Төсвийн хөрөнгө оруулалттай барилгууд анхны төсөвт өртгөөсөө гурав, дөрөв дахин өссөн талаарх итгэхийн аргагүй жишээ, баримтуудыг өчигдөр Эдийн засгийн хөгжлийн яамныхан “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр гаргаж тавилаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт барих усан бассейны барилгын төсөл 2011 онд анх 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхэлсэн бол экспертизээр баталсан шинэ төсөвт өртөг нь 4.4 тэрбум төгрөг буюу анхныхаасаа 4.5 дахин нэмэгдсэн байх юм. Завхан аймагт барих Хөгжимт драмын театр 2011 онд гурав орчим тэрбум төгрөгийн өртөгтэй байсан бол гурван жилийн дараа есөн тэрбум болсон гэсэн том тоо цохиж явна. Энэ жагсаалтын араас Говийн бүсийн эмчилгээ оношлогооны төв 2.6-гаас 7.2 тэрбум, олон улсын “Найрамдал” төвд барих усан спортын төв 2.5-аас таван тэрбум, “Хан Хэнтий” чуулгын байр 3.5- аас 8.3 тэрбум гэхчлэн эдгээр барилга анх төсөвлөж байснаасаа 2-3 дахин суга өсчээ. Дархан-Уул аймагт барьж буй спорт цогцолбор 11 тэрбум төгрөгөөр анх батлагдсан ч 2014 онд 21.4 тэрбум болж өртөг нь өсчээ. Үүний зөрүүгээр 100 хүүхдийн 28 цэцэрлэг барьж болно гэдгийг тус яамныхан ярьсан.
Төсвийн шинэчлэл сэдвээр өрнөсөн “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх жишээнүүдийг төсвийг үргүй зарж буйн сонгодог жишээ хэмээн тодотгов. Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газрын хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголыг ярилцаад, өнөө маргаашгүй УИХ-д барина. Үүнтэй зэрэгцээд 2014 оны төсвийг УИХ-д өргөн барьсан байгаа. Төсвийн шинэчлэлийн хүрээнд бүх яамныхантай ярья гэж энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Төрийн байгууллагууд, ялангуяа яам, тамгын газрууд төсөв үрж байгаа мөнгөн дээрээ тогтож ярихгүй бол хорин хэдэн жилийн хугацаанд үндсэндээ төсөв, төсвийн хөрөнгө оруулалт ямар ч зохицуулалтгүй явж ирсэн гэж болно. Сүүлдээ ямар байдал үүсэж байна гэхээр төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэг, соёлын төв босох гэж тав зургаан жил болдог, энэ хугацаандаа өртөг нь дандаа нэмэгддэг. Тэгэхдээ бүр хэдэн арав дахин өсдөг.
2013 оны хөрөнгө оруулалтаар босох байсан объектууд 34- 130 хувиар өсөж, ирэх оны төсвийн төсөлд орсон байна. Ийм байдлаар явбал 2014 онд шинээр эхлэх объектод зарцуулах мөнгө байхгүй, 2011, 2012 онд эхэлсэн байшин барилгаа цааш барьж гүйцээхэд хамаг мөнгөө өгөөд дуусах нь” гэв. Түүнчлэн өөр нэг асуудал нь зэргэлдээ хоёр суманд баригдаж байгаа яг адилхан барилга хоёр өөр өртөгтэй байгаа жишээ түгээмэл байна. Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул суманд барьж буй Соёлын төвийн барилга 3.2 тэр бум төгрөгийн өртөгтэй бол, Цэцэн-Уул суманд босож буй Соёлын төв 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байна. Дундговийн Дэлгэрхангай суманд барьж буй сургуулийн барилга хоёр тэрбум төгрөгийн өртгөөр босох бол, Хэнтийн нэг сумын сургууль 1.2 тэрбумаар баригдах жишээтэй. Өөр өөр өртөгтэй төсөв хийдэг энэ шалтгааныг Ерөнхий сайд барилгын өөрийнх нь өртгийг тооцдог үнэлгээ, суурь нормууд ялгаатай байдагтай холбон тайлбарлана лээ.
Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын суурь норм 12 мянга орчим байдаг бөгөөд 70-аад оноос хойш огт өөрчилж, шинэчлээгүй өдий хүрчээ. Түүнийг нь төсөв хийдэг хүмүүс ашиглан дур дураараа төсөв зохиодгоос хоёр сумын адил барилга өөр өртөгтэй байх болжээ. Тиймээс энэ байдлыг өөр чилж, үнэлгээ, суурь нормыг шинэч лэхээс гадна сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг тус тусад нь зураг төсөв зохиохгүйгээр нэгдсэн нэг маягийн зурагтай болгохоор Засгийн газрын тогтоол гараад байгаа гэнэ. 2014 оны төсвийн төсөл, төсөвт өртгийн нийт зөрүү өмнөх оныхоос 272.5 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж. Энэ нь бага сургууль, цэцэрлэгийн цог цолбор 123-ыг Улаанбаатарт барих хэм жээ ний мөнгө юм байна. Энэмэтчилэн төсвийн үргүй зардал, алдаа дутагдлаа эргэн харах хэрэгтэй. Ирэх оны төсөвт гар чангатай хандана гэдгийг Ерөнхий сайд онцлоод шинэчлэлийг төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхлэх ёстой гэв. Тэвчиж болох бүх зардал, тухайлбал, гадаад руу томилолтоор явах, шагналын сан гэж их хэмжээний мөнгө төсөвлөдөг, орон сууцны дэмжлэг олгодог, байшин барилгаа томруулах гэж улайрдаг зэрэг цамаан зангаа татах хэрэгтэйг яамдын удирдлагуудад анхааруулсан. Мөн энэ талаар долоо хоногийн хугацаатай үүргийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт өгч, энэ хугацаанд хэрхэн зардлаа танах талаар тайлан төлөвлөгөө гаргаж ирэхийг даалгалаа.
Г.ОЮУН