Монголд нэг хэсэг борооны дараах мөөг шиг олноор төрсөн иргэний хөдөлгөөн нэртэй гудамжны тэмцэгчид ард түмний нэрийг барьж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байлаа. Ард түмэн шаардаж байна, ард түмэн хүсэж байна гэсэн уриа лоозон, жагсаал тэмцлээр хэсэг бүлгийнхний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг тулгадаг байв. Гэтэл яг үнэндээ тэдний шаардлага ард түмний хүсэл сонирхлын илэрхийлэл болж чаддаг бил үү? Арван хүн цугласан ч ард түмний нэрийг барина. 100 хүн оролцсон ч ард түмний өмнөөс шаардлага тулгана. Ер нь тэгээд ард түмэн гэж хэн юм бэ? Хүн амын тодорхой хувийг хэлээд байна уу, эсвэл нэг хүн байсан ч ард түмнийг төлөөлж чадах уу?! Монголын төр ард түмний төлөөллөөс бүрддэг. Ард түмнээ тойрог болгон хувааж төрийн түшээдийг сонгодог. Тэгвэл ард түмний нэрийн өмнөөс дуугарч буй тэр субъектийн ар талд хамгийн багаар тооцоход нэг тойргийн хэмжээний дэмжигч, оролцогч байх ёстой мэт. Гэтэл өнөөдөр Монголд таван хүн, сайн дурын нэг байгууллага л ард түмнийг төлөөлж, нийгмийн санаа бодлыг илэрхийлдэг болсон нь зөв үү.
Сар гаруйн дараа УИХ-ын сонгуулийн албан ёсны үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд янз бүрийн судалгааны төвүүд улс төрийн намуудыг чансаагаар нь жагсааж, хамгийн өндөр рейтингтэй улстөрчдийг “шалгаруулж” эхэлнэ. Хэдхэн хоногийн өмнө “Максима” судалгааны төв “Ирэх сонгуульд аль нам, эвсэл ялах магадлалтай байна вэ?” гэсэн санал асуулга явуулжээ. Удахгүй эхлэх УИХ-ын сонгуулийн өмнөх МАХН-ын тандалт судалгаа бололтой юм. Гэтэл олон нийтэд биш МАХН-д л хэрэгтэй байж мэдэх үнэмшилгүй судалгаа “зохиогоод”, түүнийгээ хэвлэл мэдээллээр цацах нь хэнд хэрэгтэй юм бэ? Судалгаа хийсэн “Максима”-г буруутгах гэсэнгүй. Харин энэ судалгааг хийлгэсэн захиалагч нь ийнхүү улайм цайм авирлаж байгааг зөвтгөх шалтгаан бий гэж үү. “Шадав нь авна уу, Готов нь авна уу” гэдэг шиг “МАХН нь ялах магадлалтай байна уу, Ардын нам нь ялна уу, Ардчилсан нам нь МАХН-ын дараа нь орно уу, өмнө нь тэргүүлнэ үү” жирийн бидэнд ер нь ямар хамаа байна аа. Сонгууль болохоор хэнд саналаа өгөхөө бид өөрсдөө л мэднэ шүү дээ. Гэтэл иймэрхүү санал асуулга, судалгаа нэртэй сурталчилгааг олон нийтэд цацаж байгаа нь ард түмний тархийг угаах, саналыг нь татах оролдлого биш гэж үү. УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар үүнийг уг нь хориглосон.
Энэ хуулийн 35.18.14-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах”-ыг хориглоно гэж заасан байх юм. Өнөөдөр Монголд судалгаа хийдэг, санал асуулга явуулдаг 60 гаруй төрийн бус байгууллага, компани байдаг юм байна. Тэдний олонх нь сонгуулийн дүйвээнээр нойрноосоо сэрдэг. Олонд танигдсан, нэр хүнд бүхий байнгын үйл ажиллагаатай судалгааны төвүүд бий л дээ. Тэд судалгааны арга технологи, судлаачдын хувьд мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргадаг. Гэхдээ л ийм байгууллагууд хүртэл хэн нэгний захиалгаар судалгаа, санал асуулга явуулдаг жишиг тогтсон. Улмаар судалгааны дүн хэний эрх ашигт нийцэж буйгаас шалтгаалаад энэ ашиг сонирхлоо нийгэмд тулгахыг оролддог нь ард түмний тархи руу хийдэг дайралт болж буй нь нууц биш юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг дөрөв дэх засаглал гэдэг. Харин судалгааны байгууллагуудыг тав дахь засаглал хэмээх нь бий.
Тэд нийгмийн санаа бодлыг тандаж, ард түмний хүсэл эрмэлзэл, дуу хоолойг эрх баригчдад хүргэх үүрэгтэй. Гэтэл зарим нэгийг нь улстөрчид өмчилж өөрсдийн хөгжмийг захиалдаг болсон нь судалгааны үнэ цэнийг унагаж байна. Ард түмний нэр барьсан иргэний хөдөлгөөн, гудамжны жагсагчид нэг хэсэг борооны дараах мөөг шиг олширсон. Харин одоо судалгааны төв нэртэй сайн дурын байгууллагууд тэдний халааг авч эхэллээ. Тэд олон нийтийн санаа бодлыг үнэн, шударга, зөв аргачлалаар аль болох олон хүнийг оролцуулан тандах үүрэгтэй. Гэтэл хэдхэн хүнээс авсан санал асуулга, судалгаа нь мөн л ард түмний хүсэл сонирхол, санаа бодол мэт цацагдана. Харин үүнд нь итгэж болох уу? Ард түмний, олон нийтийн санаа бодлыг илэрхийлж чадах уу? Ромын хаан Ю.Цезарь “Төр бол ард түмэн” гэж хэлсэн. Харин ард түмэн гэж хэн бэ? Хэдэн хүний санаа бодол, нэгдэл ард түмний төлөөлөл болж чадах вэ?!
Д.ОЮУН-ЭРДЭНЭ