Монголчууд бид Монгол бахархлын өдрийг хоёр дахь жилдээ өргөн тэмдэглэлээ. Минийх, манайх гэж бахархах зүйлтэй байхын сайхныг илүү мэдэрч, илүү омогшил төрүүлэх гэж Ерөнхийлөгч маань их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг сонгон Монгол бахархлын өдөр болгон тунхагласан нь учиртай. Нэлээд эртний нэгэн явдал санаанд орлоо. Монгол, орос, англи, алжир, солонгос залуучууд өдөрлөг зохиож, үндэстнийхээ уламжлалт хоол унд, өв соёлыг танилцуулсан юм. Оросууд талх, давсаа барьж, солонгосчууд будааны боовоороо дайлав. Алжир, англи залуус харин арай л глобал маягаар эх орноо сурталчилсан. Элдэв чихэр, жимс, шарсан нугасаа тэд өөриймсөг нь аргагүй тайлбарлан бусдыг хөгжөөж дөнгөсөн бол монголчууд бид ааруулаар идээ засаж, нутгаасаа захиж авчирсан хонины ганц сүүлээ бүхлээр нь чанасан нь хүмүүсийг бүр гайхашрууллаа. Мэдээж “Энэ юу вэ” гэж уулга алдах тэднийг улам алмайруулах гэж нэг нөхөр маань тэр “хачин” юмыг нимгэн хэрчээд “Хонины сүүлийг ингэж иддэг юм” гээд “Зэрэг нэмэхийн өмнө”-ийн ноён шиг гулгуулж байгаад арай л хахсангүй.
Хамгийн сонирхолтой, өег хоолоороо монголчууд тэргүүн байр эзэллээ. Өв соёлоо танилцуулах дараагийн уралдаанд бас л манайхан гайхуулав. Бид энэ удаа элдэв янзын юм бэлдсэнгүй. Зүгээр л дэлхий дээрх цорын ганц босоо бичгээрээ бут цохисон. Олон жил Францын колони байхдаа харийн хэл, соёлыг тэр чигт нь өвлөн авсан Алжираас бусад нь өөрийн гэсэн бичиг үсэгтэй гэдгээрээ бахархан, том дуугарцгааж билээ. Тэр дундаас англи залуус “Дэлхий бидний хэлээр нэвтрэлцдэг” гээд додигор байсан. Гэсэн ч уучлаарай, гарал үүсэл, гайхалтай бичиг соёлтой гэдгээ бид хуураа татаж байгаад, хөх толбоо гайхуулан байж гарцаагүй тайлбарлаж чадсан. Монголчуудын бичиг нь хүртэл яагаад босоо байдгийн учрыг тайлах гэж зарим нь бүр элдэв таамаг дэвшүүлэн, маргаан өрнүүлсэн юм. Хамгийн хөгжилтэй нь тэр өдөр залуучууд өөрийн орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэж буй мэт дор бүрнээ хичээж, дүрдээ итгэчихсэн мэтгэлцэж билээ. Гэсэн ч бид ялсан. Энэ бол бидний бахархал. Эцэг өвгөдийн минь өвлүүлсэн хэл соёл, агуу түүх үе үеийн олон мянган залуусын омогшил, бахархлыг бадраах нь гарцаагүй. Хамгийн чухаг нь бид ийм л агуу түмний үргэлжлэл гэдгээ мэдэрч, илүү хичээж, бахархалтай амьдрах учиртай. Өнөөдөр бидний халаас нимгэн байж болно. Гэхдээ бидэнд салхи татуу лан дураар давхих уудам сайхан нутаг, Монголыг дэлхийн тавцанд гаргах Оюутолгой, Тавантолгой бий. Бас юу юунаас чухал ардчилал, хэний ч өмнө үгээ хэлэх эрх, эрх чөлөө байна.
Саяхан Монголд айлчлаад буцсан Канадын Амбан захирагч Давид Жонстон “Дэлхий дахин та нараар бахархан, алга ташдаг” гэсэн. Дэлхий биднээр бахархаж байна шүү дээ. Тэгэхээр бид бахархаж, омогших их түүхтэй гэдгээ энэ өдөр илүү мэдрэх учиртай. Монгол хүн сансарт ниссэн. Монгол хүн олим пийн аварга болсон. Монгол хүн дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд цахиур хагалсан. Монгол хүн дэлхийн тэргүүлэгч компаниудад ажиллаж байна. Монголчууд бид туурга тусгаар улсын иргэн. Өдгөө бид Хүннү гүрнээс улбаатай, эзэн Чингисийн зангидсан, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын үр дүнд өөрийн дүр төрхийг олж авсан энэ л эх орноо улам бэхжүүлэн хөгжүүлэхээр тэмүүлж байна. Энэ ч бидний бахархал мөн. Энэ өдөр бид үндэсний бахархал болсон олон гавьяатныг цохон нэрлэж буйн адил цаашид гэр бүл, хамт олныхоо дундаас бахархалт хүнийг тодруулан монгол бахархлыг улам мэдрүүлэх, бадруулан, өргөжүүлэх учиртай юм болов уу.
Ж.ЭРДЭНЭ