Монгол Улсаас Швед улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтайг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Манай улс 2009 онд Шведэд ЭСЯ-аа нээснээс хойш томилогдсон хоёр дахь Элчин сайд нь тэр болсон юм.
-Та “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ хийхээр дэлхийн олон орноор аялсан. Скандинавын орнуудаар өмнө нь явж байсан уу?
-Үүргэвч үүрээд Скандинавын орнуудаар явна гэж төлөвлөдөг байсан ч наана нь зангиа зүүгээд оччихлоо доо. Би Шведээс гадна Дани, Норвеги, Швед, Финланд, Эстонийг хавсран суудаг. Олон улсын судалгаагаар амьдрахад хамгийн таатай оронд эдгээр улс ордог юм билээ. Хүмүүс нь найрсаг, том биетэй, тайван амгалан. Тэнд бүх зүйл эко байдаг. Дээхнэ үед бидний байгуулахаар мөрөөдөж байсан тогтолцоо тэнд бий болчихсон. Хүний эрхийг дээдэлж, иргэдээ таатай нөхцөлд эрүүл, тайван амьдруулах боломжийг хангасан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь үнэгүй. Тэглээ гээд бүгд дээд боловсролтой болох гэж хошуурдаггүй. Сургуулиуд нь тодорхой шалгууртай, түүнийг давсан нь дээд боловсрол эзэмшинэ, үлдсэн нь мэргэжлийн сургалтад хамрагддаг. Баяжих дургүй хүмүүс юм уу гэж бодсон. Орлого их олох тусам авах татварын хэмжээ нэмэгддэг, 70 хүртэл хувийн татвартай юм билээ. Тиймээс үйлээ үзэж олсон мөнг өнийхөө 70 хувийг татварт өгөхийг хэн хүсэх вэ. Баян, эсвэл ядуу хүнгүй, дундаж амьдралын түвшинтэй.
-Эдгээр орноос эх орондоо хэрэгжүүлэх, нэвтрүүлчихмээр олон туршлага, санаа бий байх. Хамтран хэрэгжүүлэхээр тохирсон ажил юу байна вэ?
-Тэндээс авах зүйл маш их, тиймээс бүх талын харилцаагаа хөгж үүлнэ гэвэл худлаа болно. Тухайн орны онцлогоос хамаараад шилдэг 2-3 туршлагыг нь хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Эстонийн тухайд цахим засаглал, занар боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлдэг. Цахим засаглал хөгжсөн учраас авлига, хүнд суртал гэж тэнд байхгүй, хяналт сайн. Мөн иргэдийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог маш сайн хийсэн. Хэзээ, ямар өвчин туссан, хэдэн төгрөгийн цалин авдгаас эхлээд бүх мэдээлэл иргэний чипэнд бий. Иргэн бүр нь дугаартай. Түүгээр нь хайгаад мэдээллийг авч болно. Мэдээж хувь хүний нууц учраас нууцлалыг өндөр түвшинд хангасан байдаг юм билээ. Энэ бэлэн тогтолцоог эх орондоо хэрэгжүүлье гээд Ерөнхийлөгчтэй нь уулзаж, ярилцсан. Төрийн тэргүүн нь өөрөө цахим засаглалыг эхлүүлсэн, загалмайлсан эцэг нь. Тиймээс манай саналыг дэмжсэн, хүмүүсийг чинь сургая гэсэн. Эстони өнгөрсөн есдүгээр сараас Цахим засаглалын сургууль нээж, гаднынхантай туршлагаа хуваалцаж эхэлсэн. Сая ирээд би Ерөнхийл өгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай энэ асуудлаар ярилцлаа. Сургалтад дарга биш, гардан хэрэгжүүлэх мэргэжлийн хүмүүсийг явуулаарай гэж захисан. Мөн Эстони цахилгааны хэрэгцээнийхээ 95, түлш шатахууны 60 гаруй хувийг занараас гаргаж авдаг. Уг салбарт хамтрахаар ярилцсан. Манайд занарын нөөц, тэдэнд туршлага бий.
-Гэхдээ занар ашиглах нь байгаль орчинд хортой, ашиглаж болно, болохгүй гэсэн маргаан гараад байгаа.
-Тэнд 100 гаруй жил занар ашиглаад эрчим хүч, түлшний хэрэгцээгээ хангаад байгаль орчин нь сүйдээгүй байна. Тийм байхад бид дэмий болгоомжилж суух хэрэггүй. Зарим нь эх орон ярьж, цээжээ балбачихаад хийж бүтээх гэж байгаадаа саад болдог. Хийж байгаа хүмүүсээ дарамталж, мөнгө нэхдэг заваан юмнаас салах ёстой. Тэд занараа ашиглаад хөгжөөд байна, бид хуулаад авах ёстой. Эрчим хүчний салбарт гаднаас хараат байхаа больё. Эдийн засгийн сайдтай нь энэ асуудлаар уулзсан. Хамтран ажиллая гэсэн. Финландын бага боловсролын сургалтын систем дэлхийд тэрг үүлдэг. Эхлээд хүн, дараа нь мэргэжилтэн болгох ёстой гэсэн зарчим тэнд баримталдаг. Манай улсын сургалтын систем ч, багш нарын чадвар ч муу байна. Уг нь хамгийн чадварлаг, мундаг багш нар цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийг сургах ёстой. Тэдний боловсролын системээс суралцах талаар БШУ-ы сайд Л.Гантөмөртэй ярилцлаа. Финланд өвлийн аялал жуулчлалаа сайн хөгжүүлсэн. Манайх энэ талаар олон жил яриад үр дүнгүй сууж байнаа. Тэд нэг жижиг хотдоо мөсөн хотхон байгуулаад жуулчдыг татаж эхэлсэн. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай, цас ихтэй гэдгээрээ манайхтай ижил. Тиймээс тэдний туршлагыг хэрэгжүүлье. Хотын даргатай энэ тухай ярилцана. Заавал Хөвсгөл гэлтгүйгээр Туул голынхоо эрэг дээр тэшүүр, цанын талбай байгуулж болно. Цаа буга, нохой чаргаа ч үзүүлье. Финландын саун бас сайн. Туулынхаа эрэг дээр саун байгуулаад өгчих, иргэд харзанд орж байг. Энэ мэтээр цогцолбор байгуулчих юм бол жуулчид зориод ирнэ. Дэлхийд тэргүүлдэг фермерийн аж ахуйг нь эх орондоо байгуулах талаар Данитай хамтарч болно. Ийм олон сайхан санаа, яриа хэлэлцээгээ ажил хэрэг болгохын тулд би хувийнхаа зардлаар Монголдоо ирсэн. Холбогдох хүмүүстэй нүүр тулж уулзъя гэж зорьсон. Тэндээс имэйл бичихээр уншдаг, хариу өгдөг хүн ч байдаггүй юм билээ. Одоо ярих биш, хийх цаг болсон.
-Таны хавсран суугаа орнуудад хэчнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ?
-Шведэд олонх нь байдаг. 5000 гаруй монгол хүн тэнд амьдарч байна. Норвегид 300 орчим, бусад оронд нь цөөхөн бий. Гол цугласан газар нь Швед. Өнгөрсөн жил шинэчилсэн бүртгэл хийсэн. Тэгэхэд ЭСЯ-наас 500 гаруй хүүхэд тэнд амьдрах, оршин суух гэрчилгээ авсан байна. Жилд 120-130 хүүхэд төрж, гэрчилгээ авдаг. Гэтэл энэ олон хүүхэд монгол нэртэй, цустайгаас биш хэл, соёлоо мэдэхгүй, харь хөндий өсөж байна шүү дээ. Сайн дураараа монгол хүүхдүүддээ үнэгүй хичээл заадаг цөөхөн хүн байгаа, гэвч хамрах хүрээ нь өргөн байж чаддаггүй. Тиймээс харьд өсөж буй монгол хүүхдүүддээ онлайнаар хичээл заах тусгай хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Зарим нь аав, ээжийнхээ монголоор ярихыг ч ойлгодоггүй. Тэд чинь бидний ирээдүй, тиймээс харуусмаар байгаа биз дээ. Энэ асуудлаар БШУы сайдтай ярилцсан. Шведэд нэг хүн сургахад гарах зардал маш өндөр. Хоёр улиралд л 10 мянга гаруй евро төлнө, дээрээс нь хоол, байр гээд зардал нэмэгдэнэ. Гэтэл тэнд төрж, өсөж буй хүүхдүүд төрөөс ямар ч зардал авахгүйгээр Шведийн үнэгүй, чанартай боловсролыг эзэмшиж байна. Үүнийг шүүрээд авах ёстой. Бас төрөөс бодлогоор анхаарал хандуулах ёстой. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй олон жил харьд амьдарсан хүмүүс монгол ахуйгаасаа холддог. Насанд хүрсэн хүн ч бичиг баримт бөглөхдөө алдаа ихтэй, найруулга муутай бичиж байна. Залуустаа ч гэсэн онлайнаар сургалт явуулах хэрэгтэй.
-ЭСЯ хэдэн ажилтантай вэ. Таван орон хавсарч ажилладаг учир ачаалал их байх?
-Надаас гадна нэг Консул, зөвлөх, жолооч бий. Нийтдээ дөрвөн л хүнтэй гэсэн үг. Консул маань өглөөнөөс орой болтол бичиг баримттай зууралддаг. Төрсний гэрчилгээ олгох, паспорт сунгахаас эхлээд ажил их. Зөвлөх нь таван орны бичиг баримт судлах асуудлыг хариуцдаг. Эдгээр орноос авах юм маш их. Гэтэл ЭСЯны хүн хүч ийм муу байгааг анхаарах л хэрэгтэй.
-Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар ЭСЯ ямар ажил хийж байна вэ. Манайхан хэрэг, зөрчил хэр их гаргаж байна вэ?
-Тэнд тухайн улсынхаа хууль, дүрмийг мөрдөөд мөрөөрөө явбал сайн цалин авч, сайхан амьдраад, үр хүүхдээ боловсролтой болгож чадна. Учир нь бусад орон шиг цагаачид, хараар амьдарч буй иргэдийг мөрдөж мөшгөөд байдаггүй. Гэвч монгол залуус эх орноо санадаг юм уу, хааяа архи ууж, зодоон цохион хийх нь бий. Өөрийнхөө буруугаас болж баригдаад нутаг буцахад хүрдэг. Хүн амины хэргээр нэг залуу ял эдэлж байгаа. Гэхдээ манай иргэд хэрэгт холбогдсон уу гээд цагдаагийн байгууллагаас нь мэдээлэл авах боломж хомс. Хүний эрхийг дээдэлдэг учраас тухайн хүн өөрөө ЭСЯ-даа энэ талаар мэдэгдэхийг хүсээгүй л бол мэдээлэл өгөхгүй. Сүүлийн үед цагаачид асуудал үүсгэснээс болоод хуулиа чангалсан байна лээ. Оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй хүн ажилд авсан бол асар өндөр торгууль тавьж, цаашид улсаас зээл авах гэх мэт боломжийг хаадаг. Бүр захирлыг нь хорих заалт оруулсан. Тиймээс бичиг баримтгүй хүн ажилд авах тэнэг эзэн олдохгүй. Байдал ийм болсноос болоод хараар амьдарч буй иргэд хэцүүхэн байдалтай болсон. Тэд виз гаргуулах гэж гэр орноо зараад 8000-10.000 евро төлөөд оччихдог. Танил тал ч байхгүй, дээшээ тэнгэр, доошоо газар хатуу байдалд орох нь бий. Тиймээс очих гэж буй газраа сайн судалж байж, явах эсэхээ шийдээрэй гэж хэлье.
-Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ. Шведын хааныг урьсан гэсэн, урилгыг хүлээж авсан уу?
-Хааныг нь Ерөнхийлөгч эх орондоо урьсан. Гэвч ирэх жил Шведийн парламентын сонгууль болох учраас шууд хариулах хэцүү байна гэсэн. Угсаа залгамжлагч Виктория гүнжийг бас урьсан. 50 жил бол урт хугацаа учраас урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулах бодол бий, гэвч төсөв асуудал болоод байна. Тэнд байгаа залуус дэмжье гэсэн л дээ. Гэхдээ төсөв дээр мөнгө нэмээд өгчихвөл ойгоо сайхан хийнэ. Ойн арга хэмжээний төсвийг ЭСЯ-ны төсөвт суулгадаггүй. Засгийн газар тухайн үед нь тусгайлан шийддэг юм билээ.
С.ТУУЛ