“Гудамжинд” тэмцэгчдийн эгнээнээс УИХ-д орж ирэгсдийн нэг нь гишүүн Д.Батцогт. Тэрбээр Ховд аймагт хоёр дахь удаагаа хүч үзээд баз хүргэнийхээ хамт УИХ-д сонгогдсон нэгэн. Оюутан болоод бусдын жишгээр төрөлх нутгаасаа явсан ч сэтгэл зүрх нь тэндээ уяатай байсаар ард иргэдийнхээ төлөөлөл болоод буй нь энэ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт та хоёрыг баз хүргэн гэдгийг хүмүүс мэдэх байх. Гэхдээ нэг тойргоос баз хүргэчүүл сонгогдсон тохиолдол байхгүй. Хоёр ч хүргэн нь УИХ-ын гишүүн болоход хадмууд чинь яаж хүлээж авсан бол?
-Хадмууд маань баярласан л байх. Тэд бүгд хоёр хүргэндээ санал өгсөн үү, үгүй юү гэдгийг мэдэхгүй юм. Ямар ч байсан нутгийнхан маань биднийг дэмжсэн. Нэг тойргоос нэг айлын хүргэд сонгогдсоноороо л сонин гэхээс аав, ээж, хүүхэд, ах дүү нар УИХ-д сонгогдох нь цөөнгүй. Энэ бол зүгээр тохиолдол байсан. С.Бямбацогт бид хоёр өөр намын гишүүн, үзэл бодол ондоо. Харин гэр бүлийн хүрээнд ярих, уулзах асуудал өөр байлгүй яах вэ. Би том эгчийнх нь нөхөр л дөө.
-Таныг ГЕГ-ын дэд дарга байсан, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн гэдгээр нь хүмүүс мэддэг. Төрийн алба ч хааж үзсэн, гудамжинд тэмцэж ч явсан энэ эрхэм хувь хүнийхээ хувьд ямар хүн юм бол?
-Асуудалд төв байр сууринаас, шударгаар хандахыг эрмэлздэг. Манай гэр бүлийн хүмүүжил юм даа. Хэдийгээр асуудалд шүүмжлэлтэй хандаж, тэмцэж явдаг ч би их зөөлөн, тусархуу хүн шүү дээ.
-Улс төр гэх хүнд, хатуу ертөнцөд зөөлөн зан чанар тань хэр нийцэж байна вэ. Та УИХ-ын ажиллагааг гаднаас нь ажиглаж, шүүмжилж явсан. Одоо өөрөө дотор нь ороод ирэхээр байдал ямар санагдаж байна?
-Би өмнө нь АН-ын ҮЗХ-ны гишүүнээр олон ажил ажилласан. Хожим ҮШН-ыг үүсгэн байгуулалцсан. Дараа нь иргэний хөдөлгөөн байгуулж, тэмцэж үзлээ, 20 гаруй жил явлаа. УИХ-ын гишүүн л байж үзээгүй болохоос улс төрд цоо шинэ хүн биш. Ер нь шүүмжлэх амархан, хийх хэцүү байдаг. Тэгэхээр шүүмжлэх зүйл дээрээ байр сууриа хадгална. УИХ-аар хэлэлцэх асуудлууд дээр бүтээлчээр ажиллана гэж бодож байгаа. Зөвхөн шүүмжлэхийн тулд шүүмжлэхгүйгээр үзэл бодлоо илэрхийлж ажиллана.
-Ирэх дөрвөн жилд та ямар чиглэлээр илүү дагнан ажиллах вэ?
-Бид иргэний хөдөлгөөн байгуулж ажиллахдаа улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх гэж хичээсэн. Газар шорооныхоо төлөө тэмцэж, хүний эрх зөрчигдөж буй зүйл дээр дуу хоолойгоо нэгтгэж байсан. Энэ бүхнээ үргэлжлүүлнэ. Манай холбоо зорилго, чиглэлээ өргөжүүлээд Ард түмний холбоо болсон. Тиймээс уг холбоогоо бэхжүүлэхэд анхаарна. Иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх нь бидний хувь нэмэр байх болно. Мэдээж “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Оюутолгой, Тавантолгойн гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхөөс эхлээд уул уурхайн баялаг, газар шороотой холбоотой зорилгоо хэрэгжүүлнэ. Мөн баруун бүсэд иргэд тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд орон сууцжуулах, худалдааны төв байгуулах гэх мэтээр тойрогтоо амласан олон ажил бий. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-тай хамтарч Засгийн газрыг бүрдүүлсэн. Нөгөө талаар төрийн тогтолцоотой холбоотой өөрчлөлт хэрэгтэй байна. Үндсэн хууль, түүнийг дагалдсан органик хуулиудад өөрчлөлт оруулахад анхаарна.
-Улстөрчид тус тусдаа нэгнээсээ ялгарсан имиж бүрдүүлэх гэдэг. Та ямар имиж бүрдүүлэх вэ. Бас гадна нь байхдаа шүүмжилдэг ч дотор нь орохоороо уусчихдаг...
-Ямар нэг имиж бүрдүүлэхийн тулд биш, хувь хүнийхээ хүсэл, зорилго, итгэл үнэмшилдээ үнэнч ажиллах нь чухал байх. Дөрвөн жилийн дараа ард түмэн дүнгээ тавина. Тухайн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө олон шат дамжлагаар хэлэлцдэг. Тэр үед нь санал бодлоо тусгаад, чуулганаар ярихад нь дуугарах, дуугарахгүй асуудал ч байна.
-УИХ-ын гишүүдээс хэнтэй нь илүү дотно нөхөрлөж байна даа?
-Бүлгийнхээ гишүүдтэй арай дотно байх нь мэдээж. Гэхдээ хуучин АН-д зүтгэж явсан уч раас аль алийг нь л танина. Одоогоор дотно найзалсан хүн алга, цаашдаа сайхан нөхөрлөх байлгүй дээ.
-Ямар бизнес эрхэлдэг вэ?
-Дээр үед нэлээд бизнес хийсэн. Сүүлийн жилүүдэд улс төрийн ажил руу анхаарлаа илүүтэй хандуулсан.
-УИХ-ын гишүүн болохоор үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тэр хэрээр гэр бүлдээ зарцуулах цаг зав багасдаг байх даа?
-Ер нь их завгүй юм байна. Чуулгантай өдөр бол өглөөнөөс орой болтол хуралддаг. Үүний хажуугаар гэр бүл, найз нөхөддөө цаг зарцуулах хэрэгтэй. Манайх гурван охинтой айл. Бас намын болон тойргийн ажил бий. Тиймээс ирэх дөрвөн жилд нэлээд завгүй ажиллах нь.
СУМЫН ТҮВШИНД НАМААС НЭР ДЭВШҮҮЛДГИЙГ ӨӨРЧИЛНӨ
-“Шударга ёс” эвсэл сайдын суудлаа 70:30 харьцаагаар хуваарилсан. Тухайн үед танд сайд болох санал ирж байсан уу?
-Анх эвсэл байгуулж сонгуульд оролцохдоо, нэр дэвшүүлэхдээ бид дээрх харьцааг баримталсан. Харин сонгуулийн дараа ч уг харьцааг МАХН хадгалаад байгаатай би санал нийлдэггүй. Асуудал үр дүнгээсээ хамаарах ёстой. Одоо МАХН тав, МҮАН таван гишүүнтэй. Ийм байхад 70:30 гэсэн харьцаагаар аливаад хандах нь шударга биш. Гэхдээ бид эвсэл, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгаж ажиллахын тулд аливаад хүлээцтэй хандаж байгаа. Мэдээж сандал суудал хөөцөлдөх гэж УИХ-д төлөөлөлтэй нам болоогүй. Бидний өмнө төрийн тогтолцоог өөрчлөх, хууль тогтоолоо шинэчлэх, улс орноо хөгжүүлэх том зорилго байгаа.
-Танай эвсэлд таван ч дэд сайд ногдсоныг МАХН гурав, МҮАН-д хоёр гэсэн харьцаагаар хуваарилсан байна лээ. Дэд сайдад МАХН-аас нэр дэвшүүлж буй хүмүүс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Үүнийг та юу гэх вэ?
-Дэд сайдын хувьд ийм харьцаа байж болно. МҮАН-аас нэр дэвшүүлсэн Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нар бол улс төрийн ч, төрийн албанд ч ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүс. МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн хувьд тэр намын дотоод асуудал.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталсан. МАНынхан “Уг хуулийг хангалттай ирцээр батлаагүй, хууль зөрчсөн” гэж үзээд Цэцэд хандахаа мэдэгдсэн. Хууль зөрчиж хууль баталсан уу?
-Яг хууль батлах өдөр би өвчтэй байсан л даа. Мэдээж ирц хангалттай болоод л баталсан байх. Байр суурийн зөрчил бол манай эвсэлд ч, МАН-д ч байсан. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн ч суманд мажоритариар явуулах ёстой гэж үзсэн. Суманд улстөржих хэрэг байхгүй шүү дээ. Аль нэг намаас биш, иргэд Засаг даргаа сонгох нь зөв гэсэн санал дэвшүүлээд барсангүй. Энэ удаа цаг нь тулсан учраас уг хуулийг баталлаа. Цаашид бол Үндсэн хуулийн хэмжээнд өөрчлөлт оруулж ярих шаардлага бий. Суманд намаас нэр дэвшүүлдгийг 2016 онд халсан байхын төлөө ажиллана.
-МАН-ын Бүлгийг байгуулахгүй байх ашиг сонирхол олонход байна гэж тэд хардаад байгаа. Та үүнийг юу гэх вэ?
-МАН-ынхан УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагт Бүлэг байгуулсан тухайгаа мэдэгдсэн бичгээ өгөх хэрэгтэй байсан. Тэд алдаа гаргасан нь үнэн. Нөгөө талаар хүн амын гуравны нэгийн санал авсан нам Бүлэгтэй байх нь зүйн хэрэг. АН-ынхан бол “Нэг намд зориулж хууль өөрчлөхгүй” гэж байгаа. Ер нь сүүлийн 22 жилд нам, улстөрч бүр хуулийг өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг болсноос үүдэж ийм асуудал гарч байгаа юм. Хуулийг боловсронгуй болгоход намууд цаашид хамтарч ажиллах ёстой. МАН цаашид Бүлэгтэй болно, олонх дэмжинэ байх.
С.ТУУЛ