Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлд санаа тавьж байгаа аж. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ асуудлаар хоёр жилийн өмнө Ажлын хэсэг байгуулж, Улс төрийн намын болон Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Уг асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг бас ажиллаж буй юм. Нэг төсөл учраас хоёр талаас саналаа нэгтгээд төслөө боловсруулах юм байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаатай ярилцлаа. Тэрбээр Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулсан Ажлын хэсгийн боловсруулсан төслийн гол агуулга юу вэ?
-Улс төрийн намын эрх зүйн орчны шинэчлэл бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарлын төвд байдаг асуудлын нэг юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны өмнөх болон одоогийн хөтөлбөрт улс төрийн намын эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлын талаар тусгасан байгаа. Улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх Ажлын хэсгийг улс төрийн намуудын болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцуулан байгуулсан. Мөн олон улсын эрдэмтдээс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын байгууллагаар дамжуулан санал авч, хэлэлцүүлэг хийсэн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлагыг судалсан. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан байгаа.
Шинэчлэлийг улс төрийн намын үзэл баримтлал, бүртгэл, дотоод ардчилал, гишүүнчлэл, санхүүжилт гэсэн хэдэн чиглэлээр авч үзсэн. Юуны өмнө улс төрийн намын үүрэг, зорилгыг хуульд тодорхой заахыг оролдсон. Энэ хүрээндээ бид “Улс төрийн нам бол улс орны хөгжлийг тодорхойлогч байж, хамтын хариуцлага хүлээдэг, хамтын удирдлагатай, иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн байгууллага байна” гэж тодорхойлсон. Одоо бол улс төрийн намд эрх мэдлийн төвлөрөл бий болчихоод байна. Гэтэл нам хамтын удирдлагатай, хамтдаа хариуцлага хүлээдэг тогтолцоотой байх ёстой.
Намын дарга нь хариуцлагагүй үйлдэл хийчихээд намаа дампууруулж, хаяад явчихдаг жишээ ч байна шүү дээ. Бүртгэлийн шинэчлэлийн хүрээнд гэвэл улс төрийн намыг бүртгэдэг байгууллага хянадаг, хариуцлага тооцдог тогтолцоог оруулж ирэхийг оролдсон. Манай улсад улс төрийн намыг Дээд шүүх бүртгэдэг. Гэтэл олон улсад намыг бүртгэдэг байгууллага нь түүнтэйгээ ажиллаж, шаардлага тавьж, хянаж, хариуцлага тооцдог. Монголд Дээд шүүх ийм үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Тиймээс энэ эрх үүргийг СЕХ-нд шилжүүлэх хувилбарын талаар бид судалж байна. Ингэвэл СЕХ-ны статус өөрчлөгдөж, тэд илүү Комиссын бүтэц зохион байгуулалтад орно. Улс төрийн намаа бүртгэж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нь хянаж, төрөөс олгох санхүүжилтийг дамжуулдаг, хариуцлагагүй үйлдэл гаргавал сонгуульд оролцох эрх болон бүртгэлээс хасдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа юм. Нэгэнт төр санхүүжилт өгч байгаа бол хариуцлага тооцдог байх ёстой. Улс төрийн намуудад захиргааны, эрүүгийн, улс төрийн гэсэн гурван төрлийн хариуцлага хүлээлгэж болно. Эдгээрээс хамгийн чухал нь улс төрийн хариуцлага. Сонгуульд оролцох эрхийг нь хасна гэвэл тухайн намын хувьд том асуудал. Тиймээс дотоод ардчилал, үйл ажиллагааг улс төрийн хариуцлагатай нь холбох хэрэгтэй байгаа юм.
-СЕХ-ны гишүүдийг УИХ-аас томилдог, уг байгууллагыг эрх баригч намын “захиалгаар” ажиллалаа гэх шүүмжлэл ч гардаг. Тэгэхээр дээрх эрх, үүргийг СЕХнд хариуцуулахаар сонгууль дөхөөд ирмэгц улс төрийн зорилгоор намыг хасах зэргээр зөрчил гарвал яах вэ?
-СЕХ-нд энэ эрхийг шилжүүлэхдээ томилгооны хараат бус байдлыг хангах нь маш чухал. Ингэхгүй л бол шинэчлэл цаасан дээр үлдэнэ. СЕХ-ны гишүүнийг томилохын тулд нээлттэй зарлаж шалгаруулалт явуулдаг хараат бус Ажлын хэсэг зохион байгуулж болно. Тухайлбал, 100 хүн өрсөлдөхөд тодорхой шалгуурт нийцсэн 15-ыг нь шалгаруулаад Ажлын хэсгээс УИХ-д танилцуулах юм бол томилгооны хараат бус байдлыг хангахад бас нэг дөхөм болно. Ярилцаад байвал энэ мэтээр гарц, хувилбар олон. Мөн тухайн намыг улсын бүртгэлд бүртгэхийн өмнө олон нийтэд танилцуулж болно. Ингэвэл бусад нам, иргэд лого, нэр нь давхардсан эсэхийг хянах боломжтой. Хэсэг хугацааны дараа ямар нэг гомдол, зөрчил гараагүй бол тухайн намыг жинхэнэ бүртгэлд хамруулах жишээтэй.
-Намыг гишүүнчлэлгүй болгох санаачилга нэлээд гарч байна. Та бүхний төсөлд үүнийг хэрхэн зохицуулсан бол?
-Энэ яриа, саналаас их болгоомжилж байгаа. Гишүүнчлэлгүй нам гэж байхгүй. Иргэд эвлэлдэн нэгдэж, улс төрийн нийтлэг сонирхлоо илэрхийлэхийн тулд л нам байгуулдаг. Үүнийг гишүүдээс нь салгачихвал юу болох вэ. Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг зөрчинө шүү дээ. Намаар дамжаад хэсэг бүлэг нь эрх мэдэлд хүрч байна, монголчууд дотроо талцаад байгаа учраас гишүүнчлэлгүй болох нь зөв гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл энэ чинь гишүүдийн буруу юм уу. Тогтолцооны буруу юм уу? Улс төрийн намаар дамжуулаад төрийн албанд “бялуу” хуваадаг эрхийг зааглаж, хязгаарлахгүй л юм бол бүлэглэл оршсоор байна. Тиймээс гол шалтгааныг нь олж ярилцах ёстой. Бид төсөлдөө хатуу гишүүнчлэлээс сул гишүүнчлэл рүү шилжих бодлого баримталсан. Энэ бол гишүүнчлэлгүй байхаас өөр. Гишүүдийн олон хувилбарыг бий болгох, дэмжигч гишүүдийг бий болгож болно. Гишүүд татвараа төлдөг, шийдвэр гаргахад оролцдог дотоод ардчиллын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Гишүүд удирдлагаа эгүүлэн татаж, хариуцлага тооцдог эрхтэй байх ёстой. Одоо бол намууд оролцоо муутай байна. Улс төрийн намаа гишүүдийн оролцоотой, ил тод болгож чадаагүй байж улстөрчид төрөө нээлттэй, оролцоотой болгож чадна гэж үү гэсэн асуултаас эхэлмээр санагддаг юм.
Санхүүжилтийн шинэчлэлийн тухайд “Төрөөс 100 хувь санхүүжнэ” гэсэн зарим хүний санал гараад байгаа. Энэ асуудлыг бас нухацтай ярилцмаар байна. Улс төрийн нам бие даасан, хараат байх нь чухал. Үүний тулд тэд санхүүгийн хувьд хараат бус байх ёстой. Гишүүдийнхээ татвар, дэмжигчдийн хандив, үйл ажиллагаанаас нам тодорхой орлого олно. Мөн сонгуульд авсан саналынх тоо, УИХ-д авсан суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжилт өгнө. Тиймээс төсвийн санхүүжилт, өөрсдийн орлогын тэнцвэрийг хадгалах нь чухал байх. Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэхийг жирийн иргэд дэмждэггүй, гэвч ингэхгүй бол улс төрийн нам гаднын орнуудын хараат, бохир мөнгө угаах уурхай болох эрсдэлтэй. Энэ бүгдийг бид иргэддээ ойлгуулж, тайлбарлах шаардлага ч байна.
-Улс төрийн нам өмчтэй байх ёстой, ёсгүй гэсэн маргаан гардаг?
-Нам улс төрийн сонирхлыг төлөөлдөг үү, бизнесийн ашиг сонирхлын төлөө оршдог уу гэдгийг бодох ёстой. Судалгааны ажил хийх, ном борлуулах гэх мэтээр намын олж болох орлогыг зааж өгнө. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгөөс олох орлого нь намын өөрийн орлогын 20-30 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт оруулахаар ярьж байна. Гэхдээ бидний төсөл төгс болчихоогүй, цаашид ч энэ тухай хэлэлцэх байх.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэгтэй санал, зарчим нийлж байгаа юу?
-Ерөнхийлөгч энэ асуудлаар улс төрийн намууд оролцоод нээлттэй хэлэлцээд үзэл баримтлалаа боловсруулахыг хүсэж байгаа. Үүний дараа хамт суугаад ярилцаж болно. УИХын Ажлын хэсэгт бид орсон. Дундаасаа нэг л хуулийн төсөл боловсруулж гаргана. Нам бол хэдхэн хүний өмч биш, шинэчлэлийг хэсэгхэн хүн хийхгүй. Тиймээс ардчилсан байдлаар, өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийх ёстой. Үе шаттайгаар олон хэлбэрийн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй байх. Үүнд янз бүрийн бүлгийн төлөөлөл оролцож, нэгнээ сонсох, үзэл бодлогоо солилцох, мэдээлэл авахын хэрээр шинэчлэлийнхээ эзэд нь болдог. Энэ үйл явц нь л хамгийн чухал.
С.ТУУЛ