Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудын нэг нь энэ байсан. Цэцийн дүгнэлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хуулийн амин сүнс нь анхан шатны шүүх дээр хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн хоёр шүүгчтэй хамт иргэдийн төлөөлөл суугаад шийдвэр гаргах заалт байсан. Ингэснээр шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох байлаа. Өмнө нь иргэд ажиглагчийн байр сууринаас, ёс төдий оролцдог байсан учраас ач холбогдол өгч байсангүй. Шүүх хараат бус шийдвэр гаргах ёстой. Нөгөө талд нь шүүхийн нээлттэй, ил тод байдал байх ёстой.
Зөвлөлдөх тасалгаанд зүй бус, буруу шийдвэр гарч болзошгүй учраас иргэний хяналт оруулах ёстой гэж үзсэн. Энэ зарчим 1992 онд баталсан Үндсэн хуульд туссан байдаг. Харин хэрхэн, яаж гэдгийг дээрх хуулиар зохицуулж өгсөн юм. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний шийдвэрээрээ дээрх заалтыг хүчингүй болголоо. Үүнийг Цэц шүүхэд иргэний хяналт тогтоох дургүй байна гэж ойлгохоор байна. Мөн Цэц хуулийн үг, үсэгт захирагдаж ажилладаг юм байна. Уг нь Цэц хуулийн үг үсэгт биш, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж асуудалд ханддаг байх ёстой. Манай Цэцийн гишүүд мэдлэг, онолын хувьд хоцрогдсон байна.
-Нэг ёсондоо Цэцийн гишүүдийн мэдлэг, туршлагыг Та голж байна гэсэн үг үү. Тэднийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгож томилдог. Багагүй шалгуур тавьж, туршлагатай хуульчдаа томилдог юм биш үү?
-Олон улсад Үндсэн хуулийн цэцдээ манайх шиг “хаягдсан улстөрчид”-ийг оруулдаггүй. Учир нь тэд асуудалд улс төрийн сонирхлоор хандах магадлалтай байдаг. Цэц бол шүүх. Тиймээс бусад шүүхэд шүүгч томилдог жишиг, шалгуурыг тавих ёстой. Мөн улс төрийн маргаан шийдэх учраас Цэцэд улс төрийн мэдлэгтэй, улс орны асуудлыг томоор олж харах чадвартай хүмүүсийг оруулах учиртай. Улс даяар өрнөж байгаа хууль зүйн шинэтгэлийн бодлоготой хөл нийлүүлж алхдаг хүмүүс байх нь чухал.
-Дээрх заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргахдаа “иргэдийн төлөөлөл” гэдэг үг хуульд байхгүй гэсэн үндэслэл дэвшүүлсэн гэж ойлгосон л доо?
-Ер нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд уг заалтыг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ бичдэггүй юм байна. Хуулийн заалт л дурдсанаас ямар учраас, яагаад ингэж шийдсэн тайлбар нь байдаггүй. Германд Цэцийн дүгнэлтэд тайлбараа хэнд ч ойлгогдохоор бичдэг. Гэвч манайд ийм жишиг алга. Энэ бол зөвхөн Монголд нэвтрүүлэх гээд байгаа шинэ зарчим биш. АНУ-д иргэдийн төлөөлөгчдөөс тусгайлан сонгогдсон Тангарагтны шүүх гэм бурууг тогтоодог. Дараа нь мэргэжлийн шүүхээс ял оноодог. Германы Үндсэн хуульд иргэдийн төлөөлөгч шүүхтэйгээ хамт сууж хэрэг шийдэх заалт байхгүй ч амьдралд энэ жишиг хэрэгждэг. Анхан шатанд шүүхийн шударга ёсны үйлчилгээг иргэнд тулж өгдөг. Тиймээс анхан шатны шүүхийг онцолж, иргэдийн төлөөлөл, хяналт байх ёстой гэж үзсэн. Шүүхийн дараагийн шатанд хуулиа зөв хэрэглэсэн үү гэдэг талаас хандах учраас заавал иргэдийн төлөөлөл оролцох шаардлагаг үй байдаг. Ийм чухал заалтыг хүчинг үй болгосонд харамсаж байгаа. УИХ нэг удаа Цэцийн дүгнэлтийг буцаах эрхтэй. Тиймээс ул суурьтай хандана байх, Цэц ч бас Их суудлын хуралдаанаараа уг алдаагаа засна гэж найдаж байна.
-Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэн оролцсон бэ. Тэр хүн хуулиа сайн хамгаалж чадаагүй юм биш үү?
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин очсон, хангалттай тайлбар гаргасан байна лээ. Цэц харин энэ тайлбарыг яагаад үгүйсгэснээ бичээгүй. Энэ уламжлалт хэв маяг л хүний эрхийг зөрчих үндэс болдог учраас өөрчлөхийн төлөө бид ажиллаж байна.
-АН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцтэй холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн.
-Цэцтэй холбоотой хуулийг шинэчлэх асуудлыг Засгийн газарт санал авахаар хавар өгсөн. Дээрх маргаантай холбогдож гарсан юм биш л дээ. Ардчилсан оронд Үндсэн хуулийн цэц хооронд улс төр, эрх зүйн маргаан үүсэх нь бий. Гэвч Цэц үндэслэлтэйгээр шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүйгээр ард түмний төлөөллөөс сонгогдсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгоод байвал нийгэмд ардчилал биш, Цэцийн есөн хүний ноёрхол тогтох аюултай.
С.ТУУЛ