Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэлнэ. Айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ямар асуудал хэлэлцэх талаар Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Япон олон улсын харилцааны системд хаана нь явдаг орон бол?
-Япон бол эдийн засгийн хувьд хүчирхэг орон. ДНБ-ээрээ АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт орж байсан бол эдийн засгийн хүндрэлээс болж, Хятадын дараа гуравдугаарт эрэмбэлэгдэх болсон. Эдийн засгийн зогсонги байдалд орж, гарч чадахгүй 15-20 жил өнгөрсөн. Шинзо Абэ Ерөнхий сайд болоод дифляцаас гаргах бодлого боловсруулж, түүнийгээ абэномикс гэж тунхагласан. Түүнийхээ дагуу эрчимтэй ажилласнаар үр дүн гарч эхэлж байна. Абэ өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн эрхийг барьснаас хойш энэ оны эхний хагас жилийн байдлаар Японы эдийн засаг 2.7 хувиар өссөн байна.
Эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хасах гурван хувь байсантай харьцуулахад 2.7 хувь гэдэг бараг долоон хувь өссөн үзүүлэлт. Энэ эрчээрээ хөгжвөл Японы эдийн засгийн өсөлт дөрв өн хувьд хүрч магадгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зогсонги байдлаас гарах, цаашид бэхжих хандлага давамгайлж байна л даа. Япон бол дэлхийн тэргүүний технологийн эх орон. Бүх салбарт технологийн хөгжлөөрөө тэргүүлсэн хэвээр байна. Энэ чадавхийг бэхжүүлэх бодлого явуулсаар байгаа.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад эзлэх Японы улс төрийн нөлөө эрс өсөж байна гэдэг?
-Улс төр аюулгүй байдлын хувьд Япон улсыг товчоор хэлэхэд Ази Номхон далайн бүст оршдог Өрнөдийн гүрэн гэж сүүлийн үед томъёолох болсон. Азид оршдог ч бодлогын хувьд АНУ-тай холбоотны харилцаатай. Америкийн явуулж буй дэлхийн глобаль стратегид гүйцэтгэж буй үүрэг нь бэхжиж байгаа. Хүн ард нь их хөдөлмөрч, авьяаслаг, эв нэгдэлтэй, сахилга баттай, өндөр боловсролтой. “Бидэнд эрдэс баялаг байхгүй. Манай гол баялаг бол боловсролтой, чадвартай хүн” гэж япончууд бахархдаг. Япон орон газар нутгийн хувьд Монголоос дөрөв дахин бага ч, манайхаас 50-60 дахин олон хүн амтай. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 41 жил болжээ. Үүний эхний 20 жилд нийгмийн байгуулал, үзэл суртал, өрнө дорнын сөргөлдөөн, хүйтэн дайны уур амьсгалаас болж хоёр орны харилцаа хөгжих боломж гараагүй. Харин сүүлийн хагас буюу Монголд ардчилсан өөрчлөлт, шинэчлэл өрнөж, хэрэгжиж бэхэжсэн үед харилцаа үсрэнгүй хөгжсөн гэж болно. Ардчилалд хөл тавьж, нийгмийн тогтолцоогоо өөрчлөн шинэчилж байсан манай орныг Япон улс дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд дэмжсэн. Хамгийн түрүүнд олон улсын тавцанд улс төрийн дэмжлэг үзүүлсэн. Хандивлагчдын хурлыг Дэлхийн банктай хамтарч, арван удаа хийлээ. Шинэчлэлийн эхэн үеийн эдийн засаг, нийгмийн том том хүндрэлийг гарз багатай давахад тусалсан. Монгол Улсыг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжихэд дэмжлэг үзүүлж, эрчимтэй хөгжлийн суурийг тавихад их хувь нэмэр оруулсан.
-Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийх албан ёсны айлчлалаас манай улс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлж, өргөжүүлэн бэхжүүлэх асуудал ярьж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар хэлэлцээ хийсний үр дүнд Монгол, Японы стратегийн түншлэлийг өргөжүүлж, бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр хэмээх баримт бичигт гарын үсэг зурна. Энэ баримт бичигт Монгол, Японы хамтын ажиллагааг улс төр, худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, урлаг спорт, олон нийт, орон нутгийн түвшинд бэхжүүлэх асуудлыг тусгасан. Манай хоёр орон олон улсын тавцанд бие биеэ дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Ингэснээр хоёр орны харилцаа шинэ түвшинд хүрч, шинэ агуулгаар баяжина. Айлчлалын гол үр дүн үүнд л оршино.
-Японы тал манай уул уурхайн салбарыг сонирхож байна гэсэн мэдээлэл бий?
-Манай орон эрдэс баялаг арвинтай. Тиймээс манай бүхий л баялгийг сонирхож байна. Уул уурхайн салбарыг хамтын ажиллагааны эргэлтэд хэрхэн оруулах чиглэлээр судалгаа хийж байна. Энэ ажлаа нүүрсээр эхлэх чиг хандлага гарч байна. Монголоос эрчим хүчний болон коксжих нүүрсийг урт хугацаанд, тогтвортой худалдаж авах зорилготой. Нүүрс олборлох, боловсруулах болон үүнийг тойрсон дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулъя, зээл өгье, хамтарч ажиллая гэсэн хандлага гарч байна. Уул уурхайгаас гадна цаашид аж үйлдвэр, нийгмийн дэд бүтцийн олон салбарт анхаарал тавихаар, төсөл, хөтөлбөр боловсруулсан байгаа. Ардчиллын эхний жилүүдэд Монгол, Японы харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд байв. Нийгмийн салбар бүрт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилт тавьж, арван жилийн хамтын ажиллагааны хөт өлб өр боловсруулсан нь амжилттай хэрэгжлээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Япон улсад төрийн айлчлал хийхдээ иж бүрэн харилцааг, өргөжүүлж, бэхжүүлэх зорилтыг хугацаанаас нь өмнө хэрэгжүүллээ. Одоо дараагийн шинэ шатны харилцааг хөгжүүлж, Стратегийн түншлэл болгоё гэсэн. 2011-2012 онд стратегийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хоёр тал нэлээд ажиллалаа.
Өнгөрсөн гуравдугаар сард Японы Ерөнхий сайд Абэ Монголд айлчлахдаа стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлье гээд “Эрч” санаачилгыг дэвшүүлсэн. Гэхдээ үүнийг хоёр орны харилцааны дунд хугацааны хөтөлбөр хэмээгээд, салбар салбарын зорилтуудаа тодорхойлон таван жилийн хөтөлбөр болгоё гэсэн. Энэ тохиролцооны дагуу байгуулах баримт бичгийг боловсруулах чиглэлээр хоёр тал хагас жил ажиллаад, нэлээд сайхан хөтөлбөр бэлэн боллоо. Үүнд хоёр Ерөнхий сайд гарын үсэг зурна.
Э.Энхмаа