Дөрвөн жилд нэг удаа болдог Улсын Их Хурлын сонгууль хаяанд ирэв. Сонгуулийн сургаар суунаглаж эхэлдэг бусдыг гутаан доромжлох, өөтүүлэн гайтуулах, намнан хорлох далд дайны хиншүү хярвас үнэртээд эхэлж. Ерөөс иймэрхүү “хорлон сүйтгэх ажиллагаа” зөвхөн сонгуулийн өмнө ч биш, он цаг, сар улирлаас үл хамааран хэдийд бол хэдийд, хэнийг ч хамаагүй онилон үргэлжилдэг болсон нь Монголын шинэ улс төрийн нэгэн хэв шинж болоод байгаа. Түүнд нь зүг чигээ аль хэдийнэ алдаад төөрч самуурсан угшил нь маапаантай хэвлэл мэдээлэл, учраа мэдэхгүй сэтг үүл чид жинтэй хувь нэмэр оруулсаар байгаа. Болохгүй бүтэхгүй байгааг илчлэн шүүмжлэх нь хэвлэл мэдээллийнхний үүрэг. Гэхдээ энэ бол гайтуулахын тулд гайтуулах, болох болохгүй бүхнийг ухаж төнхөх, бусдын идүүрээс хооллож, дуунаас цаашгүй цахиур бууных нь тугалган сум болж хэн рүү ч хамаагүй турги гэсэн үг биш билээ.
Монголын нийгэм харанхуй бүдүүлэг байна, Монголын засаг төр ялзран өмхийрөв, монгол хүний мөс чанар алдагдан алслав гэх мэтээр муу муухай бүхнээр амьсгалж, сүүдэртэй бараан болгоноор сүүтэгнэн гүйх нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэцүү хатуу цаг үе, засаж сайжруулмаар, ан заарч анхаармаар дутагдал доголдол бидэнд их бий. Гэхдээ арай ч бүх зүйл болж бүтэхээ байж, монгол түмэн заяа буянаа гүвж, уутных нь ам уруугаа харчихаагүй байлтай. Нийгмийн оюун санааны өнгө будгийг илэрхийлэгч хэвлэл мэдээлэл энэ амьдралыг цорын ганцхан өнгөөр, тэгэхдээ тас хараар зураад байвал эцэстээ юу болохыг тааж ядах юмгүй. Болж бүтэхгүй нь байгаа ч болгож бүтээж, бусдын хайр хүндлэлийг хүлээж, итгэл найдвар нь болж, сайн үйлээр орч ноо гэрэлтүүлж яваа хүмүүс, байгууллага зөндөө бий шүү дээ.
Бид яагаад тэрнийг анзаарахыг хүсэхгүй байна вэ. Мэдээж хэрэг, Монголд “Арай ч дээ” гэмээр юм бас зөндөө л байна. Бидний өөрийн оршин тогтнож, амьдран суугаа чөлөөт хэвлэл мэдээл лийн гал тогооноос эх лээд. Бурууд бусдыг уруу татаж, хазгай хэлтгий хэв ёс тогтоон, өнөөдрийн уушгинаас маргаашийн өөхийг арилжиж, хөрөнгө мөнгөний тулд, өөрийн эрх ашгийн төлөө нүд улаан яваа, түмнийг түйвээн, нийгмийг бусармаглагчид ч бас байсаар л байна. Тэдний дэргэд зөв мөртэй, чигч эрмэлзэлтэй, буруу санаагүй, зөрүү бодолгүй, олон түмэндээ бүтэн нэртэй явагчид ч цөөнгүй бий. Сайн, муугийн тийм жишээ, баримт хаанаас ч олдоно. Улс төрөөс ч ялгаагүй.
Сүүлийн үед сав л хийвэл залуусаа хараадаг, тэднийг хорсол шингэсэн нүдээр шагайдаг, оргилуун дэврүүн хүсэл мөрөөдлийг нь унтраах, зорилго тэмүүллийг нь мохоох гэсэн зохиомжит үйл ажиллагаа өрнүүлэх болж. Тийм нэг шүлстэй сум саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг чиглэв бололтой. Эрхийн тэнэг, биеэ тоогч, орд газруудыг сөнөөгч, эрдэс баялгийн эрлэг… өөр юу юу ч гэв дээ. Монголын байгалийн баялаг эдийн засгийн эргэлтэд орж, дэлхийн хэмжээний томоохон уурхайнууд дээр дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжүүлж эхэлсэн, монголчууд эх орныхоо баялгийн эзэн нь байх үүд хаалга нээгдсэн нь энэ цаг үеийн онцлог, бас бидэнд тохиосон томоохон аз билээ. Тийм мега гэж хэлж болохоор том төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүндийг, тэр асар их ачааг үүрэх яамыг залуухан, эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй, шинэ цагийн боловсролтой залуу сайд Д.Зоригт толгойлох хувь ногдсон нь оносон ч байж мэднэ. Хэрвээ олон жил төрийн хүнд хүчир ажилд нухлагдаж, нуруугаа авчихсан хэн нэгэн энэ яамыг удирдсан бол алдахаасаа, муу хэлүүлэхээсээ айгаад төсөл хөтөлбөр байрнаасаа нэг их ахиагүй ч байж мэднэ.
Өнөөдөр Монгол дэлхийд хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай улс боллоо, нэг хүнд ногдох ДНБ огцом нэмэгдэж байна хэмээн бидний хөөрцөглөөд байгаагийн эх үндэс уул уурхайтай, эрдэс баялагтай, шулуухан хэлбэл Д.Зоригт сайдын хариуцсан яамтай л холбоотой. Хамгийн товчхон хэлбэл тэдний яам гол баялгийг бүтээж, бусад нь хэрэглэж байгаа. Бидний нэлээд хэсгийн хоногийн хоол, гол орлого нь болж байгаа 21.000 төгрөг, оюутнуудын сар бүр хүртэж буй 70.000, саяхан нэмэгдсэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, удахгүй ахмадуудад очих 1.0 сая төгрөгийг хаанаас олсон гэж бодож байна. Зоригтын тэргүүлдэг яам, Зоригтын зүтгэсэн Оюутолгой, Тавантолгой төсөл, уул уурхайн салбараас шүү дээ. Анхдугаар Үндсэн хууль баталсан 400 шахам депутатад өгөх хоёр өрөө байрны мөнгийг, төрийн албан хаагчдад очсон 4000 орон сууцны хөнгөлөлттэй зээлийн мөнгийг Зоригтыг дөрвөн жил загнаж, гүтгэж, хоёр удаа огцруулахаар сүрдүүлж байж л олсон гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй дээ. Энэ жижигхэн, туранхай залуу өөртөө ахадсан гэмээр ачаа үүрч, чин сэтгэлээсээ зүтгэснийх нь төлөө яагаад бид “тэнэг”, “эрлэг”-ээр нь дуудах ёстой гэж? Залуу хүнд байдаг итгэл, ялимгүй өөртөө эрдсэн зан, мэдэхгүй хэрнээ мэдэмхийрэгчид, урьдын гавьяагаар ул баригчдын өмнө зүсээ хувиргаж чаддаггүй үнэн төрх нь яахаараа заавал бус дын эгдүүцлийг төрүүлэх ёстой гэж. Залуу насыг бүгдээрээ л туулсан шүү дээ. Алдаа, оноотой залуу насны ялимгүй болгоныг яллаад байвал бидэнд ирээдүй үгүй биш үү? Энэ үгийг зөвхөн Зоригтод хаяглаж, түүнд тал засах гэсэн юм биш ээ. Тийм шаардлага ч үгүй. Хэцүү хэрнээ сонирхолтой, бас шаналгаатай юм шиг ч сонирхолтой энэ түүхэн цаг үеийн бүтээгдэхүүн нь, маргаашийг нь авч явах итгэл тээж буй сайхан хүмүүс Монголын улс төрд ганц Зоригт биш, хэд хэдээрээ л байж байна.
Өөрчлөлт шинэчлэлтийн их давалгаанд татагдан орж, түүнтэйгээ хамт өсөж өндийж, хатуу ширүүнийг туулан хатуужиж, барагтай л бол хий зай гаргаад байхааргүй болсон Ч.Сайханбилэг, Н.Энхболд, Л.Гансүх, Г.Занданшатар, С.Баярцогт, У.Хүрэлсүх нар хүссэн ч хүсээгүй ч Монголын улс төрийн ирээдүй нь. Яагаад гэвэл хүмүүс тэдэнд итгэдэг юм, маргаашийг зорьсон замд бидэнтэй хамт байна гэж найддаг юм. Х.Тэмүүжин, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Ж.Сүхбаатар гээд цоо шинэ залуус их улс төрийн босгоор алхаж орж ирээд удаагүй ч монгол түмнийхээ итгэлийг дааж чадах улстөрч болохоо харуулж чадав.
Өнгөрсөн 20 жилийн алдаа оноог тэд толинд харж байгаа мэт, алган дээрээ тавьсан мэт мэдэрч байгаа учраас алдах эрхгүй. Алдаж болохгүйн учрыг хэнээс ч илүү мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ирж яваа цаг тэднийх. Тиймээс бид тэднийгээ хүндлэх ёстой билээ. Сүхбаатарын Батболд хамгийн эгзэгтэй цаг үед Засгийн жолоог атгаж суугаа. Хэдийгээр Засгийн газрын тэргүүний ажил хүсээд байхаар алба биш, ямар ч аавын хүүгийн чөмгийг дундалдаг ачаа мөн нь үнэн ч Батболд үнэхээр тамын гэмээр их ажилтай байгааг бид харсаар мэдсээр хэрнээ муулахаа л урдаа барь саар байгаа. Хөгжлийн гараан дээр ирсэн нь хэнд ч тодорхой, алдвал алд дэлэм алдаж, оновол бас овоохон богц, ганзагалаатай болж мэдэх эгзэгтэй цаг түүнийх. Төрийн хийгээд хувийн хэвшилд ажилласан туршлага, мэдлэг боловсрол, мэдрэмж, санаачилга, хувь хүний байр суурь, зан чанар гээд чухамдаа аль ч талаасаа Засгийн тэргүүн байх хамгийн боломжийн хүн бол тэр. Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, орд газруудыг эзэмших төсөл, Кэмбрижийн болон евро стандарт, орон сууц, төмөр зам, аж үйлдвэрийн хөтөл бөр гээд хөгжлийн босгон дээрх Монголын шинэ замын эхэн рүү алхсан томоохон алхмын эхлэл хүс сэн ч хүсээгүй ч түүний нэр тэй холбоотой үлдэнэ. Зөв нь, гарцаагүй нь хэнд ч тодорхой энэ нүсэр ажлуудыг халшралгүй эхлүүлснийх нь төлөө талархах өдөр ирэх биз ээ.
“MCS” хэмээх компанийг боорлох нь арай дэндлээ. Тэд бор зүрхээрээ Монголын хамгийн том, үндэсний хэмжээний томоохон хувийн аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгосон. Энэ компани уг нь монгол хүн бүхний бахархал байх ёстойсон. Монголчууд юу хийж чаддагийг, монгол хүн ямар чадамжтайг харуулж, дэлхийн хэмжээний том компаниудтай эрх тэгш харилцаж, эн тэгш ажиллаж, монгол түмэндээ дэлхийн хэмжээний үйлчилгээ, үйлдвэрлэлийн шимийг хүртээж байгаа биш гэж үү. Тэд ямар ч ажлыг хийсэн шиг хийдэг нь бидний нүдэн дээр ил байдаг. Богд уулын аман дахь цанын баазыг тэднээс өөр хэн тэгж хийж чадах байсан юм бол? Яагаад хэн ч хийгээгүй юм. Ухаахудагт бусдад жишиг болох уурхайг тэд л байгуулж байна. Бусад нь яагаад чадахгүй байгаа юм. “Mogul” компьютерийг тэд бий болгож, “Coca Cola”-г тэд л Монголд авчирсан. Хотын гудамжны жижигхэн хэсгийг тохижуулахдаа ч тэд сэтгэлээсээ хийдэг. Түүнийх нь төлөө барьж идэхээс наагуур хэмлэн ноцохын хэрэг юун.
Зөвийг зөв гэж харж, миний чадаагүйг тэд хийсэнд баяр хүргэж, бусдын амжилтад баярлаж сурахгүй бол болохгүй нь. Жижиг буурай Монгол том гайхам Монгол болно. Тэр цаг хурдан ирээсэй гэж хэрвээ хүсэж байгаа бол Тамын тогооноос хооллож ундлахаа болъё. Бусдыг гутаах гэж биш, бусдын сайханд гэгээ нэмж урагшилъя. Монголоо монголчууд бид л хайрлахгүй бол, хэн нэгнийхээ цацраасан гэрэл гэгээнд баярлаж, тэтгэн урамшуулахгүй бол хэн биднийг гэх юм бэ. Яагаад заавал “Тамын тогоо” гэдэг нэг хачин юм ярьж, өөртөө хамааруулж амьдрах ёстой гэж. Монголын төлөө сэтгэл бүхнийг өмөөрөх нь шинэ эриний шинэ монголчуудын аж төрөх хэв маяг байх ёстой. Хэрвээ далд дайндаа идэгдсээр байх ахул илт гарз нь Монголоо мөхөөх уршигтай билээ.