Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд 70 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн босго алхаж чадалгүй үлджээ. Хүн ам жилээс жилд өсөж буй таатай мэдээ дуулдаж байгаа ч хорвоод мэндэлсэн бяцхан үрстээ боловсрол олгох хүрээ хэтэрхий хумигдмал байна. Эцэг, эхийн бэл бэнчин, танил талын хүрээллээс хамааран хүүхдүүд нэг ижил гараанаас сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Энэ тухай өчигдөр Төрийн ордонд болсон “100 хувь цэцэрлэгт” нэртэй уулзалт, ярилцлагад оролцогчид хөндөв. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар уг уулзалтыг зохион байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч нар, УИХ-ын гишүүд, БШУЯ-ны төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.
2010 онд хийсэн хүн амын тооллогоор манай улсад 2-5 насны 207.371 хүүхэд байжээ. 2015 онд энэ тоо 250.241, 2020 онд 259.037 болж өснө гэсэн статистик гарчээ. Гэвч монгол хүн болж мэндлэх эдгээр үрс төрсөн цагаасаа л боловсрол олж авах эрхээ хязгаарлуулах нөхцөл үүсээд байгаа. Бүгдэд нь хүрэлцэх хэмжээний цэцэрлэг барих гэхээр улс хэтэвчнийхээ хэмжээнд баригдаад байдаг, дээрээс нь цаг хугацаа их шаардана. Тиймээс богино хугацаанд асуудлыг шийдэж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан.
Уг хуулийг баталснаар улсын төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэх гэнэ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөс эхлээд л эцэг, эхчүүд цэцэрлэгийн эрэлд хатсан. Тиймээс энэ сарын 16-нд болох УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой гэж тэд үзэж байгаа аж. Хүн сэтгэн бодох чадварынхаа 70 хувийг 3-6 насандаа олж авдаг гэнэ. Тиймээс энэ хугацааг алдаж болохгүй, төрөөс хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах ёстой гэж тэд үзэж байна. Тодорхой шаардлага хангасан хувь хүн гэрээрээ зургаа хүртэлх хүүхэд харах боломжтой. Мөн аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах хоёр хэлбэрийг хуулийн төсөлд тусгажээ. Төрөөс тэдэнд нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд зориулан сар бүр 70.000 төгрөг, хоолны зардалд 41.000 төгрөг олгохоор төсөлд заасан байна. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйл тодрууллаа.
-Гэрээр хүүхэд харах үйлчилгээнд хэрхэн хяналт тавих вэ. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг хуульд таван ам метр гэж тусгасан. Гэрээрээ хүүхэд харах хүмүүс энэ шаардлагыг хангаж чадах уу. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ хувь хүнд даатгаж өгөх болов уу?
-Энэ хуулийг баталсны дараа хэрэгж үүлэхтэй холбоотой хэд хэдэн журам гаргах юм. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх сонирхолтой хүмүүс 45 хоногийн сургалтад хамрагдана. Мөн мэдээж тодорхой шаардлага хангах ёстой. Хуулиар тийм стандарт бий. Үнэндээ өнөөдөр хуульд заасан таван ам метр талбай нэг хүүхдэд ногдож чадахгүй байна. Тиймээс бид бодит байдалд ойртуулж, нэг хүүхдэд 2.5 ам метр талбай ногдохоор хуульдаа тусгасан. Уг хуулийг батлахыг олон эцэг, эх хүлээж байгаа. Гол нь тэд гэрээгээ байгуулахдаа сайн анхаарч, өндөр шаардлага тавих ёстой. Тухайн газар стандарт хангаж уу гэх мэтээр тэд хянана. Хэрэв хүүхэд харж буй хүн, байгууллага хууль зөрчвөл өндөр хариуцлага хүлээнэ. Бид уг хуулийг боловсруулахын тулд НББСШУБХ, БШУЯ-тай хамтраад жил гаруй ажилласан.
-Гэр хорооллын нөхцөлд ийм үйлчилгээ явуулах боломжтой юу?
-Заавал төвлөрсөн ус, дулаантай газар хүүхэд хүмүүжүүлэх ёстой гэсэн стандарт бий. Хэрэв үүнийг баримтална гэвэл суманд байгаа хүүхдүүдийг нийгмийн гадна гаргана гэсэн үг. Бас гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж чадахгүй болно. Гэр хорооллыг төвл өрсөн дулааны шугамд холбохыг хүлээнэ гэвэл хүүхдүүдийг “Бүү өс” гэсэнтэй адил. Ингэж амьдралаас тасархай шаардлага тавих боломжгүй. Энэ хуулийг гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан гэж онцолж ч болно. Салбарын яамнаас гаргасан “Гэр цэцэрлэгийн стандарт” гэж байдаг.
-Аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх болон хувь хүмүүсийн ажиллуулах хүүхэд харах төв төлбөртэй байх уу. Гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан хууль гэж онцоллоо, амьжиргааны түвшин доогуур гэр бүлийн хүүхэд олон байгаа байх.
-Ямар ч төлбөргүйгээр цэцэрлэгийн боловсрол олгох боломжийг л бид судлаад байгаа нь энэ. Төрөөс нэг хүүхдэд зориулсан хувьсах зардлын мөнгийг төлнө. Хэрэв тухайн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс бүжиг, хөгжмийн боловсрол олгох, англи хэлний гэх мэтээр нэмэлт хичээл оруулахаар бол эцэг, эхтэй нь тохиролцоод тодорхой төлбөр авч болно. Үүнийгээ гэрээндээ сайн тусгах ёстой. Төр хүүхдүүдийн аюулгүй байдал, хоол тэжээл, хүмүүжлийн арга хэмжээнд эцэг, эхээс нэмэлт мөнгө авахгүйгээр дэмжлэг үзүүлэх талаас нь ярьж байгаа.
-Танд цэцэрлэгийн насны хүүхэд байгаа юу. Танай хүүхэд ямар цэцэрлэгт явж байна вэ?
-Манай хүүхдүүд улсын 84 дүгээр цэцэрлэгт явдаг.
С.ТУУЛ