Сонгуулийн хуулийг тойрсон гомдол, шүүмжлэл үргэлжилсээр байна. Зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай хамгийн олон гомдлыг Цэцэд хүргэсэн “рекорд”-ыг ч уг хууль тогтоов. Энэ хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн найман ч өргөдлийг Цэц хүлээн авсан. Гэвч эдгээрээс Цэц нэг л заалтыг онцолж, маргаан үүсгэхээр шийдсэн байна. Өнөөдөр болох дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн хуулийн 4.9-д 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан заалтыг авч үзэх юм.
Мөн Сонгуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх гэж байна. Унасан бөх туг тойрдоггүйчлэн “Чамайг сонгохгүй” гээд байхад хүчээр УИХ-ын гишүүн болчих нь мэдээж шударга бус. Асуудал үүсгээд буй уг заалтыг УИХ дахь АН-ын бүлэг анх санаачилсан юм. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэж АН, МАН-ынхан хоёр жил хэрэлдэж, хэлэлцсэн. Холимог тогтолцоон дээр тохиролцсон атлаа харьцаан дээр удаан “муудалцсан”.
МАН-аас санал болгосон 48:28 хувилбарыг дэмжинэ гэвэл шилжих гэх мэт хэд хэдэн хувилбарыг нь хүлээж авах болзлыг АН тавьсан юм. Ингээд тэд тохиролцсон. “Тойргоор өрсөлдөөд уналаа ч гэсэн намын нэрээр гараад ирж болно доо” хэмээн “арын хаалгатай” гишүүдийн инээд хүрч суусан байх. Гэвч хууль баталсан даруйд л асуудал босож, гуравдагч хүчний намуудын зүгээс Сонгуулийн хуулийг шүүмжилсэн. Одоо Цэц хэлэлцэх гэж буй учир инээд нь хүрч байсан эрхмүүдийн дуу нь цаашаа орчихсон суугаа биз. Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулийн дээрх заалтыг хууль зөрчсөн гэж үзэх магадлалтай. Ингэвэл МАН-ынхан Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар гар өргөнө. Учир нь анхнаасаа тэдний санал байгаагүй, сонгуулийн тогтолцооны харьцаагаар “барьцаалдан” байж оруулсан заалт нь учир АН-ынханд л асуудал үүснэ.
УИХ-д суудалгүй намууд Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг Цэц хэрхэн үзэхийг анхааралтай ажиглаж байна. Ямар тактиктайгаар сонгуульд оролцох арга нь Цэцийн шийдвэрээс хамаарах учраас тэр. Хэрэв Цэц шилжих заалтыг цуцалбал тойргоор өрсөлдөх, намын нэрээр сонгогдох хүмүүсийн жагсаалтад өөрчлөлт орох нь мэдээж. Бас зарим гуравдагч хүчний намынхан Сонгуулийн хууль хуучнаараа ч болж мэднэ хэмээн харж сууна. Цэц маргаан үүсгэсэн заалт дээр л хориг тавих эрхтэй. Тиймээс хууль бүхэлдээ хүчингүй болно гэж үгүй. Өөрсдөдөө зориулж дээрх заалтыг оруулсан эрхмүүд уйлах уу, инээх үү. Өнөөдөр тодорхой болно.
С.ТУУЛ