“Ардчилал хамгийн төгс хувилбар биш ч хүн төрөлхтөн одоогоор нээс илүүг бодож олоогүй байна” хэмээн Английн Ерөнхий сайд агсан У.Черчилль хэлсэн нь дэлхийд түгсэн аффоризмын нэг. Энэ алдарт үгийг дурдахын учир Ардын намынхан “үүнээс өөр үгүй” гэмээр сонголт хийлээ. Өөрөөр хэлбэл, Их хурлаа ардчилсан байдлаар хийхийг зорьсон ч тэдэнд М.Энхболдоос өөр сонголт байсангүй. Мэдээж энд жаран чавганц уралдсан тухай утга, агуулга тээх гээгүй. Тэрбээр энэ намыг МАХН гэж байхад нь даргалж байв. 2007 онд намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа өгөх үед нь тухайн үеийн МАХН-ын нэр хүнд навс унасан байсан. Тиймээс ч түүнийг дарга байхад тус намд олон жигүүр, хөдөлгөөн, шинэчлэгч бүлэг бий болж, намын шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярьж, тэдний шахалт шаардлагаар ээлжит бус Их хурлаа хуралдуулж, намын дарга, Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцроход хүрсэн юм. Гэвч зангаргаар зааглавал тэр нэгдүгээрт бичигдэнэ. Гагцхүү энэ цаг үед эл намд эрхгүй үгүйлэгдэж байгаа эв нэгдэл, итгэлцлийг бий болгоход М.Энхболд байж болох хамгийн зөв сонголт гэлтэй. Тэгээд ч юу юугүй шинэчилнэ, өөрчилнө гэхээс илүүтэй хэн нэгний автор дор хэсэг, бүлгээрээ бүгэгсдийн хар, хорыг илрүүлж, хөрөнгө мөнгө, хөгшин залуугаараа талцсаныг тааруулж, нийлүүлэх нь нэн чухал болоод буй. Тэрбээр намын даргын бүрэн эрхийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад Сү.Батболдын хүн гэгддэг Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлэлгүй орхисон нь “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаас зай барьж, “өөрийнхөөрөө ажиллая” гэсэн бодлого баримталсны илрэл байхыг үгүйсгэхгүй.

Их хурлаа хааж хэлсэн үгэндээ тэрбээр хамт олны зарчмыг нэвтрүүлэхээ онцлоод “Зарим хүн хувийн тоглолтыг эрхэмлэн, хамт олны зарчмыг үгүйсгэж, цэргийн жанжин мэт аашилж, эсвэл төрөл садны бүлэглэл шиг хандах болсноор намын ажилд хор хохирол учруулах болов. Хүний ажлыг түүний өөрийн амжилтаар төдийгүй хамт олноо бүрдүүлсэн эсэх, хамт олны доторх нийгэм-сэтгэл зүйн эерэг уур амьсгалаар үнэлж дүгнэх ёстой” гэсэн нь ийм итгэл тээхэд хүргэв. Түүний ахалдаг “хотын” гэгдэх хамгийн том фракц намд нь бий. Харьцангуй том ч гэлээ хамгийн амархан зохион байгуулалтад ордог нь М.Энхболд гэдэг хувь хүний давуу талын илрэл байж болох. Нөгөө талаас “сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй” гэсэн тодотголын дор МАН-ын даргын эрх мэдэл нэлээд нэмэгдэв. Тухайлбал, намын дарга давхардуулалгүйгээр Удирдах зөвлөл, эсвэл УИХ дахь намын бүлгийг толгойлох эрхийг шинээр нээжээ. М.Энхболд алийг нь ч удирдлаа гэсэн эл дүрэм түүний засаглалд түлхэц үзүүлэх нь дамжиггүй.
Мөн Их хурал болон намын даргаас дэмжлэг авч чадаагүй нэгэн заалт анхаарал татаж байна. Тодруулбал, нам дахь фракцуудыг АН шиг ил болгох санал явж байсан ч М.Энхболд “Нам дотор бүлэглэл, фракц болоод явах нь сайн зүйл авчрахгүй. Манай нам шиг олон жил тогтуун дүрмээр явсан хүмүүсийн хувьд тэгж албан ёсоор тарж бутарч, хуваагдахын эхлэл бий болгох нь буруу. Манай намын олон жил оршин тогтнож, хүчтэй явж ирсний нэг үндэс нь нэгдэл нягтрал, бүтэц зохион байгуулалтдаа байсан гэж би боддог. Үүнийг бид цаашдаа ч хадгалах ёстой” хэмээн анхнаасаа эсэргүүцсэн. Дашрамд дурдахад, түүний аав нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш Г.Миеэгомбо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь бурхан болоочдоо хүндэтгэлтэй ханддаг, халуун сэтгэлт монголчуудаас түүнд харьцангуй эерүү хандлага ирэх нэгэн сэжим болов гэлтэй
Ерөнхий нарийн бичгийн даргад ч дээрх адилтгал хамаатай. Шинэхэн генсек Ж.Мөнхбат өнгөрсөн есдүгээр сараас намын залуу гишүүдтэйгээ нэгдэн шинэчлэх хөдөлгөөн байгуулж, удирдлагуудаа солих, Их хурлыг товлон зарлуулах ажилд идэвхийлэн оролцсон. Ер нь тэр намын амьдралын тэргүүн шугамд байж, үг хэл нь цэгцэрч ирсэн нэгэн. Ж.Мөнхбат боловсрол хийгээд намтар, туршлагын хувьд өрсөлдөгчөөсөө хуруу дутаж мэдэх ч зөв, буруу ч олны өмнө ярьж сурсан нь давуу тал болох талтай. Оюутан байх үеэсээ намын аппаратад хүчин зүтгэсэн түүний хөвсөргөн гэмээр ч цог, золбоотой үгс намын хамт олонтой тулж ажиллахад их хэрэг болно. Арын албыг авч явах хөшүүрэг болсон хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ч түүний хувийн зан чанар ихээхэн нэмэр болох биз ээ. Тэр бүр дуугараад байдаггүй намын даргад ташуур шиг тас хийсэн үг хэлчихдэг хамтрагч түшиг болно гэж найдаж байна. Тэдний хамтралаас хамгийн түрүүнд хожил авчрахуйц багийн тоглолтыг нь хүлээе. МАН-ын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын 310 гишүүний дундаж нас даруй наймаар залуужиж, 26 болжээ. Дүрэмд шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас доошгүй байхаар оруулсан байна. Нам байгуулсан өдрийг бэлгэдсэн 310 гишүүнийг 250 болгон цөөрүүлэх санал гарсан ч хэвээр нь батлав. Бага хурлын гишүүн болох ханш 10-20 сая төгрөгт хүрсэн сурагтай. Мөнгө нь байгаад ч орж чадаагүй хүмүүс ганц нэгээр тогтоогүй гэнэ лээ. “Эрдэнэт” УБҮ-ийн захирал асан Ч.Ганзориг, Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, “Содмонгол” группийн ерөнхий захирал Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Увс аймгийн намын хорооны дарга Э.Цасчихэр гэхчилэн эд хөрөнгө шамшигдуулсан хэрэгт нэр холбогдсон эрхмүүд Бага хуралд багтжээ. Мөн намын даргын нэр дэвшүүлсэн Т.Гантулга, Х.Булгантуяа нар нарийн бичгийн даргаар сонгогдож, УИХ дахь намын бүлэг болон бүс нутаг хариуцсан орон тооны бус зургаан нарийн бичгийн даргатай боллоо. МАН-ын гүйцэтгэх төв байгууллага Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг цөөлж, 21 болгов. Тэдний дундаж нас 35 болж, 10 насаар залуужжээ.
Эмэгтэйчүүдийн оролцоог намын бүх шатанд 25 хувь хүртэл нэмэгдүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа гишүүд, дэмжигчдийг зохион байгуулалтад оруулах, гишүүд, дэмжигчдийн сайн дурын үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжих, хүний нөөцийн бодлогыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр ил тод явуулахдаа анхан шатны байгууллагын дүгнэлтэд тулгуурлах, намын санхүүжилтийг бүрдүүлэх чиг үүрэгтэй хороо байгуулах, гишүүдийн татварыг анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд зориулан зарцуулах, Бага хурлын гишүүд, сонгуультнуудын хариуцлагыг өндөржүүлэхүйц нэмэлт, өөрчлөлтүүд намын дүрэмд тусгалаа олсныг намын дарга нь онцолсон. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын сахилга, хяналт хүчтэй, санхүүжилтийн механизм оновчтой болж, авлигын эсрэг ёс зүйн асуудлыг бодлого, үйл ажиллагааныхаа анхаарах гол чиглэлд багтаахыг зорьсноо ч хэлж байлаа. Мөн намын даргын дэргэд Удирдах зөвлөлийн баталснаар Бодлогын зөвл өл буюу Зөвлөхүүдийн танхим гэх шинэ бүтэц ажиллуулахаар болов. Зөвлөхүүдийн танхимд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд багтах аж.
Намын XXVII Их хурлаар хэд хэдэн бодлогын баримт бичиг баталсны нэг нь “Монгол Улс- 2021: Хөгжлийн зорилтууд”. Үүгээр үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, улс орны эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх асуудлаар улс төрийн нам, хүчнүүдтэй зөвшилцөж, хамтран ажиллаж, хэрэгжүүлэх тухай уриалга гаргасан юм. Мөн МАН социалдемократ буюу нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай гэдгээ баталгаажуулж, үйл ажиллагааны шинэчлэлийн “Урагшаа-16” үндсэн чиглэлүүдийг батлав. Үүнд УИХ, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа намын гишүүд, ард түмнээр нээлттэй хэлэлцүүлэн, олон түмний санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулж байх, Бага хурал, аймаг нийслэлийн намын хорооны гишүүн бүрт сум хороодын анхан шатны байгууллагуудыг хариуцуулан үр дүнг нь тооцож ажиллахаар тусгажээ.
Б.НОМИН