“УИХ-ын сонгууль ер нь болох нь уу” гэх хүнтэй цөөнгүй таарах болов. Мэдээж сонгууль болдгоороо болно. Харин ямархуу үр дүн гарахыг одоогоор хэн ч таах аргагүй. Дээрээс нь орон нутгийн сонгууль УИХ-ынхтай хамт болох уу, үгүй юү гэд гийг мэдэх хүн ч алга. Энэ асууд лыг эцэслэн шийдэх учиртай УИХ, түүнийг бүрдүүлж буй хоёр гол намын Бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй сууна. Хүмүүс үнэхээр гайхаж байна. Эргэлзсэн асуулт хөвөрсөөр. Сонгуулийг зохион байгуулах учиртай СЕХ ч хүнд байдалд оров. Тэд бэлтгэлээ хэрхэн базаах учраа ч олохгүй байна.
УИХ дахь бүлгүүд улстөржиж, уймарч суусаар цаг алдахын ард аль ч хувилбараар нь байсан сонгуулийг зохион байгуулах бэлтгэлийн хугацаа хомсдоод буй юм. Үүнийг анзаарч буй хүн байдаг болов уу, ер нь. Сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 15-нд шинэчлэн баталснаас хойш хоёр сонгуулийг “хамт”, “тусдаа” хийнэ хэмээх маргаан эхэлсэн. Бүтэн дөрвөн сар энэ л асуудлаар маргаж байгаа ч шийдэлд хүрсэнгүй. Хоёр сонгуулийг хамт зохион байгуулах хугацаа ч үнэндээ боломжгүй болох нь. Хамт хийнэ гэвэл нийт 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж, 1852 төрлийн саналын хуудас хэвлэнэ гэсэн тооцоо бий. УИХ будилж будилж, нэг юм шийдвэр гаргалаа гэхэд сонгогчид энэ олон саналын хуудас дунд “живнэ”. Тэдэнд учрыг нь тайлбарлах хугацаа олдохгүй. Тиймээс АНынхан “УИХ дээр зөвшилцөх боломжгүй боллоо.
Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд оруулаад 2007 онд баталсан хуулийн дагуу хамт зохион байгуулах ёстой” гэсэн байр суурьтай байна. Харин МАН “Хамт хийх боломжгүй. Гэхдээ хоёр хуулийн хоорондох зөрчлийг арилгая” гээд байгаа. УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнгөрс өн баасан гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа ч “МАН энэ байр суурин дээрээ хатуу зогсоно” гэсэн. Чуулган дээр асуудлыг урагшлуулахаар нэгдсэнийг МАН-ынхан “Шууд санал хураагаад хагалаад явна” гэж, АН-ынхан “Маргаантай асуудлаа орхиод процессоо ярья” гэж ойлгожээ. Ажлын хэсгийн саналаар асуудлыг шийдье гэтэл ирц нь бүрдээгүй гээд өнөөх нь хуралдаагүй байдаг.
Дэмий баахан маргаж байгаад Байнгын хороо тарсан. Ийм байдлаар сонгуулийн хугацаа тулчихаад бөөн бантан үүсвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Гуравдагч хүчний зарим намын хардаад буйгаар “Эрх баригчдад сонгуулийн хууль эрх зүйн орчныг ойлгомжгүй байлгах, улмаар будлиан үүсгэж өөртөө ашигтайгаар эргүүлэх” сонирхол байгаа юм биш биз. МАН-ынхан долоодугаар сарын 1 шиг үймээн болвол яаж зогсоох тухай бодоод байдаг. АН нь гөжүүдлээд суучихсан. Тэд 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлчихсэн. Сонгуулийн үр дүнг олон нийт эсэргүү- цэж, үймээн гаргасан, онц байдал тогтоосны дараа таван хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн шархадсан. 275 залуу гийн 90 гаруй хувь нь хоригдох, баривчлах ял авсан.
Харин цагдаагийн удирдлагын асуудал босмогц байдал өөрөөр эргэж байна гэж тэд мэдэгдсэн. Энгийн иргэн, цагдаа ба дарга нар хэмээн ялгавартай хандаад буйн цаад ашиг сонирхлыг хөндөхийг эрмэлзсэн. Бас хуулийг ялгаварлан хэрэгжүүлдгийг сануулж, хариуцлага хэн хүлээхийг асуусан билээ. Ийм үймээний дараа АНынхан хамтарсан Засгийн газарт орсон. Тэгэхээр тэд ч хариуцлагыг хуваалцах ёстой мэт. Үүнд АН-ын дарга Н.Алтанхуяг “Бид “долоодугаар сарын 1”-ний үйл явдлыг мөлийлгөх гэж хамтарсан Засгийн газарт ороогүй гэдгээ тэр үед ч хэлж байсан” гэсэн тайлбар өгсөн. Нэг ёсондоо АН энэ явдалд хариуцлага хүлээхгүй гэдгээ шуудхан мэдэгдэв. Үүссэн нөхцөл байдлыг намжаах гэж тэд Засагт ороод одоо МАНаас ам асуугаад байна уу. Тэр үед олонх байсан МАН, эсвэл онц байдал тогтоосон Ерөнхийлөгч Н.Энхбаяр, жагсаалыг зохион байгуулсан О,Магнай, Ж.Батзандан нарын хэн нь хариуцлага хүлээх вэ. Эсвэл хамтарч байснаараа хариуцлагаа хуваах уу. Бүр МАН “эр зориг” гарган хариуцлагыг дангаар хүлээх ч юм уу, тодорхойгүй.
Сонгууль зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болно. Үүнээс өмнө хоёр хуулийн санал хураах өдрийн тов, цаг гэх мэт олон зөрчлийг арилгах ёстой. Өнөөдрийнх шиг ойлгомжгүй байдалтайгаар тэр өдрийг угтвал долоодугаар сарын 1-нийх шиг үймээн болохгүй гэхэд хэцүү. Ард түмэн өгсөн санал нь сонгуулийн үр дүнд тусаж буй эсэхийг хянаж л таарна. Түүхэнд хар толбо үлдээсэн тэр явдлыг давтахгүйн тулд УИХ асуудлаа яаралтай нэг тийш нь шийдэх ёстой. Тэгэхгүй бол эцэст нь хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт нэхэл хатуутай үлдэх болно.
С.ТУУЛ