Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас “ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Уг Бага хурлаас зөвлөмж гаргах аж. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх П.Гансүхээс зарим зүйл лавлав.
-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудал анх хэзээ, ямар учир шалтгааны улмаас гарч ирсэн юм бэ?
-1990-ээд оны эхээр Монгол Улс социалист тогтолцооноос ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн. Шинэ Монголын бие даасан гадаад бодлогын анхны алхмын нэг нь 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы индрээс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал юм.
Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд орших Монгол Улсын хувьд эл санаачилгаа олон улсын хэмжээнд бататгаж авах нь нэн чухал байсан. Тиймээс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал ба цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг санаачлан 1998 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авсан.
Энэ нь чухамдаа үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улсын авч хэрэгжүүлсэн нэг чухал алхам мөн. Үүнийгээ үндэснийхээ хууль тогтоомжоор бататгах үүднээс УИХ “Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль” болон түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 тоот тогтоолыг 2000 оны хоёрдугаар сарын 3-нд баталсан юм.
-Анх цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан мөртлөө өнөөдөр цөмийн зэвсэггүй статус гэж яриад буй нь ямар учиртай вэ?
-Манай санаачилга нэг улс дангаараа өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байна гэж зарласан. Энэ нь “цөмийн зэвсэггүй бүс”-ийн тухай олон улсын хэмжээнд тогтсон уламжлалт ойлголт, тодорхойлтод бүрэн хамрагдахгүй байгаа. Тиймээс л “цөмийн зэвсэггүй статус” гэж тодорхойлсон ба түүнийгээ баталгаажуулах чиглэлээр ажиллаж ирсэн юм. Юуны өмнө цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн дэмжлэгийг авах нь онцгой ач холбогдолтой. 2000 оны аравдугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн (буюу цөмийн зэвсэг бүхий таван гүрэн)- ээр Хамтарсан мэдэгдэл гаргуулсан. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гиш үүд бүх улс оронд 1995 онд олгож байсан баталгаагаа нэг улсын хувьд нотолсонд энэ хамтарсан мэдэгдлийн гол ач холбогдол оршино.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал ба цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол гаргадаг юм билээ. Тогтоолын дагуу тодорхой арга хэмжээ авч, тайлагнадаг уу?
-Тиймээ. 1998 оноос хойш “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал ба цөмийн зэвсэггүй статус”- ын тухай тогтоолыг хоёр жил тутам шинэчлэн батлуулж ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тогтоолын хэрэгжилтийн тухай илтгэлийг Ерөнхий Ассамблейд мөн хоёр жил тутам оруулж хэлэлцүүлнэ. Түүнд гишүүн орнууд болон НҮБын системийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг тусгаж тайлагнадаг. Манай улс ч тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлынхаа талаарх үндэсний илтгэлийг гаргадаг. Энэ жил бид долоо дахь илтгэлээ хүргүүлээд байна.
-Манай үндэсний илтгэлд чухам ямар асуудлууд тусгадаг вэ? Сүүлийн илтгэл нь өмнөхөөсөө юугаараа онцлог байгаа бол?
-Цөмийн зэвсэггүй статусаа олон улсын хэмжээнд баталгаажуулахын тулд ямар үйл ажиллагаа явуулж ирснээ илтгэлдээ бид тусгана. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай статусын асуудлаар Монгол, БНХАУ, ОХУ-ын хооронд гурван талт гэрээ байгуулахар яриа хэлцээ явуулах, мөн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн заншлын хэм хэмжээ болгох зорилт дэвшүүлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Зан заншлын хэм хэмжээ болгохын тулд манай цөмийн зэвсэггүй статусыг дэмжсэн заалтыг олон талт хамтын ажиллагааны баримт бичгүүд болон хоёр талын хамтарсан мэдэгдлүүдэд тусгаж ирсэн. Жишээ нь, өнгөрсөн наймдугаар сард Тегеран хотноо болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний бага хурлын төгсгөлийн баримт бичигт манай статусыг дэмжсэн заалт оруулсан. Сүүлийн илтгэлийн онцлог гэвэл цөмийн аюулгүй байдлын асуудлаас гадна өөр чиглэлээр хийсэн ажлынхаа талаар тухайлбал, манай Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалд тодорхойлон тусгасан эдийн засаг, экологийн аюулгүй байдал, хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
-Манай улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд ямар ач холбогдолтой гэж үздэг вэ? Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Өнөөдөр цөмийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий нийтийг хамарсан нэг чухал асуудал болоод байна. Энэ үйл хэрэгт том, жижиг гэлгүй дэлхийн бүх улс хувь нэмрээ оруулахын төлөө чармайх учиртай. Манай улсын цөмийн зэвсэггүй статусыг олон хэмжээнд энэ утгаар нь үнэлэн, сайшааж дэмждэг. Үүгээрээ ч манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөж өгдөг гэж хэлж болно.
Олон улсын хамтын нийгэмлэг манай хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байгаа хэдий ч статусыг өнөөг хүртэл олон улсын түвшинд тодорхойлоогүй, олон улсын эрх зүйн үндэстэй баримт бичгээр баталгаажуулаагүй байгаа. Энэ нь тийм ч хялбар зорилт биш бөгөөд үйл явц удаан үргэлжлэх нь тодорхой юм. Ямартай ч үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэ асуудлыг цөмийн зэвсэгтэй таван гүрний хүрээнд төдийгүй олон улсын хэмжээнд байнга тавьж ярьж байх хэрэгтэй гэж үздэг бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлнэ.
Р.ЖАРГАЛАНТ