Төрийн өмчийн их сургуулиудын захиралд нэрээ дэвшүүлэгчид сонгон шалгаруулалт нэртэй захиалгат жүжгийн туслах дүрд тоглоод өндөрлөв. Захиалгатай учраас сонгон шалгаруулалтын ялагч нь тодорхой. Шалгалтын комиссынхон аман дээрээ шударга үнэний тухай ярих ч, ачир дээрээ хэнд оноо өгч, хэний оноог дарахаа урьдчилан заалгасан утсан хүүхэлдэйнүүд байлаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш төрийн өмчийн их сургуулиудын захирлын албан тушаалыг үүрэг гүйцэтгэгчид хашиж байв. Их сургуулиуд бол манай улсын боловсрол, шинжлэх ухааны гол цөм, эрдэм мэдлэгийн ноён оргил нь юм. Эрдэмтэн багш нар, оюутан залуус гээд нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулах, нэгдсэн зохион байгуулалттай томоохон хүч. Энэ том хүчийг хааш нь залахаас их зүйл шалтгаална. Буруу тийш савлуулбал ямар ч хохиролд хүргэж мэднэ. Тиймээс Ардчилсан намынхан засгийн эрх аваад төрийн өмчийн их сургуулиуд руу шаргуухан дайрч шуугиан тарьсан ч, тэгсгээд дуулианыг намжаасан. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох байсан тул өвөл эхлүүлсэн үймээнээ сонгууль өнгөртөл дарлаа. Ингээд зуны амралт эхэлж, сургууль эзгүйрсэн цагаар захирлын сонгон шалгаруулалтыг завтайхан зохион байгуулах шиг боллоо.
МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн захирлуудын сонгон шалгаруулалтыг арван жилийн сургуулиас их сургуулийн хаалга татах элсэлтийн ерөнхий шалгалт лугаа сүржин явуулав. Захиралд нэр дэвшигчид олон шалгалт өгчээ. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь тэднийг чөлөөт сэдвээр ярилцлагад оруулжээ. Бас төрийн албан хаагчийн 40 асуулттай тест бөглүүлсэн гэж байгаа. Компьютерийн шалгалт авсан ч гэх шиг. Тушаал төлөвлөх, дээд шатны байгууллагад хүсэлт гаргах албан бичиг боловсруулах чадварыг шалгасан нь захиралд нэр дэвшигчдийн өгсөн тав дахь шалгалт. Мөн “Сантис” сургалтын төвтэй хамтарч англи хэлний шалгалт авсан байна. Эцэст нь хуулийн мэдлэгээ шалгуулав. Их сургуулийн захирал болох хүн бүх хуулийг мэдэж байх албагүй. Компьютерийн зургаан өгөгдөл бүхий даалгавар гүйцэтгэх нь их сургуулийн захирал болох хүнд инээд хүрэм өчүүхэн даалгавар. Ийм даалгаврыг дунд сургуулийн сурагч ч хялбархан гүйцэтгэж дөнгөнө. Их сургуулиудын захирлыг сонгон шалгаруулах тухай БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаалын хавсралтад “Захиралд нэг дэвшигч нь доктор, профессор, боловсрол, шинжлэх ухааны салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой” гэх мэтээр боловсрол, мэдлэг, мэргэшил, туршлага, ур чадвар тус бүрийг үнэлсэн нарийн шалгуур тавьжээ. Тийм өндөр шалгуур хангасан хүнээс англи хэл, компьютерийн “цагаан толгой” асуух нь цагийн гарз баймаар санагдана. Эдгээр шалгалтад өнгөлөөд гарч ирсэн хүн сайн захирал болно гэсэн баталгаа байхгүй. Жагсаалтыг ямар ч аргаар тэргүүлж болно шүү дээ.
Шалгалт өгсөн хүн ямар дүн авснаа мэдэж байх ёстой.Гэтэл ЭМШУИС-ийн захиралд нэр дэвшигчид хууль, компьютер, англи хэлний шалгалтынхаа дүнг л сонссон байна. Албан бичиг, тушаал төлөвлөх, ярилцлага хийх зэрэг шалгалтыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй үлджээ. Захирлыг сонгон шалгаруулах шалгалтын комисс БШУЯ-ны аль нэг газрын даргаар ахлуулж, газар хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн гэнэ. Комиссын бүрэлдэхүүнд сургуулийг төлөөлөх нэг багш оруулсан ч тэр багшийн үнэлгээ нөлөө байхгүйг захын хүн хэлж байна. ЭМШУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах комиссын гишүүн, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Албан тушаал, танил талын нөлөөллөөс ангид маш шударга шалгаруулалт болж байна” гэж хэлжээ. “Түүний яриаг хэн ч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Сонгон шалгаруулалт нэртэй тоглоом болоод өнгөрлөө. Үүний оронд сайд их сургуулийн захирал хийж чадах хүнийг шууд томилсон нь дээр байлаа” хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш эрс шүүмжлэв.
Их сургуулийн захирал хүн нам, улс төр, бизнесээс ангид ард түмэн, хамт олныхоо итгэл хүлээсэн, шинжлэх ухаанд танигдсан, эрдэм мэдлэгийн эрх чөлөөнд хүрсэн хүн байх ёстой. Хамгийн энгийн боловч гол шалгуур нь энэ юм. Захирлыг сонгон шалгаруулах комиссынхон дээрх олон шалгалтаас хамгийн гол шалгуур байж болох хамт олны санаа бодлыг сонсох шалгуурыг ор тас мартжээ. Захирал хүн эрдэм мэдлэг, удирдан зохион байгуулах чадвараараа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Гэтэл яамныхан “Багш нар бол гэрээт ажилчид. Тэднээс асуух шаардлагагүй” гэж томорч, эрдэмтэн багш нарыг үл тоомсорложээ. Хагас жил шахам хүлээгдэж, 14 хоног явагдсан энэ шалгалт “сонгон шалгаруулалт” хэмээх сүржин нэрээр өнгөлөн далдлалт хийсэн тоглоом болоод өнгөрлөө. Энэ удаа төрийн өмчийн томоохон таван их сургуулиас ганцхан МУБИС-ийн захирлын сонгон шалгаруулалт явуулаагүй нь сонирхолтой. Тус сургуулийн ректор Б.Жадамба нэг жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт сууна. Тэр болтол ажлаа хийхээр тохиролцсон гэх. Хууль ёсны дагуу түүнийг тэтгэвэртээ гарахад МУБИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа Ганцэцэгийг оронд нь томилно хэмээн төлөвлөж, сугалж үлдээсэн гэх сураг сонсогдов. Ганцэцэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БШУ-ы сайд Л.Гантөмөртэй найз нөхдийн холбоотой гэсэн мэдээлэл байна
Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчийн их сургуулиудыг цаашид нэг бүтэц, зохион байгуулалтаар хөгжүүлэх бодлого барьж байгаа. Санхүү эрхэлсэн захирал нь сургуулийн санхүүгийн эрх мэдлийг гартаа авч, нэгдүгээр гарын үсэг зурах бололтой. Тиймээс МУБИСийн хувьд “шинэчлэлийн” хүн байгаа учир захирал хэн байх нь сонин биш гэсэн бор шувуу их сургуулиудын дунд жиргэж байна. Захирлын сонгон шалгаруулалтын дүнг БШУЯ-наас өнгөрсөн баасан гаригт вэб сайтаараа дамжуулан олон нийтэд зарлалаа. Өмнө нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан захирлууд хамгийн өндөр оноо авсан харагдлаа. Салбарын яам руугаа жим гартал гүйж, албан тушаалтнуудыг халаасандаа оруулсан хүн ч дээгүүр цохиж явна. “Албан тушаалд шунаж, хэт улайрсан хүнийг тэгэх тусам нь битгий томил” гэсэн үгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд, дарга нарт хаягласан. Сүржин нэртэй ч даржин явагдсан сонгон шалгаруулалтын дүнг яамныхан будилуулж удаан дарсан ч тодорхой боллоо. Одоо их сургуулиудын захирлаар хэнийг томилох нь БШУ-ы сайд Л.Гантөмөрийн мэдэлд үлдэв бололтой. Л.Гантөмөр сайд залуу хүн. Түүнд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх өргөн уудам орон зай бий. Монгол Улсын дээд боловсролын салбар хаашаа явах нь түүний томилсон захирал, бүрдүүлсэн багаас шууд хамаарна. Улс төрийн карьераа цаашид өсгөх эсэхэд боловсролын салбарын бодлогыг тодорхойлсон дөрвөн жилийн ажил нь шууд нөлөөлнө. Тиймээс ямар хүмүүсээр багаа бүрдүүлж, Монгол Улсын дээд боловсролын салбарыг хааш нь хөтлөхийг мэргэн оюунаараа тунгаан шийдэх л үлдлээ.