Гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан парламентад өргөн бариад байгаа билээ. Парламентын үйл ажиллагаанд тулгарч буй цаг үеийн асуудлыг зохицуулах, Засгийн газарт тавих хяналтыг сайжруулах, УИХ-ын болон гүйцэтгэх засаглалын уялдаа холбоог нэмэгдүүлэх нь уг нэмэлт өөрчлөлтийн зорилго аж. Энэ талаар гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.
-Засгийн газрын Бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор УИХ– ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаагийн тань үндэслэл юу вэ?
-Энэ бол цаг үеийн шаардлага гэж хэлж болно. УИХ нь түүний онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал болох хууль болон бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг улс орон даяар зохион байгуулж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Хэдийгээр УИХ-ын бүтэц дотор тухайн чиглэл болон салбарын асуудал хариуцсан Байнгын хороод байгаа боловч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, үйл ажиллагаа, хууль, УИХын бусад шийдвэрийн хэрэгжилтийн үр нөлөө, үндэсний томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг тусгайлан хариуцсан Улсын Их Хурлын бүтцийн байгууллага байхгүй. Энэ нь Үндсэн хуулиар УИХ-д олгосон чиг үүргийг бүрэн утгаар нь биелүүлж чадахгүй байна. Одоогоор УИХ нь найман Байнгын хороо, 10 дэд хороотой. Гэвч эдгээр Байнгын хороодын хариуцаж буй ажил зарим талаар давхардах, асуудал эзэнгүйдэх, орхигдох зэрэг дутагдал байгаа. Үүний хажуугаар Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний бодит биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын ажлыг хуулийн дагуу хянаж, гүйцэтгэх засаглалын ажлыг олон нийтэд нээлттэй болгох, бодлогыг засаж залруулах буюу асуудал бий болохоос нь өмнө урьдчилан таньж сэрэмжлүүлэх, эрсдэлийг тооцох чиглэлийн үйл ажиллагаа одоогийн УИХ, Байнгын хороодын чиг үүрэгт үгүйлэгдэж байгаа юм.
-Хуульд өөрчлөлт оруулснаар үүнийг шийдэж чадах уу?
-Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, бодлого шийдвэрийг засаж залруулах, зохицуулах асуудлыг тусгайлан хариуцах Дэд хороотой болсноор УИХ тодорхой үйл явцыг бүрэн цогц байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Парламентын засаглалтай манай улсын төрийн эрх барих дээд байгууллага нь сонгодог тогтолцоогоороо ажиллана гэсэн үг юм.
-Засгийн газрын үйл ажиллагааг тусгайлан хариуцах Дэд хороог байгуулсны ач холбогдол нь юу юм бэ?
-Дэд хороог байгуулах нь Нэгд, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хууль тогтоох дээд байгууллага тасралтгүй хянаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах өөрийн чиг үүргээ парламент бүрэн утгаар нь хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ. Хоёрт, Засгийн газар хууль тогтоомжийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл санхүүгийн бодлого шийдвэрийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцаж ажилладаг. Гэвч хэрхэн хяналт тавих, хариуцлага тооцох механизм нь алга байна. Тухайлбал, УИХ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг жил бүр хэлэлцэн баталж өгдөг боловч Засгийн газар тухайн төсвийг хэрхэн зарцуулж байгаа, төсвийн хэрэгжилт эдийн засгийн хувьд үр ашигтай, эсэх, нөөцийг зөв зохистой, үр дүнтэй зарцуулж байгаа үгүйг цаг тухайд нь хянах асуудал учир дутагдалтай байна.
-Засгийн газар төсвийн тодотголоо тайлагнаж, УИХ-д одоо ч танилцуулдаг шүү дээ?
-Төсвийн жил дууссанаас бараг хагас жил орчмын дараа УИХ өмнөх оны гүйцэтгэлийг хэлэлцэж баталдаг. Санхүү, эдийн засгийн дотоод гадаад хүчин зүйлүүд асар хурдацтай өөрчлөгдөж байхад Засгийн газар нь тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа УИХ-д ажлаа тайлагнах бус, харин өөрийн бүрэн эрхийн хүрээнд УИХ тогтмол хяналт тавьж ажилласнаар төрийн ажлыг жинхэнэ ёсоор ил тод, тогтвортой, олон нийтэд нээлттэй явуулах, эрсдэл хохирол гарахаас нь өмнө аливаа асуудлыг олж харах, урьдчилан сэргийлэх бололцоо бүрдэнэ. Энэ л эрх баригчдийн яриад байгаа шинэчлэл гэж ойлгож байгаа. Монгол Улс ардчилсан засаглалын тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг сонгосон. УИХ-аас баталсан, ард түмний татвараар бүрдсэн төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг сонгогчид, тэднийг төлөөлөн сууж буй төрийн түшээд шуурхай авах нь ардчиллын зарчимд бүрэн нийцнэ. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад ийм чиглэлийн бие даасан хороодыг байгуулсан үр дүнтэй туршлага нэлээд байгаа.
-УИХ-д бараг олонх болсон АН түрэмгий байгаа өнөө үед тухайн дэд хороог байгуулах нь хэцүү, гэвч байгуулж хуулиа өөрчиллөө гэж бодъё. Дэд хороо ямар эрхтэй байх вэ?
-Засгийн газрын бодлогын хяналтын дэд хороо нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, төрийн албаны хөгжлийн стратеги удирдлага болон хөрөнгийн бүртгэлийн асуудалд хяналт тавина. Эдийн засгийн үр ашигтай байдлыг төрийн захиргааны байгууллагын бүхий л түвшинд судалж тодорхойлно. Үүнээс гадна Гүйцэтгэх засаглалын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хууль, тогтоомжийн үр нөлөөг үнэлэхийн зэрэгцээ Төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөө зүүлэхүйц хөрөнгө оруулалтын зээл, томоохон төсөл хөтөлбөрүүдийн агуулга, зорилт, үр ашиг, хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалтын ил тод байдлыг хангана. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн үр нөлөөг судалж, дүн шинжилгээ хийнэ. Улсын хөгжилд томоохон ач холбогдол бүхий Мега төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх явцад хяналт тавина гэхмэтчилэн нэмэлт өөрчлөлт тусгасан байгаа.
-Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судалж, дүн шинжилгээ хийх талаар тодруулж өгнө үү?
-Одоогоор УИХ-ын Тамгын газрын бүтцэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Хяналт, үнэлгээний хэлтэс байгуулагдан ажиллаж байгаа боловч хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эерэг, сөрөг үр дагаврыг үнэлэх үнэлгээний арга аргачлал нь тодорхойгүй, Байнгын хороо болон УИХ-тай хамтдаа ажиллах механизм нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын парламент түүхэн хөгжлийнхээ 22 гаруй жилийн хугацаанд Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиар олгогдсон хяналтын чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх механизм тогтолцоог бүрдүүлж чадаагүй ирсэн дүр зураг харагдаж байна. УИХ-ын хяналтын тусгай чиг үүргийг хариуцсан Байнгын, эсхүл Дэд хороо гарцаагүй үгүйлэгдэж байгаа тул гадаад орнуудын жишгээр хяналт шалгалтын чиг үүргийн ийм дэд хороо байгуулах нь зүйтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан дүн шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн санаа бодол, судалгаа тооцоон дээр үндэслэсэн хууль тогтоомжийн бодлогын үйл ажиллагааг дэд хороо чиглүүлнэ.
-Таны хэлж байгаагаар уг дэд хороо нь хоёр дахь Засгийн газар юм биш үү?
-Тэгж ойлгож болохгүй. Энэ бол УИХ-аас томилогдсон хяналтын тогтолцоо юм. Засгийн газар нь татвар төлөгчдийн өмнө үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг, ажлаа тайлагнадаг байснаар татвар төлөгч-иргэн эргээд төрөөс ямар үйлчилгээ авч байгаагаа мэдэх эрх хангагдана. Төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааны явцад Дэд хороо хяналт тавьж шинэтгэл, өөрчлөн байгуулалт хэрхэн үр нөлөөтэй, үр ашигтай хийгдэж байгаа, бодлого зөв байгаад хяналт тавих үндсэн гол үүрэгтэй. Түүнчлэн иргэний хяналтын болон, төрийн бус байгууллагуудтай Дэд хороо хамтран ажилласнаар иргэдийн бодит амьдралд ямар өөрчлөлт гарсан, тулгамдсан асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгааг олж харах боломж бүрдэнэ.
-Гадаад улс орнуудад ийм чиглэлийн Байнгын болон Дэд хороод байдаг уу?
-Байна. Ардчиллын төгс улс болох АНУ-д Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Хянан шалгах болон Засгийн газрын шинэтгэлийн Байнгын хороо 1816 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тус Байнгын хорооны үндсэн үүрэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах төсвийн хөрөнгийг хэрхэн зөв оновчтой, үр ашигтай зарцуулж байгааг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх болон төсвийн захирагч нарын хууль бус үйлдлийг мөрдөн шалгадаг. Мөн Их Британийн парламентын Нийтийн танхимын дэргэд нийт 14 Тусгай хороод ажилладаг. Эдгээр тусгай хороод Засгийн газрын бодлогод салбар бүрээр, мөн Захиргааны асуудлаар мөрд өн шалгалт явуулж, санхүүгийн хяналт, шалгалт гүйцэтгэдэг. Ер нь татвар төлөгчдийн мөнгө ямар үнэ цэнэтэй хөтөлбөр төсөлд зарцуулагдаж байгааг тодорхойлох нь чухал шалгуур болдог. ХБНГУ-д парламентын хяналт шалгалт нь Бундестагийн чухал чиг үүрэгт тооцогддог. Бундестаг Хяналтын хороо байгуулан ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан, үр дүнг нь илтгэл хэлбэрээр дүгнэн бэлтгэж, парламентын хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцүүлдэг байна. Тус хороо нь Холбооны Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд гарсан хууль бус үйл ажиллагаа, дутагдлын талаар шүүмжлэл гарсан тохиолдолд ажлаа явуулдаг. Эндээс харахад ертөнцөд огт байдаггүй шинэ зүйл гаргаж, Дэд хороо байгуулах хуулийн төсөл санаачилсан хэрэг биш юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоёр тусдаа хэрэгжиж ёстой. Тиймээс Ерөнхий сайдаас бусад бүх Засгийн газрын гишүүд УИХ-аас гадуур байх” хуулийг санаачлаад байгаа. Гэхдээ хуулийн төсөлд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлж хэрэгжихээр хугацааг нь заасан. Энэ тухай өөрийн бодлоо хуваалцана уу?
-Миний харж байгаагаар энэ Засгийн газрын үйл ажиллагааг одоогийн байдлаар явуулахаар бодсон болов уу. Миний хувьд Засаглал хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох байгууллага парламент нь гүйцэтгэх засаглалдаа ямар ч үед бүрэн хяналтаа тавьж, алдаа оноог нь цаг алдалгүй засаж залруулдаг байх үүрэгтэй гэж бодож байна. Хэрвээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх нь зүйтэй. Тус хуулийн төслийг миний бие дэмжиж байгаа ч хугацааны хувьд 2016.07.01-нээс хойш гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Тиймээс парламентын гишүүд энэ эрх зүйн үндсийг 2016 оны сонгуулийн дараа бус, харин өмнө нь бүрдүүлж өгөх ёстой. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан, хяналтаа тавьж чадахгүй болсон талаар эрх баригч АН-ын УИХ дахь гишүүдийн үг, бухимдал сонсогдох боллоо.
-Ерөнхий сайд УИХ-ын намрын ээлжит чуулган дээр 2014 оны төсвийн анхны хэлэлц үүлгийн үеэр “2013 оны төсвийн тоо нэг жилийн дотор яаж өөрчлөгдсөнийг хэлье. Магадгүй энэ бидний буруу байж болно. Гэхдээ энд хэний бурууг яриагүй байна” гэж хэлсэн. Энэ мэдэгдэл нь хэнд алдаагаа тохож байгаа хэрэг вэ?
-Яах аргагүй тэгж хэлсэн. Парламент дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдах үед 2013 оны улсын төсвийн тухай хуулийг 43 өдрийн өмнө баталсан байдаг. Тухайн үеийн төсөв хэлэлцэх үед манай намын бүлгийн 25 гишүүдийн дуу хоолой, санал бодол, зөвлөмж тусгагдаагүй гэж хэлж болно. Одоо төсвийн орлого 1.0 наяд төгрөгөөс дээш тасалдаж, экспортын хэмжээ буурч, татварын орлого улсын төсөвт хангалттай орохгүй байна. Тухайн үед эрх баригч нам үргүй зардлыг ихээхэн төсөвлөж, орлогыг бодитойгоор тооцоололгүй төсвийг хүч түрэн баталсан шүү дээ. Магадгүй миний санаачилсан Дэд хороо тухайн үед байсан бол төрийн байгууллагуудын санхүүжилт, татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад хяналтаа тавиад явах боломжтой байсан. Засгийн газар нь ард түмэн, нийт иргэдийнхээ ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой, татвар төлөгчид энэ төр бидний төлөө ямар хөтөлбөр, төсөл арга хэмжээнд төсвөө хэрхэн төсөвлөж, зарцуулж байгааг мэдэх бүрэн эрхтэй. Тиймээс Засгийн газар нэг төгрөг зарах үедээ ч тухайн мөнгөний үнэ цэнийг үргэлж тунгаадаг, эдийн засгийн тооцоо, зөв шийдэл, хувилбар, судалгаа шинжилгээнд үндэслэдэг байх ёстой.
Хэрэв энэ талаар Ерөнхий сайдаасаа эхлээд бусад АН-ын гишүүд надтай санал нэг байвал хуулийн төслийг дэмжиж, маргаангүй зөв шийдэлд тал бүрээс санал нэгдэж, маргаангүй бурууд нийтдээ нүд хурц байж, хамтран ажиллах боломж бүрдэнэ. Ер нь энэ УИХ, Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа үеийн үед сайшаан дурсагдах гавьяатай томоохон бодлогын ажлуудыг хиймээр байна гэж эцэст нь хэлье.