“Олон овоот гоулд” компани бүх ажилчнаа цомхтгож, үйл ажиллагаагаа бүрэн зогсоолоо. Өнг өрсөн жил 194 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан “Олон овоот гоулд” нь “Алтжин” группийн эзэн Г.Алтангийн мэдлийнх. Саяхан “Алтжин”-гийнхан Өмнөговь аймгийн Мандал-Овоо суман дахь Олон овоотын уурхайнхаа хөрөнгийг сайтар битүүмжлээд, манаж байсан хамгаалалтын албыг нь татан буулгаад иржээ. Алтны баялаг нөөцтэй хэмээн олны анхаарлыг татан бизнесийн хүрээнийхний шуналыг нь хөдөлгөж байсан ордыг эзэмшигч компанийн нэр цаасан дээр л үлдэв. Анх Монголын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Олон овоотын ордыг 18.5 тонн алтны нөөцтэй гэж баталсан гэдэг. Үүнээс гадна олон улсад 50 жил ажилласан, асар их туршлагатай гэгддэг Канадын “Вардроп” компани 22.2 тонн гэж тогтоочихсон байгаа. Энэ нь бодит нөөцийнх нь үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл, хөрсийг нь хуулаад олборлоход яг ийм хэмжээтэй алт найдвартай авна гэсэн үг. “Монгол газар” компани ч 111 мянган га газар бүхий 16 тусгай зөвшөөрөлтэй Олон овоотын ордын лицензтэй нэг талбайдаа 62 мянга метр өрөмдлөг хийж, дээрх нөөцийг тогтоосон гэх. Энэ ордын бүх талбайд хайгуул хийвэл 100 тонн алт авах боломжтой гэсэн таамгийг мөн геологичид дэвшүүлж байв. Тэдний таамгаар бол Бороогоос хоёр дахин их алтны нөөцтэй орд байж таарах нь. Ийнхүү олон гуншин тодотголтой Олон овоотын уурхайг “Монгол газар” компаниас “Жаст” групп 2009 онд өртэй нь худалдаж авсан түүхтэй. Саяхан дампуурлаа зарлаж, охин компаниудаа худалдан өрөндөө өгсөн “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Олон овоотын уурхайд 18.5 тонн алт байгаагүй. Бид гурван жил өрөм тавиад дээд тал нь дөрвөн тонн алтны нөөцтэй гэж тогтоолоо. Энэ нөөцийг олборлоод ямар ч ашиг байхгүй” гэж мэдэгдсэн нь дуулиан тарив. Тэрбээр дампуурсан шалтгаанаа “Монгол газар” компанитай орооцолдож, бодит бус нөөцтэй ордыг нь авснаас болсон гэж тайлбарлаад байгаа.
Түүний мэдэгдлийн дараагаар Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Монгол газар” компанитай хуйвалдан худал нөөц баталсан хэрэгт унав. Уул уурхай, санхүүгийн салбарынхан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг увайгүй нөхөр хэмээн цоллож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөнд илтгэл алдарч байна. Ш.Батхүү ч бодит бус нөөц баталж бизнесийг нь эрсдэлд оруулсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. Үнэхээр Олон овоотын алтны нөөц цаасан дээр бичсэн тоо л байсан гэж үү. “Жаст” групп Олон овоотын талбайд гурван жил өрөм тавихдаа гурван сая тонн нөөцтэй хайлуур жоншны орд нээжээ. Тэндээс шохойн чулууны орд ч нээсэн гэдэг. Мөн дөрвөн тонн шахам алтны нөөц илрүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Энэ ордыг “Жаст” групп “Монгол газар”-аас өртэй нь худалдаж авсан бол “Алтжин” групп “Жаст”- аас өрөндөө авсан гэдэг. “Алтжин” группийн удирдлагууд дөрвөн тонн алтыг олборлохын тулд асар их хөрс хуулах учраас ямар ч ашиггүй гэж мэдэгдэж байна. Тэднийхэн “Жоншны орд байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч дэд бүтэцгүй газраас олборлоод ашиггүй. Баяжуулах үйлдвэр барьдаггүй юм гэхэд ядаж төмөр замтай байж ашиг олно. Бид жоншийг нь мөддөө ашиглахгүй байх” гэж ярьж байна. Тиймдээ ч Олон овоотын бодит нөөцийг тогтоотол, өмнөх эздийнх нь маргаан таслагдтал ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тэд шийджээ. Мөн лицензийнх нь төлбөрийг төлөхгүй гэсэн албан бичгээ Ашигт малтмалын газарт хүргүүлсэн гэнэ.
Анхаарал татаж, өрийн нөхөөс болж олон эзний гар дамжсан энэ орд Монголын гурван банкийг дампууруулж, санхүүгийн зах зээлийг нураачих шахсан гашуун үнэнтэй. Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Ганбат “Зоос”, “Хадгаламж” банкны өөрийнх хөрөнгийн хүрэлцээ дутагдах үндсэн шалтгаан нь “Олон овоот” төсөлд өгсөн зээлээс шууд хамааралтай. Энэ төсөлд өгсөн зээл “Анод” банкийг дампуурахад ч тодорхой нөлөө үзүүлсэн” гэж ярьж байв. Одоогийн байдлаар “Олон овоот гоулд” компанийн эзэмшдэг бүх тусгай зөвшөөрлийн эх хувь Монголбанкинд хадгалагдаж байгаа аж. Энэ лицензүүд “Олон овоот гоулд”-оос авлагатай банкуудын дундын барьцааны хөрөнгө болон хоцроод байна. “Монгол газар” найман охин компаниараа дамжуулж, “Олон овоот” төсөлд зориулан 2003 оноос л “Анод” банкнаас зээл авч эхэлсэн байдаг. 2006 оноос аж ахуйн нэгж, иргэн нийлсэн 30 гаруй хуулийн этгээдээр дамжуулан “Зоос”, “Хадгаламж” банкнаас зээл авч байжээ. Тус компани зээлээ төлөхгүйгээр үл барам гадаадын банкнаас зээл авч өрөө төлье гэж мэхлэн барьцааны лицензүүдээ суллуулан авсан нь “Зоос”, “Хадгаламж” банкны “ясыг барихад” хүргэсэн гэнэ. Дампуурсан гурван банкинд Монголбанк эрх хүлээн авагч томилон эргэн төлөлтгүй байгаа зээлийг барагдуулахаар ажиллаж байгаа. Эдгээр “муу” зээлийн багцын дийлэнхийг “Олон овоот гоулд”-ын өр эзэлдэг бөгөөд олон хуулийн этгээдийн нэр дээр авсан зээлийг нэгтгэн Олон овоотын ордын бүх тусгай зөвшөөрлийг барьцаа болгожээ. Монголбанкнаас авсан мэдээллээр өдгөө “Олон овоот гоулд” компани “Анод” банкинд 15 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Үүнийх нь хүү есөн тэрбум төгрөгт хүрчээ. Харин “Зоос” банкинд 58 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд хүү нь 20 тэрбум төгрөг бол “Хадгаламж” банкинд 61 тэрбум төгрөгийн өртэй байгаа гэнэ. Энэ өрийн 10 тэрбум төгрөгийг “Анод” банкнаас шилж үүлэн авчээ. Өөрөөр хэлбэл, “Хадгаламж”- аас 51 тэрбум төгрөг зээлсэн гэсэн үг. Эдгээр зээлийн нийт хүү 29 тэрбум төгрөг. Тэгэхээр “Олон овоот гоулд” компани нийт 163 тэрбум төгрөгийн өртэй болсон байх нь. Мөн шүүхийн шийдвэр нь гарсан нийгмийн даатгал, татварын үлэмж хэмжээний өрийн үлдэгдэл “Олон овоот гоулд” компанид бий гэнэ. Эдгээрийг нь банкуудад төлөх өртэй нь нэгтгэвэл 200 тэрбум төгрөгт хүрэхийг эх сурвалж дуулгалаа.
“Жаст” группийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн 120 сая ам.долларын тодорхой хэсгийг ч “залгисныг” Ш.Батхүү нуугаагүй. Тэгэхээр “Олон овоот” төсөл дотоодын банкуудыг дампууруулж, Монголын санхүүгийн зах зээлийг доргиогоод ч зогсоогүй гадаадын банкны хөрөнгийг ч гайтуулжээ. Нөөцтэй эсэх нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь зогссон “Олон овоот гоулд” компани энэ их өрийг төлөхгүй нь гарцаагүй. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчид авах зээлийнхээ хүүг бодоод суугаад байх нь уу. Уул уурхайн яамны Стратеги, бодлого төл өвлөлтийн газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Ч.Отгочулуун ирэх долоо хоногт Олон овоотын ордын нөөцтэй холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж байгаагаа дуулгалаа. Ямар дүгнэлт гаргах нь сонирхол татах нь мэдээж. Зарим эх сурвалж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн шинжилгээ хийгээд тогтоосон нөөц нь бол бодит, харин “Олон овоот гоулд” компанийнхан алтны судлаа сэтэлж алдаа гаргасан гэсэн урьдчилсан дүгнэлт боловсруулсан гэж мэдэгдэж байна. Олон овоотын ордын хайгуулыг удирдаж ажилласан геологич Ц.Баярсайхан “Олон овоотоос олборлолт хийхдээ технологийн алдаа гаргаж, асар их хэмжээний хөрс хуулсан. Түүнээс биш нөөцийн тоо бодитой. Би хийсэн ажлаа хэний ч өмнө хамгаалж чадна” гэж ярьжээ. Тэгвэл Ш.Батхүү “Яаж ч бодсон нөөцийг нь худал батлуулсан хэрэг. Би хадны завсар хавчуулагдчихаад байлаа. 20 тонн алтны нөөц хаана байна вэ? Гэтэл алтаа олборлоод зээлээ төлөөч гэдэг. Өндөр зэрэглэлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулахад бага нөөцтэй нь тогтоогдож байна” гэж мэдэгдсэн. Ш.Батх үүгийн алдаа байв уу, эсвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн алдаа юу? Одоогийн нөхцөлд хэнд нь илтгэх арга алга.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Олон овоотод дүн шинжилгээ хийлгэхээр өнгөрсөн жил томилсон Д.Чулуун, Г.Ухна нар дүгнэлт гаргааг үй гэсэн. Тэдэнтэй “Алтжин” групп нөөцийн шинжилгээ хийлгэх гэрээ байгуулаагүй юм билээ. Төр олон зовлон дагуулсан Олон овоотын ордод хөндлөнгийн шинжээчдээр дүн шинжилгээ хийлгэж, үнэн худлыг дэнслэн өрийг нь хэрхэн барагдуулах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй болов уу.
Ж.ЭНХБАТ