Засгийн эрх барьж байх цагтаа алдаа гаргаж, улс төрийн хат суугаагүй, үзэл бодол, үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй нөхдийг албан тушаалд томилж, улс төрийн намын хувьд хамгийн хариуцлагатай хандах учиртай сонгуульд “Суудал аваад ирэх боломжтой хүн байвал дэвшүүлчихье” гэх хандлагаар амьсгалсан нь хамгийн том алдаа болсон гэж уналт, ялагдлынхаа шалтгааныг ил тод зарласан Ө.Энхтүвшингийн илтгэл МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн “загатнасан газар нь маажиж” чаджээ.
Тэрбээр энэ илтгэлээрээ босоо удирдлагатай, зөвхөн намын удирдлагын дохио зангаагаар хөдөлдөг МАН-ын хуучинсаг уламжлалыг эвдэж, “шинэчлэл”-ийн салхи оруулж ирэв бололтой. Гэсэн хэдий ч эл хурал хаалттай өрнөж, хурлын завсарлагаанаар гарч ирсэн хүмүүсээс ярилцлага авахыг эс тооцвол хэвлэлийнхэнд мэдээлэл олох боломж бага байна. Хурлыг зохион байгуулахын өмнө намын аппарат хөдөө аймаг, нийслэлийн намын үүр, иргэдээс санал цуглуулж, тэндээс шүүрдсэн алдаа, оноо бүхэн Ө.Энхтүвшингийн илтгэлд дурдагдсан тул хурлын төлөөлөгчид зориг оржээ. Тухайлбал, өчигдөр үдээс өмнө болсон хуралдаанаар МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, хөгжлийн хөтөлбөрийн түүхэн баримт бичгийн төслийг хэлэлцэж, өмнөх өдөр хуралдсан салбар хуралдааны тайланг сонсох үеэр Булган аймгаас ирсэн төлөөлөгч “МАН шат шатны сонгуульд ялагдах болсон шалтгаан С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын үйл ажиллагаатай шууд холбоотой.
Сонгуулийн дараа У.Хүрэлсүх зориг гаргаж намын ЕНБД болон УИХ-ын гишүүнээс татгалзсан явдал нь түүний хувьд эр зоригийн дууль болсон. Харин намын хувьд ялагдал, уналт доройтлын туйл болсон” гэх мэт үгсийг дайжээ. Түүнчлэн орон нутгийн төлөөлөгчид МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдах болсон хамгийн том шалтгаан нь Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтарч хийх хуулийг УИХ-д олонх байх үедээ баталсан буруу алхам мөн. Нөгөө талаар саналын хуудас тоолох хар машиныг АН-д найр тавьж өгсөн нь гай дуудсан гэж шүүмжилсэн гэнэ. Их хурлын эхний өдөр хуралдсан, МАН-ын дүрэмд шинэчлэл хийх салбар хуралдаанаар албаа дараагийн багт шилжүүлэх гэж буй Удирдах зөвлөлөөс гаргасан хэд хэдэн саналыг авч хэлэлцсэн байна. Үүнд намын Бага хурлын 310 гишүүнийг 250, Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг 21 болгох, орон тооны болон орон тооны бус 21 нарийн бичгийн даргын тоог цөөлөх саналаас орон нутгийн төлөөлөгчид Бага хурлын гишүүний тоог хэвээр нь үлдээж, гишүүнийг Бага хурлаас эгүүлэн татах эрхийг аймаг, нийслэлийн намын хороонд нээлттэй үлдээх харин Удирдах зөвлөлийн гишүүний тоог цөөлөх нь зөв гэж үзсэн аж.
Мөн Бага хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн намын хорооны даргыг заавал багтаах, хүн ам олонтой нийслэлийн дүүргүүдийн намын хорооны дэд дарга нарыг оруулах, намын гишүүдийн ёс зүйг дагнан хэлэлцэж байх бие даасан хороо байгуулах санал гарчээ. Гэвч энэ ажлыг Хяналтын хороонд даатгах бололтой. МАН-ын Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаан өчигдөр орой 20.00 цагаас үргэлжилж, МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж, МАНын хөгжлийн хөтөлбөрийн баримт бичгийг батлахаар товлоод байв. Шөнийн 24.00 цаг хүртэл хуралдана гэж тодотгосон эл хурал сунжирч магадгүй. Учир нь Ө.Энхтүвшингийн хэлсэнчлэн “Улс төрийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэх учиртай идэвхтэн, сонгуультнуудын сэтгэл дутаж, хүн амын олонх болсон залуучуудтай ойртож, тэднийг татаж чадаагүй, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологийг эзэмших тал дээр хоцрогдсон” энэ намын шинэ дарга хэн болох вэ гэдэг асуудлыг энэ үеэр шийднэ. Намын даргын төлөөх өрсөлдөөнийг зөвхөн Их хурлын төлөөлөгчид ч биш олон нийт, сөрөг хүчин, засгийн эрх баригчид, тэр бүү хэл гадныхан, хөрөнгө оруулагчид хүртэл анхааралтай ажиглаж байгаа бололтой. МАН энэ Их хурлыг “Дахин сэргэлтийн эхлэл болно” гэсэн найдвар тавьж буйгаа нуугаагүй.
Ийм эгзэгтэй үед Монголд алтны бизнес эрхэлж байсан “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок гэнэт амь орж МАН-ын экс удирдлага С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нарыг “Алт олборлогчдын хувь заяагаар тоглосон хүмүүс” гэж зарлав. Түүнчлэн тэрбээр “Монголын улстөрчдөд хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож, элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь сонин биш. Би уг нь энэ асуудлыг нефть боловсруулах үйлдвэр бариад шийдвэрлэх боломж байсан, хүссэн. Гэвч тэдэнд тийм сонирхол байгаагүй. Тэдний хэн нэгэнд гаднаас шатахуун импортлох нь ашигтай байсан” гэж мэдэгджээ. Татвараас зайлсхийж, Монголын Засгийн газартай Олон улсын Арбитрийн шүүх заргалдсан С.В.Паушокийн хийсэн гэнэтийн мэдэгдэл нь МАН-ын Их хуралд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого уу эсвэл тохиолдлын хэрэг байв уу. Ирэх дөрвөн жилд МАН-ын тамга атгах удирдлагыг тодруулах асуудал төлөөлөгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй. МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшиж, өрсөлдөхөөр яригдаж буй хүмүүсийг нэр бүхий УИХ-ын гишүүд лообийдож, орон нутгийн гишүүдийн саналыг багцлах ажлыг зогсоо зайгүй хийж байгаа гэнэ. Намын даргад УИХын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, “Шинэчилье” хөдөлгөөнөөс Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан нар нэр дэвших нь тодорхой болсон. Тэгвэл тэдэнтэй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөж мэдэхээр байна.
Өчигдөр үдээс өмнө болсон хуралдаанд Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын тухай мэдээлж, хамтарч ажилласан, сонгуульд намаа дэмжсэн орон нутгийн анхан шатны байгууллагын төлөөлөгчдөд баярласнаа дуулгаж, хурлын уур амьсгалыг өөртөө татаж чаджээ. Үүгээрээ тэрбээр намын даргад өрсөлдөх орон зай байгаа эсэхийг тандсан байж магадгүй. М.Энхболд бусдаасаа арай ахиу санал авах боломжтой нь ил харагдаж байгаа ч үүнийг зөвхөн гаднах өнгө гэж үзэх хүн олон байна. Н.Энхболдыг С.Баяр, Сү.Батболдын талынхан дэмжиж байгаа ч тууштай тулах хүч нь С.Баяр аж. Сү.Батболдынхон даргын өрсөлдөөнд оролцож байгаа дүр эсгээд Удирдах зөвлөлд байр сууриа бэхжүүлэх, Д.Цогтбаатартаа анхаарлаа түлхүү хандуулах таткиктай байгаа аж. Тэр ч утгаараа хоёр Энхболдод хоёуланд нь тал засаж байгаа гэх мэдээлэл байна. Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх марафонд Ө.Энхт үвшинг ялсан аргаа дахин туршаад үзэхээр шийдсэн байж магадгүй. Тэгвэл М.Энхболдод боломжийн эсэрг үүцэл үзүүлж магадгүй. Гэхдээ өнөөгийн энэ цаг мөчид М.Энхболдыг дархан аварга ч давж чадахгүй л болов уу. Генсекийн албан тушаал горилогчдоос Ж.Сүхбаатар тун давшингуй байгаа гэнэ.
Тэрбээр намынхаа орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд хөдөөгийнхөнд илүү найдаж байгаа аж. Гэвч Тусгаар тогтнолын ордон хавиар ажлаа явуулж байсан түүнээс хөдөөгүүр хөхөртлөө тэнэсэн Ж.Мөнхбатыг орон нутгийнхан илүүд үзнэ гэсэн таамаглал байгаа. Залуус+орон нутаг гэсэн нийлбэрээр тооцвол саналын тоо Ж.Мөнхбатад илүү байж мэдэх нь. Шөнөжин хуралдаад даргаа сонгож чадвал Намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлэх хүнийхээ нэрийг Бага хуралдаа оруулж ирнэ. Хэрвээ М.Энхболд сонгогдвол энэ албан тушаалд өрсөлдөхөөр зэхэж буй нэг хүнийг биш 3-4 хүний нэрийг /Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энхмандах/ оруулж, шударгаар өрсөлд үүлэх бодолтой байгаа сурагтай. М.Энхболд намын дарга болсон тохиолдолд хөзөр баригчийн дүрд хүссэн хүсээгүй шилжих “Хотын фракц” Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар нараас сонголтоо хийнэ гэх мэдээлэл байгаа ч олонх нь намын ажлын туршлагатай, зоримог, дайчин, буруу бусармагт хутгалдаагүй, хэн нэгний нөмөр нөөлөгт дулдуйдаагүй Ж.Мөнхбатад илүү тал өгч магадг үй байгаа гэх. Юу болохыг харж л байя.
Д.ОТГОНЖАРГАЛ