УИХ удахгүй Санхүүгийн өршөөлийн хууль санаачлан баталж, хөрөнгө, мөнгөө нууцалсан этгээдэд өршөөл үзүүлэх тухай яриа улс төрийн хүрээнд өрнөж буй. Энэ талаар эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Парламент Санхүүгийн өршөөлийн хууль баталж, аж ахуйн нэгж болон гадаад, дотоодод хөрөнгөө нуусан хүмүүсийг “уучилна” гэсэн мэдээ газар авч байна. Гайхалтай нь хуулийн төслийг хэн, хаана бэлтгэж байгаа талаар мэдээ алга?
-Санхүүгийн уучлалын талаар ярихаас өмнө их ойрын түүхийг дурдах нь зөв байх. Манай УИХ 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хууль болон Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийг баталж байлаа. Товчхондоо “Супер уучлаарай хууль” гэж нэрлэгдсэн энэ хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд, ердөө зургаан сарын хугацаатай хэрэгжсэн л дээ. Татварын өршөөл үзүүлэх тухай хууль өнөөдөр ч хэрэгжиж байна. Гэхдээ 2008 оноос өмнөх татварын асуудалд үйлчилж байгаа. УИХ 2008 онд яагаад хоёр төрлийн өршөөлийн хууль гаргасан бэ гэхээр 2007 оноос өмнөх 18 жилийн турш мөрдсөн манай татвар, хууль эрх зүйн систем чөлөөт зах зээлээ дөнгөлж, үүнийг өөрчлөхгүй бол цаашид ахихгүй гэдэг нь ойлгомжтой болж ирсэн. Тиймээс төр энэ онд бүх татвар төлөгчдөд боломж өгөхийн тулд дөрвөн арвын бодлогыг хуульчилж, бүх татвараа багасгаж, хууль эрх зүйн орчноо өөрчлөх алхмыг эхлүүлсэн.
Зах зээл бол өөрөө өрсөлдөөн учраас аль болох олон иргэн, аж ахуйн нэгжид тэр тэгш боломж өгөхийг зорьсон. Гэвч ердөө зургаан сарын хугацаанд үйлчилсэн хуулийг улсад бүртгэлтэй 43 мянган аж ахуйн нэгжийн 2853 нь ашигласан байдаг юм. Мөн тухайн үед 750 мянган иргэн ямар нэг хэмжээгээр татвар төлж байсан. Тэдний 2200 нь хамрагдсан байдаг. Ингээд “Супер уучлаарай хууль”- ийг нийт татвар төлөгчдийн ердөө хоёр хүрэхгүй хувь нь ашигласан. Үр дүнд нь дөрвөн тэрбум ам.долларын далд орлого ил болсон. Энэ үед манай улсын төсөв нэг тэрбум гаруй ам. доллар байсан. Үүнээс хойш жилд 160- 150 тэрбумын хадгаламжтай байсан банкуудын хадгаламж 450-500 тэрбум болж өссөн. Хүмүүс далд, гэртээ хадгалж байсан мөнгөө хадгаламж руу оруулж, хадгаламж нь хөрөнгө оруулалт руу орсон. Үүний дараа 2010 онд Оюутолгойн гэрээ байгуулагдаж, энэ гэрээнээс дөрвөн тэрбум ам.доллар орж ирсэн. Ингээд дотоод, гадаадаас орж ирсэн найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүчинд манай эдийн засаг 17 хувийн өсөлттэй болсон. Харин энэ хуулийг хэрэгжүүлж чадаагүй үлдсэн бусад аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл хуучин татварын систем, төрийн хяналт, дарамтанд явж ирлээ.
-Яригдаад байгаа хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн гар дээр очоогүй байна гэсэн. Тэгэхээр энэ санаачилга хаана идэвхтэй өрнөж байна вэ?
-Ойрхноос сураг дуулдах байх аа. Саяхан би Ерөнхий сайдын уулзалтад татварын өршөөл явуулах хэрэгтэй биш үү гэсэн саналаа хэлсэн. Тэр үед Ерөнхий сайд, ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг нар хууль гаргаж, өмнө нь бүртгэгдээгүй, далд хөрөнгийг ил болгох, ийм төрлийн хөрөнгөөс бага зэргийн шимтгэл авч эдийн засгийн эргэлтэд оруулах бодол байгаа тухайгаа цухуйлгасан. Тэд энэ хуулийг Эдийн засгийн өршөөлийн хууль гэж нэрлэж магадгүй юм байна гэж би ойлгосон. Улс орны эдийн засагтай холбоотой асуудал учраас ийм санаачилга тал талаас гарч байх шиг байна. Төр энэ онд чөлөөт зах зээл, худалдааг боомилж, бүгдийг өөрөө зохицуулах бодлого явуулсан боловч юу ч дээрдсэнгүй. Үндсэндээ бид 2013 оныг маш хүнд давж байна. Бид макро түвшинд ч, мөнгөний бодлогын хүрээнд бас гаднаас зээл авч юм хийх гээд чадсангүй. Наад зах нь 1400 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 1760 төгрөгт хүрсэн. Инфляц хэдийгээр 10.2 хувьтай гарсан ч үнэ тогтворжуулах хөтөлбөрт багтсан таван бүтээгдэхүүнээс бусад бүх юмны үнэ бүгд нэмэгдлээ. Засгийн газар гурван их наяд төгрөг хэвлэж гүйлгээнд оруулсан.
Одоо дотоод боломжоо ашиглаж, иргэн аж ахуйн нэгжийн итгэлийг сэргээхгүй бол энэ хүнд ачаа улам мэдрэгдэнэ. Тийм учраас ирэх 2014 он эдийн засгийн хувьд нэлээн хүнд он байна. Хэрвээ улс зах зээл рүүгээ дахин өмнөх жилийнх шигээ их хэмжээний мөнгө хэвлэж оруулбал шартсан хүнд архи өгсөн шиг процесс явагдана. Тийм учраас хүссэн ч, хүсээгүй ч 2014 онд мөнгөө татаж, өмнөх хэвлэсэн хэдийгээ үнэ цэнэтэй болгох ажлыг хийхгүй бол 2015 он бүр хүндэрнэ. 2008 оны “Супер уучлаарай хууль” хэрэгжих үед дөрвөн тэрбум ам.долларын орлого ил болсон шиг эдийн засаг хүндэрч байгаа үед бид татвар төлөгчдөд итгэл үзүүлж, дээрх хуулийг ашиглаж чадаагүй компаниудын эдийн засгийг эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Тэдэнд нуугдмал хөрөнгө байгаа бол гарга. Өршөөлийн дараа гарч ирж байгаа далд орлогууд эдийн засгийг сэргээхэд том түлхэц өгнө.
-Ил далд хэд хэдэн данстай компаниуд байн байн татварын өршөөлд хамрагдаж, төрөөр толгойгоо илүүлээд байх нь хэр зохимжтой вэ гэсэн шүүмжлэл дахиад л өрнөж таарна. 2008 онд гарсан “Супер уучлаарай хууль”- ийг тэд яагаад ашиглаж чадаагүй гэж?
-Нарийн яривал 2008 онд гарсан хоёр хуулийг тухайн үед улс төр, эдийн засагт байсан томчууд өөрсдөдөө зориулж гаргасан. Энэ хуулийг 2007 оны арванхоёрдугаар сарын 21-нд УИХ-аар хаалттай хэлэлцээд, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр баталсан. Хоёр хууль хоёулаа тусгай журмаар зохицуулагдах байсан. Харин энэ журмыг гаргах учиртай Сангийн яам, Татварын ерөнхий газар хоёр хойрго хандсан. Хүлээгдсэн журам хууль хэрэгжээд дөрвөн сар гаруй болж байхад буюу дөрөвдүгээр сарын 14-нд батлагдсан. Тийм учраас үлдэж байгаа хоёр сар хүрэхгүй хугацаанд 2853 аж ахуйн нэгж хамрагдсан. Энэ хооронд Татварын ерөнхий газар хуулийнхаа эсрэг “Та нар нуусан асуудлаа ил гаргавал хэцүүднэ. Ирэх долдугаар сарын 1-нд шинэ Засгийн газар байгуулагдаад буцаад асуудалд орно” гэсэн сурталчилгаа хийж, айдас бий болгочихсон. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд нэгэнт хууль гарч, өршөөгдсөн бол тэр хууль дахин үйлчлэхгүй гэдгийг мэддэггүй, хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод хохироод үлдсэн шүү дээ. Энэ бүгдээс бага нүгэл хийсэн хүн том айдастай, том нүгэл хийсэн нь цайрчихсан, бараг айдасгүй байдаг юм байна гэсэн бодол надад төрж байсан даа.
-Тухайн үед хаширлаад хөдлөөгүй аж ахуйн нэгжүүд өнөөдөр хөдлөх болов уу. Хууль гарлаа гэхэд түрүүчийнх шигээ нууцлагдмал замаар хэрэгжээд эхэлчих юм биш биз?
-Эдийн засаг доголдож байгаа ийм цагт төр компани, аж ахуйн нэгждээ найдах нь чухал. Эхлээд тэдэнд санхүүгийн эрх чөлөө, дараа нь урам өгчих. Нуулгүй хэлэхэд манай төрийн бүртгэл, бас компани, аж ахуйн нэгжийн бүртгэл нэлээд булингартай, ороо бусгаа шүү дээ. Тийм учраас ирэх оныг санхүү, бүртгэлийн он болгож зарлаад эдийн засгаа эрүүлжүүлэх алхмыг хэрэгжүүлээд эхэлчихвэл бидэнд л хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн санхүү булингартай болохоор гаднаас мөнгө оруулж ирсэн ч эдийн засаг дээрдэхгүй. Тэр мөнгийг шингээх чадваргүй болдог. Өнгөрсөн жил төр гурван их наяд төгрөг гүйлгээнд гаргаж, 1.5 тэрбум ам.долларын бонд оруулж ирсэн. Одоо талаас илүү хувь нь арилжааны банкин дээр байж байна.
Өнөөдөр Монголд хэрэгжүүлэх бэлэн төсөл алга байна гэцгээж байгаа. Төрийн босгосон мөнгийг шингээж аваад, бүтээн байгуулалт хийчих том компани манайд алга. Бүгд бодит тайлан байхгүй, тусдаа хоёр гурван тайлантай учраас зүрхшээгээд юм хийж чаддаггүй. Тиймээс төр компаниудын санхүүг нэг мөр цэвэршүүлэх цаг болсон. Энэ үеэр өмнөх хуулийг ашиглаж чадаагүй, өнөөдрийн 73 мянган аж ахуйн нэгж бүгдээрээ санхүүгийн эрх чөлөөг дахин ашиглаж, нэг тайлан балансад орж, эдийн засаг эрүүлжиг л дээ. Төр бол ардчилсан нийгэмд тэгш боломж өгөх ёстой. Дэндүү явцуу хуулиас болж хохирсон олон мянган аж ахуйн нэгждээ энэ боломжийг өгч, өөрөө сэргэж, нийгэм, эдийн засгаа аврах нь чухал.
-Төр аж ахуйн нэгжүүддээ дахиад тэгш боломж олгож, өршөөлийн хууль гаргаж, тэднийг урхинд хийж аваад, ирэх онуудад нэлээн хатуу Татварын хуулиар барих бодлого явагдах юм биш биз гэсэн болгоомжлол бас байх юм?
-Том утгаар нь харъя л даа. Бид 1990 оноос хойш хүнд хэцүү зам тууллаа. Татварын хуулиа дэлхийн жишиг бариад баталчихсан байдаг. Өмчгүй, үйлчилгээгүй, хувийн аж ахуйн нэгжгүй байсан цаг үеэс өнөөдрийг алхам алхмаар бүрдүүлж байхдаа мэддэггүй, мэдлэггүй байхын зовлон амслаа. Эндээс үүссэн алдаа хуримтлагдаж бөөгн өрсөнд асуудлын гол нь нуугдаж байгаа. Ямар ч хүн арван сая хүртэлх төгрөгийн тайланг өөрөө гаргаад байж чаддаг. Гэтэл 100 саяын орлоготой болохоор заавал нягтлан бодогч хэрэгтэй болдог. Нягтлан бодогч ажиллуулахаар өмнөх 100 сая төгрөг нь бөөн бантан. Өнөөхөө гаргаад ирнэ гэхээр Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл ангиар шийтгүүлж, таван жил хүртэлх хугацаагаар ял эдлэх болдог. Ингээд тайлангаа нуугаад явахаар нягтлан цаашлаад татварын байцаагчийн эрхэнд ордог. Ийм орчныг өнөөдөр аль аль талаас нь харж, эрх зүйн орчноор эрүүлжүүлэхгүйгээр хоосон эдийн засаг яриад байж бас болохгүй.
Харин Санхүүгийн өршөөлийн хуулийн дараа санхүүгийн тайлан гаргадаг бие даасан компани байгуулах менежмент рүү орж, жижиг дунд аж ахуйн нэгжийн зардлыг хэмнэж, айдсыг багасгаж эхлэх нь зөв байх. Компанийн татварын шалгалтыг тайлан гаргах үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн бичил компаниудад хийгээд байж болно. Ийм тогтолцоо үйлчлээд эхэлбэл хувь хүн чөлөөтэй болно. Солонгос, АНУ-ын иргэдийн жижигхэн аж ахуйн нэгж яг ийм тогтолцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг учраас эзэнд нь санхүүгийн мэдлэг, чадвар дутна гэсэн ойлголт байдаггүй. Бизнесмэн хүн зүгээр л бизнесээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт л цаг гаргадаг. Харин манай бизнесмэнүүд бол татварын дарамтад, маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.
-Эдийн засагт дэм өгч байгаа компаниудыг өршөөх халхавчин дор С.Баярцогтын оффшор бүс дэх данс, Д.Сугарын Японд байх харш гэх мэт хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, цаашлаад авлигачдыг цагаатгах ажиллагаа явагдах нь гэсэн хардлага бас бий. Та үүнд ямар хариу өгөх бол?
-Мэдээж хэрэг, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан хүмүүсийг өршөөм өөргүй санагддаг. Татвар төлөгчдийн зовлогоо зовоож олсон мөнгийг нэг хэсэг нөхөд хууль бусаар авна гэдэг бол өөрөө байж болохгүй асуудал. Ерөнхий сайдын зөвлөх хийж байх үед надад статистик баримт харах боломж гарч байсан. Тэндээс харж байхад 2008 онд хэрэгжсэн “Супер уучлаарай хууль”-д хамрагдсан 2853 компанийн 300 нь манай улсын төсвийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд байсан. Эдийн засгийн эрх чөлөө эдлээд, бүх тайлан баланс нь нэг болж, эдийн засаг өсөх үед тэдгээр компанийн орлого 3-5 дахин нэмэгдэж, үйл ажиллагаа нь чөлөөтэй болсон. Харин энэ хуулийг ашиглаж чадаагүй компаниудын орлого 2-3 дахин унасан. Айдас, хэд хувааж хөтөлдөг тайлан баланс нь эрх чөлөөг нь хязгаарлаж, зах зээлээ алдаад дууссан.
Харин энэ удаа Санхүүгийн өршөөлийн хууль хэрэгжвэл монголчууд нэг мөсөн цайрч аваад цаашлах хэрэгтэй. Бас улс төр нь улс төр, эдийн засаг нь эдийн засаг шиг байх хэрэгтэй л дээ. Гэвч олигархи гэж нэрлэгддэг нөхөд төрийн эрхэнд байгаад байхаар яг энэ хэмжээнд хүрнэ гэхэд бас түвэгтэй. Энд бас дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Компаниудын үйл ажиллагаанд төрийн мөнгөний бодлого чухал байр суурь эзэлдэг. Хуучин нийгэмд Монгол Улсын эдийн засаг улсын төсвийн хүрээнд яригддаг байсан бол сүүлийн 20 жилд улсын төсвийн 70 хувийг компани, аж ахуйн нэгж, иргэд бүрдүүлдэг болсон. Тийм учраас төр өнөөдөр маш сайн мөнгөний бодлого гаргаж, инфляциа зөв тодорхойлж байх ёстой юм. Өнөөдөр эдийн засгийн өсөлт макро түвшинд 17 хувь хүрсэн гэдгийг Ерөнхийлөгчөөс эхлээд энгийн иргэд хүртэл ярьж байна. Гэтэл энэ 17 хувь бидэнд яагаад наалдахгүй байна вэ гэж гайхаж байгаа. Энэ өсөлтийг төр иргэддээ хүртээхийн тулд санхүүгээ эрүүлжүүлж, цэвэршүүлж байж хүртээнэ л дээ. Тийм учраас Санхүүгийн өршөөлийн хуулийг цаг хугацаа өөрөө шаардаж байна аа гэсэн үг.
Д.ОТГОНЖАРГАЛ