Улсын хэтэвчний хэмжээг тодорхойлох чухал үүрэг бүхий намрын чуулган эхэллээ. Учир нь уг чуулганаар улсын ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Үүнээс гадна эдийн засгаа сайжруулахаар өргөн барьсан хуулийн таван төслийг үргэлжл үүлэн хэлэлцэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, долларын ханш өссөний хариуцлагыг сөрөг хүчнийхэн шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнтэй тооцох ёстой гэж буй. Тэгвэл уржигдраас эхлээд шатахуун импортлогч “Магнай трэйд”, “Петровис” компани үнээ 50 төгрөгөөр нэмчихэв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шалтгаан сөрөг хүчинд нэгээр нэмэгдсэн гэсэн үг. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээхдээ намрын чуулган хариуцлагатай олон асуудлыг хэлэлцэнэ, цагаа үр дүнтэй өнгөрөөнө шүү хэмээн сануулсан ч улс төр хийхээ эрхэм түшээд хэнээр ч заалгахгүй биз. Гэхдээ УИХ-ын эрхэм гишүүд бөөн тоо, хэн нэгнийг огцруулах тухай санаашралд автаад намрын чуулганаар хэлэлцэхээр нэр заан оруулсан 20 асуудлын сүүлээсээ хоёр дахид нь орсон, бүх буруугийн эх үндэс байж мэдэх нэг төслийг анзаарах ч сөхөөгүй яваа. Анзаарахыг хүсэхгүй байгаа гэвэл бараг үнэнд дөхөх биз.
УИХ-ЫН ГИШҮҮН ЗӨВХӨН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБЫГ ДАВХАР ХАШИЖ БОЛНО
Энэ бол Засгийн газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол агуулга. 2000 онд Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийн нэг нь 29.1-ийн “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гиш үүн давхар сайд хийж болно гэсэн үг. “Эцэг” хуультай бусад нь нийцэх ёстой учир УИХ-ын болон Засгийн газрын тухай хуульд үүнд нийцүүлсэн заалт оруулж баталгаажуулав. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалын хуваа рилалтыг алдагдуулж, завхрал дагуулсан уг заалтын горыг сүүлийн 10 гаруй жилд бид амсаж суугаа. Уг нь УИХ хууль баталж, Засгийн газар хэрэгжүүлдэг. Парламент нь түүндээ хяналт тавьж, шахаж шаарддаг байв. Харин дээрх заалтын “буянаар” эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, эрх үүрэг нь холилдсон. Мэргэшсэн парламентчид энэ талаар нэг бус удаа сануулж, Засгийн газрын хийх ажлыг УИХ өмнөөс нь гүйцэтгэж, оруулж ирсэн төслийнх нь “бөөсийг түүдэг” болж, хяналт тавих аргагүй болсныг ярьдаг. Хэн нь хууль тогтоогоод хэн нь гүйцэтгээд байгаа нь ч мэдэгдэхгүй, хөл толгойгоо алдав. Өнөөдөр л гэхэд Засгийн газрын 19 гишүүний ердөө хоёр нь л “гаднаас” томилогдсон. 17 нь УИХ-ын гишүүн-сайд байна. Гэхдээ Үндсэн хуульд оруулж, төрийн ажлыг гацаасан дээрх заалтыг цуцлах тухай үе үеийн УИХ-ын гишүүд ярьдаг. Ингэхдээ “Засгийн газрын гишүүдийн гуравны хоёрыг УИХ-аас бүрдүүлж болно” хэмээн зөөл рүүлсхийхээс хэтрээгүй.
Өмнөх УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруу лах журмын тухай хууль баталж нэг алхам урагшилсан. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн төслийг хэсэг гишүүн өргөн барьсан учраас УИХ-ын даргын захирамжаар эдгээрийг нэгтгэж, судлах Ажлын хэсэг байгуулсан юм. Өмнөх УИХын хийж чадах ажил үүгээр дууссан. Тэгвэл шинэ Парламентад дээрх алдааг засах үүргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлэв. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл түүнийх. Төслийн танилцуулгад “Өдөр ирэх бүр өсөн тэлж буй улс орны нийгэм, эдийн засгийн харилцааг дагаж УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албыг нэг хүн хавсран гүйцэтгэх нь улам бүр хүндрэлтэй болж, санаатай санамсаргүй байдлаар албан үүргээ цалгардуулах байдал гарсаар байна” гээд сайд нарын УИХ-ын үйл ажиллагаанд оролцох ирц, идэвх муудсаныг онцолжээ. Гуравны хоёр гэдэг босгыг Ерөнхийлөгч “1996 онд Цэцээс буруушаагдсан, аргацаасан, асуудлыг шийдэх боломжгүй заалт” хэмээн үзэж байна. Тиймээс тэрбээр төсөлдөө УИХ-ын гишүүн хүн зөвхөн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, бусад сайдыг “гаднаас” томилохоор тусгасан аж. Ингэснээр Үндсэн хуульд гар дүрэлгүйгээр үүсээд буй алдааг засах боломжтой гэж үзжээ.
ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
Төрийн тэргүүн ийм төсөл өргөн барьсныг УИХ-ын гишүүд санаж байгаа. Гэхдээ энэ УИХ-ын үеэс эхэлчихвэл олон хүн зөөлөн суудлаасаа шидэгдэх учраас хэлэлцэхдээ хойрго хандаж буй биз. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Төслийн санааг дэмжиж байгаа. УИХ мэдээж төслийг хэлэлцэнэ. Цаг хугацааны хувьд хэлэлцэн батлах боломж бий. Гэхдээ уг хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа” гэлээ. Одоо хэрэгжүүлнэ гэвэл шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүн тэр чигтээ шахам өөрчлөгдөнө. Ийм “тогтворгүй байдлыг” олонх хүсэхгүй нь лав. Гэхдээ энэ удаа биш ч гэсэн засаглалд нүүрлэсэн хямралыг засаж, дээрх хуулийг батлах зориг гаргаж чадвал тэд түүхэнд нэрээ үлдээнэ. Тиймээс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг яаралтай хэлэлцэж, бүх завхралыг засаж, эрх мэдлийн хуваарилалтыг байранд нь оруулаач, түшээд ээ.
С.ТУУЛ