Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль зүйн салбарын удирдлагуудтай өчигдөр Иргэний танхимд уулзлаа. Тус танхимд болж буй 313 дахь удаагийн хэлэлцүүлэг энэ удаа “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” сэдвийн хүрээнд өрнөв. Хууль, хяналтын байгууллагын шинэчлэл эхлээд дөрвөн жил болсон ч тухайн байгууллагуудыг удирдаж буй дарга нарын ажил Ерөнхийлөгчийн санасан хэмжээнд хүрэхгүй байгаа бололтой.
Тэрбээр шинэчлэлийн явцад хийж буй ажил, цаашид эрчимжүүлэхэд юу саад болж байгаа тухай ярихдаа “Ойлгож байна уу. Одоо ойлгосон уу” гэж хууль зүйн салбарын удирдлагуудаас олонтаа асууж байсан. Хууль зүйн салбарыг шинэчлэхэд цаг хугацаанаас гадна мөнгө хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч онцлов. Төр, даргыг хамгаалдаг байсан хуулийнхныг иргэддээ үйлчилдэг, тэднийг хамгаалдаг тогтолцоотой болгоход дутагдаж буй мөнгийг хаанаас гаргах талаар Ерөнхийлөгч бодож үзээд өөрийн Тамгын газрын төсвөө 10 хувиар багасгасан байсныг Сангийн яам 19 хувь болгон хасчээ. Харин бусад яам, агентлаг төсвөө танахын оронд нэмсэн аж.
Хууль зүйн салбарын шинэчлэлийн явц, анхаарах асуудлын талаар Ц.Элбэгдоржийн хийсэн мэдээллийг сийрүүлье. “Хүний хувь заяаг шийддэг шүүгчдийг хараат бус ажиллуулахын тулд цалин нь хангалттай байх ёстой. Цалинг нь гурав дахин нэмье гэхээр төсөв хүрэлцдэггүй. Шинэчлэлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг шүүхтэй байхын тулд төрийн данхайсан бүтцийг цөөлж, зардлаа багасгах хэрэгтэй байгаа юм. Энэ бүгдээс хуримтлуулсан мөнгөө иргэдийнхээ эрүүл, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад өгөх учиртай. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн зургаан багц, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, Зөрчлийн тухай, Мөрдөх албаны тухай гэх мэт олон хуулийг УИХ хэлэлцэн баталлаа. Гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй хэргийг гэмт хэрэг болгоод, иргэдээ шоронд суулгахыг илүүд үздэг тогтолцоог бид энэ мэт хуулиар өөрчлөн, иргэдэд чирэгдэл багатай байлгах боломж бүрдүүлсэн.
Манай улсад мөрдөгдөж байсан хуулиудад зөрчил гэж юуг хэлэх талаар тодорхой заалт байгаагүй. Аймгийн Засаг дарга “Миний эхнэр рүү муухай харлаа. Энэ бол зөрчил” гэж үзээд тухайн иргэнийг гэмт хэрэгтэн болгодог үзэгдэл амьдрал дээр байна. Энэ зөрчил мөн үү. Хуульчлаад өгөхөөр энэ бүх асуудал зохицуулагдан, дарга өөрийн үзэмжээр зөрчил үүсгэдэг асуудал үгүй болно. Бидний хэлж заншсан Эрүүгийн хууль нь социалист системийг хамгаалсан, иргэдээ гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж хардаг хууль байсан юм. Харин энэ хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилж, удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуультай холбогдуулан хэд хэдэн зүйл хэлмээр байна. Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд оноодог ялыг зүйл бүрээр, тодруулбал элэг, бөөр, зүрхээр нь салгаж ялладаг баймаар байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар хөнгөн хэргийг хүндэд нь багтаадаг нь учир дутагдалтай. Албан тушаалтан хууль зөрчиж буйгаа мэдсээр байж санаатай зохион байгуулж, хийсэн үйлдлээ нуун дарагдуулж, эрх мэдлээ ашиглан олсон мөнгөө хууль бусаар гадагшаа гаргаж, бусдын данс ашигласан гэх мэт гэмт хэрэг үйлдсэнийг нэг гэмт хэргийн зүйл ангиар яллах нь шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс үйлдсэн хэрэг бүртээ хариуцлагаа хүлээж, ял эдлэх ёстой. “Төрийн хашаа”-нд дураараа орж, хэмжээлшгүй ихээр таргалдаг хүмүүсийг дахин хашаанд орох боломжийг хаах хэрэгтэй байна. Ямар нэгэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бол төрийн албанд дахин орох боломжийг бүрмөсөн хаах учиртай.
УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд үйлдэл дээрээ баригдахгүй бол шалгаж болдоггүй, төрийн өндөр албан тушаал хашиж байгаад Үндсэн хуулийн цэцэд очоод өөрсдийгөө хамгаалдаг хууль зүйн тогтолцоотой байж болохгүй. Ийм байдал үргэлжилсээр байвал иргэд төрдөө итгэхгүй болох аюултай. Хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдээс охидоо яаж хамгаалах талаар эцэг, эхчүүд санаа зовж суудаг баймааргүй байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирсон ял шийтгэлийг нь эдлүүлж, шоронгоос суллагдсан ч хууль хяналтынхан анхааралдаа байлгах ёстой. Дэлхийн зарим оронд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг насан туршид нь “хар тамгатай” болгодог юм байна. Эрх чөлөөтэй болсон ч эмэгтэйчүүдэд (өөрийн эхнэр биш бол)10 метрээс ойр байж болохгүй, эсвэл гарт нь мэдээлэл дамжуулах бугуйвч зүүдэг юм байна. Энэ мэт аргаар тэр хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг болж. Бидний анхаарах өөр нэг зүйл нь гэрч, хохирогчийн асуудал. Гэмт хэрэг үйлдсэн хүний талаар мэдэж байгаа ч эрх мэдэлтнүүд, буруу гараар нийлсэн бүлэг хүмүүсээс айгаад шүүх хуралд гэрчээр оролцдоггүй. Гэрчийн эрхийг хамгаалах хуулийн заалт хэрэгжээд ирэхээр энэ байдал өөрчлөгдөнө” гэв.
Х.ОЮУНСҮРЭН