Энэ оны эхээр Засгийн газрын тэргүүн “2013 онд Оюутолгойн зэс, алтны ордын үйлдвэрлэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний олборлолтыг хоёр дахин, төмрийн хүдрийн олборлолтыг өмнөх оноос 23 орчим, газрын тосны олборлолтыг 0.6 хувиар нэмэгдүүлж улсын төсвийн орлогыг бүрдүүлнэ” гэж УИХ-ын чуулганы индэр дээр бардамхан мэдэгдэж байв. Ийнхүү Монгол Улсын 2013 оны төсөв “цамаан” батлагдаж буй нь газар тариалангийн салбараас олох ашиг, мах, гурил боловсруулах болон цемент, барилгын материалын үйлдвэрүүдээс шинээр олох ашиг нэмэгдэж буйтай холбоотой хэмээн тайлбарласан байдаг.
Төсвийн орлого тасалдаж, төрийн данс улайж буй шалтгааныг олон эх сурвалж Монголын бизнес, хууль эрх зүйн орчин муудсантай холбоотой хэмээн үзэж буй. Үнэхээр ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гаднын компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулагчдын туслан гүйцэтгэгчээр ажилладаг дотоодын олон компани татвараа төлж чадахгүй гацаанд оржээ. Түүнчлэн монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-гоос ашиг харах биш алдагдал хүлээх нь тодорхой болсон. Энэ мэт бараан мэдээ дуулсан ч тайван амарч дэлгэр зунаа үдэхийг чухалчилсан монголчуудын сэтгэлийг цаг нартай уралдан өсөж буй валют, үүнийг даган суларч буй төгрөгийн ханш, огцом нэмэгдэж буй өргөн хэрэглээний барааны үнэ зовоох болов. Араас нь Оюутолгойн ордын далд уурхай үйл ажиллагаагаа зогсоож 1000 гаруй монгол ажилчдын хувь заяа бүрхэг болж байгаа гэх мэдээ улс орны эдийн засагт сайн мэдээ мөд дуулдахгүйг дохиолж буй. Хэтэрхий цамаан төсөв хэрэг дээрээ ердөө мөрөөдөл болж мэдэхээр байгааг энэ оны нэгдүгээр улирлын баланс харуулж, эрх баригчдад анхны дохио өгсөн юм. Энэ үед төсвийн орлого тасалдаж, зарлага, санхүүжилт 58 хувьтай гарсан ч эрх баригчид “Эдийн засгийг сэргээхийн тулд санхүүгийн бодитой механизмуудыг ашиглана. Хоёрдугаар улирлаас байдал эрх биш дээрдэх болов уу гэж найдаж байна” хэмээн тайвшруулж байлаа.
.jpg)
Арван хувь байгаа хүн амын орлогын татварыг 25 хувьд хүргэх судалгааг эхлүүлсэн сурагтай
Гэвч үйл явдал Засгийн газрын тэргүүний мэдэгдэл шиг хэт шулуун өрнөсөнгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч УИХ-ын чуулган дээр ийм мэдэгдэл хийж байхдаа ирэх намар гэхэд улс орны эдийн засаг сайжрах нь бүү хэл сайн мэдээ дуулгахгүй гэдгийг гадарлаж байсан бололтой юм. Тиймээс улсын төсвийн бүрдүүлэлтийг нэмэх оновчтой төлөвлөгөө боловсруулах ажлыг өнгөрсөн хавар яаран эхлүүлсэн сураг байна. Хөөс ихтэй, цамаан төсвийг Шинэчлэлийн Засгийн газар хүн амын орлогын татварыг нэмэх замаар бүрдүүлж, алдагдлаа нөхнө гэж тооцоолж байсан аж. Тиймээс Ажлын хэсэг байгуулж, одоо арван хувь байгаа хүн амын орлогын татварыг 25 хувьд хүргэх судалгааг эхлүүлж, үр дүнгээ тооцон, шийдвэр гарах мөчөө хүлээж буй сурагтай. Угтаа бол төр улайсан дансаа цэнэглэхийн тулд иргэдийхээ халаасанд гараа шургуулах биш, төрийн албанд завсаргүй чигжсэн найз нөхөд, ах дүү, хамаатан саднаа цөөлж, төсвийн цоорхойг нөхөх учиртай баймаар. Юутай ч шийдвэрийг хэрэгжүүлэх машин хараахан асчихаагүй нь эдийн засгийн хямралын тухай ар араасаа түгж буй таагүй мэдээллүүдийг иргэд хэрхэн хүлээн авч байгааг тандах нь зөв гэж засаг үзэж буйтай нь холбоотой аж.
Шинэчлэлийн Засгийн газрын зуун төгрөгийн орлого олсон иргэнээс 25 төгрөгийг нь татаас болгон авч, улсын төсвийн алдагдлыг нөхөх арга ядсан гарцыг үнийн өсөлтөд дарлуулж буй иргэд тийм ч амар хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажиллагаа өрнөхөд сөрөг хүчин хангалттай эсэргүүцэл үзүүлэх тул эхний ээлжинд тандалт явуулж буй бололтой юм. Олны санааг зовоож байгаа улс орны эдийн засагт гарсан энэ өөрчлөлтийг УИХ дахь МАНын бүлэг зүгээр хараад өнгөрөөхгүй нь тодорхой болов. Тэдний зүгээс эдийн засгийн хүнд нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 2013 оны төсөвт тодотгол хийх, нөхцөл байдалтай уялдуулан арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ээлжит бус чуулганыг зарлах нь зөв гэж үзсэн сураг гарч байгаа. Эдийн засагтай холбоотой олиггүй мэдээлэл УИХ-ын анхааралд орсон энэ өдрүүдэд улс үндэсний баяр наадмаас хойш аймаг, хошууны наадам хэсэж, нуур цөөрөм бараадан амарч, зугаалж ирсэн ҮАБЗ-ийн гишүүд саяхны нэг өдөр олон нийтэд зар түгээн хуралдаж, валютын ханш өдрөөр бус цагаар өсөж, юмны үнэ тэнгэрт хадаж, улс орны эдийн засаг хүндэрч буй талаар хэлэлцсэн гэнэ лээ. Тэднийг амарч, зугаалж явахад биш ирмэгц нь ноён доллар нэмэгдсэн юм шиг л яаран хуралдсан байдаг.
“Бид хэчнээн ажиллаад ч валют орж ирэхгүй байна”
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт ямар ч мөнгө орж ирэхгүй байна. Өмнөх Засгийн газар үйлдвэрлэж буй баялгийн мөнгөө урьдчилан зээлж, халамжийн мөнгө болгон тараасан. Бид хэчнээн ажиллаад ч валют орж ирэхгүй байна” гэж танхимаа өмгөөлөөд авчээ. ҮАБЗ-ийн хуралдаан дээр уснаас хуурай гарах арга зам эрэлхийлсэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар энэ онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөг, “Чингис” бондын эх үүсвэрээс 1.9 их наяд төгрөг гаргаж бүтээн байгуулалт хийнэ гэж тооцоолоод буй. Харамсалтай нь мөнөөх бүтээн байгуулалтуудын цөөнгүй нь хэрэгжүүлэх арга замыг заасан бэлэн төс өлгүйгээс болж гацаанд орсон нь нэгэнт тодорхой болсон. Тухайлбал, “Чингис” бондын хөрөнгөөр төс өл нь бэлэн болсон 800 орчим тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлэх ёстой ч ердөө 200 гаруй тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийгдсэн гэж байгаа.
Мөн энэ оны эхний хагаст улсын төсвийн хөрөнгөөр хийх 1.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг 800 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх ёстой ч мөн л төсөл байхгүй, гэрээ хийгдээгүйн улмаас энэ ажлуудад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө “Эдийн засаг сульдан доройтож буйн шалтгаан нь өмнөх Засгийн газартай холбоотой” гэж ойлгуулахыг чухалчилж байгаа бололтой. Түүний энэ санааг дэмжсэн Шинэчлэлийн Засгийн газрын төлөөлөгч, эдийн засагч, улстөрчдийн ярилцлага, нийтлэлүүд хэдийнэ олон нийтэд түгж эхэлсэн. Хэзээ мөдгүй УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдал, 2013 оны улсын төсвийг хэлэлцэж Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ажилд дүн тавих бололтой.
Энэ тохиолдолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны эхний хагас жилд нүүрсний экспорт 50, банкны сектор дэх гадаад валютын хадгаламж 40, гадаадын хөрөнгө оруулалт 44 орчим хувиар буурсан. Аялал жуулчлалын орлого, гадаадад ажиллаж буй монголчуудын мөнгөн гуйвуулга буурч, банкны сектор дэх гадаад валютын хадгаламж бараг 40 орчим хувиар буурсан” гэдгийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөх нь байна. Харин үүний эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм гэдгээ тайлагнаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Д.ЦАЦРАЛ