“Таван толгойн цом 2012” тэмцээнийг зохион байгуулах хорооныхны хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан байна.
-Зохион байгуулах гэж буй тэмцээнийхээ тухай ярихгүй юу?
-Энэ сарын 28-29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо “Таван толгойн цом 2012” шатрын тэмцээн болно. Анх удаагаа хөдөө орон нутагт өсвөр үеийнхний дунд өндөр шагналтай, дээд зэргийн зохион байгуулалттай тэмцээн хийх гэж байна.
Өмнөговь аймаг шатрын ихээхэн уламжлалтай нутаг. Нийтийн шатрыг хөгжүүлсэн Л.Санжаажамц агсан, Монголын шатрын “Загалмайлсан эцэг” гэгддэг олон улсын шүүгч Н.Намжил гуай энэ нутгийнх.
Сүүлийн үед тус аймагт Монголын эдийн засгийг ирээдүйн хэдэн жилдээ авч явах ихээхэн үүц нээгдсэнтэй холбогдуулан “Таван толгой” ХК, “Таван толгой транс” ХК-иуд энэ тэмцээнийг санаачлан, ивээн тэтгэхээр болсон.
Тэмцээний шагналын сан нийтдээ 10 орчим сая төгрөг бөгөөд нас бүхний эхний таван байрт орсон тамирчдад 50-250 мянгын шагнал олгох юм. Мөн байгууллагын дүнгээр эхний гурван байрт багийг 200-500 мянган төгрөгөөр шагнана.
-“Таван толгойн цом” жил бүр зохиогдох уу?
-Тийм ээ, бид тэмцээнийхээ хүрээгээ тэлж насанд хүрэгчдийг оролцуулдаг болгоно. Цаашлаад олон улсын чанартай болохыг ч үгүйсгэх аргагүй. Түүнчлэн “Таван толгой” ХК-ийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод шатрын клуб нээгдэнэ.
-Тантай уулзсаных Истанбулын шатрын олимпиад эрэгтэй багаа ахлан оролцсон талаар сонирхъё?
-Миний бие шатрын олимпиадад 1970 оноос хойш оролцож буй. 2000 онд Туркийн олимпиадад эрэгтэй, эмэгтэй багаа ахлан явж байсан бол 12 жилийн дараа тэнд дасгалжуулагчийн хувиар дахин оролцоо. Энэ удаа зөвхөн эрэгтэйчүүдийн багаа дасгалжууллаа. Эмэгтэйчүүдийн багийг “Мончесс” клубийн Ц.Батсайхан удирдан явсан. “Истанбул 2000”-д Б.Мөнгөнтуул маань их мастерын анхны баллаа авч байсан бол саяны тэмцээнээс Б.Гүндаваа гроссмейстер цолны болзлыг хангалаа. Манай эрэгтэйчүүд өмнөх олимпиадад дунджаар 60-70 байр эзэлж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж, 34-46 байрт орсон. Бид Гүндаваагаа их мастер болгохын тулд нэгдүгээр ширээнд, Д.Шаравдоржийг хоёрдугаар ширээнд, шинэ их мастер Ц.Батчулууныгаа гуравдугаар ширээнд тавьсан.
Харин дөрөвдүгээр ширээнд ОУМ-ын хоёр баллтай Г.Мөнхгалыг тоглуулж, тавдугаар ширээнд буюу нөөц тоглогчоор ФМ М.Гүнбаярыг сонгосон. Гроссмейстерийн балл авахын тулд 11 өргөөс дор хаяж есөн өрөг тоглох ёстой болсон. Иймд өндөр рейтингтэй багтай тоглоход Гүндаваагаа, харьцангуй чансаа сул багтай учраа таарахад бодлогоор нөөц тоглогчоо тоглуулж байлаа. Гүндаваа нэгдүгээр ширээнд долоон их мастер, нэг олон улсын мастер, нэг FIDE-гийн мастер цолтонтой тоглон 5.5 оноо авснаар санасандаа хүрч чадлаа. Олимпиадад үзүүлсэн амжилтыг хоёроор үржүүлдэг бөгөөд өмнө нь нэг балл биелүүлээд байсан Гүндаваа маань нийт гурван балттай болсон хэрэг.
Одоо аравдугаар сарын 1-нд гарах FIDE-гийн шинэчилсэн чансаагаар манай тамирчинд цолыг нь албан ёсоор өгнө. Ганц Гүндаваа гэлтгүй манайхан бүгдээрээ үүргээ биелүүлсэн. Туршлагатай их мастер Шараваа маань хоёрдугаар ширээнд 60 хувийн амжилт үзүүлсэн бол Батчулуун 10 өргөөс 7.0 оноо авч багийн цохилтын гол хүч нь болсон.
Хэрвээ багийн гишүүн бүр хариуцлагаа ухамсарлаж, жигд байгаагүй бол манайхан дээгүүр тоглож, чансаа өндөр улсуудтай таарахгүй байсан. Өөрөөр хэлбэл шинэ их мастераа өлгийдөн авахад таван тоглогчийн маань бүгдийнх нь хөдөлмөр шингэсэн юм.
-Боломжоосоо дутуу тоглосон тохиолдол байгаа юу?
-Молдаваас дор хаяж бүтэн оноо салгах газар 0:4-өөр хожигдсон, Канадтай тэнцэх боломжоо хийсгэсэн... гээд бий бий. Гэхдээ швейцарь системээр оноолт гаргаж байхад тэгэх байсан, ингэх байсан гэх утгагүй. Магадгүй нэг л оноо илүү байсан бол бид хамгийн сүүлд Ирак, Катар мэтийн харьцангуй гайгүй багуудтай таарахгүй ч байсан юм бил үү.
-Эмэгтэйчүүдийнхээ амжилтыг хэрхэн дүгнэж байна?
-130 орноос 7-13 байрт орно гэдэг маш том үзүүлэлт. Нэгдүгээр ширээнд дандаа томчуудтай тоглосон Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байранд орж, үнэхээр дэлхийн хэмжээний тоглогч гэдгээ батлан харууллаа. Түүнийг зарим тоглолтод өнжөөсөн бол ширээндээ медаль авах ч боломж байсан. Харин Мөнгөнтуул маань багийнхаа төлөө хувийн амжилтаа гаргуунд нь орхисон. Түүн шиг 2-3 тоглогч байхад манай эмэгтэйчүүд медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой. Мөн их мастер Т.Батчимэг рейтингээ ахиулж чадсан.
-Олимпиадын бусад сонин сайхнаас танилцуулаач?
-40-р олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд Армений баг аваргалж, ОХУ, Хятад удааллаа. Арменчууд сүүлийн дөрвөн олимпиадын гуравт нь түрүүлж байгаа нь энэ. Жигдхэн таван тоглогчтой, нэгдүгээр ширээнд тоглосон ¹1 чансаатай их мастер Левон Аронян нь үнэхээр агуу шатарчин болохоо дахин баталлаа. Оросын багт тоглосон экс-дэлхийн аварга Владимир Крамник хоёр ч удаа хожигдсон нь багийн эцсийн дүнд нөлөөлсөн байх. Дэлхийн аварга Р.Пономарев, супер их мастер В.Иванчук тэргүүтэй Украины баг сүүлчийн тавилд БНХАУ-ыг бутниргэсэн нь яах аргагүй энэ тэмцээний онцлох мөч. Хэрвээ хятадууд Украиныг хожсон бол түрүүлж ч магадгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Эмэгтэйчүүдийн тэмцээний сүүлийн өрөгт оросууд Казахстаныг 4:0-ээр хожиж, олимпиадад ноёрхлоо тогтоогоод байсан хятадуудаас алтан медалийг нь булааж чадсан. Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд өнөөг хүртэл дэлхий дахинд Оросын шатрын школ ноёлж байна гэж хэлж болно. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар их мастер Евгений Бареев ажилласан.
Олимпиадын бусад сонин сайхнаас дуулгахад Унгарын домогт шатарчин Юдит Полгар эрэгтэйчүүдийн багийнхаа гуравдугаар ширээнд тоглож ганц ч хожигдоогүй тэмцээнээ дуусгасан. Анх 1990 онд Югославын Нови-Сад хотноо болсон олимпиадад аваргалж байсан эгч дүү гурав Жужа, София, Юдит Полгарууд бүгдээрээ Истанбулд ирсэн нь жинхэнэ сюрприз болсон. Гэхдээ хоёр эгч нь тоглоогүй. Мөн домогт шатарчин Гари Каспаров ирж, хоёр хоног тэмцээн үзсэн. Бүх хүн л түүнтэй зургаа авахуулах гэж хошуурах. Гари Кимович Орос, Азербайжаны эрэгтэй, Хятадын эмэгтэй багийн тоглолтыг л үзэж байна лээ. Энэ дашрамд нэг ажигласан зүйлээ хэлэхэд дэлхийн шатрын төв Турк улс руу шилжиж байна уу даа гэж бодогдсон шүү. Тэд шатрыг хөгжүүлэх тал дээр үнэхээр их юм хийж. FIDE-гийн төв байр тийшээ нүүлээ гэвэл нэг их гайхах хэрэггүй байх.
-Олимпиадын үеэр Олон улсын шатрын холбооны ээлжит их ассемблей болдог. Их хурлаар юу хэлэлцэв?
-Чуулганд манай улсаас FIDE-гийн сонгуульт албатай ФМ Г.Алтан-Оч оролцсон. Миний олж сонссоноор их хурлаар зэрэг цолны норматив, бүх дэлхийд шатрыг сургуулиудад хэрхэн хөгжүүлэх вэ эзэрг асуудлыг хөндөн ярилцаж, ойрын жилүүдэд болох томоохон тэмцээн уралдааны хуваарийг баталж, 2016 онд олимпиадыг зохион байгуулах хотоор Азербайжаны нйислэл Баку хотыг сонгосон гэсэн.
-Олимпиадын дараа Туркт болсон шатрын фестивальд манай оюутан шатарчид оролцсон гэсэн байх аа?
-Тийм ээ, Португалд болсон оюутны ДАШТ-д оролцоод буцаж явсан манай шатарчид фестивальд тоглож, 22 багаас БНХАУ, Польш, ОХУ-ын дараагаар дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ дашрамд оюутан шатарчдынхаа тухай мэдээлэл дуулгая. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг дэд мастер Ариунбүүвэй үзүүлж, есөн өргөөс 5.0 оноо аван, 285 тамирчнаас шагналт тавдугаар байр эзэлсэн. Тэрбээр чансаагаа 60-70 хувиар ахиулах байх.
-Танд баярлалаа
Р.МАНЛАЙ