УИХ-ын гишүүн, эмэгтэй гишүүдийн Бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Парламент дахь бүсгүйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн ч олон улсын жишигт хүрэхгүй байгаа юм байна. Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?
-Хүн амын хүйсийн харьцаа 50:50 хувьтай байгаа атал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. УИХ-д есөн эмэгтэй гишүүн сонгогдоод ажиллаж байгаа маань урьд өмнөхөөсөө ахицтай ч олон улсын дундаж үзүүлэлтэд ч хүрэхгүй байна. Олон улсын дундаж нь 20 хувь байдаг юм билээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь ардчилал хангалтгүй байгаагийн илрэл гэж НҮБ үздэг. Тиймээс энэ талаар маш олон арга хэмжээ авах ёстой.
2013 оны нэгдүгээр сараас хэрэгжих Жендерийн тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах учиртай. Тиймээс уг асуудалд Засгийн газрын анхаарлыг хандуулахаар өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Саяхан эмэгтэй гишүүд Тайландад болсон НҮБ-ын “Сонгуульт албан тушаал дахь тэгш байдал” хуралд оролцоод ирсэн. Тэд манай улсад бүсгүйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хангалтгүй байгааг сануулж, 2016 онд 30 хувь хүргэх ёстой гэж сануулсан.
-Хуулиа баталчихсан ч хэрэгж үүлэх механизм нь алга. Орон нутагт ч бас хууль хэрэгжүүлэх бүтэц хэрэгтэй юм биш үү?
-Улс орон даяар жендерийн тэгш байдлын тухай ярихын тулд аймгуудад Засаг даргын харьяанд жендерийн асуудал хариуцсан хүн байх ёстой. Эсвэл Засаг дарга өөрөө аймагтаа энэ асуудлыг бүрэн хариуцаж болно. Яаманд ч мөн адил ийм албан тушаалтан хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд энэ асуудлыг хэн хариуцаж, хуулийг хэрэгжүүлэх юм гэдгийг зохицуулах үндэсний механизм байх ёстой гэж үзэж байгаа юм. Улс төрийн намууд дотроосоо эмэгтэйчүүд өөрсдийгөө гарган ирж, нэр дэвших нь маш олон даваатай байгаа юм. Маш хүнд нөхцөлүүдийг давж байж гарч ирдэг учраас бага хувьтай байгаа. Тиймээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, квотыг нэмэх аргаар эмэгтэйчүүдийн оролцоог өсг өнө. Пропорциональ талыг илүү сайжруулах арга хэмжээ авах ёстой. Ингэж байж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм байна гэдгийг олон улсын зөвлөлгөөний үеэр мэдэж ирлээ.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаагүйг шүүмжилж байна. Бүсгүйчүүд яагаад энэ талаар дуугараагүй юм бол?
-Энэ тал дээр нэлээд шүүмжлэл хүлээж авсан. Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр хувьтай байсан. Бид өөрсдөө энэ хуулийг боловсруулахад оролцсон. Эмэгтэйчүүдийн квот оруулах асуудлаар нэлээд ярилцсан. Хэлэлцүүлгүүд ч зохион байгуулсан. Өмнөх сонгуулиудаас судалгаа хийж үзсэн л дээ. Ер нь, орон нутгийн сонгуульд эмэгтэйч үүдийн оролцоо өндөр хувьтай байдаг юм билээ. Нэр дэвшигчдийн 40-өөс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ялалт байгуулаад ИТХ-д ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо 30 хувь байна.
Хэрэв бид орон нутгийн сонгуулийн хуульд квот тогтоовол 50 хувь гэж оруулна. Гэтэл 50 хувийн квот тавьж, хуульд оруулбал үнэхээр эрчүүд давамгайлсан энэ улс төрийн нөхцөл байдалд хууль дэмжигдэхгүй унах магадлалтай. Улмаар 30 хувиар тогтоолгочих юм бол нэр дэвшихэд 40 хувьдаа хүрдэг байдалд бэрхшээл учруулах юм байна гэж үзээд квот тавиагүй юм. Орон нутгийн сонгууль удахгүй болоход маш олон эмэгтэй нэр дэвшиж, ялалт байгуулаад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Нэр дэвшигчдийн 40 гаруй хувь нь бүсгүйчүүд байхад хуульд энэ хэмжээний квот тусгачихвал байдал бүр дордох нөхцөл үүснэ. Тиймээс бид хуульд квот тусгахгүй байсан нь зөв гэж үзсэн юм.