Ардын Намыг “өөрөө ойчдог Бөх” гэж болно
Ардын Нам сүүлийн арав хүрэхгүй жилийн дотор удаа дараалан уначихлаа. Ер нь давах гэж бус, унах гэж барилддаг алиа салбадай шиг өөрөө саваад ойчдог боллоо. Яагаад тийнхүү уначихдаг байнав гэвэл сөрөг намынхан маань Ардын Намын өөрсдийнх нь найруулсан хорыг өөрт нь уулгаад л уначихдаг байсан гэдэг.
Заавал дийлдэг хэцүү хор
Энд ярьж байгаа тэр хор бол химийн хор биш. Тэр хор бол хэл ярианы хорлол биш. Тэр хор бол улс төрийн хор. Асар их хүчтэй хор. Заавал дийлдэг хор. Улс төрийн хор гэж өөрийн намын аль шударга сайныгаа унагахаар зохион байгуулдаг Ардын Намын нөлөө бүхий зарим нөхдийн үгсэл хуйвалдааныг хэлж байна. Хорчин нөхөд олон намд байгаа. Харин тэгэхдээ жаахан ялгаа бий. Ардчилсан Намын хорчингууд Ардын Намыг хорлох гэж хуйвалддаг. Ардын Намын хорчингууд өөрийнхөө нөхдийг хорлох гэж хуйвалддаг. Тус хоёр намын зарчмын ялгаа нь нэг иймэрхүү л.
Хорчин гэж хэнсэн билээ?
Түүх сөхвөл XXI зуун гарсны дараахнаас Ардын Намын шинэ хорчингууд бий болсон юм шиг байна. Хорчин гэж өөрийн намын хэн нэгнийг ялуулахын тулд бус, унагахын тулд үгсэн хуйвалддаг этгээд бодолтныг хэлж байна. Удаа дараагийн сонгууль нь тус намын хувьд сонгууль биш сургууль болсоор ирсэн. Хорчингуудын үзүүлэх сургууль шүү.
Ил тод, зарчимч шаардлага алга болж, хэсэг бүлгийн далд хуйвалдаанаар боловсон хүчний халаа сэлгээг шийддэг болсон нь нууц биш байна. Эдгээр он жилүүдэд Ардын Намын хорчин дарга нарын командалсан улс төрийн армийн цэрэг дайчид хэчнээн баатарлаг эр зоригтой байлаа ч ялах тавилангүйг яруу тод харууллаа. Аль ялах найдвартай гэснийгээ өөрсдөө татаад унагачихдаг болохоор ялах боломж хаанаас олдохсон билээ.
Чононд хонь хадгалуулсантай агаар нэгэн явдал
Тус намын удирдлагын багаас хол зайтай байдаг гишүүдийн хувьд намаа намынхаа шилдгийн шилдэг үнэнч гишүүдэд итгэж удирдуулж байх мэт харагддаг байсан. Гэвч тэр нь хуурмаг байж таарлаа. Өнөөдөр эргэж харахад чононд хонио хадгалуулахтай агаар нэгэн төөрөгдөл болж гэх харуусах сэтгэл, хамар цоргиж байна. Манай дарга нар яг тийм өөдгүй сэтгэл өвөрлөөгүй байж болох авч Ардын Нам ингэтлээ удаа дараа ялагдсан нь дээрх хатуу дүгнэлт рүү намын гишүүд дэмжигчдийн оюун сэтгэлийг угзчин чирж байна.
“Нар хур”-ын зарчим алдагдаж “сохор номинЧлох” загвар бий боллоо
Ардын Намын практик үйл ажиллагаанд ил тод нээлттэй байж, аль шаардагдсан бүхэнд гэрэл дулаан ба ус чийг хүртээж байдаг “нар хур”-ын зарчим гэж алдаршсан уламжлалт зарчим алдагдсан байна. Оронд нь харанхуй нүхний амьтан “Сохор номин”- гийн загвар гэмээр нууцлаг арга барил цэцэглэж байна.
Гэвч Ардын Нам амьд байгаа
Өнөөдөр Ардын Нам хорчдынхоо хоронд хордож муужирсан болохоос биш амьд сэрүүн байна. Үнэнч олон мянган гишүүд нь урваагүй байгаа цагт энэ намын амь тасарна гэж огтхон ч байхгүй. Одоо хоног хүргэдэггүй эдгээдэг хонин цагаан эм, үд хүргэдэггүй эдгээдэг үнэн цагаан эмээ хэрэглэж намаа эмчлэх цаг нэгэнт боллоо. Тийм хүч нөлөөтэй сайн эм гэдэг нь юу байдагсан билээ гэвэл үнэн баримттай, хурц тод бөгөөд намч, зарчимч, ажил хэрэгч санал шүүмжлэл мөн байж таарна. Гэтэл ийм шүүмжлэл бараг өрнөхгүй, мэдээжийн хэдэн санал цуглуулаад хоног хороож, өдрийг өнгөрөөж байна. Ардын Нам дахин хөл дээрээ босох уу гэвэл босно. Босохоор үл барам Монголын ард түмний итгэлийг дахин хүлээж, улс орны удирдлагын залуур дээр суух цаг ирнэ.
Ардын Намын орон зай онгорхой байж болохгүй
Ардын Нам улс төрийн тавцан дээр өөрийн орон зайг эзэлж чадаагүй байгаа учраас улс орон хэцүүдэж байна. Эдийн засгийн амьдрал яалт ч үгүй хэвтэрт орлоо. Гуравхан жилийн өмнө олон улсад од болон гялалзаж байсан мөнөөх итгэл найдварын гэрэлт бамбар бөхөж байна. Валютын ханш язартлаа чангарч байхад цалин тэтгэвэр махийтлаа эцэж турлаа. Гэтэл үүний сацуу “бүсээ чангалцгаа, бага идэж ууцгаа” хэмээн үүрэгдэж суудаг хүрэл чулуу шиг хүйтэн зүрх төр засгийн цээжинд цохилж байх мэт ээ. Нийгмийн уур уцаар, сэтгэл санааны зовиур шаналал их болж байна. Ийм нөхцөлд Ардын Намын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах нь зөвхөн нэг намын дотоод асуудал биш, харин Монгол орныг тодорхой чиг зорилгоор нэгдсэн бодлоготой хөгжүүлэх хэмжээнд тавигдаж байна.
Шалбалзах шаардлага
Ардын Нам үнэхээр ардын нам байж, ард түмэнд тусалъя гэвэл хорчингуудаа цөмийг нь зайлуулж, үндсээрээ цэвэрших хэрэгтэй. Хорчингууд тус намын төвд төдийгүй сум, дүүрэг, аймагт ч зайг үй чигжчихсэн байгааг өнгөрсөн оны орон нутгийн сонгууль лавтай харуулсан. Ардын Намын нэрээр авсан саналаа цөөн сая төгрөгөөр нөгөө талдаа зарчихаад сууж байдаг гишүүд байдаг болсон байна. Мөн ч тоогүй хэрэг шүү! Эдгээр нөхц өл байдал нь Ардын Намын багалзуурыг шахаж байна. Шалбалзах хэрэгтэй боллоо.
Мянга мянган гишүүний зүрх нэгэн зүгт, нэгэн зэрэг булиглаж байна
Миний санахад намынхаа төлөө санаа зовж бүхий гишүүн бүрт ижил маягийн нэгэн бодол төрсөн байгаа. Тэр нь юусан билээ гэвэл өөрийнх өө цээжинд хурж бэтгэрсэн боловч нам, ард түмэнд ашиг тустай гэсэн тэр үзэл бодлыг намдаа эм тан шиг уулгаж, шингэн дусал шиг зүрх судсаар нь гүйлгэж, антибиотик шиг арьс махан дотор нь тарьж шингээхийг л хүсэж байх шиг байна.
Надад ч намдаа шингээхсэн гэж хүсдэг таван зүйлийн бодол санаа байгаа юм.
Үс толгойгоо угааж, хуйханд шигдсэн хачигнуудаа шүүрдэж хаях цаг болжээ.
Миний ухаан бодлыг сэнсрүүлж бүхий хамгийн их эмзэг чухал шаардлага бол мэдээжээр намын тархи толгойд хачиг хувалз адил шигдсэн хорчингуудыг шүүрдэж хаях явдал мөн юм. Ер нь шударгаар хэлэхэд энэ бол намын шинэ эргэлтийн тулгуур асуудал мөн байхаас зайлахгүй. Яаж зайлуулах вэ хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй, зөвхөн намын Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо сэжиг бүхий улиг болсон нөхдийг шургалуулчихгүйн тулд маш сонор сэрэмжтэй, зоримог тууштай хандах хэрэгтэй. Хэсэг бүлгээр хуваагдан талцдаг байсан өмнөх ялзарсан практикийг шууд л устгах ёстой. Өөр сайн гарц байхгүй.
Жинхэнэ сайн шүр сувд далайн гүнд байдаг
Хоёр дахь чухал санаа бодол маань намын тархи толгой болсон удирдлагыг шилж олох асуудал юм. Намыг хөөргөөр зүйрлэвэл маш цэвэрхэн хийцтэй цав цагаан хаш чулуун хөөр өг мөн гэж болно. Даанч толгой нь гологдоод ҮНЭ ХҮРЭХГҮЙ байгаа юм. Одоо тэнгис далайн гүнд гүйцэд нягтарч бөхөжсөн жинхэнэ улаан ягаан шүр хэмээн зүйрлэж болох сайн толгойтой болгох хэрэгтэй. Намын даргыг хэрхэн зөв оношлож шинэчлэх нь шинэчлэлийн ноймор нэг асуудал. Үнэхээр хувийн ашиг завшаан хөөцөлддөггүй, намынхаа гишүүдэд хайр энэрэлтэй ханддаг шударга сайн дарга л намыг зөв шинэчилнэ. Тийм даргынхаа удирдлага дор атгасан гар шиг нягтарсан цагт л Ардын Нам үнэхээр ард түмний нам болж, өнд өр үнэлэгдэх болно. Намын дарга болгоход нам ба ард түмэнд туйлын үнэнч, үйл хэрэг нь ариун цагаан, зан ааш нь ярдаг зөрүүдгүй, хатуу ширүүн биш, нөхөрсөг энэрэнгүй, ил цайлган хүн байх нь гол байж таарна. Намын даргын мөс жудгаас хамаг хэрэг шалтгаалж байгааг мартах эрх байхгүй.
Миний харж байгаа өнцөг
Ардын Намд сайн хүн олон бий. Тэдний дундаас шилдгийн шилдэг сайн хүн олж болно. Ардын Нам жолоодох хүнгүй болсон гэдэг бол огт үндэсгүй худал яриа. Харин тэдгээр сайн хүмүүсийг хорчингуудын дундуур зүтгүүлэн гаргаж ирэх нь үлэмж хэцүү байх биз. Одоогийн байдлаар М.Энхболд, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Цогтбаатар зэрэг нөхдийг ярьж байгаа юм байна. Болно оо. Тэгж бололг үй яахав. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг учраас тэдэнд итгэж болно. Итгэж ч байна. Итгэх ч учиртай байх. Гэхдээ нам нэг л даргатай байх учраас нэг л хүнийг онцлох хэрэгтэй байж таарна. Миний хувьд Миеэгомбын Энхболдыг онцолж байна. Нэр агч Энхболд бол Ардын Намын нуур далай нь болсон жирийн гишүүдийн дундаас гарч ирээд намын дарга, Ерөнхий сайд болж байсан олны танил хүн. Гэвч тэр цагт түүнд боломж олгоогүйг бид бас гадарлана. Сайн хүнийг унагах амархан юм билээ. Тэгээд л унагачихсан. Тэр цагаас хойш бүтэн долоон жил боллоо. Яавал нам ба улс орныг зөв зохистой удирдаж болох арга замын талаар даамай ихийг бодож төлөвлөсөн буй за. Ийм учраас тэр намын дарга болж даагаа нэхэх санаа бодлоо нэг биш удаа даруухан боловч мэдэгдэж ойлгуулсан гэж үзэж байна. Түүнийг “газрын наймаачин” мэтээр долоон жил хардаж сэрдэж, шалгаж шүүрдээд юу ч олоогүй. Тэр яриа бол дэмий яриа. Тэр хүнд нэг давуу тал байгаа бөгөөд тухайлбал тэрбээр хорчингуудын хоронд унаж огцорч байсан учраас тус намыг хорчингуудаас хол байлгаж чадах хамгийн найдвартай хашир туршлагатай хүн болсон гэж үзэж байна. Би энэ хүний талаар тухайн үед “Ёстой жинхэнэ эр хүн” гэсэн хөрөг, “Бөх Цагааны чулуу” эргэцүүлэл, “Урсах цустай наран, асгарах хөлстэй саран” тэмдэглэл, “Загийн шугуй” өгүүлэл зэрэг зүйл нийтлүүлэн дэмжиж явсан удаатай. Нэмж хэлэхэд сүүлийн үед хааяа УИХын чуулган дээр ярихыг нь сонсвоос улс төрийн хараа сайтай болж байгаа хүн юм билээ.
Ардын Намд улс төрийн олон угсраа пуужин хэрэгтэй
Миний санал болгох гурав дахь том зорилт бол намын мөрийн хөтөлб өр буюу жанжин шугамын тухай асуудал. Намын жанжин шугам гэдгийг энгийнээр зүйрлэвэл алсын тусгалтай, олон угсраа бүхий пуужин гэсэн үг. Эдүгээ Ардын Нам өөрийн мөрийн хөтөлбөр хэмээн олон улсын жишгээр томъёологдсон чиг шугам байхгүй, зөвхөн хөвөгч бодлоготой явж байна. Миний хувьд “Нийгмийн ардчилсан социализм” буюу Швед маягийн нийгэм байгуулахыг санал болгох гэж байна. Утгын хувьд бол хүмүүнийг хүн гэдэг талаас нь дээдэлсэн социал демократ маягийн нийгмийн хэв загварыг ойлгож байна.
Яагаад хүнийг өөрийг нь тийнхүү онцолж дээдэлнэ вэ?
Монгол нь хүний амьд яваа, үхсэн, алин болохыг нэг их тоохоо больсон зэрлэг капитализмын орон болоод арваад жилийг үдлээ. Үхэл хагацалд айхтар их ээнэгшин дасаж байна. Хэн нэг хүн үхжээ гэхэд тэр хүн одоо л мартагдана гэж бодох хэрэггүй. Учир нь тэр хүнийг ч, намайг ч, таныг ч эдүгээ амьд сэрүүн байсаар байхад Монгол Улс, Монголын төр засаг хэдүйнэ мартчихсан байна. Хэрэвхүйеэ ингэж мартдаггүй байсансан бол өнөөдрийн үнийн галзуурлаас хүн ардынхаа амь амьдралыг хамгаалан тэмцэх л ёстой байсан бус уу?! Гэтэл хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг харахгүй юу?
“Амьтай шарилууд”
Амьдаараа мартагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Үнэнийг хатуухан хэлбэл “амьдаараа амьтай шарил болж байна” гэсэн үг. Гэхдээ амьтай шарил гэдэг бол нийгмийн хүмүүнб үтээгдэхүүн мөн. Хүн бол эцсийн дүндээ дэлгүүрийн лангуунд тавьдаг бараатай адилхан таваар. Түүнд өртөг ч бий, хэрэгцээний өртөг ч бий, арилжааны өртөг ч бас бий. Арилжааны өртөггүй болсон хүн л ингэж амьдаараа амьд шарил болж хувирдаг. Энэ утгаар нь зэрлэг капитализм гэж нэрлэдэг байгаа юм. Ардын Нам л манай нийгэмд орж ирсэн энэхүү зэрлэг бусармаг харилцааг хүн ёсны гольдролд нь оруулах чиг зорилготой учраас энд онцолж байна.
Манай нийгмийг Ардын Нам ямар болгох учиртай вэ?
Ардын Намын жанжин шугам нь нийгмийн ардчилсан социалист нийгэм байгуулах явдал байх ёстойг дахиад нэг хэлье. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний бүх зардлыг төр засаг хариуцан дааж, иргэд зөвхөн ажил хөдөлмөр эрхэлж амь зуух талынхаа асуудлыг хариуцах ёстой. Түүнээс гадна өндөр насны тэтгэвэрт гарахаараа насан залуудаа сайн ажиллаж явсных нь төлөө яллаж байгаа юм шиг ажиллаж байсан үеэс нь үлэмж бага тэтгэвэр өгч амьдралыг дордуулдаг одоогийн харгис дэг журмыг халах ёстой. Хүн амын нийгмийн талын бүх асуудлыг төр даадаг болохоор улс орны доторх нийгмийн хэлхээ холбоо аяндаа нягтардаг учраас хүмүүс амьдаараа мартагдаж явдаг шарил, ярьдаг сүнс болох нь арилж, хүн төрөлхтөн өөрийгөө олно. Ардын Намын жанжин шугам бол амьтай шарилуудыг амьд хүн болгох явдал мөн.
Изм-ын зорилт
“Изм” гэж үзэл суртлыг ерөнхийд нь нэрлэдэг. Миний санал болгох дөрөв дэх зорилт бол үзэл суртал. Энэ тухай социал демократизмыг гол үзэл болгон дэвшүүлэх саналтай байна. Тэртэй тэргүй манай нам улаан сарнай тэмдгийг нь туг дээрээ хаддаг билээ.
Ардын Намын тархи, зүрх хоёр
Тав дахь зорилтын тухайд бол улс төрийн хайр энэрлийн тухай юм. Улс төрийн нам гэдэг үнэн чанартаа нийлмэл бүтэцтэй нэг том хүн л юм. Тэр их холч мэргэн ухаан бодолтой. Тэр бас энэрэнгүй нөхөрсөг сэтгэл зүрхтэй. Намын ухаан гишүүнийхээ тархинд тархитай нь хамт ихийг бодож, холыг сэтгэж, эх орон ард түмнээ аз жаргалтай байлгах түмэн ухаан сийлнэ.
Намын зүрх сэтгэл гишүүний зүрх сэтгэлтэй цуг түүний цээжинд хамтдаа булиглан хөвсөлзөж түмэн олныхоо жаргал зовлонг мэдэрч байдаг. Хоёр зуун мянган гишүүнтэй нам байлаа гэж бодоход тэдний ерэн есөн хувийнх нь зүрх сэтгэл намынхаа төлөө лугшихаа болилоо гэхэд үлдсэн хоёр мянган гишүүний нь зүрхээр намын зүрх цохилж л байдаг. Хоёр зуун мянган гишүүний ерэн есөн хувийн тархи нь намынхаа төл өө сэтгэхгүй боллоо гэхэд нөгөө хоёр мянган гишүүний тархитай хамт намын тархи сэтгэж л байдаг. Намын тархи, зүрх хоёрыг сум нэвтэрдэгг үй энэ сонин бөгөөтлөө няцаагдашг үй үнэнийг өнгөрсөн зууны гуч дөчөөд оны улс төрийн их хэлмэгдүүлэлтийн дараах Ардын Нам өөрөөрөө нотлон харуулсан юм.
Хэлмэгдсэн улстөрчдөд хайр зарлах зарим учир шалтгаан
Харин энэхүү хэлмэгдлийг амь насаараа үүрч гарсан ахмад тэмцэгчдийнхээ нэр төрийг хүндэтгэн дурсах, хохирлыг нөхөх талаар манай намын бодлого учир дутагдалтай байдаг гэж боддог. Өнөөгийн амьд сэрүүн албан тушаалтанд хэрэгтэй болох учир шалтгаанаар л хэлмэгдсэн нөхдийгөө эргэн дурсах, элдэв бүтээл хийх төдий байна. Намынхаа үйл хэрэгт үнэнч явсны золиосонд амь насаа алдсан тэр эмгэнэлт учир шалтгааныг мэдрэхгүй байна. Сайн эцгийн нэрийг гурав дахин зарж иднэ гэдэгтэй ойр төстэй болох жишээ олон байна. Иймээс намын зүтгэлтэн улст өрчдийн хэлмэгдсэн тухай түүхэн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх талаар шинэ бодлого боловсруулах ёстой. Энэ бол намдаа шингээх гэсэн тав дахь гол зорилт мөн болно.
Бичдэг бичдэг гэхэд над шиг муу бичдэг хүн байхгүй
Одоо энд өөрийн тухай товч тайлбар хэлье. Энэ нийтлэлийн дараа намайг намаас хасаж магадгүй. Иймээс намын эгнээнд байгаа энэхэн агшныг ашиглан тайлангаа тавья.
Гишүүн бүрийн намдаа элсэж хүчин зүтгэсэн он цаг өөр өөр байдаг. Намайг элсэхэд нам маань өөрөө 33 ойтой, би 22 настай байсан. Тэр бол 1954 он. Сонин цаг үе таарсан. Монголын удирдагч маршал Чойбалсан, Орос-Зөвлөлтийн удирдагч генералисмус И.Сталин хоёр бараг нэгэн зэрэг өөд болчихоод манай хоёр ард түмэн “эцэг” удирдагчг үй “Одоо яана аа” хэмээн халаглаж байлаа. Манай хувьд Маршалынхаа орыг Цэдэнбалаар залгамжлуулсан. Намайг намд элсэхэд гурвалжиндуу том алаг нүдтэй, дөлгөөхөн ааш зантай, дөч эргэм насны, нүдэнд дулаахан, биерхүү сайхан хүн манай намын хамгийн том дарга нь болоод удаагүй байсныг санаж байна. Тэр бол Дашийн Дамба гэдэг гүнд үүгүй зантай, төрөлхийн хэрсүү их ухаантай сайн дарга байсан. Энэ цагаас хойш бараг бүтэн жаран жил намтайгаа цуг хүний хорвоог туулж ирлээ. Гуйвж дайваагүй, бусдынхаа адил намдаа тус болохыг бодоод л, өгсөн ажлыг нь олигтойхон бүтээх гэж зүтгээд л, сургууль номдоо шамдаад л явж байсан. Намын хоёр ч дээд сургуулийг төгссөн. Нам ба намын хэвлэлд 32 жил ажилласан.
Намтар маань ийм болохоор намынхаа ялагдлыг хараад харамсаж байна. Намтай хүн намаа л нөм өрддөг. Намтай хүн намаа л өмөөрдөг. Намтай хүн намаасаа л зовдог. Намтай хүн намаа л бичдэг. Би бас намаа л бичдэг. Бичдэг бичдэг гэхэд над шиг олон зүйл бичсэн хүн байхгүй. Зургаан боть ном гаргасан. Намын сэдэв бүхий нийтлэл хоёр зуу хол давсан байгаа. Бичдэг бичдэг гэхэд над шиг муу бичдэг хүн бас байгаагүй. Эдүгээ миний бие намынхаа нэрийг дуулга мэт духдуулчихаад, намынхаа эрх ашгийг винтов мэт мөрлөчихөөд намынхаа үгийг сэлэм мэт хурцалчихаад намчирхаж бичихийн жаргалыг эдэлж суугаа минь энэ ээ. Харин энэ нийтлэл намд ч тус болохгүй, надад ч сайн болохгүй өнгөрч магадгүй хэмээн жаахан зовж байна.
Х.Цэвлээ СГЗ, сэтгүүлч