2013.11.24-25 Монгол улс
Улаанбаатар хот
Илтгэгч: Д.Оюунхорол /УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга/
Хүндэт зочид төлөөлөгчид өө!
Эрхэмсэг хатагтай ноёд оо!
Зүүн хойд Азийн Эмэгтэй парламентчдийн бүсийн чуулга уулзалтанд оролцож байгаа та бүхний амар амгаланг айлтгая.
Өнөөдөр Зүүн хойд Азийн Эмэгтэй парламентчдийн бүсийн хурал Монгол улсад болж байгаад бид бүхэн баяртай байгаа бөгөөд энэхүү хуралд хүрэлцэн ирж оролцож байгаа Зүүн хойд Азийн парламентач эмэгтэйчүүд та бүхэнд талархаснаа илэрхийлье.
Улсынхаа түүхэнд Монголын хатад эмэгтэйчүүд хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголын түүхэн хөгжилд хамгийн үнэ цэнэтэй суурь сургаал болох эвийг эрхэмлэх, шударга журамтай байх үзэл санаа үргэлж тусгалаа олсон байдаг. Чухамхүү энэ нь эмэгтэй хүний өр нимгэн, сэтгэл өгөөмөр шударга зан авираас урган гарч төрийн сургааль болж төлөвшсөн уламжлалтай. Шилдэг уламжлалаа үе дамжуулан хөгжүүлдэг ард түмэн, улс үндэстэн ирээдүй хойч үедээ хүндтэй гавъяа байгуулдаг нь дамжиггүй. Хэдийгээр монгол эмэгтэй хүн 1921 он хүртэл эдийн засаг улс төрийн эрх мэдэлд хүрэх боломжгүй, тусгаарлагдсан шинжтэй байсан боловч өрх гэртээ биеэр үлгэрлэгч, сурган хүмүүжүүлэгч, материаллаг баялагийн бүтээгч, хуваарилан зарцуулагч нь байсан юм. 1921 оноос 1990 оны хооронд монголын төрөөс эмэгтэйчүүдийн улс төрийн болоод нийгмийн эрх, үүрэг, боловсрол, нийгэмд өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарласан бие хүн болох үндсийг тавьж иргэний боловсролыг эмэгтэйчүүдэд төлөвшүүлэхэд чухал түлхэц болсон үе гэж үздэг. Энэ хугацаанд монголын эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрх, шийдвэр гаргах болон бүх шатны түвшинд ажиллах, сурч боловсрох, нийгмийн баялаг бүтээхэд адил тэгш оролцох боломжтой болсон бөгөөд, түүнчлэн гэр бүл, эх хүүхдийн эрүүл мэндийн зэрэг асуудлуудад төрийн зүгээс бодлогын томоохон эргэлт гарсан үе билээ.
2012 оны УИХ-ын сонгууль хувь тэнцүүлсэн холимог толтолцоог сонгосон нь эмэгтэй улс төрчдийн хувьд ээлтэй байснаар эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-д 3.9% байснаа 14.5% болтол өссөж 11 эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болсон нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн болсон. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүчээр квотын арга хэрэглэж эмэгтэйчүүдийн төлөөллийг парламентад нэмэгдүүлэх нь тооны бус чанарын өөрчлөлт давхар дагуулах ёстой гэж бид үзэж байгаа. Монгол Улс 1990-ээд оноос хойш нийгмийн бvхий л харилцаанд дэлхий дахины нийтлэг чиг хандлагыг баримжаалсан улс төр, эдийн засаг, оюун санааны, сэтгэлгээний цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн түвшинг ахиулах талаар томоохон дэвшил гаргаж, 1990 оноос өмнө улсын төсвийн 25%, ДНБ-ний 64%-ийг боловсролын салбарт зарцуулж байв. Үүний үр дүнд монголчууд бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан юм. Энэхүү түүхэн гавьяаг дэлхийн оюуны байгууллага болох ЮНЕСКО өндрөөр үнэлж Крупскаяагийн нэрэмжит анхны шагналаа Монгол улсад олгож байсан билээ.
Өнөөдөр дэлхийн улс орон боловсролыг тэргүүн зэрэгт тавьж байгаа нь ч учиртай. Бичиг үсэгтэй байна гэдэг боловсролтой болно харин өнөөдөр боловсролтой хүн л энх тайван хөгжил дэвшлийг даян дэлхийд авчирна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч өнөөдөр дэлхийн бичиг үсэггүй 774 сая иргэний 65% нь эмэгтэй байгаа бөгөөд, Ази тивд эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байна. ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн бүх нийтийн боловсролыг хангах зорилтын хүрээнд 2015 гэхэд бичиг үсэггүй охид эмэгтэйчүүдийн тоог 50%-иар бууруулахаар зорьж байгаа боловч “НҮБ-ын бичиг үсгийн 10 жил”-ийн хугацаанд дэлхийн бичиг үсэггүй иргэдийн дөнгөж 2 хүрэхгүй хувь бичиг үсэгтэй болсон нь үнэхээр чамлалттай.
Харин манай улсын хувьд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс 2.1 дахин илүү байдаг. Монголд дээд боловсрол эзэмшигчдийн 58.8 хувь нь эмэгтэй байна. Энэ нь нийгэм улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, идэвхижих суурь үндэс, хэтийн төлөв болж харагддаг. Энэ ч үүднээс Монгол улс бичиг үсэг үл мэдэх явдалтай тууштай тэмцэж байгаа юм. Үүний илрэл нь Монгол улс “2003-2012 оны НҮБ-ын Бичиг үсгийн 10 жил”-ийг санаачлагч байсан бөгөөд өнгөрсөн сард Насан туршийн бичиг үсгийн асуудлаарх тогтоолыг НҮБ-аар шинээр батлуулаад байна. Нөгөөтэйгүүр боловсролыг бид зөвхөн уншиж бичдэг байдлаар ойлгох нь өрөөсгөл юм. Боловсрол гэдгийг бид нийгэмдээ, хүрээлэн буй орчиндоо зохицон иргэн хүнийхээ хувьд үр хүүхэд гэр бүлийнхээ халуун дулаан аз жаргалын төлөө амьдрахаас гадна мөн биднийг хооллож ундаалж байгаа эх дэлхийгээ хайрлан шүтэж түүнтэй зохицож амьдрахыг ойлгож байна. Хажуудаа байгаа хөрштэйгээ эвтэй найртай байж ойлголцож чадахгүй байгаа тэр хүн хичнээн боловсролтой гэгдээд яах билээ. Тэгэхлээр бид үр хүүхдээ улс орон, даян дэлхийн тогтвортой хөгжлийг хангаж чадах зөв боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх үүрэг хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаагаа ч үүнд чиглүүлэх ёстой гэж үзэж байна.
Эдүгээ энх тайван, харилцан ойлголцол, тогтвортой хөгжлийг боловсролоор дэмжиж дэлхийн иргэнийг төлөвшүүлэх талаар дэлхийн улс орнууд хэлэлцэн ярилцаж байгаа энэ үед Монгол улс санаачлан “ардчилалын боловсролоор дэлхийн иргэнийг төлөвшүүлэх” тогтоолыг хэдхэн хоногийн өмнө ЮНЕСКО-гийн гишүүн орнуудаар батлууллаа. Өнөөдөр Монголын боловсролын бүхий л шатны байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсадын 78 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Энэ нь монголын эмэгтэйчүүд иргэний боловсрол төлөвшүүлэхэд ямар үүрэг нөлөөтэй байдгийг харуулж байдаг гэж үзэж байна. Үр хүүхдээ аюулгүй, эрүүл орчинд сургаж, мэдлэг боловсрол эзэмших нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэхийг эмэгтэйчүүд бид төрөөс байнга хүсдэг. Иймээс ч боловсролд түлхүү анхаарсан төрийн бодлогыг эмэгтэй хууль тогтоогчид санаачлан, хэрэгжүүлж ажиллах учиртай юм. Үүний тулд бид иргэний боловсролыг хангах чиглэлээр дорвитой ажиллах шаардлагатай байна.
Монгол улсын тухайд иргэний боловсролын гол агуулгыг
1.Хүний эрхийн үндсэн ойлголттой байж, эрхээ хамгаалах
2.Өөрийн амьдрах аргаа сонгож бүтээх чадвартай байх
3.Улс төр, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог бие даасан иргэн болж төлөвших утгаар ойлгож байна.
Иргэний боловсрол бол иргэн хүнтэй хамт төлөвшиж, түүний дотоод итгэл үнэмшил, амьдрах арга нь болдог эрдэм ухаан, арга үйлдэлийн эв дүй, насан туршийн чиг баримжаа юм. Иргэний боловсролын гол зорилго нь иргэдийн оролцоог ханган идэвхижүүлэх суурь болох учиртай. Иргэдийг мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах, өөрсдийн амьдралын явцад олж авсан эрдэм мэдлэг дээр тулгуурлаж бодлогоо тодорхойлох нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Иргэний боловсролыг хангаснаар нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг урагшлуулахад эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Иргэний боловсролыг дэмжин дээшлүүлэх, ялангуяа нийгмийн ихэнх ачааг нуруундаа үүрдэг эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой бөгөөд бид энэ ажлыг гэр бүлийн анхдагч нэгжээс эхлэх нь зүйд нийцнэ гэж ойлгож байна.
Нийгмийн анхдагч нэгж бол гэр бүл.
Гэр бүл амар тайван байвал эмэгтэй хүн, эх хүн сэтгэл амгалан байж нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломжтой болно. Тийм ч учраас төрөөс гэр бүлийн асуудлыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Монголд өнөөдөр 82000 эх өрх толгойлон амьдарч байна. Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь тэдний нийгэмшил, төлөвшилтөд онцгой нөлөөлдөг төдийгүй эмэгтэйчүүд, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох зэрэг нийгмийн бүхий л асуудалд давхар нөлөөлдөг. Түүнчлэн өсвөр насандаа хүүхэд төрүүлж, дээд боловсрол эзэмшиж чадалгүй орхигдсон эмэгтэйчүүд хөгжих, боловсрох боломжоо алдаж байгаа бөгөөд залуу эхчүүд болон орон нутагт чиглэсэн онлайн болон зайны сургалт зохион байгуулж боловсролыг хөдөө орон нутагт хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна. Нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн, бэлгийн боловсрол өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хэрвээ эмэгтэйчүүд маань эрүүл чийрэг, боловсролтой байваас тэр гэр бүлийн амьдрал аз жаргалаар гэрэлтэнэ.
Эмэгтэй хүн, эх хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах, гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлөх бөгөөд энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай гэж бодож байна. Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх, хүүхдийн өмчийн харилцаанд орох эрхийг хангаж хамгаалах бодлого, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулж хэрэгжүүлэхэд бид манлайлан оролцох учиртай. Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж чадна гэж үзэж байна.
Нийгэм эдийн засгийн хувьд Азийн бусад улсуудын нэгэн адил Монголд ядуурал илүү эмэгтэйлэг шинжтэй хэвээр байна. 150 орчим мянган эмэгтэйчүүд Монголын уламжлалт нүүдлийн аж ахуйн онцлогоос хамаарч өрх гэрийн ажлыг үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл зогсолтгүй үнэлгээгүй хөдөлмөр эрхэлж байна. Ядууралд өртөмтгий байгаа эмэгтэйчүүдийг анхаарч тэдний цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг дэмжин хөгжүүлэх, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд түлхүү анхаараасай гэж эмэгтэйчүүд маань хүлээж байдаг.
Энэ чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрх толгойлсон эмэгтэйчүүд, бага дунд орлоготой амьдралын хүнд бэрхийг нуруундаа үүрч байгаа эмэгтэйчүүдийг төрөөс дэмжсэн банк санхүүгийн тогтолцоо бий болгож барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлцлийн зээлийн бодлогоор дэмжих бодлого боловсруулан ажиллахыг бид үе үеийн засгийн газартаа санал болгосоор ирлээ. Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байснаар бусдын хараат байдлаас гарч, өрх гэрийн өнөөдрийн амьдралдаа санаа зовних нь багасч өмч хөрөнгийн эзэн болж, амьдралын хэвшил, дадал зуршилаа өөрчилж, үр хүүхдээ өсгөж, чанартай боловсрол эзэмших боломжтой болно. Энэ нь эмэгтэй хууль тогтоогчдын гол зорилго байх ёстой. Азийн нийгэм, улс төрийн үйл хэрэгт эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөхөд ядуурлын феминист шинж болон боловсролын хүйсийн ялгаатай байдлыг арилгах нь нэн тэргүүнд нөлөөлнө гэж үзэж байна. Эмэгтэй парламентчийн хувьд бид нийгэмд тулгараад байгаа дараах 4 гол асуудалд анхаарлаа төвлөрүүлэн, идэвхи санаачлага гарган ажиллах нь илүү үр дүнтэй болно гэж үзэж байна.
Үүнд:
1.Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид санаачлан оролцох учиртай.
2.Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлогтой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд эмэгтэй парламентчид түлхүү анхаарах шаардлага тулгарч байна.
3.Охид эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх зөв бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн ядуурал, цаашилбал нийгмийн ядуурал буурна гэж үзэж байна.
4.Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, үлгэрлэх, тэднийг урам зоригоор тэтгэж байхыг бид уриалж байна..
Азийн орнуудын нийгэм, соёлын хандлага эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх, улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалуудад сонгон гаргахад хойрго хандаж байна гэж үздэг ч дэлхий дахинаа эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд олноор сонгогдон ажиллаж байгаа нь бидний бахархал болж байна. 1995 онд Бээжин хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал нь Жендэрийн тэгш байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтанд томоохон өөрчлөлтийг авчирч чадсан юм. Азийн орнуудад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг уг хурлаас цохон тэмдэглэсэн нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ асуудлыг олж харж шийдвэрлэхэд нөлөөлснөөр эмэгтэйчүүдэд хандах хандлага өөрчлөгдөж эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд олноор сонгогдон ажиллаж байгаа нь бидний бахархал болж байна.
Өнөөдөр Монголын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, дэлхийн дундаж үзүүлэлтэд дөхсөн боловч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн шууд оролцоо өссөнийг илэрхийлж байна гэж дүгнэж болохгүй юм. Тиймээс цаашдаа бид өөрийн эрхийг сайн мэддэг, эрх чөлөөгөө зөв эдэлдэг, амьдралын ачаагаа даах, улмаар нийгмийн хариуцлага хvлээх чадвартай, идэвхтэй байр суурьтай, боловсролтой эмэгтэйчүүд олноор нэмэгдэж нийгмийг өөрчлөх их хүч болоосой хэмээн хүсч, тийм боломжийг эмэгтэйчүүддээ олгоцгооё гэж уриалж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.