Гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш тэнгэрт хадсан энэ өдрүүдэд Засгийн газраас уг асуудлыг шийдэх түрүүчийн хуулийн төслүүдээ өчигдөр УИХ-д өргөн барилаа. Унци алтны үнэ дэлхийн зах зээл дээр 300-1800 доллар болтлоо өсмөгц манайд түүнд 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тогтоосноор олборлолт нь дөрвөн жилийн дотор дөрөв дахин буурсан байна. Мөн учруулж буй дарамтаас зайлсхийхийн тулд Монголбанкинд биш, нууцаар хил давуулах нь ч гаарсан. Ой, усны эх газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглосноор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссон. Улмаар улсад орох татварын хэмжээ буурсан. Энэ мэтээр гарсан сөрөг үр дагаврыг зассанаар одоо үүсээд буй байдлыг сайжруулах боломжтой гэж Засгийн газар үзсэн аж. Тиймээс Гэнэтийн ашгийн буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Эхний хуулийн төсөлд аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, түүнтэй холбоотой бүртгэл, тооцоог зөвхөн Монголбанкинд хамааруулж, нэгдсэн хяналт тогтоохоор тусгажээ. Гадагшаа хууль бусаар урсаад буй алтаа эх орондоо үлдээхийн тулд тэдний олборлосон алтыг нэгдсэн журмаар худалдаж авах систем тогтоох гэнэ. Ингэснээр зуучлагчдын далд наймааг зогсоож, улмаар валютын нөөцөө нэмэх боломжтой хэмээн тооцжээ. Хэрэв Монголбанкинд алтаа тушаагаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаас эхлээд хариуцлагын тогтолцоог чангатгасан байна. “Урт нэртэй” хуулийн тухайд түүнийг хэрэгжүүлж, ой, усны эхийн хилийн заагийг тогтоох журам баталсан. Баталсан журам ёсоор 1336 тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой болсон. Гэвч үүний нөхөн төлбөр өндөр, тогтоосон хилийн зааг нь будлиантай гэх мэт шалтгаанаар хууль хэрэгжихгүй удаж буй юм.
Гадаадын хөрөнгө оруулалт буурсны 6.6 хувь нь уг хуулиас болсон гэсэн тооцоог салбарын яам хийсэн байна. Улмаар хуулийг дагаж мөрдөх журамд “Хууль батлагдахаас өмнө олгосон ашиглалтын лиценз эзэмшигчид тухайн ордоо ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргана. Тодорхой шалгуурт тэнцвэл орон нутагтай гурвалсан гэрээ байгуулж, олон нийтийн хяналтын дор ажиллаж, байгаль орчныг унаган төрхөнд нь оруулан хүлээлгэж өгнө” гэсэн гол өөрчлөлт оруулж буй юм байна. Өөрөөр хэлбэл, тодорхой шаардлага хангасан бол ой, усны савд ашиглалтын лицензтэй байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг аж. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталснаар эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх юм байна. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас зарим зүйл тодрууллаа.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр гурван хуулийн төсөл өргөн барилаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлснээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутаг өгдөг болно. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж, боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон. Ашигт малтмалын тухай одоо мөрдөж буй хуульд тулгамдаж буй зарим асуудлыг тусгаад явах юм. “Урт нэртэй” хуулийг өөрчлөлгүйгээр, дагаж мөрдөх журамд нэмэлт оруулна. Хууль гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдийг хоёр ангилж, ашиглалтынхыг нь тусад нь авч үзэх юм. Хууль гарснаас хойш олгосон ашиглалтын болон хайгуулын лицензийг бол цуцална. Энэ хуулийг баталснаар “Урт нэртэй” хууль бүрэн хэрэгжихийн зэрэгцээ эвдэрсэн газраа сэргээх боломж бүрдэнэ. Мөн нөхөн төлбөрт зориулах улсын төсвийн ачаалал тодорхой хэмжээгээр буурна.
-Энэ хууль гарснаар эдийн засгийн нөхцөл байдал сайжрах уу?
-“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлснээр 800 гаруй аж ахуйн 1336 тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой болсон. Энэ нь хүчинтэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34, хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь болж буй юм. Дагаж мөрдөх журмыг шинэчилснээр бүх зүйл ойлгомжтой болно, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ.
-Аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд тушаахгүй бол тооцох хариуцлагыг чангатгаж буй юм байна. Эсрэгээр ямар нэг урамшуулал, хөнгөлөлт байгаа юу?
-Төв банкинд алтаа тушаавал татварын хөнгөлөлт үзүүлнэ. 2005 онд манай улс 24 тонн алт олборлож байсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар зургаан тонн болж буурсан. Энэ хугацаанд алтны үнэ 300-1800 доллар болсон. Гэтэл улсад орж ирж буй орлого төдийлөн их биш. Дээрх хууль батлагдсанаар Оюутолгойгоос олборлох алтыг оруулаад Монгол Улс жилд 38 тонн алт олборлох боломж бүрдэнэ. Энэ нь одоогийн ханшаар 1.7 тэрбум ам.доллар юм.
С.УУЛ