Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар анх удаа “Улстөржөөгүй яриа” буланд уригдаж байна. Тэрбээр Монгол Улсын гадаад харилцааны салбарт төрийн албыг 20 гаруй жил тууштай хашсан. Улс төрийн томилгоогоор шинэ салбарт ирээд удаагүй байгаа завгүй сайдтай “зангиагүй” ярилцлаа.
-Та БОАЖЯ-нд ирмэгцээ энэ яамны гадаад харилцаа хариуцсан хэлтсийн ажлыг унаган мэргэжлийнхээ дагуу сонирхсон байх. Ажил төрөл, ур чадвар нь хэр санагдав?
-Байгаль, экологи гэдэг ерөөсөө олон улсын харилцааны гол асуудал шүү дээ. Тиймээс яамныхаа гадаад харилцааг хэр явж байгааг хамгийн түрүүнд анзаарсан. БОАЖЯ-ны Гадаадтай харилцах хэлтэс яг ГХЯ шиг ажиллах боломжгүй. Би хувьдаа нэг их голохгүй байгаа. Гэхдээ сэтгэлд хүрэх болоогүй байна. Би өөрөө дипломат албанд олон жил ажилласан, тэгээд Монгол Улсын гадаад харилцааг хариуцан нарийн мэргэшсэн дипломатчидтай ажиллаж байсан болохоор тэр сурцаараа өндөр шаардлага тавьдаг байж ч магадгүй л юм. Шинэ сайд ирээд шинэ шаардлага тавина гэдэг буруу зүйл биш болов уу. Хэрэв тэр шаардлага нь ажил хэрэгч, шударга бол шүү дээ. Би БОАЖЯ-нд ажиллах хугацаандаа өөрийн мэддэг чаддагаасаа аль болох ахиухан үлдээгээд, шинэ хэмнэл бий болгоод явна гэж бодож байна.
-Та сайдын хувьд хамгийн сүүлд ямар шийдвэр гаргасан бэ?
-БОАЖЯ-ны журмуудаас аль нэгийг нь олон нийтэд мэдээлээгүй, цахим хуудаст нээлттэй тавиагүйгээс үүдэж хэн нэг иргэн зөрчил гаргавал гэм бурууг нь яам, хариуцсан албан хаагч хүлээнэ гэсэн тушаал гаргалаа. Хот, хөдөөд ялгаагүй үйлчилнэ.
-Дипломат алба гэдгийг яриа хэлэлцээ явуулах чадвар, бусдад өөрийнхөө ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрүүлэх урлаг гэж би ойлгодог. Та бол энэ “урлагийг” гарамгай эзэмшсэн хүн шүү дээ. Тэгээд хувийн харилцаандаа хэр их ашигладаг вэ?
-Дипломатчдад түгээмэл байдаг нэг чанар юу гэвэл, харилцагч талд байр сууриа түрүүлж олзлуулахгүйн тулд таашгүй, нууцлагдмал байх ёстой болдог. Хэлэлцээний ширээнд суухдаа хоёр улсын дипломатчийн хооронд юу салгах даалгавартай ирснээ аль болох нууцлах өрсөлдөөн явагддаг. Санаа бодлыг нь хөтлөхийн тулд янз бүрийн оролдлого хийдэг юм. Тиймээс дипломатчдад нэг тийм худал ёсорхуу ч юм шиг, хийсвэр, хөндий хүний дүр суучихдаг байх. Олон жил дипломатчаар ажилласан хүнд энэ дүр нь зан чанар мэт төлөвшчих тал бий. Ангижрахад бас амаргүй, ажлын дадал юм болохоор. Гэхдээ хувийн харилцаанд хүн хүнээрээ л байдаг учраас ангижрах хэрэгтэй л дээ.
-Жишээ нь, Та гэр бүлийн харилцаандаа дипломат зан гаргаж байсан удаатай юу?
-(Инээв) Лав л би одоо болтол “Чи хэтэрхий дипломат зан гаргалаа” гэсэн шүүмжлэл сонсоогүй л явна. Гэртээ дипломат байвал баларна шүү дээ. Шалан дээр унтаж таарах биз. Эсвэл миний гэргий надтай эвлэрчихээд шүүмжилдэггүй юм болов уу, мэдэхгүй. Ер нь гэр бүл гэдэг чинь цаанаасаа ямар нэг удирдамж, хөтөлбөргүй, нэгдмэл эрх ашигтай харилцаа юм хойно доо
-Таныг их эрт, бүр аравдугаар ангидаа шахам гэрлэсэн гэж сонссон юм байна. Гэр бүлээ танилцуулахг үй юу?
-Бид хоёр бүр дунд сургуулийн найзууд. Аравдугаар ангиа төгсөөд хоёулаа Москвад дээд сургуульд очсон. Бидний хүүхэд ахуйн үерхэл оюутан болоод ч үргэлжилсэн. Түүнээс хойш хамт амьдарч, насан туршдаа “найзалж” явна. Манайх 20 насны зөрүүтэй хоёр хүүхэдтэй. Охин маань 22 настай, хүү одоо хоёр ой, есөн сартай.
-Танайх гэртээ хэр олон цэцэгтэй вэ, амьтан тэжээдэг үү?
-Гэргий маань цэцэгт дуртай, өөрөө тарьж ургуулдаг. Бага насны хүүхэдтэй болохоор харин амьтан тэжээдэгг үй. Би багадаа гэрт байлгаж болох бүх амьтныг тэжээж үзсэн шүү. Хүү маань том болоод нохойтой, загастай, яст мэлхийтэй, туулайтай болъё гэвэл би дуртайяа дэмжинэ.
-Таныг жүдоч гэж сонссон юм байна. Барилдах зав гаргаж байгаа юу?
-Багадаа жүдогийн өсв өр үеийнхний тэмцээнд ор дог байлаа. Одоо долоо хо ног тоо 2-3 удаа бэлтгэл хийхийг боддог. Хамгийн сүүлд барилдаж байгаад гараа хугалчихсан юм. Хараахан эдгээгүй болохоор сүүлийн үед барилдсангүй. Гэхдээ тэсгэл алдаад л байна шүү, тавдугаар сараас бэлтгэлдээ эргээд орчихож болох байх аа.
-Танд дэлхийд алдартай найз нөхөд байдаг уу. Яагаад ингэж асууж байна гэхээр өнгөрсөн жил Монакогийн ханхүү Таныг хуримандаа урьсан шүү дээ?
-Ажлын шугамаар гадаадад зочлох, нэр төртэй хүмүүстэй уулзах завшаан олон тохиолддог л доо. Маш дотно найзалж нөхөрлөх тух нэг их гардаггүй ч гэсэн заримтай нь сайхан танилцаж, мэнд усаа эргэн мэдэлцэж байх харилцаа тогтоосон. Тухайлбал, эдийн засагч Жозеф Стиглец, Жефри Сакс, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, “Экономист” сэтгүүлийн ерөнхий редактор Даниель Франклин, Кэмбрижийн их сургуулийн олон улсын хуулийн профессор, сэр Лаутерпахт, 2011 онд баримтат киногоороо Оскарын шагнал хүртсэн Пакистаны продюсер Шармин Обэйд зэрэг сайн танилууд бий. Сахарыг туулж дэлхийд рекорд тогтоосон алдарт гүйгч Рэй Захаб одоо миний албан бус зөвлөхөөр ажиллаж байна.
-Хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн эрхэм хэн байв?
-Өмнөд Африкийн БНУ-ын Ерөн хийлөгч асан Нельсон Манде ла. Хурц ирэн дээгүүр тэмцэж амьдарсан, шоронд хоригдож олон жилийг эрх чөлөөгүй өнгөрүүлсэн атлаа ямар их амьдралын баяр баясгалантай, эрч хүчтэй хүн билээ. Тэр уулзалт богинохон байсан ч санаанд их тод үлдсэн.
-Таныг их хошин гэдэг юм билээ. Манай уншигчдад “болсон явдал” ярьж өгөхгүй юү?
-(Инээв) За байз, 2002 онд Канадад хийсэн айлчлалын үеэр болсон явдлыг ярья. 2002 он гэдэг чинь монголчууд барууны ертөнцтэй нэлээд танилцчихсан үе шүү дээ. Гэтэл манай нэг түшмэл хэлж байна аа. “Хөөх, энэ Канад чинь яасан мундаг өндөр хөгжилтэй газар вэ. Юун Зүүн Герман бэ, тээ Цогт оо?” гэж надаас асуудаг юм. Хэзээний Зүүн Герман билээ гэж өөдөөс нь асуумаар болж билээ.
-Та энэ амралтын өдрүү- дэд юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Хустайн нуруу явна. Тахь нутагшуулах төсөлтэй танилцах ажил байгаа юм.