Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой уулзаж ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авсан танд талархал илэрхийлье. Монголд хүний эрх зөрчигдөж буй тохиолдол бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байдаг вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Энэ асуултад хариулахын тулд жаахан дэлгэрэнгүй яримаар санагдаж байна. Монгол Улс шинэ ардчилсан дэглэмтэй болоод 22 жил, шинэ Үндсэн хуулиа батлаад 20 жил болсон. 1960 оны Үндсэн хуулийг 1992 оны Үндсэн хуультай харьцуулаад харахад дутах юмгүй. Харамсалтай нь социализмын үеийн тэр Үндсэн хуулийн заалт хэлбэрийн төдий, үзэл суртлын хэрэгсэл болж байсан. Эрх, эрх чөлөө гэхээсээ иргэний үүргийн биелэлт гэдгийг тухайн байгууллага, ажилладаг газар, амьдардаг хороон дээрээ байнга шалгуулдаг байсан. Харин хүний эрхийн асуудал Үндсэн хуульд жинхэнэ утгаараа тусаад тэр эрхийн хэрэгжилтийг жинхэнээр нь шаардаад ирэхээр хүмүүсийн дунд янз бүрийн зүйл яригдах болсон. Ерөөсөө эрх эрх гэсээр байгаад улс сүйрлээ. Үүрэг хариуцлага хаачив гэдэг юм яригдаж байсан. Арав орчим жил иймэрхүү сэтгэлгээ нийгмийн дунд үргэлжилсэн. Өнөөдөр эргээд харахад үүрэг гэж ярьж байгаа хүн бараг алга. Тэгэхээр нийгэмд сэтгэлгээний том өөрчлөлт гарчээ. Эрх, эрх чөлөө гэдэг хязгааргүй юм биш. Чиний эрх чөлөө миний эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Миний эрх чөлөө бусад хүний эрх чөлөөгөөр хязгаарлагдана, Нөгөө талаас эрх, эрх чөлөөтэй иргэн хүн өөрөө хөгжинө. Гэр бүл, айл хот, аймаг сум, улсаараа хөгжинө. Ингэхдээ хариуцлагатай байх асуудал гарч ирнэ. Хариуцлагатай байх чинь эрх, үүргийн нэгдэл дотор гарч ирж байгаа юм. Монгол Улс өнөөдөр хаа ч ардчилсан орон гэж нэрлэгдэж байгаа. Дэлхийн томоохон гүрнүүд олон нийт хүлээн зөвшөөрч, Азид Монголын ардчилал жинхэнэ утгаараа үлгэр дуурайл болж байна гэдэг. Тийм ч учраас Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийг тэргүүлж байна шүү дээ. Тэгвэл энэ ардчилсан оронд хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байдаг юм бэ. Хүний эрх, эрх чөлөөний асуудал зөвхөн нэг улсын асуудал биш болсон. Шударга бусаар хандсан, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, тэр ч битгий хэл хүний амьд явах эрх юм уу, халдашгүй байдлыг зөрчсөн тохиолдолд дэлхий нийтээрээ дуугарч байна шүү дээ. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний асуудал харьцангуй гайгүй гэж хэлэх бүрэн үндэстэй. Олон улсад тавьж байгаа илтгэл, тэр бүхэнд гарч байгаа шүүмжлэлүүдийг харахад харьцангуй гайгүй гэж бахархах сэтгэл надад төрдөг. Гэхдээ болоогүй, яагаа ч үгүй байна.
-Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг гутал хувцасгүй, хөл гарыг нь гозолзуулаад баривчлаад авч явсан. Энэ асуудлыг хүний эрх зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж хүмүүс дургүйцэн хүлээн авсан. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд ямар байр сууринаас хандсан бэ?
-Бид энэ асуудалд эрх нь зөрчигдсөн хүмүүст яаж ханддаг вэ, тийм л байдлаар хандсан. Сүүлийн үед “Энхбаяр болохоор л Хүний эрхийн үндэсний комисс онцгой анхаарал тавилаа. Бусад хүнд ингэж ханддаггүй” гэсэн үг төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас хүртэл гарлаа ш дээ. Зүгээр байгаарай л гэж хэлье. Бид хараат бусаар ажилладаг Хүний эрхийн комисс шүү. Дарга, цэрэг, ядарсан задарсан хэн ч байлаа эрх нь зөрчигдсөн гомдол гаргавал очиж шалгадаг, зөрчлийг арилгуулах шаардлага тавьдаг. Тийм л байдлаар Ерөнхийлөгч асан Энхбаярын гомдлын дагуу ажилласан. Ер нь урьдчилан хорих 0461 дүгээр анги руу Хүний эрхийн үндэсний комисс долоо хоногт дор хаяж нэг удаа, заримдаа өдөрт хоёр ч очих хэрэг гардаг. Өлсгөлөн зарлачихлаа, эрүү шүүлтэд өртчихлөө, намайг зодлоо, надад өмгөөлөгч өгөхгүй байна ч гэдэг юм уу, тийм мөрдөн байцаагч, тэр прокурор тэгж дарамталлаа гэсэн гомдол байнга ирдэг. Тэр болгонд очдог. Түүнээс биш ганцхан Энхбаяр дээр оччихоод бусдыг нь тоохгүй суудаг мэтээр хандана гэдэг бол үнэхээр харамсалтай.
-Хүний эрхийн үндэсний комисс жилд хэчнээн өргөдөл гомдол хүлээн авдаг вэ. Ямар өргөдөл түлхүү зонхилдог юм бол?
-Ер нь янз бүрийн гомдол ирдэг. Сүүлийн үед тоо нь ихсэж байна. Жилдээ 400-500 орчим, өдөрт дунджаар 1-2 гомдол ирдэг гэж үзэж болно. Ихэнх нь цагдан хоригдож байгаа, эсвэл хэрэг нь мөрдөн байцаалтад байгаа болон ял эдэлж байгаа хүмүүсээс ирсэн гомдол байдаг. Үүнээс гадна ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал, мөн ажлын байрны янз бүрийн дарамт шахалт, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар гомдол ирнэ.
-Монгол Улс олон улсын анхаарлаас гадуур байх аргагүй гэж та хэллээ. Манай оронд хүний эрх ноцтой зөрчсөн ямар нэгэн тохиолдол гарлаа гэхэд танайхаар дамжиж олон улсын байгууллагын сонорт хүрдэг үү, эсвэл хүмүүс өөрсдөө ханддаг уу?
-Манайх олон улсын байгууллагуудад шууд хандах үүрэг байхгүй. Монгол Улсын иргэн хэн боловч хүний эрхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байдаг учраас тэр шугамаараа асуудлаа тавьдаг. Нөгөө талаас НҮБ-ын тусгай элч гэдэг хүнийг томилоод шалгуулаад, үзүүлж танилцаад явдаг. Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн чиглэлээр маш сайн ажиллаж байгаа. Бид тодорхой мэдээллүүдийг холбогдох газруудад нь өгдөг. Хүний эрхийн зөрчил гарч, тэр нь нэлээн дуулиантай боллоо гэхэд тэр мэдээлэл яг тэр цаг мөчдөө дэлхийн өнцөг буланд хүрдэг болсон үе шүү дээ.
-Танайх жил бүр УИХ-д илтгэл өргөн барьдаг. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлд Комиссын шаардлага зөвлөмжийг тусгаж биелүүлэхийг сануулсан байдаг. Тэгвэл өнөөдөр тэр шаардлага зөвлөмжийн хэрэгжилт ямархуу түвшинд байна вэ?
-Хүмүүс манай илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн ажлын тайлан гэж ойлгоод байдаг. Огт тийм биш шүү. Би энгийн үгээр хэлье. Эмч хүн тайлан бичвэл бичнэ дээ. Тэдэн хүн үзлээ, тийм зөвлөгөө өглөө гээд. Тэгвэл эмч хүн өвчтөний талаар онош тавих бол шал өөр ойлголт биз дээ. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад хүний эрх ямар байна вэ гэдэг оношийг нь тавьж байгаа юм. Тэр эрхтэн нь өвчтэй байна, тэр нь эрүүл байна. Шинжилгээгээр тэгж гарлаа гэж хэлж байгаа хэрэг. Тэр оношийг тавихдаа зөвхөн өөрсдийн хийсэн шалгалт, судалгаа, гомдлын мөрөөр хийсэн ажиглалт дээрээ түшиглэж бичдэггүй. Монгол оронд хийгдсэн судалгаа, шалгалт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын явуулсан үйл ажиллагаа, манай шаардлагын дагуу авсан арга хэмжээ энэ бүгдийн үндсэн дээр илтгэлээ бичдэг.
-Хүний эрх гэж яривал бүхий л салбарт хамаатай сэдэв байх. Уул уурхайн салбарт хувиараа гар аргаар алт олборлож буй хүмүүсийн нийгмийн асуудал, тэдний үр хүүхдийн боловсрол, орчин гээд эрх нь ихээхэн зөрчигдөж буй тухай байнга ярьж бичих болсон?
-Өнөөдөр уул уурхайн асуудалд Монгол Улс л анхаарахгүй байгаа болохоос дэлхий нийт үнэхээр энэ зүг рүү хандаж байна шүү. Монгол Улсад уул уурхайн бизнесийн асуудал нь хүний эрхийн хувьд маш хүнд байдалд орсон. Өмнөговийн нүүрс зөөж байгаа болон олборлож байгаа орчныг харвал тэнд хүн битгий хэл байгальд нэлээн зохицож амьдрах чадвартай амьд организм хүртэл устахаар тоосжилттой байна. Өрх толгойлсон эмэгтэй гэж ярьдаг байсан. Тэгвэл өрх толгойлсон хүүхдийн асуудал тэнд яригддаг юм байна лээ. Аав, ээж хоёр нь уул уурхайн юм хөөгөөд явчихсан. Хэдэн хүүхэд л үлддэг. Дундговь, Өмнөговийн урьдчилан хорих байранд хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй уулзахад хоригдож байгаа хүмүүсийн 50-иас дээш хувь нь хүчингийн хэрэгтэй байсан. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгтэй. Манай комисс аймаг орон нутагт ажиллахдаа заавал хорих байгууллага, урьдчилан хорих байраар орж үздэг юм. Энэ бүхэн уул уурхайн асуудалтай холбоотой болов уу гэж боддог. Яг судалгаагаар гарч ирсэн асуудал биш л дээ, гэхдээ тэгж анзаарагдсан. Түүнээс гадна орон нутгийн иргэдтэй ярьж байхад манайхны нинжа гэж нэрлээд байгаа тэр хүмүүс, нутгийн иргэдэд хүртэл шал өөр сэтгэлгээ суусан байна. Энэ бол том хохирол. Жаахан хүүхэд хүртэл газар ухаж үзэх гэсэн тийм сэтгэлгээтэй болчихсон. Хариуцлагатай уул уурхай гэдэг талаас нь хандахгүй бол болохгүй гэдэг нь ажиглагдаж байна.
-Уул уурхай руу анхаарал тун бага хандуулж байна гэж та хэлэх гээд байна аа даа?
-Манай төрийн явуулж байгаа үйл ажиллагаа заримдаа бүр инээдтэй болчих юм. Чи бод доо. Цогтцэций сумаас Гашуунсухайт хүртэл 240 шахам км газарт хоёр талдаа 100 тоннын даацтай машины вагон үүсчихээд байна. Тэндээс гарч байгаа тоос ярих юм биш. Төмөр зам барих ёстой гээд дарга нар баахан хэрэлдээ биз дээ. Төмөр зам баривал үнэхээр ач холбогдолтой. Том, овор ихтэй ачааны машин хар замаар явах ёстой. Нэг бол нүүрсээ төмөр замаар, вагоноор зөөх ёстой. Сая Сайншандад ажиллалаа. Тэгсэн чинь Чойроос вагоноор нүүрс ачаад Замын-Үүд дээр буулгаад, Замын-Үүдээс машинд ачаад цаашаа зөөж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр Хятадын засгийн газартай ойлголцохгүй байгаа юм, зөвхөн машинаар л нүүрс авна гэсэн гэж байна. Төмөр зам тавьсан газраа ойлголцож чадахгүй байгаа юм чинь одоо төмөр зам тавих газраа ойлголцоно гэсэн баталгаа байгаа юм уу. Үүнийг хараад үнэхээр арай ч дээ гэж бодогдсон шүү. Гашуунсухайтын наад талд байх Цагаан хад гэдэг газарт сая БОАЖ-ын сайд очоод ирсэн. Тэр бол үнэхээр аймаар, бөөн хар тоосонцор байдаг. Тэгвэл Замын-Үүдэд бас тийм тоосонцор бий болох нь. Хятадууд нүүрсээ машинаар авахдаа бүхээгтэй машинд ачдаг. Гэтэл манайх хашаа барьчихаад тоос манаргаад ачиж байна.
-Уул уурхайн үйлдвэрлэлийн сөрөг тал нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж та бодож байна уу?
-Бүр ноцтой юм нь хэрэв яг одоогийн Тавантолгойн нүүрс зөөж байгаа шиг, тэр Замын- Үүдэд нүүрс зөөж байгаа шиг байдалтай байх юм бол Монголд урдаасаа эхлээд том нүүдэл бий болох юм байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүдлийн соёл иргэншил хэдхэн жилийн дотор алга болно гэсэн үг. Монголын түүх соёлыг тээж ирсэн бэлчээрийн мал аж ахуйн уламжлал устана. Би боддог юм. Хөдөө аж ахуйгаас олж байгаа орлого бага гэж ярьдаг боллоо. Уул уурхайгаас орох орлогын хувийн жин нэмэгдлээ гэдэг. Үнэн байх. Гэхдээ тойруу замаар бэлчээрийн мал аж ахуйн оруулж байгаа хувь нэмрийг бид бодох ёстой шүү дээ. Одоогоос 10-аад жилийн өмнө монгол хүн иодын дутагдалд орж байна, иоджуулсан давс гаргахгүй бол болохгүй гэж баахан ярьсан. Би үүнийг бизнес гэж ойлгосон. Эрүүл мэндийнхэн над руу дайрахыг үгүйсгэхгүй. Яагаад тэгж зоригтой хэлээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр монгол хүн ямар нэгэн витамин, уургийн дутагдалд ороогүй байна. Бид ууж идэж байгаа хүнсний зүйлээрээ бусад орнуудтай харьцуулахад дор шүү дээ. Тэгсэн мөртлөө ямар нэгэн тэжээлийн дутагдалд ороогүй эрүүл саруул байгаа нь нөгөө бэлчээрийн мал аж ахуйн мах, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол байхгүй юу. Өөрөөр хэлбэл, таван хошуу мал хэрэгцээтэй тэр витаминлаг ургамлыг хамрынхаа инстинктээр бэлчээрээс олоод идчихдэг. Тэр махыг бид хэрэглэдэг учраас витамины дутагдалд ордоггүй. Гэтэл нөгөө дархлаа маань алга болчих гээд байна шүү дээ. Нэлээн өндөр хөгжилтэй болсон үедээ хүнсний болоод эм, уургийн орлуулах бүтээгдэхүүнийг өөрсдөө хийж чаддаг болсон үедээ бэлчээрийнхээ мал аж ахуйг устгавал яая гэхэв. Тийм чадвар бидэнд байхгүй байна шүү дээ.
-Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал байнга гардаг. Хурдан морь унаж амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүүхдүүд үүний нэг жишээ байх?
-Энэ бол нэлээн хүнд асуудлын нэг. Хүүхдүүд хурдан морь унаж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гардаг. Он гараад бас нэг хүүхэд нас барлаа. Бид хуулиар тогтоосон наснаас доогуур насны хүүхдээр хурдан морь унуулах, эсвэл ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болоод хурдан морь унаж байгаа хүүхдийн эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах юм бол захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай болъё гэж өнгөрсөн жил асуудал тавьсан. УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Одоо хүртэл тэр хуулийн төсөл орж ирээгүй л байна. Хүүхэд гэмтсэн, эндсэн хэвээрээ. Үүнээс гадна сурах эрх нь зөрчигдөх, хүүхдийг зодож хүмүүжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн асуудал гээд хүүхэд өртөхгүй юм ховор болж. Үүн дээр манайхаас тодорхой хийж байгаа ажил бий. Жишээлбэл, сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдэд ерөнхий боловсрол эзэмшүүлэх асуудал үнэхээр хүнд байна. Энэ талаар бид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа.
-Бусдын нүднээс далд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд маш их өртдөг гэсэн тоо байдаг юм билээ. Аав ээж нь архи уудаг, зоддог, дарамталдаг. Түүнээс болоод балчир үрс амиа хорлосон тохиолдол гарч байсан. Хүүхдүүд эрхээ хамгаалж чаддаггүй, гомдол мэдүүлдэггүй хохироод үлддэг тал бий?
-Нэг үеэ бодоход манай комисст хүүхэд өөрөө ханддаг болсон шүү. Сая оны эхэнд нэг хүүхэд “Манай нагац ах намайг байнга дарамталдаг. Гуйлга гуй, ажил хийж мөнгө олж ир” гэж зоддог гэсэн гомдол ирсэн юм. Манай Дашдорж гишүүн энэ өргөдлийг хүлээж аваад шүүхэд хандсан. Шүүхээс нагац ахыг нь тэр хүүхэдтэй гурван сар ойр байлгахгүй, тусдаа байлгах шийдвэр гаргасан. Монголд анх удаа ийм шийдвэр гарсан болов уу. Америк зэрэг оронд бол хэвийн зүйл байх. Энэ их үр дүнгээ өгсөн юм шиг байна лээ. Сүүлд нагац ах нь Дашдорж гишүүн дээр ирж “Би тэнэг юм хийж байж. Дахин дүүгээ хэзээ ч ийм байдалд оруулахгүй” гэсэн байна лээ. Нөгөө талаар хүчирхийлэгч өөрөө амиа алдаад байнга хүчирхийлүүлж байсан хүмүүс нь хэрэгт ордог явдал их байна. Би энэ талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа. Саяхан ээж, хүү хоёроос манайд нэг өргөдөл ирлээ л дээ. Хоёулаа цагдан хоригдож байгаа юм байна. Тус тусдаа өргөдөл бичсэн байсан. Байдлаас харахад нас барсан хүн нь тэр хүүхдийн хойд аав юм билээ. Ээжтэйгээ байж байтал архи уусан аав нь тэр хүүг хутгалахыг завдаж. 16-тай хүүхэд юм байна лээ. Нөгөө хүүхэд аавыгаа цохиж унагаад хэд өшиглөчихөөд амбаартаа ороод унтчихсан. Өглөө аав нь нас барчихсан байж. Тэгээд ээжийг нь бас хорьчихсон. Ээж нь ямар ч оролцоо байхгүй, буруугүй юм билээ. Хоёр ч удаа шүүх эмнэлгийн шинжилгээ гараад архины гүн хордлогоос нас барсан гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Монголд гэр бүлийн хүчирхийллээс болж айл гэр сөнөж байна. Ийм тохиолдол маш их байна. Хүн амины хэрэгтэй эмэгтэйчүүдийн нэлээн өндөр хувь нь хамтран амьдрагч юм уу, нөхрөө алчихсан, олон жилийн ялтай байх юм. Яагаад гэхээр Эрүүгийн хуульд санаа зорилго гэж юм байдаг. Урьдаас төлөвлөж, хийвэл ял нь хүндэрдэг. Нөхөр нь байнга дарамталдаг, зоддог. Нэг өдөр л тэвчээр нь алдардаг. Тэгээд хүнд ял авдаг. Үүнд ялгавартай хандаасай гэж хуулийн байгууллагынхантай уулзахдаа би хэлдэг юм.
-Манай улсад хүний эрхийн зөрчил байсаар байна. Тэр тусмаа эрүү шүүлтийн асуудлыг нэг мөр цэгцлэх, Эрүүдэн шүү хийн эсрэг конвенцийн нэгдсэн протоколд Монгол Улс нэгдэн орох асуудал яригдаж байна. Нэмэлт протоколд нэгдэж орсноор ямар эерэг үр дүн гарах вэ?
-Дэлхий нийтэд хорих газар, эрх чөлөө нь хасагдсан хүмүүст их анхаардаг болсон. Үүний нэг тод жишээ нь дэлхий нийтээрээ цаазаар авах ялыг устгах тухай асуудал тавьж байгаа шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны нэгдүгээр сараас цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн. УИХ иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын партийн нэмэлт протоколд элсэж Монгол Улс цаазгүй орон боллоо ш дээ. Энэ бол дэлхий нийтээс томоохон шахалт үзүүлж байсан асуудал мөн. Одоо ардчилсан орнуудын зүгээс цагдан хоригдож байгаа, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүстэй харилцахдаа хүнлэг бай гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм ч учраас эрүүдэн шүүх, бусад хэрцгий аргаар нэр төрийг нь гутаан доромжилж харилцахын эсрэг конвенцийг баталж, үүнд Монгол Улс нэгдэн орсон. Одоо нэмэлт протоколд нэгдэх асуудал яригдаж байгаа. НҮБын Хүний эрхийн хороооны дэргэд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар харилцахын эсрэг урьдчилан сэргийлэх дэд хороо байгуулагдсан. 25 гишүүнтэй. Дэлхийн улсуудыг энэ протоколд нэгдэн орооч гээд байгаа. Монгол Улс үүнд нэгдэх бүрэн боломжтой. УИХ-ын шийдвэрийг л хүлээж байна.
-Бэлгийн цөөнхийн асуудал манайд яригддаг. Тэр хүмүүсээс гомдол ирдэг үү?
-Наадах чинь их эмзэг асуудал. Яагаад гэхээр монголчуудын сэтгэл зүйн орчин, үүнийг хүлээж авах чадвар их сул байна.Олон оронд энэ асуудал хэвийн үзэгдэл, байх ёстой асуудал гээд хууль ном гаргадаг. Гэтэл манайд нийгмийн сэтгэл зүй нь ч бүрдэж чадаагүй. Энэ жил НҮБ-ын холбогдох газруудтай хамтраад бид судалгаа хийж байна. Өнгөрсөн онд Тайландад Ази Номхон далайн бүсийн чуулганд оролцох үеэрээ би мэдээлэл хийсэн юм. Би хоёр л юм хэлсэн. Бид юу ч хийгээгүй гэдгээ хэлсэн. Хийх боломжгүй гэдгээ мөн хэлсэн. Яагаад гэхээр нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж чадаагүй нөхцөлд энэ асуудлыг гаргаж тавих юм бол тэдэнд тус болохоосоо илүү ус болно. Манай бэлгийн цөөнх, тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллагаас “Биднийг ялгаварлан гадуурхаж байна, дарамталж байна” гэж гомдоллодог юм. Гэр бүлийн түвшинд, аав ээж, ах дүүс нь гадуурхдаг юм байна. Эсвэл ажлын байран дээр ганц нэг хүнд мэдэгдэхээр халдаг. Тэгэхээр үүнийг судалж, нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж байж ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол эргээд тэдэнд аюултай байдал бий болно.
-Сүүлийн үед зарим хүн хамгаалагчтай байх болжээ. Таныхаар хамгаалалтад байх ёстой хүмүүс хэн бэ?
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг төрийн хамгаалалтад авдаг. Мөнгөтэй хүмүүс нэгээс хоёр хүн дагуулаад явдаг болчихож. Маш олон хамгаалалт байна. Улс төрийн хамгаалалт, бүр сэтгүүл зүйн хамгаалалт хүртэл бий болчихож. Монголд хоёр бүлэг хүмүүсээ онцгойлон хамгаалмаар байна. Ямар ч зүйл хийсэн сэтгүүлчдээ хамгаалмаар байна. Гэрчийг, бас хохирогчийг хамгаалах ёстой. Тэгэхгүй бол хэрэг илрэхгүй байна. Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг айхавтар үг бий. Сэтгүүлчид айж байна. Тэднийг айлгачихаж байна. Том мөнгө нэхдэг. Дор хаяж баривчлуулж байна. Ноцтой юм олоод авсан ч айгаад зорилгоосоо ухарч байна. Тийм учраас хэн нэгэн хүний ивээлд багтсан хамгаалалт биш, нийгмийн сэтгэл зүйн хамгаалалт, эрх зүйн хамгаалалт, бодитой хамгаалалт л хэрэгтэй юм шиг санагддаг. Дахиад хэлэхэд сэтгүүлчид гэдэг бол төр эргүүлж ч чадна, тогтоож ч чадна, нийгмийг бусниулж ч чадна, тогтоож ч чадна. Уг нь шударга ёсны төлөө тэднийг ажиллуулж чадвал нийгэмд хэрэгтэй бүхнийг бий болгож чадах хүмүүс шүү дээ.
Г.ОЮУНГЭРЭЛ