Энэ намрын эрт эхэлсэн цочир хүйтрэлтэй зэрэгцээд эдийн засагт үүссэн хүндрэлийг хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэ орчноор дулааруулахыг эрх баригчид хичээж байна. Харамсалтай нь сөрөг хүчний улстөржилт, иргэний хөдөлгөөний хийрхэлд автаад буй энэ хуулийн төсөл хөрөнгө оруулагчдыг эргүүлж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж эхлэв. Хуулийн төслийг гүйцэтгэх засаглалаас санаачлан өрг өн барьснаас хойш удаагүй. Энэ хооронд Засгийн газар 4-5 удаагийн хуралдаанаараа шүүн тунгааж, эдүгээ УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхдээ төслийн анхны агуулгаасаа хазайсан нь анхаарал татаж эхлээд байна. Анхнаасаа л гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад адил тэгш боломж олгох, татварыг нь тодорхой хугацаанд тогтворжуулснаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Гэтэл УИХ-аар хэлэлцэж буй явцаас ажиглавал зарим улстөрчид хуулийн талаар өнөөдрийг хүртэл нэг мөр ойлголтгүй, эсвэл улстөржилтөд хэт автсанаас хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх хууль хэмээн улстөржүүлж эхлэв. Уг нь татварыг тогтворжуулах, хөнгөлөлт үзүүлэх гэдэг нь хоёр өөр ойлголт. Гэвч ийнхүү тайлбарласнаар улс орноо хөгжүүлэх нийтлэг том эрх ашиг бүхий энэ хууль улс төрийн жижиг амбицад хөтлөгдсөнөөс болж батлагдаж чадахгүй хугацаа алдаж мэдэхээр байна.
Цаг хугацаа алт. Ялангуяа эдийн засгаа хугацаа алдалгүй өөд татах зайлшгүй шаардлагатай ийм үед ээлжит бус чуулганаар энэ хуулийг баталж амжих уу? Хөрөнгө оруулалтын цоо шинэ боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад итгэл хүлээлгэх анхны агуулгаараа батлагдаж чадах уу зэрэг олон асуулт ар араасаа асуулт дагуулсан хэвээр үлдэх нь. Хөрөнгө оруулагчдад татварын тогтвортой орчин хамгаас чухал. Үүнийг хэрхэн тогтворжуулах, ямар ямар татварыг хамааруулах, тогтворжилтыг хэдэн жилийн хугацаагаар олгох, үүнийг яг хэзээнээс тооцох, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаагаар уу, хөрөнгө оруулсан хугацаанаас нь эхлэх үү гээд маргаантай, үл ойлголцсон олон зүйл, заалт хөрөнгө оруулагчдад төдийгүй улстөрчдөд ч тодорхойгүй байдал бий болов. Уг нь энэ хуулийг Засгийн газраас анх өргөн барихдаа хөрөнгө оруулагчдад итгэсэн шиг итгээд эргээд хөрөнгө оруулалтаар нь эдийн засгаа өөд татъя гэсэн чиглэл агуулгатай байсан. Үүний тулд олон талын саналыг нэгтгэн тусгаснаар жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалтыг татах нь гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өнөөдөр улстөрчдийн олон санаа, ашиг сонирхлоор засагдан өөрчлөгдсөөр жонхуу болж буй нь өмнөх хуулиудаасаа дээрдэх нь байтугай дордож ч магадгүй болжээ.
ААНОАТ, НӨАТ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Гаалийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг гэрчилгээ авсан тухайн хугацаагаар нь тогтворжуулахаар төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч Тогтворжилтын гэрчилгээ авах үед мөрдөгдөж буй татварын хэмжээгээр тухайн хугацаанд татвараа төлөх бөгөөд тогтворжилтын хугацаанд татвар нэмэгдсэн тохиолдолд төлөх татвар нь хуучнаар мөрдөгдөх боломжийг олгох байсан юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг бизнесийн эрсдэлээс хамгаалах шинэ орчин болж, Монголд итгэх итгэлийг дахин сэргээж чадах болов уу. Үүнд хариулт авахын тулд өмнөх буюу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулагчидтай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнүүдийг эргэн сөхлөө. Ийм гэрээг 1998 оноос эхлэн байгуулсан бөгөөд 10-30 жилийн хугацаагаар байгуулагдаж эхнийх нь 2015 онд дуусаж буй юм.
1998 онд Монгол-Их Британийн хамтарсан “Бороо гоулд”, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компанитай 10-15 жилийн, 2005 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхуа МАК-Нарийн сухайт” болон МАК компанитай 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр дээрх компаниудыг ААНОАТ-аас эхний 3-5 жилд чөлөөлөн, Экспортын болон Импортын гаалийн татвар, Худалдааны албан татвар зэргээс 0 хувийн татвар авах хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Харин “Оюутолгой” төсөл буюу “Айвенхоу Майнз Монголиа инк” компанийн (хуучин нэрээр) тогтвортой байдлыг 2009 оноос эхлэн 30 жилийн хугацаагаар ханган ААНОАТ, Гаалийн татвар, НӨАТ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг 10 гаруй төрлийн татвар, төлбөрийг нь тогтворжуулан бизнесийн эрсдэлээс хамгаалж байжээ. Гэтэл Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар тогтворжуулалтын хугацаа болон татварын төрлийг үүнээс багасгаж, бууруулснаар өмнөхөөс нь тогтворгүй болгож, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болох юм биш биз.
Улс орны эдийн засаг өсөн нэмэгдэж буй энэ үед хөрөнгө оруулалт тэр үеийнх шиг ганц, хоёр сая ам.доллараар хэмжигдэхгүй. Үүнээс хэд дахин ихээр өсөн нэмэгдэж буй. Тиймдээ ч шинэ төсөлд нэг сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан. Энэ үүднээс хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам 15-20 жилийн тогтворжилтын баталгаа авах шаардлага хөрөнгө оруулагч нарт бий. Тиймээс хуульд Тогтворжуулалтын хугацааг 5-10 жил гэж тусгасан нь хөрөнгө оруулагчдын хувьд баталгаа болж чадахгүй. Харин 10-аас дээш, 15-20 жил байхаар хууль эрх зүйн баталгааг олгох нь энэ хэрээр хөрөнгө оруулагчдыг эрсдэлээ үүрэх боломж, баталгаа болж чадна. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдуулахаас бусад онцгой албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, экспортын албан татвар болон ус ашигласны, агаарын бохирдлын гээд хөрөнгө оруулалтын тооцоо, зардалд хамгийн их нөлөөлдөг гол татвар, төлбөрүүд бий. Гэтэл эдгээрийг тогтворжуулалгүй үлдээсэн нь хөрөнгө оруулагчдад хоёрын хооронд хагас боломж болоод байна. Хагас эрх чөлөө гэдэг шиг ийм “хагас” хуулиар хөрөнгө оруулалтыг татах гэж буй нь нь хөрөнгө оруулалтыг дүүргэх биш, харин ч хөрөнгө оруулалтыг татах эцсийн боломжоо алдана хэмээн зарим шинжээч, судлаачид хэлж буй нь бодит үнэн болоод байна.
Шинэ хууль батлагдсан тохиолдолд Тогтвортой байдлын гэрээ байгуулсан дээрх компаниудад шинэ тогтворжуулалт хэрхэн үйлчлэх, эсвэл тэд өмнөх гэрээгээр тогтвортой байдлаа хадгалах нь хөрөнгө оруулагчдад ялгавартай байдал үүсгэж байна. Тэд доод тал нь 10 жилээр тогтвортой байдлаа хамгаалж чадсан бол одоогийн шинэ төслөөр хамгийн их буюу 50 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулагчдад дээд тал нь 10 жилийн хугацаа олгожээ. Хөрөнгө оруулалт, Тогтвортой байдлын гэрээ зөвхөн гаднынханд хамаатай үед их хэмжээний хөрөнгө оруулсан, бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулсан үндэсний олон компани бий. Тэдэнд шинэ хуулиар олгох Тогтворжуулалтын баталгаа үйлчлэх үү. Хөрөнгө оруулсан ч хууль эрх зүй, улс төрийн тогтворгүй орчноос болоод хөрөнгө оруулалтаа царцаасан гадна, дотнын компаниуд ч хэд хэд бий.
Тэд Тогтворжуулалтын гэрчилгээ нөхөн авч болох уу. Уг нь хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулахаасаа өмнө ийм баталгаа, тогтворжуулалт эдлэхийг хүсдэг. Ялангуяа төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг том бүтээн байгуулалтад зээл авах, санхүүжилт босгоход Тогтворжуулалтын гэрчилгээ баталгаа болох учиртай. Тиймээс ийм баталгааг урьдчилж авах сонирхол хөрөнгө оруулагчдад бий. Гэвч хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авах зорилготой ч тэдэндээ үл итгэсэн хэвээр байгааг засч, залруулан зөв гольдролд нь оруулах боломж УИХ-ын гишүүдэд байна. Энэ мэт олон эргэлзээ тээнэгэлзэл, үл ойлголцлоор Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна.
Өнөөдөр улс оронд, эдийн засагт улстөржилт биш эрүүл эрх зүйн орчин хэрэгтэй байна. Тиймээс чухал ач холбогдол өгч, УИХ-ын ээлжит бус чуулган хүртэл хуралдуулан байж хэлэлцэж буй энэ хуулиа хугацаа алдалгүй хэлэлцэж хөрөнгө оруулагчдад олгож хагас боломжийг дүүргэн гүйцээж, цаг алдалгүй баталмаар байна, УИХ-ын гишүүд ээ.