Монгол Улс аз жаргалгүй хүмүүсийн эх орон болчихсон ч юм шиг. Асуувал, хорвоогийн хаана ч байдаг амьдралын аар саарыг нүдний өмнө кино шиг хөврүүлэн хүүрнэх нь ч таарна. Яагаад аз жаргалгүй болсон шалтгаан хүн бүрт бий. Харин монголчуудыг бухимдуулж байгаа хамгийн түгээмэл шалтгааныг Монголын өнөөгийн улс төрийн ээдрээт нөхцөл байдал, улстөрчид өдөөж байна. Монголчуудын аз жаргалыг гадаадын хөрөнгө оруулагчид ухаж аваад зугтчихсан юм биш. Бид өөрсдөө сайн дураараа сонгуульд санал өгөхдөө Монгол Улсын иргэнийхээ хувьд эдлэх ёстой эрхээ улстөрчдөд булаалгасны бухимдал бугшсан байна. Бид төр, засгийн жолоогоо хэнд өгсөн, тэр хүмүүс бидний аз жаргалгүй нийгмийн учгийг атгаж суугаа.
Дээдэх нь суудлаа олоогүй, доодох нь гүйдлээ олоогүйн тухай бүтэл муутай хар мэдээгээр тархиа цэнэглэхийг хүсдэг “гаж донтой” нийгмийг монголчууд уг нь хүсээгүй. Тэгсэн хэрнээ яг ийм л амьдралын эргүүлэгт бид живж орхижээ. Дэлбэрэх шахсан уурын зуух шиг сэтгэл зүй УИХ-ын сонгуулийн өмнөх манай нийгмийн дүр төрхийг тодорхойлж байна бус уу? Сонгуульд санал өгөх хугацаа дөхөх тусам өрсөлдөгч намуудын бие биенээ улс төрийн тавцнаас нэгмөсөн шахах оролдлогууд илэрхий самуурч эхлэв. Урьд нь нийгэм даяараа хүлээгээд байхад хав даран мэлздэг байсан улстөрчдийн авлигын хэргүүдийг уудалж, сонгогчдын сэтгэл зүйг эмх замбараагүй явдлуудаар түгшээх боллоо. Ерөөсөө сонгууль гэдэг чинь өмнөө “ард түмний” гэх маниусаа хөөргөсөн тодотголтой боловч хэрэг дээрээ цөөн хэдэн нам, тэдгээрээс дэвшигч нэр бүхий улстөрчдийн сонгогдох боломжийг хангаж өгдөг хөгийн эд болж байна.
Сонгуульд ялах цор ганц ашиг сонирхолтой улстөрчдийн наадам ард түмэнд хатуудаж байна шүү. Сонгогчдод эрх ашиг, хүсэл сонирхол, бодол санаа байдаггүй юм шиг улаан, цэнхэр, улбар шар хүчнүүд нийгмийг тал талаас нь бөмбөг шиг өшигчиж, зоргоороо дургиж байна. Хууль дүрэм, ёс зүйн торгон хилийг яг адилхан зөрчигчдийн хар, цагаанаар талцаж дайтах нь сүүлийн үед хэрээс хэтрэв. Далд ухамсартаа бол бие биенээ аль хэдийнэ хороочихсон яваа “алуурчин” төрхүүдээс чинь сонгогчид залхаж гүйцлээ. Энэ сонгуулийн онцлог бол яах аргагүй МАН-АНМАХН гэсэн гурван талын “байлдаан” болж байна. Тэдний гол зэвсэг нь авлига. Төрөөс төрсөн тэрбумтнууд биесээ дарамтлах, сүрдүүлэх арга хэрэгсэл нь өөрсдөө лаг шаварт нь хутгалдан шигдсэн, хэн нь юу идэж ууснаа андахгүй мэддэг болтлоо сүлбэлдэж хуйвалддаг хээл хахууль нь юм чинь. АТГ арай гэж ажил төрөлтэй болсонд талархах хэрэгтэй боловч урьд өмнө нь яагаад нийгмийнхээ захиалгыг тоодоггүй “мэдрэл муутай” байсан юм.
Сонгуулийн өмнө болж байгаа үйл явдлууд ихэвчлэн улс төрийн шоу байдагчлан Монголын улс төр, бизнесийг хэрсэн авлигын торыг үүндээ ашиглаад дэмий өнгөрүүлэх вий. Маргааш УИХ-ын 2012 оны сонгуулийг албан ёсоор зарлах хуулийн хугацаа дуусна. Дээдүүл үүнийгээ эрхбиш нэг юм зарлачихаж дөнгөх биз. Харин сонгууль товлох сүүлчийн өдөр болсон байхад сонгогчдын бүртгэл дутуу дулимаг, иргэний үнэмлэхний оронд дурын “өвгөн” компьютерээр үйлдвэрлэчих хуудсууд хэдэн арван мянгаараа тараагдах болов. Нөгөө гайхуулаад байсан ухаалаг үнэмлэх, бүртгэлийн төгөлдөршил, санал тоолох шударгуу машин энэ тэр лөөлөө болов. Сонгуультай холбоотой бүх зүйл гацчихлаа. Сонгуулийн хуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон гэдэг чинь ч амжилт биш. Хоёр сонгуулийг хамт явуулах хуулийн гарцаа бэлтгээгүй, цахим үнэмлэх, машин гээд бүгд гацаатай байхад бид өнгөрсөн дөрвөн жилд сонгуулийн ардчилалд алхам ч урагшилсангүй гэсэн дүгнэлт хийхээс өөр яах юм. Эргээд харахад энэ гацааг УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өөрсдөө хэргээр бий болгожээ.
Цаг хугацаанд шахаж, эсвэл ажил хаяж байж өнөөдрийг хүртэлх бүх боломжийг сонгогчдоос хулгайлсан байна. Иргэдийн гарт байх учиртай сонгогчийн эрхийг төрийн нэр барьсан улстөрчид саармагжуулахын тулд авлигын дуулиан, улстөржсөн хэрүүлээрээ сонгогчдын боловсрол, эрх чөлөө, бодол санааг төөрөгдүүлэх тактик хэрэглэж байна. Энэ нь эцсийн бүлэгт сонгогчдоос төрийн эрхийг хууль бусаар булаан авах арга заль л юм. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дүн иргэдэд доромжлол шиг санагдсан нь үнэн. Тэгэхэд сонгогчдын олонх одоогийн эрх баригчдын ялалтад хорссон гэхээсээ “нас барагсад” санал өгсөн, нэг ам бүлтэй айлын нэр дээр арван хүн санал өгсөн байсан ч гэх шиг элдэв явдлаар будлиан хутгасан бүртгэлийн мунхаг тогтолцоонд, иргэдээ дорд үзсэн басамжлалд нь хамгийн их дургүйцсэн шүү дээ. Эрх чөлөөт монголчуудыг гутааж буй муйхар тогтолцоог эвдсэн цэвэр сонгуулиас эрх баригчид харин үхтэлээ айж байна. Тэд шударга сонгууль явуулах ямар ч бэлтгэл хийсэнгүй. 2008 оны долоодугаар сарын 1-нээс хойш Монголд юу ч өөрчлөгдсөнгүй.
МАХН-ын шатсан байрны туурин дээр МАН-ын Тусгаар тогтнолын ордон сүндэрлэснийг эс тооцвол, хуучин хөрш АН шинэ байшингийнхаа суурийг цутгасныг үл анзаарвал манай улстөрчид юу ч хийсэнгүй. Монголын ардчиллын нүүр царай, улстөрчдийн үнэн төрхийг илчилсэн цуст 7/11-ээс хойш дөрвөн жил өнгөрөхөд сургамж нь мартагдаж гээгдэв үү? Ирэх сонгууль өмнөхөөс юугаараа боловсронгуй, илүү ардчилсан болохыг хэлэх гээд үг олдохгүй байна. Энэ л бидний алдаа. 2012 оны долоодугаар сарын айсуй түгшүүрийг улстөрчид “зохион байгуулж” байгаа нь энэ. 2012 оны долоодугаар сарын 1 гэхэд сонгуульд ялж, “айдгаа авдартаа хийхээ” л мөрөөдөж байгаагаас бус, тэр өдөр иргэд гэртээ баяр тэмдэглэх, гуниг үерлүүлэх нь МАН, АН хийгээд дээгүүр зиндааны улстөрчдөд юуны хамаа болжээ. Монголын гэр бүлүүд гал тогоондоо юу ярьж байна гээч? Улстөрчид хэрхэн “алалцаж” байгааг л ярьж байна. Тэд сонгуульд ялахын төлөө гудамжны нохдоос долоон дор уралцаж байхад энгийн иргэн бидэнд аж амьдрал, аз жаргал хэрэггүй юм уу? Хүмүүс төрийнхөө эрхийг дөрвөн жилд ганц удаа атгах гэж байна.
Эх орны хөгжлийн алдаж болохгүй алтан он жилүүдийг бид дэмий алдаж байгаадаа харамсаж байна. Энэ сонгуулиар маш хариуцлагатай Парламентыг бүрдүүлэх учиртай юм. Эдийн засгийн хөгжил 20 хувьд хүрч өсөхийг үзсэний дараа энэ тоогоор тогоогоо тослох хувь заяа монголчуудынх байх ёстой. Үр хүүхдийнхээ төлөө ухаанаа зарсан сонгууль хийхийг хүсэж байна. Нэр бүхий улстөрчид сонгуулийн өмнө ширэн нүүрээ цэвэрлэж аваад дахиад сонгогдож байж авлигын данснаас хасагдах тул ард түмнээ басамжлан “алалцаж” байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн дүн будлиангүй гарна гэж үзэх нэг ч гэсэн тайлбар өнөөдөртөө алга. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдалд хүргэсэн эхний шалтгаан арилаагүй, харин ч бүр илүү ноцтой боллоо.
Шударга сонгууль болоосой гэж хүссэн иргэдийн дөрвөн жилийн хүлээлт халуунаараа, итгэл найдвар нь хууль бусаас айсан түгшүүр дохиолон тулгамдаж байна. Сонгуулийн маргааш юу болдог бол, яах вэ, яана аа гэсэн болгоомжлол Монголын нийгмээр хэрэн хэсүүчилж, иргэд нь айдаст автан байгааг сонгуулийн хууль тойрон мэрэлцэж суугаа улстөрчид анзаарахгүй байна. “Сонгуулийн маргааш ажилдаа явахгүй, гэртээ өнжинө. Хүүхдүүдээ гэрээс гаргахгүй ээ” гэж үнэн сэтгэлээсээ ярьж байгаа хүмүүс цаана чинь өдөр ирэх бүр олширч байна. Ээ, бурхан минь. Сонгуулийн луйвраас чинь болж төр улсаа үгүй хийж, Төрийн ордноо галдчихгүй юмсан, улстөрчид өө.