Гэнэтхэн нэг л өдөр тэр бидэнд ирсэн юм. Хэдий бид хүүхэдтэй болох бэлтгэлгүй байсан ч гэнэтирсэн бяцхан зочноо буцаахыг хүссэнгүй. Тэгээд ч таван хаврыг хамтдаа үдсэн бидэнд эргэлзэх шалтгаан үгүй байлаа. Ингээд л бяцхан сахиусан тэнгэрээ угтах ажилдаа оров. Долоо хоног ажлаасаа чөл өө авч, шаардлагатай бүх шинжилгээг өгл өө. “БЗХӨ алга, шүд эрүүл, ямар нэгэн өвчингүй” гээд л ер нь шинжилгээний хариунууд онцсайн гарлаа. Одоо харин ЭХО-д харуулах ганц ажил үлдэв. ЭХО-д харуулахын тулд долоо хоног хүлээх хэрэг гарсан юм. Учир нь манай эмнэлэг ЭХО-ны ганц аппараттай учраас ачааллаа дийлдэгг үй ийн дугаарладаг байна. Миний дугаар авсан өдөр ирэв. Би жирэмсний найман долоо хоногтой байлаа. Цэлмэг тэнгэрээс аянга ниргэж, ЭХО-ны эмч “Өсөлтг үй жирэмслэлт байна” гэх нь тэр. Өсөлтг үй жирэмсэн гэх үг ямар учиртайг би сайн мэднэ. Өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн боловч жирэмсний эрт үед өсөлт нь зогссоныг өсөлтгүй жирэмслэлт гэдэг. Эмчийн хэлснээр зургаан долоон хоногтойдоо өсөлт нь зогссон юм байжээ. Өсөлтгүй жирэмсэн болсон бол цэвэрлэгээ хийлгэхээс өөр эмчилгээ байдаггүй.
“Би ээж болох нь” хэмээн баярлаж байсан цөөнгүй танил минь энэ оношоор цэвэрлэгээ хийлгэсэн юм. Тэр гэнэт ирсэн шигээ гэнэт явчихлаа. Гэхдээ маш их зовлон шаналал үлдээгээд намайг орхисон юм. Цэлмэг өдөр аянганд ниргүүлсэн надад “За за, юундаа уйлдаг юм. Чам шиг хүн өдөрт хэдэн арваараа ирдэг. Залуу хүн дахиад л жирэмсэлчихнэ” гэж ЭХО-ны эмч хэлэв. Түүнээс “Яагаад өсөлтгүй болдог юм бэ” хэмээн асуувал “Түмэн шалтгаан бий. Чамд алийг нь тоочих вэ” хэмээн хэнэггүй хариуллаа. ЭХО-ны өрөөнөөс гараад эмэгтэйчүүдийн эмч дээр очлоо. “Өө, өсөлтгүй юм уу. Чиний өмнө хоёр эмэгтэй ийм оноштой ирсэн. Одоо чи II амаржих руу оч” гэж байна. Түүнээс мөн л “Яагаад ийм болдог юм бэ” гэвэл “Өсөлтгүй болдог шалтгааныг одоо хүртэл бүрэн тогтоогоогүй байгаа. Ихэвчлэн гадаад орчны вирусээс шалтгаалдаг. Утаа, тоос гээд л...” Тэр өөр юм хэлсэнгүй. Эмнэлгийн хүйтэн хонгил. “Анхаар! Мэс ажилбар хийгдэж байна” гэх өрөөний үүдэнд гурван бүсгүй дугаарлан суужээ. Тэдний нэг нь би. Энэ өрөө нэлээд оочертой байдаг бололтой. Өрөөнөөс бөлцийтл өө уйлсан 30 орчим насны бүсгүй ярвайсхийн гарч ирлээ. “Энэ өсөлтгүй жирэмсэн одоо болиосой. Өглөөнөөс хойш л цэвэрлэгээ хийлээ. Одоо дахиад хоёр байна” гэх залхсан шинжтэй эмч нарын яриа сонсогдов. Миний ээлж боллоо. Эмчилгээ хийлгэснийхээ дараа эмчтэй уулзаж, шалтгааныг нь тодруулан зөвлөгөө авахыг хүсэж байв. Гэтэл сувилагч бүсгүй жор бичсэн цаас гарт минь атгуулаад асуулт асуухын зуургүй яваад өгчихлөө. Жор бичсэн ч гэж дээ, уух ёстой эмийн жагсаалт шивсэн цаасан дээр нэрийг минь бичиж өгөөд л гарч одсон. Юунаас болсон байж болох, ямар эмчилгээ хийлгэвэл зүгээр гээд асуухыг хүссэн бүхэн өөрт минь үлдлээ. Ямар ч зөвлөгөө байхгүй шүү. Өсөлтгүй болсон бол зургаан сарын дотор жирэмсэн болж болдоггүйг танилаасаа сонссон ч эмч нарын хэн нь ч надад анхааруулсангүй.
Клиникийн II амаржих газраас энэ онд хийсэн судалгаагаар арван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй болж байгаа дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, хэвлийдээ ураг тээсэн 100 бүсгүй тутмын арав нь ураг өсөлтгүй гэх шалтгаанаар хүүхдээ төрүүлж чадахгүй байна. Манай улсад жилд дунджаар 65 мянган хүүхэд төрдөг гэх судалгаа бий. Тэгвэл жил бүр 6500 хүүхэд ээж, аав, эх орондоо ирж чаддаггүй гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, ураг өсөлтгүй болж жирэмслэлт таслагдахгүй бол төрөлт 10 хувиар нэмэгдэх юм. Гэхдээ энэ бол зөвхөн нийслэлийн II амаржих газраас хийсэн судалгаа. Манай улсад жилд хэдэн жирэмслэлт өсөлтгүй болж байгаа талаар нэгдсэн судалгаа байхгүй. Түүнчлэн эмч нар нь хүртэл энэ талаар мэдлэг хомс. Тухайлбал, нэгэн төрөхийн эмч өсөлтгүй жирэмслэлтийн 80 гаруй хувь нь цитамегаловирусээс болдог хэмээсэн юм. Тэрбээр эл вирусийг зөвхөн бэлгийн замаар халддаг болохыг тодотгосон. Гэтэл энэ вирус дан ганц бэлгийн замаар халддаггүй юм байна. Хүний шүлс, цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сүүнд байдаг аж. Халдвартай хүний хэрэглэж байсан аяганаас уух, бэлгийн харилцаанд орох, цус сэлбэх, эрхтэн шилжүүлэх болон амьсгалын зам, хөхний сүү зэргээр энэхүү вирус халдварладаг байна. Эл вирусээр халдварласан хүн өвддөггүй, ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрдэггүй учраас шинжилгээ өгөхөөс нааш өөрийгөө халдвартай эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс жирэмслэхийг хүсэж байгаа эмэгтэй эл вирусийн шинжилгээг заавал хийлгэх хэрэгтэй гэнэ. Наад захын иймэрхүү мэдээллийг улсад данстай төрөх эмнэлгийн эмч нь мэдэхгүй, бэлгийн замаар л халдварладаг гээд сууж байх жишээтэй.
Төр анхаардаггүй, төрөх эмнэлгийн эмч нар нь мэдлэггүй байхад өсөлтгүй жирэмслэлт буурна гэж үү. Ийм мэдлэгтэй эмч нар х а н галттай мэдээллийг эмэгтэйч үүдэд өгч, дахин хэвийн жирэмслэхэд нь тусалж чадна гэж үү. Мэдлэгтэй эмч нар байгааг үгүйсгэхг үй. Гэхдээ амнаас нь алт унах гэж буй мэт хангалттай зөвлөгөө өгч чадахгүй бол эмч гэх эрхэм нэр зүүх юун. “Хоёр дахь удаагаа ураг нь өсөлтгүй боллоо гээд ирдэг хүмүүс бий” гэж нэгэн эмч ярив. Үнэнийг хэлэхэд ийм эмчилгээ хийж, иймэрхүү зөвлөгөө өгч байхад дахин ураг өсөлтгүй болоход гайхах зүйл үгүй мэт. Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өсгөх бодлогын хүрээнд цөөнгүй ажил хийж байгаа. УИХаас ч төрөлтийг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж байна. Ээжүүдэд хүүхдээ хоёр нас хүртэл нь харахад зориулж тэтгэмж олгохоор ч ярьж эхэлсэн. Гагцхүү хүн болж хорвоод мэндлэхээсээ өмнө ертөнцийг харамсалтайгаар орхиж буй бяцхан иргэддээ ямар ч анхаарал халамж тавьсангүй. Жил өнгөрөх тусам өсөлтгүй жирэмслэлт өмнөхөөсөө нэмэгдэж байна гээд тоолж суухаас өөр хийсэн ажил алга. Тэднийг тоолж суух хооронд ээж, аав болохоор бэлтгэж байсан хэдэн зуун залуус үрээ алдаж, нулимсандаа живж суугааг тэд мэдэх болов уу.
Наанадаж л манай улсад ямар шалтгаан ургийг өсөлтгүй болгоод байгааг судалж, яаж урьдчилан сэргийлэх талаар салбарын яам нь анхаарал тавивал зүгээрсэн. Үнэхээр вирусийн халдвараас ураг өсөлтгүй болоод байгаа юм бол төрөх насны эмэгтэйчүүдийг нийтээр нь шинжилгээнд хамруулбал яасан юм бэ. Ингэвэл харин төрөлтийг жинхэнэ утгаар нь дэмжих бус уу.
Д.Мянган