаг байна. Томилогдох гэж буй хүн мэргэжлийн дипломатч байх эсэх нь түүнийг суулгах гэж буй улсдаа яаж хандаж байгаагийн илэрхийлэл болдог ёстой аж.
Элчинг хүлээн авах гэж буй улсын ёс заншил, дотооддоо баримталдаг дэг журмаас нь хамаарч агреман өгөхгүй байх тохиолдол ч бас байдаг байна. Тухайлбал Италийн нутаг дэвсгэр дээр байдаг жижиг хот-улс болох Ватикан гэр бүлээ сольсон хүнийг өөрийндөө Элчин сайдаар суулгахыг зөвшөөрдөггүй гэдэг. Түүнээс гадна нас нь ахисан хэрнээ нөхөр, эхнэргүй хүн байвал ижил хүйстнээ сонирхдог “этгээд” биш байгаа хэмээн хардаж ч магад. Элчин сайдаар томилох саналтай байгаа хүнд нь нөгөө тал (улс) агреман өгсний дараа түүнийг өөрийн бие төлөөлөгч болгох шийдвэрийг Төрийн тэргүүн гаргана. Үүний дараа Элчин сайд сая тухайн улсдаа очно. Гэтэл агреман өгөөгүй байхад, түрүүчийн Элчин сайдаа эгүүлэн татаагүй байхад давхиад оччихсон байсан тохиолдол манай талаас гарч байсан юм гэсэн.
Дэлхий нийтээр дагаж мөрдөж буй дипломат ёсонд энэ мэт явдлыг маш бүдүүлэг, хэтэрхий ёс журамгүй хэрэг гэж үздэг байна. Очсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ тухайн орны төрийн тэргүүнд өргөн барьснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ингээгүй байхдаа хоёр улсын харилцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах, суух гэж буй орныхоо Төрийн тэргүүний зохион байгуулсан аливаа арга хэмжээнд оролцох ёсгүй байдаг. Тэгэхээр Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгчийн хувьд туулай жилийн эцсээр санал болгосон хүмүүст агреман нь ирээд, Төрийн тэргүүн зарлигаа гаргаад, тэд эндэх ажлаа өгөөд тус тусын орноо зорьтол лавтайяа 2-3 сарын зай байж таарах нь. Тийм болохоор явах хүмүүст ч, тэдний суудалд суухыг горилогчдод ч хүлээх хугацаа байна. Хүлээсэн хүнд 2-3 сар гэдэг бас урт хугацаа шүү. Үүнээс илүү ч хүлээж болзошгүй.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр асуудлыг нь УИХтай зөвшилцсөн Б.Дэлгэрмаа л гэхэд ердөө өчигдөр уржигдархан л Сингапурын Ерөнхий сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьсан байхчив лээ. Эцэст нь хэлэхэд Элчин сайдаар томилох гэж буй хүмүүсийн тухай мэдээлэл эрт алдагдаж, дипломат үйл ажиллагаандаа дэлхийн улсууд мөрддөг Венийн Конвенцийг Монгол Улс зөрчөөд байх болсон нь манай үе үеийн УИХ-ын гишүүд эр, эм хоёрын хооронд ч илжиг болж жороолоход дурладгаас үүдэлтэй гэж хэлж болно. АИХ-ын депутатуудын баталсан Үндсэн хуульд Элчин сайд нарыг Ерөнхийлөгч томилж, эгүүлэн дуудаж байхаар заасан бий. Гэтэл Ерөнхийлөгчийн санал болгосон хүн УИХын гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй бол өөр хүнийг санал болгохоор, эхний хүнээ дахин санал болгохгүй байхаар УИХ-ын гишүүдийн баталсан нэг хуульд зааж орхисон. Нэгэнт УИХын чуулганаар нээлттэй битгий хэл хаалттай ч гэлээ хэлэлцсэн л бол уг асуудлыг сэтгүүлчид бүү хэл хэн ч сонсож дуулалгүй яах вэ. Ингээд л бид олон улсын Конвенцийг ч, өөрийн Үндсэн хуулиа ч зөрчөөд байх болов.