МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатартай Тусгаар тогтнолын ордон дахь ажлын өрөөнд нь уулзлаа. Тэрбээр ажлын өрөөндөө Өндөр гэгээн Занабазар, Абтай сайн хан, Сайн ноён ханы хөргийг өлгөжээ. Ардын намын анхны до лоогийн нэг, Солийн Данзан агсаны түүхэн гэрэл зургийг зэрэгцүүлэн тавьсан байх агаад мань Данзан “Harley Davidson” мотоциклийнхоо дэргэд зогсож байгаад патиараа татуулсан нь анхаарал татав. “Энэ чинь 1922 он шүү дээ.
90 жилийн өмнө монгол хүн “Harley Davidson” унадаг байсан гэхээр сонирхолтой байгаа биз” хэмээгээд “Солийн Данзан” сангийн тэргүүний хувьд Я.Содбаатар түүний талаар түүх хуучлав. Хэвлэлд тун ховорхон ярилцлага өгдөг энэ залуу харин ам нээхээрээ уушгиа ч нээчихдэг юм шиг санагдсан.
-МАН Бага хурлаараа Монгол Улсыг хөгжүүлэх 20 жилийн хөтөлбөр батлаад удаагүй байна. Энэ хөтөлбөрийг ямар тоо цоогоор, хэрхэн боловсруулав?
-Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн Монгол Улс хөгжлийн алтан үедээ орлоо, үсрэнгүй хөгжих боломжтой боллоо хэмээн шуугицгааж байна. Үнэхээр үүлэн чөлөөний наран мэт хөгжлийн энэ алтан боломжийг монголчууд бид бүрэн дүүрэн ашиглах ёс той. Ингэхийн тулд маш на рийн тооцоо судалгаатай тө лөвлөлт чухал. Манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилж сэнээс хойш чухамдаа төлөв лөлтөө орхигдуулсан нь алдаа байж. “Төлөвлөдөг л байсан шүү дээ” гэх байх л даа. Улстөрчид дөрвөн жил тутамд, зөв хөн сонгуульд зориулсан уриа лоозон ярьж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хөгжлийн программ гэж ойлгож ирсэн. “Ард түмнээ сонсох аян”-ы хүрээнд бидний уулзсан иргэд үүнийг маш их шүүмжилснийг МАН хүлээж авсан. Үнэндээ улс орны хөгжил, улс төрийн сонгууль хоёрын харилцааг бодитой, үр дүнтэй байлгах гэвэл алсыг харсан, шалгуур нь ч тодорхой төлөвлөлтийг гаргаж ирэхээс өөр замгүй гэж бид дүгнэсэн. Энэ дүгнэлтээс үүдэн ирэх 20 жилийн хөгжлийн төлөвлөгөөг МАН-ын Бага хурал баталлаа. 2011- 2016, 2016-2021, 2021-2031он гэсэн хугацааны үечлэлээр нийгэм, эдийн засгийн бү- хий л салбарыг уялдаа холбоотой хөгжүүлэх тулгуур бод логуудыг “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т маш нарийн төлөвлөн тусгалаа. Одоо монголчууд бид ерөнхийг өөс тодорхой руу, хий хоосон лоозон уриагаас төлөвл өлт рүү, бутрал задралаас нэгдэл нягтрал руу явах цаг болсон.
-Ганц сар гаруйхны дараа УИХ-ын сонгуулийг албан ёсоор зарлаж, кампанит ажил эхлэх гэж байна. Одоо бол МАН-ын сонгуулийн тактик ч бэлэн болсон байх. Ер нь МАН-ын гол сурталчлах зүйл нь юу байх юм, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан уу?
-Сонгуульд бэлтгэх намын дотоод ажил үндсэндээ хангагдаж дууслаа гээд хэлчихэд болно. МАН 2008 онд дэвш үүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ ханган ард түмэндээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй очихоор бэлтгэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс ажил болоогүй амлалтуудыг амжуул гэж улс төрийн шахалт үзүүлж байна. Хэрэгжих боломж нь ч нэлээд өндөр харагдаж байгаа. МАН өмнөх ялалтаа бататгах бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа. 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслөө боловсруулж байна. Нийгмийн бүхий л салбар, мөчрийн ажил амьдралыг тольдсон, нэлээд чамбай, хүний хөгжилд чиглэсэн төсөл болж байгаа. Энэ сарын дундаас бид орон даяар явж, иргэдийн санаа оноог аваад, хөтөлбөрөө эцсийн байдлаар бэлэн болгоно. “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т төлөвлөсөн эхний үе шат хугацааны хувьд 2012 оны сонгуультай давхцаж байгаа учраас МАН энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сонгуульд ялалт байгуулах ёстой. 2012 оны сонгуульд МАН ялалт байгуулах бүрэн боломж, нөхцөл бий. Үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээх учиртай.
-Нэр дэвшигчид өдийд бараг тодорчихсон биз дээ?
-Нэр дэвшигчийг тод тодруулах хуулийн хугацаа болоогүй байгаа шүү дээ. Мэдээж, нэр дэвших боломжтой боловсон хүчин МАН-д олон бий. Тойрог бүрт тандалт судалгаа явуулж нэр дэвших боломжтой хүмүүстэй уулзаж ярилцах, намын анхан, дунд шатныхнаас саналыг нь сонсох ажлууд хийж байна.
-Танай нам УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах төслийг УИХ дээр яагаад дэмжихгүй байгаа юм бэ?
-Уг нь амиа хичээвэл орон нутагт 1700 гаруй нэгж, салбартай, 220 мянган гишүүнтэй ма найх шиг намд хоёр сонгуулийг зэрэг явуулбал аль алинд нь ялах ма гадлал хамгийн өндөр байгаа юм шүү дээ. Гэвч энэ нь хууль, эрх зүйн хүрээнд зөр чилтэй, сонгуулийн ардчилал, сонгогчдын эрх ашгийг илэрхий хөндөх учраас бид боломжгүй гэж харж байгаа юм. УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах техникийн болон хүний нөөцийн боломж манай улсад бий юү? Нэг баг, хороонд гэхэд л санал авах байр 10- аад байх шаардлагатай, Тийм шаардлага хангасан байр сав бидэнд байна уу?
-АН-д яахаараа эдгээр хүндрэл харагддаггүй гэж. Тэд ч гэсэн үр дүнг нь олон талаас нь тооцоод боломжтой гэж үзээд байгаа юм биш үү?
-АН яах вэ дээ, мөнгө хөрөнгөтэй нөхдөө л хараад байгаа юм болов уу гэж би таамаглаж байгаа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх тэрбумтнуудынхаа мөнгөний далбаан дор орон нутгийн сонгуулиа бас явуулчих гээд л зүтгээд байх шиг. Өөрөөр яаж ч бодоод хоёр сонгуулийг зэрэг явуулах эрх зүйн болоод техникийн боломж байхгүй шүү дээ. АН-ын хувьд орон нутгийн сонгуульд ганц удаа ялж үзэх гарц нь энэ л байх. Ер нь Ардчилсан нам сонгогчид, улс орны язгуур эрх ашгаас илүү намынхаа, өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүр тавьдаг бололтой.
-Харин ч сонгууль зэрэг явуулж, төсвийн мөнгийг хэмнэе л гээд байдаг шүү дээ?
-Төсвийн мөнгийг нэг, хоёр зуун сая төгрөгөөр хэмнэлээ гээд үүнээс том хохирол амсвал яах вэ? Сонгууль гэдэг чинь иргэн хүний төрөө барилцах хамгийн чухал эрх шүү дээ. Энэ эрхийг нь хөндчих вий дээ. Төсөв хэмнэчихээр зүйл бий, бий. УИХ-ын гишүүний зарцуулдаг мөнгийг хэмнэнэ биз, үр ашиггүй төрийн албаны орон тоог цомхотгож болно шүү дээ. Гишүүний эрх ямбаа хазаарласан нь хавьгүй шударга байх шүү. Харин хоёр сонгууль зэрэг явуулахад сонгогчид тулгарах хүндрэл дэндүү их. УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг бөглөе гэхэд шинэ хуулиар холимог системийн дагуу сонгогчид хоёр жагсаалтаас сонголт хийнэ. Энэ бол шинэ зүйл. Сонгогч бүрийн мэдээлэл харилцан адилгүй. УИХ-ын сонгуульд гэхэд дор хаяж 10-аад нэр дэвшигчээс сонголт хийнэ. Бас аль нэг намаа дугуйлна. Тэгээд орон нутгийн сонгуулийн хуудас давхар бөглөвөл юу болох вэ? УИХ-ын зарим гишүүд өөрсдөө ч учраа олохгүй яваа гэдэгт би лав эргэлздэггүй. Аливаа сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хангахад чиглэгдэх учиртай. Сонгогчдынхоо эр хэд бүдүүлгээр халдахаа зогсоогооч гэж хэлмээр байна.
-Сая эмэгтэйчүүдийн баяраар Таны продюсерлэсэн “Үл таних эмэгтэй” киног телевизээр үзлээ. Та энэ киног арай сонгуульд зориулж, далд сурталчилгаа маягаар хийсэн юм биш биз?
-Өө за, үгүй дээ. Би урлагт дур тай, кино бол миний хамгийн том хообий. “Үл таних эмэгтэй” киног найзуудтайгаа хамтарч хийсэн. Миний найз Наранбаатарын найруулсан анхны кино, бас миний продюсер лэсэн анхны кино. Би дахиад ч кино хийнэ. За яах вэ, урлаг нэг талаараа олон нийтийн оюун санааг удирдах хэрэгсэл болдог нь үнэн. Энэ утгаар нь сонгуульд зориулсан юм хийдэг л биз. Би лав тэгмээргүй байна.
-Зарим хүн дуртай зүйлдээ хөтлөгдөөд нэлээд гүнзгий орчихсон явдаг даа. Та хообийгоороо “өвчлөөд” кинонд тоглочих юм биш биз?
-Би аливаа ажлыг нарийн мэр гэшсэн мэргэжилтнүүд хийх ёстой гэж үздэг хүн. Туслах дүр өгсөн ч би тоглохгүй, баярлалаа. Чадахг үй бол зөвхөн кинонд ч биш, улс төрд ч оролцоод дэмий л байдаг шүү дээ.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Сонгууль дөхөх тусам аливаа намын дотоод эв нэгдэл хэзээ хэзээнээс чухал бол дог юм. Тиймээс нам ямар нэг шийдвэр гаргаагүй байхад юу хэлэх вэ дээ. Би чинь одоо намын нарийн бичгийн дарга, надад хувь улстөрчийн амбийцаас МАН-ын ялалт хамаагүй үнэтэй байна, яг үнэндээ.
-Өвөрхангайд Та өмнөх сонгуулиар өрсөлдөөд ялагдсан. Энэ жил рейтинг тань хэр байгаа юм бол. Судалгаа явуулсан биз дээ?
-Би дахиад хэлье. Нэр дэвших эсэхийг маань нам даалгаагүй байхад ийм тийм гэж ярих зохисгүй ээ. Харин МАН-ын рейтинг хамгийн сүүлд явуулсан судалгаагаар улс төрийн намууд дотроо хамгийн өндөр гарсныг бол нуухгүй шүү. Энэ судалгаагаар иргэд аливаа улс төрийн хүчинд итгэхгүй байгаа хандлага түгээмэл байна. Тэгвэл манай намд уугуул нэрээ сэргээснээс хойших нэг жилийн хугацаанд 60 гаруй мянган хүн шинээр элссэн нь сүүлийн 10 жилд элсэгчдийн тоотой тэнцэж байгаа нь МАН-ын бодит рейтинг тун сайн байгаагийн бас нэг жишээ болно.
-Энэ сарын 1-нд хоёр ч нам “төрсөн өдрөө” тэмдэглэж, жанжин Сүхийн хөшөөнд цэцэг өргөсөн. МАН, МАХН-ын үүх түүх нэг, үнэт зүйл ч нэг болж таарах тул нэгдэж л таарна гэсэн “хар” хэр бодитой бол?
-Сүхийн хөшөөнд нэг өдөр цуварч очсоноор үнэт зүйл нь нэг юм байна гэж үзвэл дэндүү учир дутагдалтай. Улс төрийн нам юм бол хууль дүрмийг ягштал биелүүлдэг, гишүүд нь үнэт зүйл, үзэл баримтлалаа дээдлэн нягтарч, оюун санааны нэгэн цул болох ёстой биз дээ? Одоогийн МАХН ийм бил үү? МАН-ын 70 жил хэрэглэсэн хуучин нэрийг хууль бусаар авсан “дуураймал” бүтээгдэхүүн. Ёс зүйгүй хүмүүсийн хийсэн оюуны өмчийн хулгай шүү дээ. МАХН гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ хүмүүс одоо 2012 оны сонгуулиар ард түмнээр баалуулаад, хол явахгүй юм байна гэдгээ аяндаа ойлгох байлгүй дээ. МАХН-ын байгуулсан эвсэлд барууны радикал, за бараг анархист бүлэглэлүүд нэгдэж байгаа. Тэд нийгмийг буруу суртлаар ухуулдаг. Тийм учраас МАН МАХН-тай нэгдэхгүй. Жишээ нь, манай намын гишүүд гэхэд л тэр М.Энхсайхан, Ц.Цолмон, Л.Цог, Л.Эрдэнэтуул, Бошигт өөр хэн хэн ч билээ, бараг бүх нам хэсэж доншуучилсан хүмүүстэй үзэл бодол, үнэт зүйлээ ижилсүүлнэ, нэг нам болно гэдгийг хүлээн зөвшөө- рөх үү? Би үгүй гэж бодож байна.
-Долоодугаар сарын 1-ний хэргийг шүүх хурал өрнөж, энэ үйл явдал сүүлийн үед нэлээд анхаарлын төвд ороод байна. Шүүх хуралд оролцуулахаар танай намын тухайн үеийн дарга С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүсийг дуудаад байгаа. Та энэ хэргийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Хүн гэдэг чинь алдаа, онооны ирмэг дээр амьдардаг юм байна. Долоодугаар сарын 1 бол буруу гишгэвэл аюулын ангал монголчууд бидэнд ойрхон байна гэдгийг сануулсан, Монголын орчин үеийн түүхэн дэх хамгийн хар өдөр л дөө. Одоо нэг их өөр болгож харуулах гээд л, эсвэл аль нэг хэсгийг нь тасалж аваачаад нуух аргагүйгээр бүх үйл явдал ард түмний нүдний өмнө болж өнгөрсөн. Хамгийн их хохирлыг ард олон амссан. Жагссан нь ч ардын хүүхдүүд, төрийн хувцас өмс өөд хамгаалсан нь ч ардын хүүхдүүд. Монголчууд энх цагт таван эрдэнэт хүмүүний амиа алдав, ард түмний түүх соёлын үнэт өвүүд шатав, олон иргэний эд хөрөнгө сүйрсэн. Харин юу болсныг улстөржүүлэх оролдлого бүхэн одоо үнэхээр ой гутам харагдаад байгаа юм. Миний хувийн бодлоор, төрд тангараг өргөсөн цагдаа нарыг шүүж байгаа нь төрд зүтгэгсдийн зүрхийг мохоох, Монгол төрийн дархлааг сулруулах гэсэн нэлээд алсын бодолтой үйлдэл бо лов уу.
Монгол Улс тусгаар тогтнолтойгоо байгаа цагт төр нь түмнээрээ хүрээлүүлж төвшин байх болно. Энэ чинь бидний түүх, уламжлал шүү дээ. “Төрийн сүлд өршөө” гэж ерөөдөг ард түмэн биднээс өөр байхгүй. Сүүлийн үед төрийг муучлах, дархлааг нь алдагдуулах гэсэн үйлдлүүд санаатай болон санаандгүйгээр олонтаа хийгдэх болсон мэт санагддаг юм. Долоодугаар сарын 1-ний хэрэгт миний бодлоор, цагдаа буруугүй. Харин үйл явцыг хүний амь сүйдэх хүртэл турхиран дэврээсэн улстөрчдийн гэм бурууг шүүх ёстой юм шиг санагддаг. Сонгуулийн маргааш өөрийнхөө амбийцаар сонгуулийн бодит дүнг хүлээн зөвшөөрч чадаагүй уурын мунхагаар олныг үймүүлсэн улстөрчдийн үйлдэл эцэстээ хүмүүний алтан аминд хүрсэн. Тэдгээр улстөрч хэн бэ гэдгийг хүмүүс нүдээрээ харсан шүү дээ.
Хэн эхлүүлсэн, хэн хашгирсан, хэн турхирсан, хэн хяналтаас алдаад зугтсан билээ? Хүмүүсийн нүдэн дээр үнэн төрхөө харуулсан тэр улстөрчид одоо хаана яваа билээ? Тэр өдөр жагссан хүмүүсийн 80-аад хувь нь сонгуульд санал өгөөгүй байсан. Яахаараа санал өгөөгүй байж сонгуулийн дүнд бухимддаг юм. Яахаараа нийслэлийн төв талбайд хэдэн тонн чулуу ороод ирсэн юм, шилтэй бензинийг хэн авчирч өгсөн ч юм. Газар дороос ургаагүй нь ойлгомжтой. Холын түүх рүү ус цацагсад байдаг ч гэсэн долоодугаар сарын 1 бол тун ойрын түүх юм даа. Тиймээс хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох биз дээ, улс төрөөс ангид бодитой дүгнэлт гарна гэдэгт итгэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг ээлжит бус чуулганаар шийдлээ. Ж.Энхбаярыг огцруулах асуудал оруулж ирсэн шалтгааныг Та юу гэж үзэж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын огцруулахаар тавьсан үндэслэл нь үндэслэл гэхээсээ улс төрийн нүдээр харсан, зүгээр л өшөө авах гэсэн нүүдэл л юм билээ. Ж.Энхбаярыг юу ч мэдэхгүй хүүхэд гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Дөч хүрсэн эр яахаараа ч хүүхэд болчихдог юм. Р.Гончигдорж 30 гаруйхан насандаа Монгол Улсын Дэд ерөнхийлөгч болж л байсан шүү дээ. Э.Бат-Үүл, З.Энхболд ч залуу зандан насандаа төрийн өндөр албыг хашиж байсан. Тэгээд яагаад хүнийг залуу гэж ад үзээд байгаа юм бэ. Тэгэхэд Ж.Энхбаяр сүүлийн 10 жил нэн хариуцлагатай агентлагуудыг удирдаж, 2008 оны сонгуулиар хамгийн өндөр санал авсан УИХ-ын гишүүн юм шүү. Алдаатай зүйл хийх хүн биш учраас МАН хүнээ мэдэж Ж.Энхбаярыг Монгол Улсын хамгийн хариуцлагатай салбарын сайдаар томилсон. Ер нь АН залуучуудад ямар халгаатай нам юм бэ дээ. Яасан ч хуучинсаг, хөгшчүүлийн нам болж орхив доо.
Албан тушаал, шагнал урамшууллын бялууг дандаа л нөгөө хөгшчүүл нь “алтан хараацай” энэ тэр гэсэн гоё нэрээрээ дайраад авцгааж л байх юм. АН-д сайхан залуучууд гарч ирээсэй гэж би хүсдэг. Энэ хүмүүс өөрийн намынхаа залуусыг 20 жил дарлаа. Уучлаарай, одоо МАН-ын залуусыг дарна гэвэл тэр бүтэхгүй биз дээ. Тэд өөрсдийгөө “ардчиллын партизан” гэж нэрлэдэг. Сүүлийн үед хэлж ярьж байгааг нь сонсоод байхад Д.Сэнгээ гуайн “Өвгөн партизаны яриа” шиг хүүрнэл өгүүлээд л явах юм. Шинэ санаа, шинэ уур амьсгал, шинэ хүн гарч ирэхэд шууд л зоригийг нь мохоож, хүсэл тэмүүллийг нь унтраахаар улайрдаг гэж АН-ын залуучууд хүртэл шүүмжилдэг шүү дээ. Монгол төрийн алтан аргамжийг үе үеийн монгол залуус атгасаар ирсэн. Цаашид ч ийм л байх болно. 1990 оноос хойш МАН үеийн шилжилтийг сайн хийж, цаг үетэйгээ зохицон шинэчлэгдэж, шинэ хүч, шинэ уур амьсгалыг дандаа дэмжин, тэдэнд төрөө түшилцэх боломж олгодгоороо давуу явж ирсэн.
Хамтарсан Засгийн газрын хамгийн залуу сайд нь Д.Зоригт байлаа. АНынхан түүнийг огцруулах шаардлагыг хоёр удаа өргөн барьсан. Энэ Засгийн хамгийн залуу нь Ж.Энхбаяр юм. Бас л бичиг сачиг болоод явчихсан. Яагаад залуу хүнийг ажил хийлгэхгүй өөлөөд байгаа юм? Төрд зүтгэж байгаа бусад хүмүүс тийм өөгүй өндөг шиг юм уу, залуу сайд гэхээр л заавал буруутай болдог хэрэг үү? Энэ бол АН-ын залуучууддаа ханддаг арга барил нь. Намынхаа дотоод уур амьсгал, залуу хүнд ээлгүй бодлого, хуучинсаг соёлоо монгол төрийн ажилтай бүү хутгаач. Ардчиллын партизан гэгдэх Та бүхэн өнөөдөр хэдийгээр эмээ өвөө болсон ч гэлээ залуу зандан насандаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явснаа санаач гэж хэлмээр байна.
-Таныг Янгүгийн Содбаатар гэдэг. Аав тань их содон нэртэй юм?
-Тийм шүү. Буян даллага гэсэн утгатай төвд нэр. Нээрэн 2008 оны сонгуулиар аавын маань нэрийг тойрсон цуурхал тарж байсан шүү. Аав маань Сайн ноён хан аймгийн угшилтай, эцэг өвгөд нь хэдэн үеэрээ монгол төрд зүтгэсэн тайж угсааны гүн хэргэмтэй хүмүүс. Манайхан угсаа хөөвөл алтан ургийн бичигт үлдсэн, эрхэм намтартай юм билээ. Аав маань насаараа боловсролын салбарт багшлан, нам төрийн ажил хашиж явсан буурай одоо ч энх тунх амьдарч байгаа. Манай Өвөрхангайнхан Янгуг багш гээд андахгүй дээ. Ээж маань Түшээт ханы хүн. Ээжийн минь аав Эрдэнэзуу хийдэд таван настайгаасаа шавилан суусан, сүүлд хурал ном сэргэхэд дэд хамба, ловон байлаа.
-Таныг багадаа айлын түлээ хагалаад л явдаг хүүхэд байсан гэж хошигнодог юм билээ?
-(Инээв) Аан, тэр жил санаандгүй одоогийнхоор бол “од” хүүхэд болсон доо. “Пионерийн үнэн” сонинд хүртэл ярилцлага өгөөд л. Манай ангийнхан Тимурчуудын хөдөлгөөн байгуулж, хөгшчүүдийн түлээг нь хөрөөдөж, гэрийг нь цэвэрлэж өгдөг байсан. Одоо бодоход тэр үеэс л нийгмийн идэвх төлөвшиж эхэлсэн болов уу. Хожим есдүгээр ангидаа аймагтаа Идэрчүүдийн холбоо байгуулж ч явах шиг, ерөөсөө хичээл ном гээд зүгээр сууж л чадахаа больсон юмдаг. Гэхдээ математикийн олимпиадад улсад хоёр жил дараалан амжилттай оролцож, аравдугаар ангидаа ШУАийн дэргэдэх Технологийн дээд сургуульд элсэх урилга авч байлаа. Тэр үед нэг ангид сурч байсан 30 хүүхдээрээ би их бахархдаг. Тэднээс өнөөдөр “Microsoft”, “Sony”, “Fujitsu”- гийн мэргэжилтнүүд, “Скайтел”, “Очир төв”, “Алтай трейдинг”-ийн захирлууд төрсөн. Би П.Жасрай гуайн Засгийн газрын үед 1995 оны шилдэг оюутнаар шалгарч, намын оюутны байгууллагын анхны даргаар сонгогдож байлаа. Төгсөөд ШУА-д дөрвөн жил ажилласан, өөрийгөө “академийн бүтээгдэхүүн” гэж боддог шүү.
-Улс төрд нөхөрлөл гэж байдаг болов уу?
-Улс төр ч гэсэн хүмүүний амьдралын нэг хэсэг болохоор атаа хорсол, агуу нөхөрлөл, алдаа оноо бүгд л багтдаг. Би юугаар баян гэвэл найз нөхдөөр баян. Хүний итгэлийг дааж амьдрах шиг сайхан зүйл ер нь байдаггүй байх аа. Мэдээж хүүхэд, бага насны андууд хүний амьдралын насан туршийн нөхөд байдаг. Өнөөдөр ч миний хамгийн итгэлтэй нөхөд бол арван жилийнхэн, оюутан үеийн найзууд, анх энэ намын залуучуудын болон оюутны байгууллагыг байгуулалцаж явсан нөхөд минь. Би олон шийдвэрээ найз нөхөдтэйгөө зөвлөж гаргаж байсан. Өнөөдөр ч тэдэнтэйгээ аль л нарийн ширийнээ хуваалцаж явна. Нэгнийхээ ололт амжилтад өөрийн мэт чин сэтгэлээсээ баярлан хүч нэмдэг, алдаа дутагдлыг нь сануулан хэлж, зовж зүдрэхэд хамт байж чаддаг ийм л журмын нөхөд болжээ, бид.
-70-аад оныхон хэдэн жилийн өмнө бужигнуулдаг байсан. Танай намын залуучуудын холбооныхны алдаа, оноо хэтэрхий том, нийгэмд дуулиан тарьдаг ч байлаа. Хамтарсан Засгийн газрыг чухам та нар л “самрах” болов уу гэж төсөөлж байтал тэгсэнгүй. Томоожсон гэсэн үг үү?
-Монгол төр өнө мөнхөд ариун тунгалаг, хүчирхэг идэрхэг орших ёстой. Ингэж хэлэхээр нэг их алба ны, хуурай сонсогдож магадгүй. Зүрх ний чанадаас гарч байгаа үнэн үг минь юм шүү. Төрийн залгамж чанар гэж хатуу уламжлал байдаг юм. Үе гэдэг цаг үеэрээ ирж, ар араасаа цувраад оддог. Далаад оныхон өөрсдийнхөө цаг үед салхи шиг хийсэж болохгүй, тэр дундаа МАН-ын удирдлагад байгаа хүмүүсийн оноо нь баяр хөөр, алдаа нь гуниг харуусал болж 220 мянган гишүүний нуруунд очдог учраас давилуун байж болохгүй л дээ. Том эрх ашгаа харж, олон түмний талд л шийдвэр гаргах ёстой юм. Ер нь манай намын залуучууд бусдаас илүү ажиллаж, зүтгэж байгаа болохоор нийгэмд алдаа оноо нь нэвт шувт харагддаг. Залуу насандаа алдаа, оноотой ч ажиллаж бүтээж байх нь ерөөсөө юу ч хийхгүй байснаас хавьгүй илүү гэж би боддог.
-Таныг МАН-ын нарийн бичгийн даргаар томилсон нь 2012 оны сонгуулийн ялалтын дараа болох ямар нэгэн үйл явдлын бэлтгэл биш биз. Саяхан л Таныг сонин хэвлэлээр намын генсек болох нь гээд шуугиж байсан?
-(Инээв) Ялалтын ерөөл бат оршиг. Харин бид дараа нь ийм тийм дарга болох бэлтгэл огт хийгээг үй ээ. Улам том дарга болох гэж мөрөөдөөд л тааз ширтээд сууж байхаар ногдсон ажлаа биелүүлэхээ л бодож байна шүү. Улс төр гэдэг юманд чинь орох хаалга байна, байгаа үедээ үүрсэн ачаагаа даасан шиг даахаа л хичээх хэрэгтэй. Явах цагаа болоход өөрийгөө мэдрээд эргэж зууралдалгүй шиг буцвал барав. Албан тушаал мөрөөддөг гэнэн фанатууд ч, даргын суудлаасаа зууралддаг хөгшчүүл ч адилхан муухай харагддаг юм билээ. Энэ бол энэ цагийн улстөрчдийн том сургамж. Миний хувьд аливаа ажил, албан тушаалыг ачаа, хариуцлага гэж хүлээн авч, өөрийнхөө чадлаар, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг эрхэмлэдэг.
-Та ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Орчин үеийн монголчууд бидний амьдралын хэмнэл их өөр болж байна. Бидэн шиг ачаалал ихтэй хүмүүс спортоор заавал хичээллэхгүй бол болохг үй болжээ. Суурин иргэншлийн соёл, хэм хэмжээнд суралцахгүйгээр эрүүл, сайн сайхан амьдралын талаар ярих аргагүй болж байна. Түүхийн ном зохиол уншиж, кино үзвэр үзэх байдлаар л чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Энэ цаг үеэ, ирж яваа он цагийн аясыг зөв ухаарч ойлгоё гэвэл өнгөрсөн түүх, өвгөдийнхөө ухаан руу өнгийж байнга харж байх ёстой гэж боддог. Тиймээс түүхэнд илүү шимтэн, мэргэдийн сургаалийг судалж байна даа.
Б.ЭНХЦЭЦЭГ