Шоргоолжтой барьцан уралдаж, далайн гахай сэлэлтэд хүч сорин, уралдааны өмнө заавал уйлсны эцэст санаа амран, тэмцээнд оролцох талаар үл санаа зовсон атлаа дотны харьцаандаа анхаарал тавьж, магадгүй энэ бүхэн амжилт ялалт дагуулсан хэмээн өнөө ч бодож буй олон тамирчин бий. Тэдний ер бусын сүсэг бишрэлийн талаар уншигчдадаа сонирхуулья.
Хамгийн түрүүнд 1970 оны эхээр мандан бадарч байсан од, олимпийн хошой аварга, Норвегийн биатлонч Магнар Сольбергийн тухай өгүүлье. Үүний нууц бэлтгэл сургуулилттай холбоотой аж. Түүний дасгалжуулагч Мартин Стоккен зуны сургалтаа шоргоолжны үүр бүхий газар зохион байгуулдаг байжээ. Шоргоолжнууд шороо хэрхэн зөөж, жирэлзэн өнгөрч байгаа нь буутай цаначинд нөлөөлж, зэвсэгтээ түүртэлгүй, яг л энэ шавьж шиг гүйхийг эрмэлзэх болов. Буундаа түүртэлгүй “мурилзан” гүйж, бүхнээс ончтой байсны хүчинд тэрбээр өндөр амжилтад хүрчээ.
Өнгөрсөн зууны хамгийн хурдан сэлэгчдийн нэг, ОХУ-ын тамирчин Александр Попов цэнхэр замд хурд сорихдоо дасгалжуулагч Геннадий Турецкийгийн удирдлагад далайн гахай сэлэлтийн төрөлд эхэлж суралцжээ. Түүнд анхнаас нь л усан дор дельфин шиг “амьдрахын” нууцыг суралцуулсан учраас амжилтад хүрсэн хэмээн Австралийн нэгэн сонинд тэмдэглэсэн байна. Тэмцээний өмнө дотны харьцаанд орох нь амжилтад сөрөг нөлөөтэй гэж тамирчдын дийлэнх хэсэг боддог. Харин Турины олимпийн бөөн гараатай уралдаанд багаараа уралдахын өмнөх шөнийг ирээдүйн нөхөр Идс Постматайгаа хамт өнгөрүүлсэн Анни Фризингер сониуч сэтгүүлчдийн хараанаас гарч чадаагүй юм. 1000 м-ийн уралдаанд хүрэл медаль хүртсэн тэшүүрчин багийн тэмцээнд нөхдийнхөө хамт манлайлсныхаа дараа өөртөө ялалт авчирсан найз залуу Идсээрээ овоглохыг зөвшөөрчээ.
Барселоны олимпийн баатар Евгений Садовый бэлтгэлийнхээ үеэр хүчилтөрөгчгүй, харин нүүрсхүчлийн хий бүхий баг өмсөж, амьсгалаа түгжин, хүч сэлбэдэг байжээ. Амжилтад хүрэх хөтөч нь түүний амьсгалаа зөв хуваарилж сурсантай нь холбоотой бөгөөд одоогоос 20 жилийн тэртээх олимпод тэрбээр гурван алтан медалиар энгэрээ мялаасан билээ.
Тэгвэл медаль далладаг Майкл Фелпсийн ялалтын нууц хэрэглэдэг хүнстэй нь холбоотой гэнэ. Ямар ч тэмцээний өмнө тэрбээр энгийн хүнээс зургаа дахин их буюу 12 мянга хүртэлх илчлэг бүхий хоол иддэг аж. Зургаан сэндвич, таван өндөг бүхий омлет, бин өглөөний хоол нь. Харин хоёр пицца өдрийн хоолонд идэж, долоо хоногийн таван өдрийн зургаан цагийг усан санд өнгөрүүлэхэд огт ядарч сульддаггүй талаараа өгүүлсэн нь бий. Дэлхийн дээд амжилтын эзэн асан, хөнгөн атлетикч Хавьер Сатомайор сэтгэл зүйн бэлтгэлд маш их анхаарал хандуулдаг байжээ. Гараанаас гарах хэдхэн цагийн өмнө толинд өөрийгөө хараад цурхиран уйлдаг байсан нь сонин. Гэхдээ нулимс нь яалаа гэж тийм амархан гарах вэ? Ихэнхдээ жаахан шингэн нүдэндээ дусаагаад л энэ үйлдлийг хийх жишээтэй. Ингэж нүдээ цэвэрлэсний дараа куба эр эрч хүчээр цэнэглэгдэн уралдааны талбартаа ирдэг байв. Виктор Корчной, Анатолий Карпов, Сергей Бубка нартай хамтран ажиллаж байсан сэтгэл судлаач Рудольф Загайнов Алексей Ягудинийг “сурган хүмүүжүүлэхдээ” сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, аливаад болгоомжтой хандахад сургасан төдийгүй өрсөлдөгчдөө айлгах ухаанд ч мэргэшүүлжээ. Түүний духан дээр “Энд аварга сууж байна” хэмээн бичсэн мэт уран гулгагчид түүнээс өөрийн эрхгүй эмээнэ.
СолтЛейкийн олимпод тэрбээр энэ бүхнийг жинхэнэ утгаар нь мэдрүүлжээ. “Уимблдон”-ы аварга, Хорватын теннисчин Горан Иванишевичийн амжилт “Телепузики” нэвтрүүлгээс залхдаггүйтэй холбоотой гэнэ. Тодруулбал дээрх тэмцээнд аваргалсныхаа дараа телевизээ асаахад уг нэвтрүүлэг гарч байжээ. Шигшээд долоон удаа шалгарсны дараа ч энэ давтамж үргэлжилсэн нь хачирхалтай. “Би энэ нэвтрүүлгээс залхаж байна” гэсэн атлаа тэрбээр сувгаа сольсон удаагүй.
Б.ӨЛЗИЙТОГТОХ