МАН-ын хяналтын ерөнхий хороо ялагдлын шалтгаанаа ийнхүү дүгнэжээ
МАН-ын өнөөдөр болж буй Бага хурлаар мэдээж сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Үүнээс үүдээд МАН-ын удирдлага шинэчлэгдэх үү, дараагийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд хэн болох нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж буй. Зөвхөн намын гишүүд төдийгүй жирийн иргэдийн хувьд ч бас анхаарал татсан асуудал. МАН бол улс төрийн том хүчин. Энэ цаг үеийн улс төрийн хүчтэй нам. Тиймдээ ч АН дангаараа эрх барьж, зарим нэг үйлдлээрээ нийгэмд айдас дарангуйллыг мэдрүүлж буй ийм үед МАН ард түмний дуу хоолой болох үүрэг хүлээсэн сөрөг хүчин тул энэ намын хувь заяа олон нийтэд хамаатай. МАН 2012 оноос хойших таван сонгуульд ялагдсан. Энэ нь тус нам өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсны хатуу анхааруулга. Тиймээс МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2012-2013 оны сонгуульд МАН ялагдсан шалтгааныг үнэлж дүгнэснийг Бага хурлаар хэлэлцэх гол асуудлын нэг хэмээн ажиглагчид үзэж байна. Хяналтын ерөнхий хороо хэн нэгнийг буруутгах, хариуцлага тооцохыг оролдоогүй бололтой. Харин намын ялагдлаа уг үндсээр нь олж харахыг зорьжээ. Тиймдээ ч хамрах хүрээ нь 2008 оны УИХ-д олонх болж стандартын бус хэмээх Засгийн газар байгуулагдсанаас хойших өнөөдрийг хүртэлх алдаа, оноогоо олж харснаар амьдралд ойр, өргөн цар хүрээтэй болсон гэж үзэж болохоор байна.
Төр барих патентаа АН-д алдсан нь МАН-д ялагдал авчирсан уу
Хяналтын ерөнхий хороо МАН-ын ялагдлын хөрс суурь 2008 онд тавигдсан гэсэн сонирхолтой дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, энэ намын нэр хүнд унах, өнөөдрийн байдалд хүрэх үйл явц 2008 оны УИХ-ын сонгуулийн ялалтаар тавигдсан гэж үзсэн байна. Учир нь МАН 2008 оны УИХын сонгуульд олонх болж Засгийн газраа бүрдүүлэхдээ ялагдсан АН-д найр тавин гуйж, Засгийн газрынхаа 40 хувийг өгсөн. Энэ 40 хувийг бэлэглэхдээ МАН 90 жилийн түүхтэй эрх баригч намынхаа төр барих арга ухааныг АН-ынханд зааж сурган, дадлагажуулсан нь МАН-ын өнөөдрийн ялагдлын хөрс суурийг бэлдэж өгсөн гэсэн дүгнэлт хийжээ. Сангийн яам зэрэг эдийн засаг, нийгмийн удирдлагын гол цэгийг АН-д атгуулаад зогсохгүй Үндсэн хуулийн цэц, СЕХ, Улсын бүртгэлийн газар зэрэг чухал байгууллагад АН-ын гишүүдийг олноор оруулсан нь тус намынхныг эдийн засаг, санхүү болон боловсон хүчний ур чадварын хувьд бэхжүүлж, өсөж өндийхөд нь тусалсан гэж үзжээ. Энэ үед С.Баяр МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж, МАН УИХ-д 40 гишүүнтэй байв. Гэвч намаа төлөөлөн УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд нь АН-тай засагт хамтарсан шигээ Парламентад ч найзлан, олон чухал хуулийг УИХ-аар хэлэлцэж батлахад маш хариуцлагаг үй хандан МАНАН үүсгэснээр өөрсдийнхөө унах нүхийг малтсан хэмээн уг дүгнэлтэд бичсэн байх юм. Мөн МАХН гэдэг хуучин нэрээ Н.Энхбаярт алдаж, нэр хүнд нь өсөх үйл явцад МАН-ын тухайн үеийн удирдлага, намын бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ буруу байсан. Үйл явдлыг улс төрийн үүднээс урьдчилан харах, бодитой үнэлэлт өгөх туршлага, чадвар дутагдсан. Түүнчлэн МАН ийм байдалд орж, навс ялагдахад намын пиар, мэдээллийн сул дорой байдал үлэмж нөлөөлсөн гэж үзжээ. Мөн “Намын хэвлэл мэдээлэл сонгуулийн кампанит ажлын үед намын мөнгийг гоожуулан завших суваг болж хувирч байжээ” хэмээн дүгнэжээ. МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх бүх сонгуульд мөнгийг бороо шиг гоожуулдаг байсан нь үнэн. Тэр хэрээр ялалтад нь нөлөөлдөг байсныг үгүйсгэхгүй. Гэтэл 2012 оны сонгуульд өмнөх бүх сонгуулиас илүү их мөнгийг хэвлэл мэдээлэлд зарцуулсан ч зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид УИХ-ын сонгуулийн үеийн авлагаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Энэ нь УИХ-ын сонгуулийн үеийн хэвлэлд зарцуулсан бүх мөнгө эзэндээ хүрсэн гэхэд эргэлзээтэй. Тиймээс хууль хяналтын байгууллагаар биш ч дотооддоо аудитын шалгалт оруулах талаар яригдаж буй нь зарим залууст таалагдахгүй байгаа бололтой. Харин МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар бага зардлаар сайн ажилласныг намын гишүүд төдийгүй олон нийт үнэлдэг. Зөв хүнийг нэр дэвшүүлснээс гадна зөв пиар сурталчилгаа явуулсан гэдгийг өрсөлдөгч АН-ын пиарчид нь хүлээн зөвшөөрсөн. “Аваргыг баг нь аварсан ч өөрийгөө аллаа”, “Элбэгээг баг нь алсан ч өөрийгөө аварлаа. Эрх мэдэл, Билэгт хоёртоо баярлалаа” хэмээн АН-ын сонгуулийн штабын нөлөө бүхий эрхэм хэлсэн нь хэвлэл мэдээллийнхэн дунд нэг хэсэг амны зугаа болсон. Хяналтын ерөнхий хороо цаашид гишүүд нь аль нэг албан бус бүлэг, фракцад орж байж албан тушаалд томилогддог, эргээд намдаа бус албан тушаал өгсөн албан тушаалтан, бүлэг фракцад үйлчилдэг зэрэг нь намын нэр хүндийг унагаж байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин одоо МАН-д нэр хүндээ өргөх, ядаж нам доторх эв нэгдлээ батжуулах боломж үлдсэн болов уу?
2016 оны сонгуулиар эхний аравт бичигдэх өрсөлдөөн
МАН-д албан ёсны фракц, бүлэглэл байдаггүй гэдэг. Гэхдээ “Хотын”, “Зүүний хүчний холбоо”, “Баяр, Сү нарын буюу цагаан гартны” гээд албан бус хэд хэдэн фракц бүлэглэл бий. Эдгээр бүлэглэлийн аль хүчтэй нь намын эрх мэдлийг барьж, албан тушаалын томилгооноос эхлээд давуу эрх эдэлдэг. Харин 2012 оны сонгуулиас эхлээд энэ эрх мэдэлд намын жагсаалт буюу УИХ-д ногоон гэрлээр орох боломж нэмэгдсэн. Намд хэн өндөр албан тушаал хашна, түүнд жагсаалтын эхэнд бичигдэх эрх нээгдэнэ. Тиймээс энэ өрсөлдөөн МАН-д хэдийнэ эхэлчихжээ. Шинэчлэх хөдөлгөөний залуучууд намын шинэчлэлийг намын удирдлагыг өөрчилснөөр хийх ёстой хэмээн зүтгэж буй. Гэтэл үүний цаана намаа шинэчлэх биш намын жагсаалтын төлөөх сонирхол нуугдаж буй нь ил болоод байна. Өмнө нь намын аппаратад ажиллах нь сонгуульд ялагдсан, төрд өндөр алба хаших боломж олдоогүй “гологдсон” хүмүүсийн ажлын байр байв. Харин одоо намын аппаратад нарийн бичгийн даргаас дээш албан тушаал хаших нь ирээдүйн УИХын гишүүний түр үнэмлэх болоод байна. Тиймээс МАН-ын амар хялбар аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн амбицтай гишүүдийг энэ “түр үнэмлэх” нэгтгээд байгаа бололтой. С.Баярын хувьд М.Энхболд л биш бол хэнтэй эвсэхэд бэлэн байгаа сурагтай. МАН жижгэрч байх нь түүнд ашигтай хэмээн эх сурвалжууд хэлж байна. Мөн Сү.Батболд түүнтэй хүчээ нэгтгэн ажиллаж байгаа гэх. М.Энхболдын хувьд намын даргад сонирхолтой байгааг үгүйсгэх аргагүй ч жудагтай, нуруутай хүний хувьд амбицаа дарж, намынхаа эрх ашгийг алсуур харж байгаа нэгэн. Тиймээс фракцийнхаа энэ мэт амбицтай хүмүүсийн шахалтаар намаараа тоглох хүн биш хэмээн гишүүд үзэж байна. Түүний фракц бол нам дотроо нөлөөтэй. Тиймээс энэ хүний үг, байр суурь Бага хурлын 300 гаруй гишүүнд нөлөөлнө. Үүнийг тооцсон АН М.Энхболдыг унагах бодлого хэрэгжүүлж байгаа сураг байна. Харин Зүүний хүчний холбооны “толгойлогч” У.Хүрэлсүхийн хувьд “Шинэчилье” хөдөлгөөнийг дэмжээгүй, зохион байгуулаагүй хэмээн мэдэгдэж буй ч залуус нь Бага хурал дээр хэрхэн хөдлөхийг таашгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр У.Хүрэлсүх Зүүний хүчний холбоог өмнөх шигээ зангидаж чадахгүй болсон гэх. Хэрэв энэ үнэн бол амбицаа барьж дийлэхгүй болсон шинэчлэгчид нь намын удирдлагад орохын тулд У.Хүрэлсүхийн байр суурийг тоохгүй л болов уу. Хэрэв ийм байдал үүсвэл МАН-ын дарга хэн ч болсон өмнөх шигээ нэгдмэл байж чадахгүй гэсэн болгоомжлол гишүүдийн дунд бий болжээ. Уг нь МАН-ын Монголын улс төрд 90 жил ноёрхсон нууц нь залгамж чанартаа байсан. Энэ намын дарга хэн байх, хэнээр удирдуулахаа бодлогоор тодорхойлдог, бэлддэг байсан. Гэтэл өнөөдөр хэн дуртай хэсэг бүлэг нь намын шинэчлэл нэрийдлээр даргаа огцруулж, удирдлагаа шинэчлэхийг оролдох нь МАНын авсны нүхийг ухаж, улс төрийн шинэ намыг төрүүлэхээс өөрөөр шинэчлэл болж чадахгүй л болов уу.