Монголчууд бид цаг хугацааны он тооллыг жарнаар хэмждэг заншилтай. Нэгэн жарны түүх гэдэг өнө удаан хийгээд гайхамшигт он жилүүд... Тэгвэл нэгэн зууны түү- хийг бүтээлцэж нэгэн зууны шаш тир цадигийг туулан “Залуу жанжин” хэмээн овоглогдож мөнхөрсөн Жамьянгийн Лхагвасүрэнгийн зуун жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүний тухай мэдэхгүй, нэрийг нь сонсоогүй монгол хүн гэж бараг байхгүй гэж ам бардам хэлж байна.
Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошууны нутаг Хүрэмтийн голын эх Тэмээн жалга хэмээх газар буюу одоогоор Булган аймгийн Сайхан суманд мэндэлсэн тэр жаал хүү хожмоо “Залуу жанжин” хэмээн түүхэнд тэмдэглэгдэх юм гэж тухайн үед хэн мэдлээ. Таван эгч, нэг ахын отгон нь болж мэндэлсэн түүнийг багад нь эцэг эх нь төрийн хар хүн болгож, дүүг нь буюу ихрийн өрөөсөн Ж.Зундуйг лам болгохоор шийдэцгээсэн гэдэг. Монгол хүүхэд бүрийн тойроогүй дайраад гардаг жам ёсоор жаал хүү Жамъян багадаа хонь хариулж явахдаа бийрийн хошуу олж авснаа сонирхон хадгалж явсаар хожмоо хүү Лхагвасүрэндээ өгсөн нь бэлгэ дэмбэрэлтэй гэхээсээ хувь заяаных нь төөрөг зургийг урьдчилан харж зөгнөсөн гэлтэй. Төд удалгүй 13 настай жаал хүү аймгийнхаа тэнхимийн сургуульд орж хошууны бичээч, Богдхан уулын аймгийн тал бичээчийн алба залгуулсаар эрийн цээнд хүрч байх тэр үед нутаг хошуугаараа шахам залуучууд бүгд цэргийн албанд татагдаад байгааг харж, тэдний адил цэргийн албанд татагдах гэсэн боловч тухайн үед бичиг үсгийн чадвартай залуучууд цөөн байсныг харгалзан түүнийг цэргээс чөлөөлүүлэхийг аймаг, сумын удирдлагууд хүсчээ.
Гэсэн ч залуу хүү Лхагвасүрэн саналаараа цэрэгт явна гэж зүтгэсээр санасандаа хүрч. Цэрэгт очоод бичиг үсэгт тайлагдсан тухайгаа таг нууж байтал тухайн үед бичиг үсэгтэй цэргүүд бүү хэл дарга офицер ч цөөн байсан болохоор түүний бичиг үсэг мэддэг, муу ч үгүй бичээч байсан нь илэрч, хороо дивизийн эх зохиогч, нууцын даргаар дэвшиж, улмаар 1934 онд цэргийн дарга нарын давтан курс дүүргэж төрөлхийн цэргийн хүн болох их зам мөрөө гаргасан байна. Төд удалгүй алтан Москва хотноо Монголын залуу цэрэг дарга нарыг бэлтгэх цэргийн курс нээгдэхэд Ж.Лхагвасүрэн тэрхүү курст явахдаа курсийн ахлагчаар томилогдсон тө- дийгүй Леонид Жуков хэмээх орос нэр авч байсан нь хувь заяаны ховорхон тохиол гэлтэй. “Төрсөн өдрийн төө- рөг, гарсан өдрийн гариг” гэж хууччуул ярьдаг шиг Ж.Лхагвас үрэн эхээс төрөхдөө цэргийн, тэр дундаа цэргийн дарга одонд мэндэлсэн гэхэд болно. Москва хотноо болсон нэгэн удаагийн уулзалт дээр Маршал Чойбалсан ирсэн байсан нь таарч, тэр хурал дээр Лхагвасүрэн сонсогчдынхоо сурлага, сахилга батын тухай танилцуулга хийсэн нь Маршалын анхаарлыг татсанаар Зөвлөлтийн армийн улс төрийн ажилтны курст үргэлжлүүлэн суралцуулж, суралцаж байх үедээ 1937 онд Улаан талбайд болсон баярын жагсаалд жагссан гэдэг.
Түгшүүрт гучин есөн онд Ж.Лхагвасүрэн курсээ дөнгөж төгсөөд эх орондоо ирчихээд байхад нь Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Х.Чойбалсан өөрийнхөө 08 тоот тушаалаар Цэргийн яамны Улс төрийн газрын орлогч даргаар томилж, комиссар буюу одоогийнхоор хурандаатай дүйх цол олгож, дөрөвхөн сарын дараа түүнийг жинхэнэ даргаар нь тавьжээ. Яг энэ үед дорнод хязгаарт буун дуу тачигнаж, Японы милитаристууд Халхын голын тэртээ дарийн утаа үнэртүүлж дайны гал асаажээ. ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр хоёр орны анги нэгтгэлүүдийг нэгтгэн армийн нэгдүгээр бүлгийг байгуулж, командлагчаар нь корпус командлан захирагч Г.К.Жуковыг, орлогчоор нь Ж.Лхагвасүрэнг томилж, түүхэн их ялалтын үндсийг тавьжээ. Энэхүү Халх голын байлдаанд үүргээ онцгой сайн гүйцэтгэсний учир Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулжээ. Хэдийгээр Халхын голын байлдаанд МАХЦ түүхэн ялалт байгуулсан хэдий ч дайны хар сүүдэр нийт Европ, дэлхий дахиныг бүрхэж, тэрхүү гамшигт дайнд Монгол орон арга буюу түлхэгдэн орж эхэлсэн 1940 онд Маршал Чойбалсан Лхагвасүрэнг Цэргийн яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор томилохдоо “...Цэргийн яамны бүх ажлыг хэрэг дээрээ нөхөр Лхагвасүрэн бие даан гүйцэтгэж, асар их ажил хийж байна. Би бол ёс төдий л байна” гэж ярьсан нь эдүгээ түүх болон үлджээ. 1944 онд буюу тодруулбал дөрөвдүгээр сарын 28-нд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор арван хүнд анх генерал цол олгоход Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт дэслэгч генерал цол олгожээ. 1941 оны зургаадугаар сарын 22-нд фашистын Герман ЗХУ-д халдан довтлоход БНМАУ холбоотныхоо үүргийг нэр төртэй биелүүлж, дайны эхнээс эцэс хүртэл сэтгэл санааны болон эдийн засаг, эд материалын асар их тусламжийг үзүүлсэн төдийг үй 1945 оны наймдугаар сарын 10-нд Японы милитаристын эсрэг дайнд Маршал Чой балсангийн орлогч буюу Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн ко мандлагч И.А.Плиевийн орлогчоор ажиллаж, Монголын ардын армийг командалсан байна.
Энэхүү дайнд онц хүчин зүтгэл гаргасны учир залуу жанжин Ж.Лхагвасүрэнг БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон, ЗХУ-ын цэргийн дарга нарыг шагнадаг дээд одон Суворовын хоёрдугаар зэргийн одонгоор шагнажээ. Дэлхийн дайны гал унтарсан гэвч алс тэртээ баруун хязгаарт Гоминданы бү- лэглэлүүд БНМАУ-ын баруун хилийг удаа дараа зөрчиж байсан учир Гоминданы эсрэг хийх тулаанд МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийг оролцуулахаар шийдвэрлэж, цэргийн командлагч Ж.Лхагвасүрэн энэхүү үүргийг нэр төртэй биелүүлсэн билээ. Манай нэрт зохиолч Чойжилын Чимидийн нэгэн дуунд гардагчлан “Саарал шинелиэ тайлаагүй” залуу жанжин гучин жил тасралтгүй эр цэргийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явтал нь 1969 онд Халхын голын түүхэн их ялалтын 30 жилийн ойн босгон дээр нь гэв гэнэт үүрэгт ажлаас нь чөлөөлж, АИХын Тэргүүлэгчдийн газрын Ардын депутатуудын хурал, байнгын комиссын асуудал эрхэлсэн товчооны дарга, улмаар тус газрын хурлын хэлтсийн даргаар томилон ажиллуулж байгаад 1978 онд БНБАУ-д Элчин сайдаар явуулжээ. Тэнд хоёр жил болгоод дахин дуудаж нутагт нь ирүүлэн тэтгэврийн хөгшин болгожээ.
Гэвч Ж.Лхагвасүрэн жанжин сул цалинтан байхыг хүссэнгүй. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар үзэж өнгөрүүлсэн, туулж гарсан жилүүдийнхээ тухай дуртгал номоо бичиж байлаа. Он цаг, хүний амьдрал гэдэг хугацаатай юм хойно “залуу жанжин” маань дуртгалынхаа номынхоо нооргон дээр үзгээ барьсаар хорвоог орхисон юм. Үхэл гэдэг утга төгссөн цэг биш гэдгийн баталгаа болж 1989 оны долоодугаар сарын 19-нд буюу Халхын голын ялалтын 50 жилийн ойгоор “Залуу жанжин”-д БНМАУын баатар цолыг нь нэхэн олгожээ. Үхэлгүй мөнхийн алдар, үргэлж дуурсагдах гавьяа гэж энэ бөлгөө.
Даваасүрэнгийн ЧИНЗОРИГ МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч