Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-“Том төрөөс ухаалаг төр лүү” чуулга уулзалт дээр илэрхийлсэн Ерөнхийлөгчийн байр суурь олны анхаарлыг татаж, төрийн алба, Засгийн газрын гишүүдийн чих халууцаж эхэлсэн. Ерөнхий сайдын албыг хашиж, олон төрийн нүүр үзсэн хүний хувьд өнөөдрийн төр, Ерөнхийлөгчийн байр суурийн талаар Танд хэлэх үг байгаа болов уу гэж бодож байна?
-Монгол төрийг алсын хараатай, холын бодлоготой, чадварлаг, ухаалаг болгоё гэсэн зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан зохион байгуулсан чуулга уулзалтыг эсэргүүцэх хүн Монголд байхгүй болов уу. Энэ бол Монгол Улсын хувь заяа, Монгол төрийн үйл явцад түүхэн ач холбогдолтой арга хэмжээ. Түүхэн болон жам ёсны талаас нь авч үзвэл төр бол нийгмийн тархи нь юм. Төр ухаалаг байж чадвал нийгмийн амьдрал өөдрөг байна. Төр дампуурч, ядууралд өртвөл нийгмийн амьдрал хиртээд явчихдаг. Халж, солиод, эсвэл сонгууль явуулснаар төрийн чадварыг сайжруулж болдоггүй юм байна гэдгийг бид туулж өнгөрүүлсэн туршлагаасаа үзлээ.
Энэ удаа Ерөнхийлөгч Монгол төрийг сульдааж байгаа асуудлыг олон түмний идэвх санаачилга, оролцоонд тулгуурлаж шийднэ гэж мэдэгдсэн. Ухаалаг, том биш төртэй болно гэвэл оюуны салбар өөрөө их хөдөлмөрийн талбар болж хувирах ёстой. Яагаад гэвэл ухаалаг төрийг боловсролтой, бэлтгэгдсэн хүмүүс л авч явж чадна. Нөгөө талаар энэ асуудал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлнө. Мөн төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцдаг төрийн бодлого холч байх тухай асуудал хөндөгдөхөөс гадна нийгэмдээ үйлчилдэг төр хамгийн нандин байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Ардчилсан зарчмыг 20 гаруй жил хэрэгжүүлж байгаа бидэнд олсон ололт их бий ч шийдэх асуудал урьд өмнөхөөс өөр өнцгөөр тавигдаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм хэмжээний өөрчлөлт хийхэд өнөөдөр эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай.
-“Сайд нарын дэргэд ажиллаж байгаа зөвлөхүүд аж ахуй, санхүү, төрийн ажилд хутгалдаж, төрийг “самарч” байна” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үгэнд Засгийн эрх барьж байгаа улс төрийн намууд эмзэглэж эхэлсэн байна. “Энэ хүн хэний хүчинд ийм өндөр албан тушаалд очсон бэ” гэх асуулт цухалзаж байх юм?
-Би Ерөнхийлөгчийг Монгол Улсын хөгжил, ирээдүйтэй холбоотой онц чухал асуудалд цохилт өглөө гэж хүлээж авсан. Улс орныг өр зээлээр хөгжүүлэхгүй, энэ бол эргэлзээтэй асуудал гэдгийг Төрийн тэргүүн анхааруулж, төр, засгийнханд дохио өгсөн хэрэг. Өнөөдөр гадаад, дотоодоос их хэмжээний зээл авч, бусдын хөрөнгийг өөртөө татвал Монгол Улс хөгжинө гэсэн үзэл нэлээд цухалздаг болж. Энэ бол хойч үеэ барьцаанд тавьж байна гэсэн үг. Ерөнхийлөгч “Өр зээлээ нэмэх үү, болих уу гэдгээ бод. Улс орноо төлбөрийн чадваргүй улсын тоонд оруулуузай” гэж Засагт сануулсан. Эрүүл уур амьсгалаар тооцоход одоогийн Засгийн газар төрийн шинэчлэлдээ дүн шинжилгээ хийх шаардлагатай тулгарч байгаа юм. Ерөнхийлөгчийн байр суурийг Ардчилсан нам “Эрийн цээнд хүрсэн улс төрийн намыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн аясаар хүлээн авч байвал өөрсдийнх нь арчаагүйг харуулна л гэсэн үг дээ. АН-д сайн юм бий. Мөн саар нь сайнаасаа дутуугүй ч байж мэднэ. Нийгэм өөрчлөгдсөн сүүлийн 20 гаруй жилийн олонхид МАН төр барьж байсан. Энэ хугацаанд төрийн зүгээс гарсан алдаа, оноог хувилбал нүглийн дийлэнх нь тэдэнд ногдох ч, өнөөдөр АН төр бариад юу хийв гэдгийг олон түмэн анхааралтай харж байна.
Нэг жишээ авч үзье. Өнөөдөр Засгийн газар алтны асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Кыргызын алтны үйлдвэрүүд 18.6 хувийн роялти төлж байхад Монгол Улсад мөрдөгдөж байгаа таван хувийн роялтийг Засаг 2.5 болгоно гээд сууж байгаа шүү дээ. АН-ынхан хэнд тал засаад байна аа. Мөнөөх авлигачид гэдэг ангилал руугаа өөрсдөө гүнзгий орж байгаа юм биш үү. Тэд үүнийгээ ойлгохгүй байна гэж үү.
-Ерөнхийлөгчийн шүүмжлэл, байр суурийг “Ц.Элбэгдорж АН-ын засгийн эрх барих чадамжид шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний хамтарч болон дангаараа засаг барих ялгааг олж харсан хүний сануулга” гэж тайлбарлах хүмүүс ч байна. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Их зөв хүлээж авъя гэвэл Ерөнхийлөгчийн байр суурь яг үүнд чиглэсэн юм шүү дээ. Мэдээж, энэ шүүмжлэлд Засгийн газар дуртай байхгүй нь тодорхой. Сөхөгдсөн асуудлыг дагаад Ерөнхийлөгч Засгийн газар, УИХ, намынхантайгаа харилцаа муудсан юм байна. Шүүх засаглалын асуудлаас үүдэн Үндсэн хуулийн цэцтэй санал зөрлөө гэх мэт олон таамаг үүсэх байх. Энэ мэт гоочлох юм мундахгүй ч Ерөнхийлөгч Монголын нийгэмд зайлшгүй тулгамдсан, шийдэх ёстой хамгийн хүнд асуудлыг улаан нүүрээр нь босгож тавьсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ Монгол төрийн өнөөгийн байдлыг хадгалж үлдэнэ гэж зүтгэвэл улс орны хувь заяаг түүх өөрийнх өөрөө шийднэ. Энэ бол гашуун хэрэг шүү.
-Н.Алтанхуягийн Засгийн газрын ажиллаж байгаа явц, гаргаж байгаа алдаа нь 1996- 2000 оны түүхийг давтах нь гэсэн болгоомжлол зарим хүмүүст байгааг та анзаарсан уу?
-1996-2000 онд АН сөрөг хүчнийхээ тоглоомд татагдаж, дотроо хуваагдан, нэг нэгнээ унагаж явсан бол өнөөдөр арай хат сууж. АН тухайн үед ардчиллыг хөгжүүлж, социалист нийгмээс иргэний чөлөөт нийгэм рүү орно гэж зорьж явсан. Энэ үндсэн зарчим үргэлжилж байгаа ч иргэний нийгэмд бид яаж амьдрах ёстой вэ. Үзэл бодол нь ямар байх ёстой вэ гэдгээ тодотгож чадсангүй. АН өнөөдөр байсхийгээд л “Ногоон хувьсгал”, “Цагаан хувьсгал” гэдэг ч юм уу, нэг лоозон гаргадаг болж. Өнөөдөр энэ ард түмэнд, энэ нийгэмд Монгол Улсаа ийм замаар яг ингэж хөгжүүлнэ гэсэн үзэл баримтлал дутагдаж, үгүйлэгдэж байгааг мэдрэхг үй байгаа нь тоогүй. АН-ын дотоод уур амьсгал өөрөө их сонин байна. Р.Амаржаргал гишүүн УИХаас гарна гэдгээ мэдэгдсэн. Хүмүүс Р.Амаржаргалд албан тушаал өгөөгүй учраас гомдож байгаа гэх зэргээр тайлбарлаж буй ч би АН-д эдийн засгийн боловсрол, эдийн засгийн мэдлэг үнэлэгдэхгүй, энэ үнэлэмж орхигдсон юм байна гэж харж байна. Энэ нам нийгмийн тусгалаар мэндэлсэн олон намын нэгдэл. МҮДН-ыг эдийн засагчид бүрдүүлдэг бол МСДН-ыг их сургуулийн багш нар, оюуны талынхан бүрдүүлдэг байх жишээтэй.
Одоо АН-ын удирдлага, төрийн бодлого тодорхойлох түвшинд эдийн засагч хүн алга. Р.Амаржаргал сул гишүүн, Да.Ганболд нэг компани хариуцаад гадуур явж байгаа. Энэ бүхнээс АН мэдлэгийн хямрал, хомсдолд орчихоо юу гэсэн харамсал төрдөг. АН түүхэндээ таван Засгийн газар байгуулсан. Ингэхдээ дандаа мэргэжлийн бус сайдтай, улс төрийн кабинет байгуулсан. Жишээ нь 1996 онд Р.Амаржаргалыг Гадаад хэргийн, Б.Баабарыг Сангийн сайдаар тавьж, банкны системд будлиан үүсгэж байхын оронд эсрэгээр Р.Амаржаргалд Сангийн яамыг өгч, Б.Баабарт Гадаад хэргийн яамыг даатгасан бол Монгол Улс тийм нөхцөлд орохгүй л байсан. Өнөөдөр ч Н.Алтанхуягийн танхимд мэргэжлийн сайд алга байна. Эндээс салбарын бодлого тодорхойлж чаддаггүй, мэргэжлийн биш хүмүүсээр улс төрийн кабинет бүрдүүлдэг арга нь Монголд тохирохгүйг харж байгаа биз.
Сайд, дэд сайд ажлаа мэдэхгүй, газар хэлтсийн дарга нь бүр мэдэхг үй, ийм яамнаас гарсан ямар ч санал санаачилга бодлогын хувьд алдаатай болдог. Ерөнхий сайд өөрөө бүх юмыг мэддэг хүн биш. Тийм байх алба ч үгүй. Ингээд салбараас орж ирсэн бодлого ямар ч шүүлт үүргүй батлагдаж, нийгэм, эдийн засгаа унагааж байна. Энэ янзаар 2016 оны сонгуультай золговол хэцүү шүү. Энэ онд АН-ын Засгийн газар 1.5 сая ам.долларын бонд үр ашиггүй зарлаа. Тэгсэн хэрнээ Засгийн газар зэсийн болон нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Зүй нь бол бондын мөнгөө 2012 оны УИХ-ын сонгууль зарлахад ярьж байсан бүтээн байгуулалтад зарсан бол хоёр том салбараа босгож чадах байсан. Энэ зорилтоо шийдэж чадаагүй Засаг үлдэж байгаа хоёр жилд энэ ажлыг амжуулж чадахгүй. Шийддэг юм аа гэхэд суурийг нь тавиад “Бид дөнгөж эхэлж байна, бидэнд боломж олгооч” гэсэн гуйлттай сонгуулийг угтах байх.
-Уул уурхайгаас олох ашиг ихэсч байгаа цагт улс орныг залах хувь тохиосон АН-ын бие дааж засаг барих чадвар сул байгааг Та хүлээн зөвшөөрөх үү. Та бол үүнээс ч хүнд эдийн засагтай цаг үед Засгийн газрыг толгойлж байсан. Энэ хоёр цаг хугацааг Та жишиж байв уу?
-АН-д төр барих дадлага бага байгааг ойлгох хэрэгтэй. АН бол 1990 оны цагаан морин жилийн хөдөлгөөнөөр иргэд, олон түмнээс бүрдэж үүссэн улс төрийн нам. Энэ хүмүүс маань 20 жил унаж, босож, ихэнх нь манайхны хэлдгээр гудамжинд “лааз өшиглөж” яваад төрд орж ирсэн. Энэ талаас нь харахад тэдний дунд төрд бэлтгэгдсэн боловсон хүчин цөөн. Тэдний дунд 1996-2000 онд төрд, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажилласан хүмүүс бий ч төрийн ажлын дадлага, туршлагагүй хүм үүс олноор орж ирсэн нь бүр илүү дарамт өгчихлөө. “Би өнөөдөр яг ийм Засгийн газрыг толгойлж байсан бол” гэж хэлэх нь утгагүй ч хааяа одоогийн Засгийн газрыг өөрийнхтэйг өө харьцуулдаг. Би төрд олон жил бэлтгэгдсэн хүмүүсээс нарийн шалгаж Засгийн газартаа авсан. Миний Засгийн газар 16 гишүүнтэй, тэдний ес нь эрдмийн зэрэг цолтой, арав нь өнөөдөр Монгол төрийн гавьяатнууд гэж нэрлэгдээд явж байна. Энэ бол чадвар. Тэдний чадвар нь салбараа мэддэг, бодлогоо боловсруулдаг, нийгмийн хүчийг шийдэх ёстой асуудалд зангидаж чаддагт оршиж байсан. Нийгэмд тулгамдаж байгаа гол асуудлыг олж харж, түүнд хүчээ төвлөрүүлж чадахгүй байгаад энэ Засгийн сул тал нуугдаж байгаа харагддаг юм.
Сүүлийн хэдэн сард эдийн засгийн байдал хүндэрч байгаа талаар ярьж, хэлэлцлээ. Төлбөрийн баланс, ашиг, төсөв асар их алдагдалтай гарсан. 2013 оны төсвийг Шинэчлэлийн Засгийн газар өөрөө баталсан. Тэр үед нь “Энэ төсөв чинь хөөсөрсөн, авлигажсан төсөв байна шүү” гэж мэдэгдээд, өөрчлөх боломж тэдэнд байсан уу гэвэл тийм. Гэтэл өмнөх жилийн төсвөө арван хэдэн хувиар нэмж баталчихаад өөрсдөө түүндээ бүдэрч байгаа нь гол асуудлаа олж харж чадахгүй байгаатай нь л холбоотой. Энэ жилээс харин нүд нь жаахан нээгдэж, төсөвтөө эрүүл хандах салхи үнэртүүлж байх шиг байна.
-“Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих ёстой гэсэн Ерөнхийл өгчийн санаачилгыг ямар ч үр дүнгүй “шоу” болоод өнгөрчих вий гэх болгоомжлол бас байгаа. Энэ санаачилгыг үнэгүйдүүлэхгүй байхад Таны санал үнэтэй тусна даа?
-Ц.Элбэгдоржийн санаачилга бол нийгэмд тулгамдсан хамгийн хурц, зайлшгүй шийдэх ёстой асуудлыг багтаасан мөрийн хөтөлбөр гэж би ойлгож байгаа. Монголын төр ухаалаг байх ёстой гэсэн хөт өлб өрөө хэрэгжүүлэхдээ Ерөнхийл өгч ямар арга зам сонгох юм. Үүнээс л энэ бүхэн шоу болох уу, үгүй юү гэдэг нь хамаарна. Хэрвээ улс төрийн нам, Төрийн албаны зөвлөл, төрийн аппаратыг энэ чигээр нь ажиллуулах юм бол жинхэнэ шоу болох байх. Харин чиг хандлагаа зөв тодорхойлж, хууль эрх зүйн орчноо засаж, сайжруулж, бодит ажил санаачилж чадвал ажил өрнөөд л эхэлнэ.
-Манай Ерөнхийлөгч нар хоёр дахь удаагаа сонгогдох, сонгуульт хугацаа нь дуусах үедээ иртэй, хурдтай болж, нэр дэвшүүлсэн нам, УИХ, Засгийн газарт сануулга өгч эхэлдэг. Энэ жишиг одоо ч давтагдаж байх шиг. Харин Монголын төрд туссан энэ их сүүдрийг өөрчлөх санаачилгаа Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжих болов уу. Хийж эхэлмэгцээ хувь хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө хувьд ч ганцаардаж, мэдэх юм?
-Үнэнийг хэлэхэд цаг хугацаанаас илүү тэр их өөрчлөлтийг хийх хүч хүрэх үү гэж бодогдож байгаа. Саяхныг болтол УИХ-ын сонгуульд санал өгөхдөө аль нүнжигтэйд нь өгнө гэсэн зарчим баримталж ирсэн тойргууд цөөнгүй бий. Гэвч “нүнжигтэй” гэдэг нь “ухаантай” гэсэн үг биш. Тэд улс орныхоо баялгийг шавхаж аваад иргэддээ багахан юм амсуулдаг юм байна гэдгийг өнөөдөр хүмүүс ойлгодог болсон. Энэ талаас нь харвал Ерөнхийлөгчийн тавьж байгаа зорилтыг шийдэх нь их хүч чармайлт шаардсан ажил байх болно. Олон жилийн шургуу хөдөлмөр зарцуулагдана. Мэдээж хэрэг бүх юм дан ганц тэр хүнээс биш, Ерөнхийлөгчийг тойрон хүрээлж байгаа зөвлөхүүдээс шалтгаална. Гол нь асуудлаа зөв шийдье, одоо байгаагаас илүү сайжруулъя гэсэн нийгмийн чиглэсэн зорилготой зангидсан хүч байх ёстой. Болж өнгөрсөн чуулга уулзалтын үеэр Ц.Элбэгдорж сайд нарын зөвлөхөд хатуу хандсан. Энэ хандлагаа өөртөө хамаатуулж бодох байх. Бас хийх гэж байгаа ажлыг нь нэр дэвшүүлсэн улс төрийн нам болон бусад нам, цаашлаад УИХ, Засгийн газар дэмжих үү гэдэг нь сонин. Гэхдээ Ерөнхийлөгч олон түмний дэмжлэгийг авч, тэдний хүчинд тулгуурлаж чадвал улс төрийн нам байтугай УИХ-ыг хөдөлгөж чадна. Дан ганц түшмэдийн царайг харвал юуг ч өөрчилж дийлэхгүй. Санаачилгаа ажил хэрэг болгох алхмыг ар араас нь тасралтгүй явуулж эхэлбэл аяндаа олны дэмжлэг хүрээд ирнэ дээ. Сүүлийн 20 жил бид нийгмийн бүтэц, өөрчлөлтийн талаар ярилаа. Одоо энэ нийгмийг залах цөм, төв нь юу байх ёстой вэ. Чадварлаг, ухаалаг төрийн багтай болохын тулд юу хийх ёстой вэ гэдгээ ярьж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Гэмт хэрэгт нэр холбогдсон ч шалгаж, саатуулж болдоггүй УИХ-ын гишүүний дархлаагаар жишээ татаж болох юм. Ийм нэг тохиолдлыг УИХ эхний удаа буцаасан ч асуудлыг нь тодорхой тавиад шахалт үзүүлж эхэлбэл олон түмэн дэмжинэ. Ийм тохиолдолд УИХ хөдл өхөөс өөр аргагүй болно.
-Бурхан багш зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн байдаг. Та бол Монголын төр суларсан шалтгаан юунаас эхтэй, алдаагаа яаж засах гэдгийг мэдэх хүний нэг. Сануулж хэлэх үг байгаа байх аа.
-“Арван буянт номын цагаан түүх”-д “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэсэн үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж явсны бас нэг том гэрч энэ л дээ. Монгол төр өөрийн түшмэдээ бэлтгэж, шалгаруулдаг уламжлалт систем тасраад удсан. Өнөөдөр төрийн албаны чухал цэгт ажиллах хүмүүсийг бэлтгэх өндөр шаардлага бүхий тогтолцоо хэрэгтэй байна. Төрийн албыг чадваржуулна гэсэн нэрийн дор ямар ч чадваргүй хүмүүс энэ босгоор орж ирдэг. Тэр хаалгыг нь хаах хэрэгтэй. Олон янзын хаалга байгаа л даа. Эдний хамгийн том нь бол улс төрийн намын хаалга. Нэг нам нь засгийн эрх барих боломж атгахаараа өөрийн хүмүүсээ төрд шургуулдаг. Тэдэн дунд төрийн ажлын ямар ч мэдлэггүй, эрх мэдэлтнүүдийн төрөл, бизнесийн хамсаатан, танилууд байж байдаг. Тэдний алдаа төрийн ажлын дадлага, туршлагатай, чадвартай хүмүүсийн хийсэн ажлыг баллуурдаж, төрийн нэр хүнд унахад нөлөө үзүүлж байгаа юм. Энэ бол төрийн чадварыг сулруулж байгаа гол шалтгаан. Энэ дундаас улс төрийн намаар дамжин төрийг эрхшээлдээ оруулж, төрийг өөрийн баяжих хэрэгсэл болгохыг зорьж байгаа бүлэглэл ч бий. Сонгуулийн өмнө баахан баячууд намд хандив өгч, нэр дэвшээд УИХ, Засгийн газарт ороод ирдэг. Энэ хаалгыг хаах хэрэгтэй. Үүнийг хаана гэвэл улс төрийн намын хариуцлагыг өндөрсгөж, шаардлагыг чангатгах ёстой. Энэ бол хялбар шийдчих асуудал биш. Улс төрийн намуудын тухай хоцрогдсон хуулийг өөрчлөх ёстой болно. Ер нь “Үзэл бодлын огторгуй чинь явцуурч, үүлтэй байгаад байвал нар мандахад их хэцүү шүү” гэж Монголын нийгэмд, бүгдэд нь сануулж хэлмээр санагддаг юм.
Д.ОТГОНЖАРГАЛ