Энэ сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Европын Комиссын Ерөнхийлөгч Монголд анх удаа айлчлах гэж байна. Таны айлчлал уг нь оны эхээр болохоор төлөвлөгдсөн байсан...
-Монголд хийх айлчлал маань нэлээд эртнээс эхлэлтэй, удаан хүлээгдэж байж биелж байгаа хүсэл юм. Ардчиллыг баталгаажуулах, хүний эрхийг дээдлэх, эдийн засгийн хөгжлөө дэмжих, бүс нутаг болон дэлхий тавцанд өөрийгөө илэрхийлэх тал дээр бахархмаар ахиц гаргаж байгаа улс. Тийм ч учраас ийм дэвшилтэй эерэг өөрчлөлт ид өрнөж байгаа цаг үед танай оронд айлчлах Европын Комиссын анхны ерөнхийлөгч болж байгаадаа баяртай байна.
- Таны айлчлалын гол зорилго юу вэ?
-Харилцаа холбоо улам бүр эрчимжсэн, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт дөрөвдүгээр сард гарын үзэг зурсан гээд 2013 он бидний харилцаанд чанарын ахиц гарсан жил болж байна. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр бидний харилцааг улам өргөжүүлэх үндэс суурь болж байгаа юм. Зөвхөн улс төр, эдийн засаг бус соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, хамтын ажиллагааны дэмжлэг, судалгаа, шинэчлэл, эрчим хүч гээд бүхий л салбарт иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх ард иргэдийн сонирхолд илүү нийцсэн асуудлуудыг хамарч байна. Монголын эдийн засаг сэтгэл хөдөлгөм өсөлттэй байгаа гэсэн хэдий ч тогтвортой хөгжлийг баталгаажуулах шаардлагатай холбоотой нэлээд сорилтуудыг ч мөн дагуулж байна. Бидний яриа хэлэлцээний зохих хэсэг хөгжлийн туслалцаа, эдийн засгийн реформыг дэмжих, Монголын эдийн засгийг олон салбараар төрөлжүүлэн солонгоруулахад чиглэгдэх болно. Түүнчлэн Монгол Улс олон улсын тавцан дээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Миний хувьд үүнийг нэлээд сонирхон ажиглаж байна. Монгол Улс хөрш орнуудтайгаа сайн харилцаагаа бэхжүүлэхээс гадна хүрээгээ улам бүр тэлж байна. ЕХ-той тогтоосон харилцаа ч Монгол Улсын олон талт харилцааны стратегийн нэг хэсэг нь болж байгаад бид ихээхэн талархаж байна. За тэгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хамтдаа өнөөдрийг хүртэлх бидний амжилт, цаашдын хамтын ажиллагааны шинэ салбаруудын талаар харилцан ярина. Ирэх жил бидний хоорондын харилцааны 25 жилийн ой ч бас тохионо.
-Европын Холбооны Азийн талаарх бодлогод Монгол Улс ямар байр суурь эзэлж байгаа вэ?
-Европын Холбоо Азийн талаарх бодлогынхоо хүрээнд хэд хэдэн зорилт тавьж байгаа. Тухайлбал энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах, ардчилал, сайн засаглал, эрх зүйт төрийг бэхжүүлэх зэрэг болно. Европын Холбоо бүс нутаг, дэд бүс нутаг, хоёр талын яриа хэлэлцээгээр Азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлздэг. Монгол Улсад айлчилж буй шалтгааны нэг нь ч энэ юм. Энэ бүхэнд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Танай улс Солонгосын хойгийг тойрсон асуудал гэх мэт энх тайван, аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдэхэд оролцоогоо нэмэгдүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаа, Афганистан дахь ажиллагаа зэрэг энэ чиглэлийн үйл хэрэгт идэвхтэй оролцож буйг бид сайшааж байна. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д нэгдсэнийг бид мөн сайшаан хүлээж авсан. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж ирсэн. Ардчилалд амжилттай шилжиж, хөгжүүлэн бэхжүүлж байгаа туршлагаараа Монгол Улс бүс нутагтаа тод үлгэр дууриал үзүүлсээр байна.
-Таны энэхүү айлчлал дөрөвдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын VII бага хурлаас хойш хэдэн сарын дараа болж байна. АОХН-ийг даргалах хугацаанд Монгол Улсын хийсэн ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс АОХН-ийн даргын үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Монгол Улсын санаачлан гаргасан “Ардчиллын боловсрол”, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, авлигын эсрэг тэмцэх зэрэг нь цагаа олсон, ач холбогдол бүхий зорилтууд. Эдгээр нь ЕХ-ны хувьд ч тэргүүлэх чиглэлүүд болж байдгийн хувьд бид ардчиллыг дэмжих хамтын ажиллагааны хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байна. Ардчиллыг дэмжих Монгол Улсын идэвхтэй үйл ажиллагаа, ардчилалд цогц бөгөөд олон нийтэд хүргэх байдлаар хандах танай улсын хандлага энэ бүхэн бид ижил зарчим, зорилготой гэдгийг харуулах бас нэгэн нотолгоо болж байна.
-Өнөөдөр Монгол Улс мянга мянган оюутнууддаа цоо шинэ боломжийг нээж өгөх боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьж байна. Үүнтэй холбогдуулан Монгол–Европын Холбооны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Юун түрүүнд, би боловсрол бол аль ч орны урт удаан хугацаанд үргэлжлэх ирээдүйн амжилтын түлхүүр гэдэгт итгэдэг бөгөөд энэ салбарт Европын Холбоо болон Монгол Улс олон жилийн турш нягт хамтран ажиллаж ирсэн. Өмнө нь Европт сурч байсан, Европын хэд хэдэн хэлээр ярьдаг монгол хүнтэй таарах нь энгийн л зүйл болжээ. 2014 оноос 2020 он хүртэл хэрэгжүүлэх “ERASMUS for All”, “Marie Sklodowska-Curie” зэрэг хөтөлбөрийн хүрээнд Монгол оюутнууд, их дээд сургуулийн багш нарт Европын оронд сурч, багшлах тэтгэлэгт хамрагдах, Монгол Улс, Европын Холбооны их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэх юм. Европын Холбооны дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд санал болгож буй боломжуудаас Монгол Улс илүү их хүртэх тал дээр хөхиүлэн дэмжиж ажиллана.
Соёлын харилцааны тухайд, Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Монголд соёлын олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Европын Холбооны зарим гишүүн орон Монголд “Гётэ” Институт, “Alliance Francaise” зэрэг соёлын төвүүдийг байгуулсан байна. Мөн Европын Холбооноос жил бүр Европын сүүлийн үеийн шилдэг кинонуудыг үзүүлдэг Европын Холбооны Кино өдрүүдийг зохион байгуулж байна. Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах энэ жилийн кино өдөрлөгийн нээлтэнд оролцох гэж байгаадаа таатай байна. Цаашдаа Европын иргэдэд танай гайхалтай орны хөгжил дэвшил болон эртний соёл, уламжлалыг бүрэн дүүрэн танилцуулах Монголын соёлын арга хэмжээ илүү олноор зохиогдоно гэдэгт бид найдаж байна.
-Монгол Улсын Засгийн газар тогтвортой ногоон хөгжилд ихээхэн ач холбогдол өгч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг шинээр байгуулсан билээ. Европын Холбоо нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар явуулж байгаа бодлогоороо дэлхийд тэргүүлдэг. “Евро-2020” стратегид дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт ямар шатанд явж байна вэ?
-“Евро 2020” нь Европын Холбооноос дэвшүүлсэн 10 жилийн хөгжлийн стратеги юм. Энэ нь зөвхөн манай зарим гишүүн оронд тулгарч буй хямралыг даван туулах тухай ярьж байгаа хэрэг бус юм. Энэхүү стратеги бидний хөгжлийн загварын дутагдлыг арилгаж илүү ухаалаг, илүү тогтвортой, илүү өргөн оролцоотой хөгжлийн өөр хэлбэрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилго тавьж байна. Тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтууд нь “Евро 2020” стратегийн чухал хэсэг нь юм. Тухайлбал, эдгээр зорилт нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг дор хаяж 20 хувиар бууруулах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 20 хувь, ингэснээр эрчим хүчний нийт үйлдвэрлэлтийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг Европ тивийн хэмжээнд багасгаж чадсан нь том ололт юм. Бид одоо 2030 онд гэхэд хүрэх шинэ, бүр ч илүү өндөр зорилго тавьсан багцыг ч мөн боловсруулж байна. Одоо бид Дохагийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр тохиролцсон 2015 он гэхэд дэлхий нийтээрээ хүрсэн байх зорилгоо хэрэгжүүлэх тал дээр бусад гол гол олон улсын оролцогч нартай хамтран ажиллах шаардлагатай байна. Хахир хүйтэн өвөл, гантай зун гээд байгалийн бэрхшээлтэй тулгарч байдаг Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн чухлыг сайн ойлгодог.
-Монгол Улс нь Европын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг дэлхийн эдийн засаг, нийгэм, технологийн дэвшлийн түлхүүр хэмээн үзэж хэд хэдэн салбарт Европ стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн алхмуудыг хийж байна. Төв болон Зүүн Европын улс орнууд европ стандартыг нэвтрүүлснээр Европын Холбоонд элсэх үүдээ нээсэн билээ. Европ стандартын талаарх бодлоо хэлэхгүй юү?
Европын стандартын талаар ярина гэдэг бол 500 сая хэрэглэгч бүхий дэлхийн хамгийн том эдийн засгийн стандартыг ярьж байна гэсэн хэрэг. Тийм учраас Монгол Улс үүнээс үр өгөөж хүртэх боломжийн талаар ярьж байна. Монголын бүтээгдэх үүн, экспорт Европын зах зээлд илүү амархан хүрэх боломжтой болно, ингэснээр эдийн засгаа төрөлж үүлэн солонгоруулах танай улсын стратегид ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй. Энэ бол Монголын Улсын хувьд маш чухал гэж бид итгэж байна. Бидний хувьд энэ тал дээр дэмжихэд бэлэн байна. Энэ оны эхээр хоёр тал “Монгол Улсын стандартын системийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүгийн гэрээнд гарын үсэг зурсан. Дөрвөн сая орчим еврогийн энэхүү төсөл ЕХ-Монгол Улсын илүү ойр, үр дүнтэй хамтын ажиллагааны бат үндэс суурийг бий болгохоос гадна Монголын бараа бүтээгдэхүүнд дэлхийн зах зээлийг ч нээж өгөх юм.
Р.ЖАРГАЛАНТ