НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд үргэлжилж
байна. Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 улсын Засгийн газрын тэрг үүн, 42 орны Гадаад хэргийн сайд ирсэн тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байгаа билээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцсон байна.
23-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан хөгжихөд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн бол “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон нарын хамт удирдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Өчигдөр тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй улс орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтаар “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн чуулга уулзалт” сэдэвт хуралдаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг нийтэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн чуулга уулзалт”-д хэлсэн үг
Ноён Ерөнхийлөгч өө,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төр, засгийн тэргүүн, эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Хорин нэгдүгээр зууны томоохон сорилтуудын нэгийг тус байгууллагын гишүүн орнуудын дээд түвшний шийдвэр гаргагчдын анхааралд толилуулахад энэхүү чуулга уулзалт түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тогтвортой хөгжил хийгээд түүний хэрэгжилтийг дүгнэхэд олон улсын улс төрийн чин эрмэлзлийг бататгахад НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл доорх Засгийн газар хоорондын энэхүү байгууллага чухал үүрэг гүйцэтгэх болно.
Нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр тогтвортой хөгжлийг бүхний түрүүнд тавьж, ажлын байр бий болгож, бүгдийг хамарсан өсөлт бий болгох замаар эдийн засгийг өөрчлөх, энх тайвныг бэхжүүлэх, бүх хүнд үр өгөөжтэй, нээлттэй, хариуцлагатай байгуулал, дэлхий нийтийн шинэ түншлэл байгуулах зэрэг таван том өөрчлөлтөөс үүдсэн 2015 оноос хойших дэлхий дахины асуудлын төвд тогтвортой хөгжил байдаг билээ.
Тогтвортой хөгжлийн хорооны хийж гүйцэтгэсэн шилдэг ажлуудад талархал илэрхийлье.
Эдийн засгийн хөгжил, нийгмийн оролцоо байгаль орчны тогтвортой байдлын гурвалсан хүчин зүйлийг нэгдмэл зорилго, үйл ажиллагааны хөтөлбөр хэлбэрээр тодорхойлсон эх газрын тухай дээд хэмжээний чуулга уулзалтын “Бидний хүсч буй ирээдүй” хэмээх түүхэн баримт бичигт дурдсан үзэл баримтлалыг бид дагаж мөрддөг. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг уялдуулан хангаснаар ядуурлыг эгнэгт арилгах болно.
Тогтвортой хөгжлийн зорилтууд нь тодорхой ажиллагаанд чиглэсэн, оновчтой, ойлгоход хялбар, цөөн, зориг тэмүүлэл дүүрэн бүх улс оронд тохирохуйц, улс орнуудын бодит нөхцөл байдал, хүчин чадал, хөгжлийн түвшин, үндэсний бодлого, тэргүүлэх зорилтуудыг хүндэтгэн харгалзсан байх учиртай. Бид үүнийг ойлгож хуваалцаж байна. Ерөнхийн ассамблейн тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх нээлттэй ажлын хэсэг тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Нөгөөтэйгүүр, тогтвортой хөгжил бол бүх нийтийг хамарсан ямар ч хамаагүй үнэ өртгөөр түр зуурын амжилт олоход бус, хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгох замаар эдийн засгийг тогтвортой, урт удаан хугацаанд өсгөхөд оршино.
Монгол Улсын эдийн засаг саяхан хүртэл алгуур өссөөр, хоёр оронтой тоогоор хэмжигдэхүйц эрчимжив. Хэдий тийм боловч эдийн засаг эрчимтэй өссөнөөр нийгэм, эдийн засгийн үр шимийг жигд хүртэхгүйг бид туршлагаараа мэдэрсэн. Эдийн засаг өссөнөөр нийт хүн амын орлого нэмэгдэж, ажлын байрууд мөн нэмэгдэж, ажиллагсдын орлого өсөн нэмэгдэхэд бодлого чиглэгдэх ёстой. Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан тэрг үүлэх салбар чиглэх бүр эрч хүчтэй түншлэл, нийгмийн оролцоотой засаглал, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур нөхцөлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, иргэний нийгэм, уугуул хүн ам, нутгийн оршин суугчид ялгаварлан гадуурхагддаг хэсэг бүлэг иргэд, олон талт байгууллагууд, нутгийн болон үндэсний Засгийн газар, бизнес, шинжлэх ухааны бүлгийнхнийг дэмжих учиртай.
Тогтвортой хөгжихөд түгээмэл тархацтай баялаг болох ус нэн чухал. 2015 оноос хойших хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир би олон улсын олон хурал чуулганд усны асуудлаарх хамтын ажиллагааны дэлхийн байгууллага бий болгохоор санал дэвшүүлж байснаа энд дахин дурдъя.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 2014 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Монгол Улс дэмжиж байна. 2015 он гэхэд дэлхийн хэмжээний зайлшгүй дагаж мөрдөх уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенц байгуулах үйл явц болон 2015 оноос хойших хөгжлийн асуудлуудын хос үйл явцад Монгол Улс идэвхтэй оролцох болно.