Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Харин өнгөрөгч бямба гаригт тэрбээр хоёр дахь ХУВЬСГАЛ-аа зарлав. Шийдвэр гаргагчид, бизнесийнхэн, орон нутгийнхан, хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөл болсон 800 эрхэм Төрийн ордонд хуран чуулсан “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр тэр энэ тухай мэдэгдсэн юм. Ц.Элбэгдорж:
Одоо бид зогсох хэрэгтэй байна. Цуглаж ярилцаж, зөвлөлдөх хэрэгтэй боллоо. Бид 24 жил дураараа хурдалжээ. Одоо мориноосоо буугаад ярилцах цаг болсон. Мориор бол морио сэлгэх, онгоцоор бол ээлж хийх цаг болжээ.
Зогсох дохио-дуут дохио дуугараад удсан байна. Манай нийгэм нээлттэй учир шуугиан ихтэй. Гэхдээ дуугарч байгаа дохиог сонсох хэрэгтэй, зогсох хэрэгтэй. Юу болж байгааг анзаарах хэрэгтэй гэж хэлсэн.
.jpg)
Үнэхээр бид сүрхий давхилаа. Мориныхоо амыг таталгүй, бахардаж унатал нь ташуурдан, ганзага богцонд байснаа өвөр дэхтэйгээ хамт замын нэг цувуулж хаясаар өнөөдрийг хүргэв. Өдгөө байдал ямар байна вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн танилцуулгаас иш татъя. Дэлхийн өрсөлдөх чадварын төв Монголын өрсөлдөх чадварын тайланг гаргаснаас үзвэл:
•Эдийн засгийн хөгжлийн хувьд манай гаригийг тэргүүлж буй Катар 91 оноотой, дэлхийн дундаж 56 байхад манайх 38 оноо авчээ.
•Засаглалын чанарын хувьд Сингапур 94 оноогоор тэргүүлж, дундаж нь мөн л 56 байхад манайх дөнгөж данган 31 оноо авсан байна.
•Монголын бизнесийн орчин 37 оноогоор үнэлэгдсэн байхад тэргүүлэгч Сингапур 92 оноотой, дэлхийн дундаж 56 байна.
•Дэд бүтцийн хангамж Сингапурт 100 буюу боломжит хамгийн дээд оноогоор үнэлэгдсэн байхад манайх ердөө 20 оноотой.
•Нэг хүнд ногдох ДНБ-ээр Катар 97350 ам доллараар тэргүүлж байхад, нэг монгол хүнд 4745 ам доллар ногдох жишээтэй.
•Төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтээр Сингапур хамгийн сайн буюу 9 оноо авсан байхад манайх муу буюу 2 оноотой байх юм.
Үүнтэй харьцуулан бидэнд ямар боломж байгааг тэрбээр танилцуулав.
2050 он гэхэд монголчууд 7.0 саяулаа болж, өдгөө 68 байгаа дундаж наслалт 85 хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн 11.0 тэрбум ам доллараас 380.0 тэрбум болж, нэг хүнд ногдох хэмжээ нь одоогийн 4000 ам доллараас 55.000-д хүрэх боломжтой. Энэ боломжийг бодит байдал болгохын тулд, тийм үр дүнд хүрч монголчууд жаргалтай сайхан амьдрахын тулд
Эдийн засгаа яаж өсгөх вэ?
Төрөө яаж засах вэ? гэсэн хоёр том асуулт тавигдаж байна гэж тэр үзэж байгаа юм байна.
Түүнчлэн эдийн засгаа өсгөхийн тулд төрөө засах нь хамгийн эхний бөгөөд зайлшгүй алхам хэмээн тодорхойлов. Өдгөө Монголын төр сульдаж, иргэдийн төрд итгэх итгэл суларч байгаа нь хэлсэндээ хүрдэггүй, цэгцгүй, байн байн ийш тийш савлан холбирч байдаг, нэгдсэн бодлогогүй, хариуцлагагүй, хяналтгүй, нэгдсэн үнэлэмжгүй, судалгаагүй, системгүй байдлаас болж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ.
Эдгээрийг барим тавим баталсан зарим тоон үзүүлэлтийг сонирхуулъя.
•Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 1.5 тэрбум ам доллар буюу 2.5 их наяд төгрөгийн хохирлыг монголчууд амсжээ.
•Улсын төвлөрсөн төсвийн орлого 2013 онд 1.0-1.5 их наяд төгрөгөөр тасрахаар байна гэж Засгийн газар зарласан.
•Хүний хөгжлийн санд 1.0 их наяд төгрөгийн өр үүссэн байна.
•ДНБ-д эзлэх Засгийн газрын өр 8.4 их наяд буюу 49.5 хувийг эзэлж байна. Гэтэл энэ хувь Австралид 24, Чилид 10 хувь байдаг аж.
•2013 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 2011 оны түвшинд хүргэхэд (Оюутолгойг оруулахгүйгээр шүү) даруй хоёр дахин өсгөх хэрэгтэй болчихжээ.
•ДНБ дэх төсвийн зардал 2014 онд төлөвлөснөөр 7.3 их наяд буюу 41.1 хувь болсон байна. Дээр нь “Чингис” бондын 1.5, тэрбум Хөгжлийн банкны 600 сая ам долларыг нэмж, төгрөгөөр тооцох юм бол нийтдээ 10.8 их наяд болно гэсэн үг. Ингэснээр дээрх 41.1 хувь нь 63.5 хувь болж өсөж байна. Ийнхүү төсвийн зардал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт багасна. Хөрөнгө оруулалт багасахаар үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, түүнээс улбаалан орлого тасарч, улмаар амьдралын өртөг нэмэгдэж байгаа аж. Энэ бүхэн жирийн иргэд өрд баригдах, амьдралаа авч яваа хүмүүсийн ажил, бизнесийнх нь баталгаа алдагдах нөхцөл болж байгаа юм.
Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнгөрсөн нэг жилийн 2.5 их наяд төгрөгийн хохирол бол ард түмний төлж байгаа төлбөр. Өлгийтэй хүүхдээс эхлээд өтгөс буурлаа хүртэлх нийт хүн амдаа хувааж үзвэл хүн нэг бүр 863.000 төгрөгөөр хохирсон гэсэн үг” хэмээн тодотголоо. Түүнчлэн үүнийг “популизмын өртөг” гэж нэрлээд “Хашгирахыг нь популистууд хийж, төлбөрийг нь ард түмэн төлдөг” гэж анхаарууллаа.
41.1-63.5 хувьд хүрч буй манай төрийн зардал дэлхийн жишгээр бол үрэлгэн, их зардалтай, том гэсэн ангилалд багтаж байгаа. Том, үрэлгэн, иргэддээ хусам өгч, өөрөө өрмийг нь хамдаг, улсаа “төр” нэртэй, үр ашиггүй компани болгож, баялаг бүтээгчид рүүгээ дарамтлан дайрдаг болсон байдлыг халахын тулд Монгол Улс
•Хуулийн засаглал
•Ухаалаг төр
•Нээлттэй, оролцоотой, аюулгүй нийгмийг байгуулах зөвхөн энэ замаар явах ёстой гэж Ц.Элбэгдорж тунхаглав.
Ухаалаг төрийн шинж нь:
-Орон зай, цаг хугацаа харгалзалгүй үйлчилгээ авч болдог
-Хууль журам нь цэгцтэй, үйл ажиллагаа нь стандарттай, мэдээллийн нэгдсэн сантай
-Иргэдээ чадвартай, ёс зүйтэй, бүтээлч, санаачилгатай болоход нь дэмжлэг үзүүлдэг -Асуудал гарах, эрэлт үүсэхэд хамгийн оновчтой шийдэл гаргах чадавхитай
-Хийх ажлаа хамгийн үр дүнтэй аргаар гүйцэтгэдэг байх явдал мөн гэж үзэх ёстой аж. Ухаалаг төрийг бий болгохын тулд давын өмнө дараах хуулиудыг хэлэлцэн батлах ёстой гэж тэр үзэж байна.
1.Лиценз зөвшөөрлийн тухай хууль
Энэ хуулиар шинээр лиценз зөвшөөрөл бий болгохыг хориглох, лиценз зөвшөөрлийг зөвхөн хуулиар бий болгох, дарга бүхэн лиценз бий болгодгийг зогсоох, лиценз зөвшөөрлийн бүртгэл хийж, улс орон даяар нийтэд зарлах, лицензийг ялгаж, хүчингүй болгох, зөвхөн УИХ-аас лицензийг нэгдсэн журмаар баталдаг байх харилцааг зохицуулах юм байна.
2.Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль
Энэ хуульд шинээр төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахыг хориглож, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг УИХ-аас зөвхөн хуулиар байгуулдаг болох, Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийг төрийн албанаас тусгаарлаж компанийн удирдлагын шилдэг загварыг ашиглах, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг түлхүү ашиглах, ашгийн шалгуур тавьж, ашиггүй ажиллаж байгаа бол төрөөс салгах, тайланг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар жил бүр авч хэлэлцдэг болох, Төрийн өмчийн хорооны бүтцийг олон улсын жишиг стандартад нийцүүлэх тухай заах юм байна.
3.Шилэн дансны тухай хууль
Төрийн бүх байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж шилэн данстай болж, нэг сая төгрөгөөс дээших хөрөнгийн зарцуулалттай бүх шийдвэрийг нээлттэй болгож, шийдвэр бүрийг 72 цагийн дотор албан ёсны вэбсайтдаа, олон нийтэд мэдээлдэг болох, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй бол албан тушаалтантай хариуцлага тооцдог байхыг энэ хуулиар зохицуулна.
4.Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хууль
Хувийн хэвшлийн хийж болох хөрөнгө оруулалтыг төсвөөс хийхийг, төр өр тавьж хувь эзэмшихийг зогсоож, төрөөс зайлшгүй хийх хөрөнгө оруулалтын жагсаалтыг батлах, бусад хөрөнгө оруулалтыг тогтсон томъёогоор тооцоод орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад иргэд, орон нутгийнх нь мэдэлд өгч, хөрөнгө оруулсан байгууламжийнхаа урсгал зардлыг хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч тал хариуцдаг байх, төр зайлшгүй тохиолдолд хөрөнгө оруулалтаас хувь биш, зөвхөн хувьцаа эзэмшдэг байхаар өөрчлөх нь энэ хуулийн зорилго ажээ.
Энэ мэт 10 гаруй хуулийн үндсэн үзэл санааг зарласан бөгөөд Тендерийн тухай, Монгол Улсын хөгжлийн зорилт, хэрэгжилт, хяналтын тухай, Монголын хөгжлийн хүрээлэнгийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, түүний бүртгэл, хяналтын тухай, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын бүтцийн тухай хуулиуд энд хамаарч байгаа юм.
Тухайлбал Засгийн газар, харьяа байгууллагуудын бүтцийг сонгууль бүрийн дараа өөрчилд өг биш, үр ашигтай, цомхон болгож, бүтцийг дор хаяж 10 жилээс доошгүй хугацаагаар тогтвортой мөрдөх, хэрвээ өөрчлөх болбол УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчл өлт оруулдаг болох нь зүйтэй гэж үзэж байна.
Ийнхүү нэгэнт бодитой, боломжтой байгаа хөгжлөө тэтгэх, үүний тулд данхар том биш, ухаалаг төртэй болох үзэл баримтлалаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн салаа мөчир бүхний төлөөлөлтэй хамтран зарлалаа. Энэ бол ХУВЬСГАЛ мөн. Нэгэнт олж авсан ардчилал, эрх чөлөөгөө баталгаажуулах, хүний хөгжил, хуулийн засаглалыг дээдэлсэн, иргэддээ тулгуурласан, тэдний оролцоог хангасан зөв, шударга нийгмийг байгуулах их ХУВЬСГАЛ гарцаагүй. Энэ ХУВЬСГАЛ үр дүнд хүрэх эсэх нь хүн бүхнээс хамаарна. Монголчууд энэ их үйл хэргийн төлөө сэтгэл зүтгэлээ нийтгэн нэгтгэх цаг ирэв.