2010 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд халуун алга ташилт дор мэндэлсэн хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэдийгээр гурван жилийн өмнө батлагдсан ч өрийн хэмжээг заасан тусгай шаардлагыг ирэх оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөх учиртай. Бүр тодруулбал, өрийн хувь хэмжээг заасан тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50, 2012 онд 60, 2013 онд 50, 2014 оноос 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан юм.
Харин Засгийн газраас 2014 оны төсвийн жилд 40 хувиас давах ёсгүй улсын өрийн хэмжээг хоёр жилээр ухруулан тооцох хуулийн төсөл өргөн барьсныг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж эхлэхэд Ардын намын гишүүдийн суудал хоосон байв. Их хурлаасаа болж улсын ажил цалгардууллаа хэмээн шүүмжлүүлж буй Ардын намын бүлгийн ахлагч Н.Энхболд “Хоёр парламент дамжин байж баталсан Төсвийн тогтвортой байдлын хуульд гар хүрэх болсон талаарх Сангийн сайдын саналыг юуны түрүүнд сонсмоор байна. Уг хуулийнхаа мөн чанарын эсрэг арга хэмжээ юм биш үү. Ингээд өөрчилчихөөр улсын зээлжих зэрэглэл өөрчлөгдөх юм биш биз” гэж асуухад Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол яах аргагүй суурь хууль. Тийм ч учраас уг хуулийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж төсвөө батлах нь амин чухал асуудал. Гэхдээ өрийн шалгуур үзүүлэлтийг хоёр жил ухраан хэрэгжүүлье гэж байгаа нь УИХ-аас нэгэнт шийдэж, Засгийн газарт үүрэг чиглэл болгосон ажлыг хийж, хэрэгжүүлэхтэй холбоотой. Засгийн газар таван тэрбум ам.доллар босгож бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх үүрэг хүлээсэн шүү дээ. Энэ эх үүсвэрээ жил жилээр нь тодорхой хэмжээнд босгож бүтээн байгуулалтад ашиглахад гарч буй зайлшгүй нөлөөллийг тооцож үзэхэд өрийн хязгаар нь 2014 онд 60 хувьд хүрэхээс нааш боломжгүй байна. Түүнээс биш төсвийн урсгал зардалтай холбоотойгоор өрийн хязгаарт өөрчлөлт ороогүй юм. Энэ нь өрийн дарамтад орох буюу болгоомжлох түвшинд хүргэх үзүүлэлт биш” гэж байлаа.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд “Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээр одоо санал хураалгахгүй. Ирэх даваа гаригт хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж, өөр хувилбар байгаа эсэхийг судалж нягталсны үндсэн дээр УИХ-ын чуулганд оролцож байгаа гишүүдээр санал хураалгана” гэсэн юм.
Б.НОМИН