МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай олон ч өргөдөл Цэцэд очсон. Эдэн дундаас таны өргөдлөөр маргаан үүсгэхээр болсон байна лээ. Та яг ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бэ. Цэц маргааныг хэзээ хэлэлцэх бол?
-Сонгуулийн хуулийн таван зүйл заалтаар маргаан үүсгүүлэхээр Цэцэд гомдол гаргасан л даа. Уг хуулийн 4.9-д тойргийн системээр өрсөлдөөд ялагдсан хүн намын нэрээр авах суудлаар УИХ-д сонгогдох боломжтой гэж заасан нь иргэдийн сонголтыг өөрчилж буй хэрэг. Сонгогч, сонгогдогч аль аль нь тэгш эрхтэй. Үндсэн хуульд ч иргэд төлөөллөө шууд сонгохоор заасан.
Хоёрдугаарт, сонгуулиар бүх нэр дэвшигчид ижил тэгш боломж олгох учиртай. Гэтэл уг хуулийн 35.19 дэх заалтаар УИХ-ын гишүүд, бүх шатны ИТХ-ын тэргүүлэгчид ажлын тайлан нэрээр хүссэн хэмжээгээрээ материал тарааж, өөрийгөө таниулах сурталчилгаа хийх, төсвийн мөнгийг үүндээ ашиглах боломжтой болж байгаа юм. Гэтэл нэр дэвших гэж буй бусад хүнд хийхийг хориглосон 18-19 заалт бий. Төрийн өндөр алба хашигчдад давуу эрх олгосноор тэнцүү өрсөлдөх боломжгүй болж байна.
Гуравдугаарт, Монголд байгаа сонгогчид холимог системээр, гадаадад бай гаа монголчууд зөвхөн пропорциональ тогтолцоогоор л санал өгнө.
Дөрөвдүгээрт, 35.2 дахь заалтаар олон мянган жилийн турш монголчуудын ёс заншил, шашин шүтлэгийн хэв маяг болсон овоо тахих, сан тавих үйлийг шууд хориглосон. Хууль санаачлагчид нь үүнийг шашнаар дамжуулан ухамсарт нөлөөлж болохгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл манай улсад ганц буддын биш олон шашин бий. Шинэ төрсөн хүүхдийг адислах үйлсийг газар сайгүй хийж байна.
Нарийн яривал бүсгүйчүүд цагаан даашинз өмсөөд хурим хийдэг нь ч бас христийн зан зүйл. Наурызийн баяр ч ялгаагүй. Энэ бүхнээс зөвхөн буддын шашин, бөөгийн зан үйлийг л онцлон хуульдаа хориглочихсон. Тэгэхээр хууль тогтоогчид гаднын шашнын нөлөөлөлд орж, ийм ялгаварласан заалт оруулсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. Уг заалт нь хүнийг шашин шүтлэг, нас, хүйсээр ялгарлахгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Энэ заалтаар Цэц маргаан үүсгээгүй, бусдыг нь авсан. Одоогоор Цэцийн хуралдах товыг зарлаагүй байна.
-Сонгуулийн хуульд ойлгомжгүй, салаа утгатай заалт олон бий. СЕХ хүртэл түүнд хариулт өгч чадахгүй Дээд шүүхэд хандсан. Гэтэл Дээд шүүх нь хариу өгөхгүй байгаа.
-УИХ-ын гурван гишүүнээс дээрх заалтаар тайлбар асуугаад үз, бүгд өөр хариу өгнө. Гишүүд, сонгуульд оролцох субъект нь ойлгоогүй хуулийг жирийн иргэд ойлгоод санал өгөх хэцүү. Үүний цаана хуулийг ойлгомжгүй байлгах, түүн дээр дөрөөлж будлиан үүсгэх, луйвар хийх сонирхол байна. Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа. Ард түмэн шинийг эрэлхийлэгч байдаг. Тиймээс ч төрийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг. Сонгуулийн дараа олонхийн хүсэлд нийцээгүй үр дүн гарвал Монголд нийгмийн хямрал болно. Ийм зүйл рүү санаатай турхираад байгаа юм уу, эсвэл мөнгөний хүчээр засаглая гэж байна уу. Бид шат шатны байгууллагад Сонгуулийн хуульд тусгах саналаа хүргүүлсэн, Цэцэд хандлаа. Мөн Бүх ард түмний хуралдайг ирэх сард зохион байгуулж, Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Уг хуулийг санал хураалт болохоос зургаан сарын өмнө өөрчлөхийг хориглосон. Тиймээс бид санал хураалт болох товыг хойшлуулаад дахин хэлэлц гэсэн шаардлага тавьж байгаа.
-Гэхдээ энэ шаардлагыг хүлээж авах нь юу л бол. Одоогийн хуулиар оролцоход гуравдагч хүчинд ямар боломж, бас саад байна вэ?
-Эвсэж, нийлбэл аль нэг намын бичиг баримтыг харж байгаад л “но” гаргаад хасна гэчихсэн. Өнгөрсөн сонгуулиар ийм аюул байгаагүй. Пропорциональ тогтолцоогоор тогтоосон таван хувийн босго бол асуудал биш. Энэ босго нөлөөлөхөөргүй сонгуулийн луйвар байгааг гадна, дотнын байгууллагын судалгаагаар тогтоочихсон. Сонгуулийг шударга явуулах нь л чухал байна.
-Эвлэлдэн нэгдэх эрхийг бүх талаар боосон юм бол яагаад МАХН, МҮАН, БНН тэргүүтэй таван нам ирэх сонгуулиар эвсэж оролцох гээд байгаа юм бэ. Эрсдэлээ нэмж байгаа юм биш үү. Ирэх сонгуульд ямар зарчмаар хамтрах юм бол?
-Энэ хуулиар сонгуульд орох юм бол эвсэж, нэгдэхийн эсрэг байгаа бүх зүйл, заалтад намууд дүрмээ нийцүүлж өөрчлөөд урт хугацааны эвсэл байгуулна. Ялахын тулд л эвсэл байгуулдаг, дараа нь задардаг байж таарахгүй. Тиймээс тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх заалтыг намынхаа дүрэмд оруулна. Саяхан БННын их хурал болж дүрмээ өөрчилллөө. Янз бүрийн бодолтой хэн нэг хүнээс хамаараад уг эвсэл сонгуульд оролцох боломжгүй болохоос хамгаалж буй юм. Энэ бол бид нэгэндээ итгэхгүйдээ биш. Эвсэл байгуулсан намуудын аль нэг гишүүн хэвлэлээр “Бид тарах гэж байгаа” гээд мэдэгдэл хийчихэд л тарсанд тооцно гэсэн.
-Эвслийг бүрдүүлэх энэ таван намынхан ер нь нэгэндээ хэр итгэж байгаа юм бэ. Тухайлбал, БНН-ын Б.Жаргалсайханыг энэ тал дээр маш тогтворгүй хүн гэдгийг нийгэм мэднэ. Урт хугацааны гэрээ байгуулсан ч замын дундаас хэн нэг нь буцахгүй гэдгийг юугаар баталгаажуулах вэ?
-Квот, хугацаагаар үүнийг зохицуулна. Дөрвөн жилийн хугацаанд их хурлаар эвслээс гарах эсэх асуудлыг огт хэлэлцэхгүй байхаар намууд дүрэмдээ тусгачихаж буй юм. Их хурлаар баталсан дүрмийг давах төлөөллийн байгууллага үгүй. БНН одоо туршлага ихтэй болсон биз. Тиймээс болчимгүй юм гарахгүй. Гэхдээ ингээд найдаад орхих нь гэнэн учраас намынхаа дүрэмд тийм хатуу заалт оруулсан.
-Ээлжит бус их хурал зарлаад л тэр дүрмийг өөрчилчихөж бас болно шүү дээ?
-Ээлжит бус их хурал зарлаж болох ч дөрвөн жилийн дотор уг асуудлыг хэлэлцэхгүй гээд заачихаж байгаа.
-Танай эвсэлд нэгдэх өөр нам бий юү?
-Нэгдэх байх. Бид МАНАН ба бусад гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ нь МАН, АН бүхэлдээ биш, тэр дотор байгаа цөөхөн эрх баригч, олигархийг хэлж байгаа юм. Амьдралын цоо шинэ төвшинд хүрэхийг хүсэж буй хэн бүхэн нэг талдаа гаръя, нам харгалзахгүй. Том бодлого, үндэсний эрх ашиг дээр нэгдэж, төрийн тогтолцоог хариуцлагатай болгоё гэж байгаа юм. Эвсэл байгуулчих юм бол намууд нэг л мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцоно. Ер нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгалийн баялгийн талаарх гэх мэт том бодлогоо нэгтгэнэ.
-МАНАН ба бусад гэж байгаа ч танай эвсэлд нэгдэхгүй ИЗНН, ЭЧХН гэх мэт нам бий. Та бүхний хувьд ирэх сонгуулиар гол өрсөлдөгч нь хэн байх вэ?
-МҮАН гэхээсээ илүү Үндэсний их эвсэл байгуулчихвал өрсөлдөгч нь зөвхөн МАНАН байна. АН, МАН-ын жирийн гишүүд бидний өрсөлдөгч биш. Намууд үзэл санааны гэхээсээ албан тушаал горилогчдын бүрдэл болчихоод байна. Ардчилал бол АН биш. Ард чилал бол олигархаас салж, болохгүй байгаа удирдагч, төрийг цэвэрлэхийг хэлнэ. Эдгээр намын жирийн гишүүдээс асуувал нийгэм болохгүй байгааг хэлнэ. Энэ өөрчлөлтийг хийх талтай нэгдэх ёстой. Бидэнтэй нэгдэж байгаа хүн олон, гэхдээ МАН, АН-ын жирийн гишүүд хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн хэсэг хүнийхээ, бас одоогийн системийн золиос болоод байгаа юм. Сайхан сэтгэл өвөрлөсөн удирдагч байж болох ч ойлгох, үгүйн зааг дээр явсаар гаднынхны барьцаанд орчихоод байна. Тэднийг чөлөөлөхгүйгээр Монгол төрд Монгол бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Монголчууд үзэл бодлын эрэлд гарчихаад, чин сэтгэлийн үзлээ олоогүй явна. Тэр нь манай намын гаргаж тавиад буй үндэсний үзэл баримтлал байх болно. Үзэл баримтлалгүй болчихсон ийм нөхцөлд эрх мэдэл албан тушаалд ойрхон 5-10 мянган хүн л одоогийн үзэл бодол дээр үлдэнэ. Үүнийг ард түмэн хэзээ ойлгоно, тэр үед хувьсгал болно.
-Ард түмэн үүнийг ойлгох цагийг хүлээгээд суух уу. Ойлгуулахын тулд та нар юу хийж байна?
-Бид их зүйл хийж байгаа. 1992 оноос хойш МАН, АН ээлжлээд эрх барьсан. Тэдэнд иргэд хоёр хоёр удаа итгэлээ, хулхидууллаа. Нийгэм тэнэг биш, тиймээс дүгнэлтээ хийж байхад нь 2008 оны сонгуулиар энэ хоёр нам нэгдээд, цагаандаа гарсан. Таван хүний амь үрэгдэхэд АН УИХ-д орохгүй, буруутныг олно гээд байснаа хэдхэн хоногийн дараа нэгдсэн шүү дээ.
-Сонгуулийн хууль нь ойлгомжгүй, дээрээс нь МАН-ынхны зүгээс сонгуулийн дараа “Долоо дугаар сарын 1” болно, гарах үймээнийг нь яаж дарах вэ гэсэн “аян” өрнөөд байна. УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч нь энэ намын нарийн бичгийн дарга байсан хүн. Та нар энд ярилаа ч эрх баригчдын гарт хууль тогтоох эрх байгаа үед хүчгүйдэх юм биш үү?
-Сонгуулийн дараа мөрг өлдөөн үүсгэхгүйн тулд бид одоо бужигнах ёстой. УБЕГын хуучин дарга яагаад ажлаа өгсөн юм бэ. Тэр хүн өөрийн болоод ойр орчмын хүмүүсийн бүртгэлийг “янзалчихсан”. Нас барсан хүнээр хаана, хэнд яаж санал өгүүлэх вэ гэх мэтээ хийчихээд гарсан гээд л гадуур яриад байна. Энэ бүхнийг шалгуулна. Бүх ард түмний хуралдай хийхийн өмнө Шударга сонгуулийн төлөө түр хороо гэж байгуулсан. Уг Хорооныхон энэ асуудлыг хариуцаж ажиллана. Үнэхээр тийм зүйл байгаа бол төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон гэмт хэрэг болно.
С.ТУУЛ