Их спортын гол дайсан допинг гэдгийг спорт сонирхогчид бүгд мэддэг билээ. Өнөөгийн шинжлэх ухааны ачаар бид илүү ихийг мэддэг болсон ч үүний ард зарим муу зүйлс ч нуугдаж байдаг. Үүний хамгийн том жишээ бол дугуйн алдарт тамирчин асан Лэнс Армстронг юм.
Армстронг долоон жилийн хугацаанд мэргэжлийн дугуйн нэр хүндтэй тэмцээн болох “Тур де Франс”-т засваргүй түрүүлсэн нь хүч тамир оруулах бэлдмэлийн ач тус байсан нь илэрсэн. Тэгвэл саяхан IAAF (Олон улсын хөнгөн атлетикийн холбоо)- ноос АНУ-ын гүйгч Тайсон Гэй болон Ямайкийн Асафа Пауэлл нарыг сэргээшийн асуудлаар шийтгэсэн. Үүгээр ч барахгүй тус холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулахаар шийдэв.
Сэргээш хэрэглэсэн тамирчинг хоёр жил тэмцээнд оролцохыг хориглодог журамтай байсан бол энэ хугацааг 2015 оноос дөрвөн жилээр сунгах болсноо зарлав.
Марафон гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч, өдгөө холбооныхоо допингийн хэлтсийн гишүүн Паула Редклифф өгүүлэхдээ “Бүх насаар нь хориглож чадахгүй ч, энэ өөрчлөлт нь зөв чиглэл хэмээн бодож байна” гэв. Олон тамирчид сэргээшийн асуудлаас болж хоёр жилийг алдсан. Тэд олимпийн тоглолтод орох эрхгүй болдог. Харин дөрвөн жил болгож өөрчилвөл ДАШТийг ч өнжих нь. Энэхүү хоёр жилийн хугацаанд шийтгэдэг журмыг 1995 оноос эхлэн мөрдсөн. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Туркт 31 тамирчнаас допинг илэрсэн бөгөөд энэ жилийн ДАШТийг зохион байгуулагч орон Орост л гэхэд 40-өөс хол давсан тамирчид сэргээшийн шинжилгээнд унасан байна. 200 метрийн гүйлтэд дэлхийн аварга болж байсан өдгөө IAAF-ийн тамирчид хариуцсан захирал Франки Фредерикс “Бид сэргээшийн эсрэг хатуу зогсч байгаа. Тамирчдыг бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглох санаа бий ч энэ удаад дөрвөн жилээр өөрчлөх бодолтой” хэмээн өгүүлжээ.
Сэргээшийн асуудалтай холбоотой Ямайкийн гүйгч, дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт өөрийгөө цэвэр гэдгийг зарлав. Тэрбээр болж буй үйл явдалтай холбогдуулж, олны эргэлзээг тайлахын тулд ийн мэдэгдсэн юм. Сэргээшийг тойрсон асуудал зөвхөн IAAFийн санааг зовоож буй биш юм. Дэлхийн шилдэг гүйгчийн мэдэгдэл хийх болсон шалтгаан ч бас өөр зүйлтэй холбоотой. Саяхан FIFA-аас Ямайкийн нэгэн хөлбөмбөгчнийг 30 хоног тэмцээнд оролцохыг хориглосон. Түүний “А” сорьцны шинжилгээний хариу асуудалтай гарсан нь ийн хориг тавихад хүргэв. Харин тоглогч өөрөө “Б” сорьц өгөхөөс татгалзсан байна. Ирэх жил болох ДАШТ-ий эрх авах тэмцээнд ЯмайкаГондурасын тоглолтын үеэр авсан сэргээшийн шалгалтад муу дүн гарсан нь энэ. Асуудал ингээд дууссангүй, Америкийн мэргэжлийн бейсболын лиг (MLB)-д 14 тамирчин сэргээшийн бэлдмэл хэрэглэсэн нь тул улирлын тоглолтуудыг гэртээ үзэхээс өөр аргагүй байдалд оров. Түүний дотор “Нью-Йорк Янкиз” багийн тоглогч Алекс Родригес багтсан нь харамсалтай.
Өдгөө 38 настай тоглогчийг лигийн удирдлагууд 211 тоглолтоор торгосон нь 2014 оны улирлыг бүхэлд нь өнжих болж байна. Родригес “Янкиз”-тэй 2007 онд арван жилийн 275 сая ам.долларын нүсэр гэрээнд гарын үсгээ зурж, MLBийн хамгийн өндөр үнэтэй тоглогч болж байв. Тэрчлэн Энэтхэгийн 52 тамирчин сэргээшийн шалгалтад бүдэрсэн нь одоогоор хамгийн их тоо. Энэ бүхний эхлэл нь германчууд гэж үзэж буй. “Хүйтэн дайн”-ы улмаас хоёр хуваагдсан Германы хувь заяа 1989 онд Берлиний ханыг нурааснаар шийдэгдсэн билээ. Зүүн германчуудын допинг хэрэглэж байсны хамгийн гол баталгаа бол Андреас Кригер. 16 настай байхдаа Хейди нэртэй эмэгтэй байсан түүнд Зүүн Германы бодлогоор эр гармон шахаж байсан нь одоо ил тод болсон. Кригер их спортоо 24 настайдаа орхисон юм.
Харин Баруун Германыхан 1970 оны дундуур нэгэн бодлого барьсан нь өөрийн дайсан Зүүн Германаас спортоор илүү гарахын тулд тамирчдад нууцаар сэргээш өгдөг байсан нь нэгэнт ил тод болсон юм. Тэд тамирчин хөвгүүдийг урьдаас сонгож, бүр 11 настайгаас нь бэлтгэж байжээ. Баруун германчууд 1972 оны Мюнхений олимпийн тоглолтыг зохион явуулж, 40 медаль хүртсэн бол зүүн германчууд 66 медальд хүрсэн. Дөрвөн жилийн дараа Монреальд болсон олимпод БНАГУ 90 медаль зүүсэн бол ХБНГУ ердөө 39 медаль дээр буужээ. Чухам эндээс л дээрх бодлого үүсчээ. Гэхдээ FIFA-ийн эмнэлгийн албаны мэдээнд 1966 оны ДАШТ шигшээ тоглолтод шалгарсан гурван хөлбөмбөгчнөөс сэргээш илэрсэн гэж бичигдсэн байдаг аж. Үүнээс үзвэл бүр 1945 оны дэлхийн II дайны үетэй ч холбогдож байгаа юм.
Нэгэн албаны хүний хэлснээс үзвэл энэхүү сэргээшийн асуудал ирэх 10- 15 жилд бүрэн ариллах гэнэ. Уг сэргээшийн талаар анхлан Германы хамгийн том өдрийн сонин болох “Suddeutsche Zeitung” мэдээлжээ. Тэд 800 хуудас бүхий баримтад тулгуурлан товчлон хүргэсэн байна. Түүнд өгүүлснээр бол уг сэргээшийг 1950 оноос эхэлж хэрэглэсэн бөгөөд харин 70-аад дундаас төрийн бодлого баримтлах болсон юм байна.
Э.Тэмүүлэн