УИХ-ын сонгууль гурван сарын дараа болно. Тэр өдөр ард түмэн өөрийг нь төлөөлж төр барих хүмүүсээ сонгох учиртай. Аль нам, хэн гэдэг улстөрчийг сонгох вэ гэдэг асуулт сонгогчдын тархийг гашилгах нь зүйн хэрэг. Энэ сонголтоос та бидний амьдрал өөдлөх, уруудах нь үлэмж хамаарах учраас тэр. Эргэн харвал улс төрийн хэдхэн намыг ээлжлэн сонгох төдийд л “өөрчлөлт” эргэлдсээр иржээ. 1992 оны анхны ардчилсан, чөлөөт сонгуулиар МАХН, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл олонх болсон. Аль алийг нь туйлшруулж дэмжээд, олонх болгож үзлээ. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвсэл удалгүй задарчихсан. Ард түмний итгэл ч алдрав.
2000 онд “Арай олон жил төр барьсан юм” гээд дахин МАХН-д итгэж үзлээ. Бүр 72 суудлыг энэ нам авсан. Бас л амьдрал дээшилж, ахиж гавьсангүй. 2004, 2008 онд АН, МАХН-ын (одоогийн МАН) хэн хэнд нь тэнцүүхэн итгэл үзүүлжээ, сонгогчид. Иймэрхүү байдлаар АН, МАН гэсэн улс төрийн хоёр хүчний өмнө сонголт ээлжилсэн байх юм. Харин намын биш хүйсийн өөрчлөлт хийх тухай бодож үзсэн сонгогч байгаа болов уу. 2004-2008 оны УИХ-д тав, одоогийн Парламентад гурван эмэгтэй сонгосноос хариуг нь хялбархан олж болно.
АИХ-ын үед л 24 эмэгтэй сонгосон “рекорд” байдаг. Үүнээс хойш эмэгтэй улстөрчдийн шийдвэр гаргах түвш ний оролцоо байнга буурсаар одоо гуравхан болоод буй. Хүн амын нэг хувийг эзэлдэг казахуудын төлөөлөл энэ УИХ-д гурав бий. Гэтэл хүн амын 51 хувийг эзэлдэг бүсгүйчүүддээ парламентын оролцооны дөрөв хүрэхгүй хувийн итгэл үзүүл жээ. Гэхдээ үүнийгээ юман чи нээнд тоосонгүй, анзаарсангүй. Бүсг үйчүүд эрх мэдлийн цөөнх болчихжээ. Арга, билгийн ухаан хосолж амьдрал бүтдэгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энгийн энэ үнэнийг улс төрийн сонголт хийхдээ мартчихдаг нь сонин. Авлига, хээл хахуульгүй, төрийн байгууллага нь хүнд сурталгүй, шүүхийн тогтолцоо нь шударга нийгмийг бид хүсдэг. Ийм нийгмийг байгуулах зөв хууль боловсруулан баталж чадах байх гээд л хоёр намыг ээлжлэн сонгодог, эрэгтэй улстөрчдийг дэмжиж азаа үзээд байгаа. Тэгээд бидний сонголтын эцэст хүссэн нийгэм минь бий болж уу. Үгүй. Тэгвэл одоо хандлагаа нэг өөрчлөөд үзвэл яасан юм бэ.
Эрэгтэй улстөрч давамгайлсан УИХ хатуу, ширүүн, эрүүгийн голдуу хууль баталдгийг судалгаагаар тогтоожээ. Нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол тийш хандсан хууль тогтоомж мэдээж гарч байна аа. Гэхдээ нэг л байгаа олохгүй, богино настай байна. УИХ-аас баталсан хууль бүрээр шахам Үндсэн хуулийн Цэц дээр өргөдөл ирүүлдгийн нэг шалтгааныг бүсгүйчүүдийн оролцоо дутуугаас хайж бас болмоор. Бүсгүйчүүд эх хүн. Эх хүний тэр мэдрэмжийг эрчүүд хэзээ ч ойлгохгүй. Тийм учраас аливаа асуудалд эх хүний үүднээс хандах ухаан дутна. Хэн хэнийхээ сул талыг нөхөж байж тэндээс бүтэн, зөв шийдвэр гардаг аж. Мөн бүсгүйчүүд авлигад өртөх нь бага, эрчүүдээс илүү туйлбартай, шударга ажилладаг гэх мэт давуу тал олон байна.
Айл гэрийн эхнэр, нөхөр хоёр хамтран асуудлаа шийдэж байж илүү зөв болдгийн л адил. Хүйсийн харьцаа тэнцүү байгууллагаас гаргасан шийдвэр оновчтой байдгийг судалгаагаар нэгэнт тогтоочихсон. Хэвшмэл, буруу сэтгэлгээнээс салж, амьдралд хэрэгжүүлээд, туршаад, үр дүнг нь мэдрээд ирсэн арга, билгийн ухааны үүднээс улс төрийн сонголтоо хийгээд үзвэл яасан юм бэ. Эр хүйстэй улс төрд эм хүний ухааныг ашиглаад үзье. Шинэ, өөр сонголт хийх цаг ирсэн биш үү.
С.ТУУЛ