Монгол дахь улс төрийн синдром хавар эхэлдэг байлаа. Уярах цагтай зэрэгцээд жагсаал, цуглаан, өлсгөлөнгөөр үргэлжилж, улс төрийн гал халуун тэмцэл дунд хаврын хахир өдрүүд нэг л мэдэхэд дууссан байдаг байв. Бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх, талхны үнэд өөрчлөлт оруулах сургаар л ард түмний нэрийн өмнөөс хэн нэгний синдром нь хөдөлж, Засгийн газартай үзэлцдэг байлаа. Гэтэл тэр жилийн хавар ч, энэ жилийн хавар ч тийм зүйлгүй өнгөрөв.
Харин ч эрх баригчид нь хэний ч шахалт шаардалтгүйгээр ядарсан ард түмэндээ утаа үйлдвэрлэгч “хар алтаа” үнэгүй шахам тарааж, бензиний үнийг 50 төгрөгөөр хямдруулж, найман хувийн хүүтэй мөнгөөр орон сууцжуулах хөдөлгөөн өрнүүлж, түмний магнайг тэнийлгэв. Тэр ч байтугай өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн зээлийн хүүг тэн хагасаар нь бууруулан олон сайхан ажлуудыг сайн дураараа санаачлан хийж, буянаа дэлгэрүүлэв.
“Буян дааж амьдраарай” гэдэг шиг төр, засгийн энэ их буяныг ард түмэн даах гэж төдийг өөс өдий хүртэл чардайн зүтгэж, сонгуульдаа ч идэвхтэй оролцлоо. Одоо 2016 оноос нааш сонгууль байхг үй. Өөрөөр хэлбэл, ард түмэн бодит амьдралтайгаа нүүр тулах цаг ирлээ. Хавар өрнөдөг байсан синдром энэ намраас нэлээд өрг өн хүрээнд хөдл өх нь тодорхой болоод байна.
Амьжиргааны төлөөх синдром ба тэмцэгчид хаачив
Валютын ханш буурах болов уу, юмны үнэ нэмэгдэх юм биш биз, засаг төр яах гээд байна вэ гээд эргэлзээ төрүүлсэн, айдас дагуулсан бодит мэдрэмжүүд олон нийтийн дунд хэдийнэ яригдаж эхэлжээ.
Засаг солигдож хэн Ерөнхий сайд, дарга цэрэг болох нь ард түмэнд хамааг үй ээ. Харин намарт зориулан хурааж хуримтлуулсан хэдэн төгрөг нь хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлж хүчрэх эсэх нь, цаашид цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэх эсэх, төр засгийг удирдаж буй эрх баригч нам нь нийгэм, эдийн засагт үүссэн уналтын эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь ард түмэнд чухал байна. Үүнийг хэрхэн шийдэхийг хүлээж байна, яарч байна.
МАН УИХ-ын намрын чуулганыг хугацаанаас нь өмнө эхлүүлж ээлжит бус чуулган хуралдуулахыг эрх баригчдаас шахаж шаардаад өчнөөн удлаа. Ирэх сарын эхний долоо хоногт гэж байсан боловч 10 гаруй хоногоор хойшлуулсан мэдээлэл байна. Нэг хоногийн өмнө ч гэсэн эргэлзээ тээнэгэлзэл, тодорхойгүй бүхнийг тодруулах зайлшгүй шаардлага ард түмний дунд байна. Гэвч өнөөдөр улстөржилтөд автсан Засгийн газар, УИХ-д ийм хүсэл эрмэлзэл байна уу.
Улсын сан хөмрөгийн авдар хоосорч валютын нөөц рүүгээ гар дүрж эхэлсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Өнгөрсөн сараас огцом өссөн валютын ханшийг Монголбанк аргацаах төдийгөөр аргалж байна. Хэдхэн хоногийн өмнө зах зээлд 18 сая ам.доллар нийлүүллээ. Гэтэл өнөөдөр үр өгөөж нь мэдрэгдсэнгүй. 1600 төгрөгт дөхсөн ам.доллар, 2000 төгрөг хол давсан евро, 300 төгрөг дөхсөн юанийн ханш цааш нэмэгдэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй байна.
Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 13-16 хувь нэмлээ. Валютын ханшийн өсөлт хичээлийн хэрэглэл, зарим бараа бүтээгдэхүүнд нөлөөлж өдрөөс өдөрт үнэ нь өссөөр байна. “Дайр нь дээр нь давс” гэгчээр Засгийн газар бүтээн байгуулалтад зарцуулна хэмээн сүр дуулиантайгаар зарлан босгосон Чингис бондын хэдэн арван тэрбум төгрөгийг оёдлын хэдхэн үйлдвэрийг “дэмжихэд” зарцуулснаас сурагчийн ганцхан ширхэг дүрэмт хувцас нэг айлын бүтэн сарын хоолны төсөвтэй дүйцэхээр үнэлэгдэж буй. Энэ нь Засгийн бодлого нэг л биш байгаагийн жишээ болж байна.
Хичээлийн шинэ жил тойрсон дээрх асуудлыг айл өрх бүр дор бүрнээ хураамж хуримтлуулснаараа аргалах л байх. Харин тэгээд дараа нь яах вэ.
Ерөнхийлөгчийн сонгууль дуусаж, шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв үү үгүй юү л цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Суурь үнэд оруулсан энэ өөрчлөлтийг зарим хүмүүс мэдээгүй ч байж магадгүй. Найр наадам, амралтын сарыг тааруулан чимээ аниргүй хийсэн энэ нэмэгдэл ирэх сараас айл өрх бүрт мэдрэгдэж эхэлнэ.
Цахилгаан, дулаан хэрэглэдэг айл өрх, албан байгууллага бүхэн энэ дарамтыг давж гарч чадах болов уу. Цахилгаан хэрэглэдэг, дулаан авдаг байгууллага, үйлдвэрлэгч бүхэн бүтээгдэхүүнийхээ үнэд алдагдлаа шингээж, үнээ нэмнэ. Бензин шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж байлаа. Харин одоо цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл өргөн хэрэглээний үнэд үүнээс ч илүү нөлөөл өхийг үгүйсгэх аргагүй юм.
Тэгэхээр ирэх есдүгээр сараас намрын синдром айл өрх, байгууллага, хүн бүрийн хэтэвчийг тэмтэрч эхлэх нь. Гэтэл энэ бүхнээс ард түмнээ хамгаалж, эрх баригчдад амьдралыг мэдрүүлдэг асан тэмцэгчид маань хаачив аа. Тэд эрх баригчдад гудамжны тэмцэгчид хэмээн адлагддаг ч, ард түмэнд авралын баатар болдог байлаа. Гэтэл бүгдээрээ шахуу өнөөдөр төрийн өндөр албан тушаалтан болцгоосон. УИХ-ын гиш үүнээс эхлээд агентлагийн даргын өндөр эрх мэдэлд хүрсэн тэд улс орны ийм эгзэгтэй үед яагаад чимээгүй болчихов?
Бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, АН-ын УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга О.Магнай нар минь ард түмнээ мартчихаагүй биз дээ.
Эрх мэдлийн төлөөх синдром
АН төр, засгийн бүх түвшинд эрх баригч нам боллоо. УИХ, Засгийн газарт төдийгүй, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг энэ намынхан дангаараа атгаж байна.
Хүсвэл ард түмний төлөө юу ч хийж, ямар ч шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх боломж энэ намд бий. Гэвч сахил хүртээд шал дордов гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд намын даргынх нь тэргүүлж буй Засгийн газрын хуудуутай шийдвэр, бодлого үйл ажиллагааны сүүдэр нийгэм, эдийн засгийг жиндүүлж эхэлсэн. Энэ нь одоо улам газар авч эдийн засагт ноцтой байдал бий болгоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д оруулан батлуулсан нь өнөөдөр гадны хөрөнгө оруулалтыг 50 хувь буурууллаа. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч хуулийг дахин эргэн харахаа мэдэгдээд байгаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг монголчуудын алс ирээдүйн найдвар болсон Тавантолгойг дампуурсныг өөрийн амаар баталж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай түүний тэрг үүлсэн Засгийн газар үг хэлээ ойлголцож чадаагүйгээс олон залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжих мэдэгдлээ гардан аваад байгаа. Энэ бүхэн өнөөдөр Н.Алтанхуягийг огцруулах гол шалтгийг намынх нь амбицтай гишүүдэд олгоод байгаа. Нийгэм эдийн засгийн энэ бүх таагүй байдал дээр дөрөөлсөн эрх мэдлийн төлөөх синдром энэ намд хэдийнэ эхэлжээ. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газарт одоо үүссэн нийгэм эдийн засгийн хариуцлагыг үүрүүлж хариуцлага тооцоод, намынхаа нэрийг цэвэр авч үлдье гэсэн сонирхлыг АН-ын гишүүд илэрхийлж эхлээд байна. Хэрэв үүнийгээ энэ намар хэрэгжүүлж чадвал ганц Ерөнхий сайдын суудал төдий биш намын дарга гэх ялсан намын хамгийн том эрх мэдэл дараагийн фракцид шилжих процесс АН-д өрнөнө.
Тиймээс Н.Алтанхуягийн дараагийн хүн хэн бэ гэдэг дээр фракцуудын хоорондох зөвшилцөл тохироо явагдаж буйг хэвлэлийн хуудаснаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулж эхэлснээс харж болно. Хаврын синдром нийгэм, эдийн засагт төдийгүй улс төрд үүссэн энэ мэт асуудлуудаас болж ийнх үү налгар намраар солигдож нэлээд ширүүхэн өрнөх төлөвтэй байна. Ийнхүү намуудын синдром намрын синдромд хөтлөж мэдэхээр байна.